Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар Оросын агаарын тээврийн хөлгүүдийн өмнө Европын Холбооны агаарын орон зайг өнөөдрөөс эхлэн бүрэн хаалаа. Ингэснээр нэг ч Оросын онгоц ЕХ-ны нисэх онгоцны буудалд буух, хөөрөх боломжгүй болж байна гэж ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгджээ.
Ням гарагт Оросын агаарын хөлгүүдийн өмнө агаарын орон зайгаа хаасан орнуудын тоо огцом нэмэгдэж, Европын томоохон орнууд, Канад багтжээ.
Одоогоор ийм шийдвэр гаргаагүй орнуудын эгнээнд Португал, Люксембург, Швейцар, Мальта, Грек, Унгар, Словак, Албани зэрэг орнууд үлдэж байна.
Германы эрх баригчдын тодруулснаар, тус улс агаарын орон зайгаа хоёрдугаар сарын 27-ноос эхлэн гурван сарын турш хааж байна.
Үүнээс гадна өрнөдийн орнууд Оросын хэд хэдэн банкийг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах шийдвэр гаргав.
“Их-7” бүлгийн орнууд ОХУ-ын Төв банкийг хориг арга хэмжээний үр нөлөөг багасгах боломжгүй болгох зорилгоор олон улсын нөөцийг ашиглах боломжийг хаасан хязгаарлалт тавихаар зэхэж байна. Түүнчлэн, “Их-7” бүлэг Оросын иргэдэд “алтан паспорт”-ын тусламжтай иргэншил авах боломжийг нь хязгаарлахаар төлөвлөжээ.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын “FedEx” болон “UPS” ложистикийн компаниуд Орос руу илгээмж хүргэх үйлчилгээгээ түр зогсоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )