Хөгжлийн банкны эргэн тойронд олон асуудал өрнөсөөр байна. Үүний нэг нь өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон явдал юм. Уг асуудалтай холбоотойгоор Н.Мөнхбатын өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа.
-Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банктай холбоотойгоор хэд хэдэн хүнийг цагдан хорьсон. Эдгээр хүмүүсийн нэг нь Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат шүү дээ. Түүнийг ямар үндэслэл, шалтгааны улмаас цагдан хорих шийдвэрийг гаргасан бэ?
-Хөгжлийн банктай холбоотойгоор олон тооны хүмүүсийг цагдан хорьсон. Үүний нэг нь Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат юм. Н.Мөнхбатыг Эрдэнэс Монгол төрийн өмчит компанид 170 орчим тэрбум төгрөгийн зээл олгох асуудлыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буруутгаж Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Өнөөдрийг хүртэлх Засгийн газрын компани болох төрийн өмчит Эрдэнэс Монгол компани зээлээ төлөхгүй байгаа юм билээ. Тус компани зээлээ төлөхгүй байгаа гэх шалтгаанаар Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг шалгаж байгаа. Түүний 2014 онд гаргасан шийдвэрээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг юм. Мэдээжийн хэрэг эрх бүхий байгууллагууд хэрэг хянан шалгах ажиллагааны хүрээнд түүнийг шалгаж болно. Гэвч нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон асуудал үүслээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тэдгээр хүмүүсийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.
-Сахилгын хороонд гомдол гаргасан юм билээ. Энэ талаараа ярихгүй юу. Цагдан хорих шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа хэрэг үү?
-Өмнө нь хэлсэнчлэн 30 хоногийн цагдан хорихтой холбоотойгоор гомдол гаргасан. Ямар шалтгааны улмаас гомдол гаргасан талаараа хэлье. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадуур өөр хуульд заасан үндэслэлийг нотлох баримт болгож цагдан хорьж болдоггүй. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх гүйцэтгэх ажиллагааны явцад цугларсан гэх нотлох баримтыг үндэслэж, Н.Мөнхбатыг 30 хоногийн хугацаанд баривчлан хорих шийдвэр гаргасан. Энэ бол хууль бусаар хүнийг хорьсон, Үндсэн хуулийг зөрчсөн зөрчил хэмээн үзэж байгаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд оролцсон. Энэхүү талуудын оролцоон дээр ямар үндэслэлээр цагдан хорьж буй талаарх саналаа прокурор гаргаж тавиагүй. Шүүхийн хэлэлцүүлэг дээр талуудад эрх тэгш боломж олгох ёстой. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг дээр нотлох баримт үзүүлэхгүйгээр юуны төлөө, ямар буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдэл явуулснаа мэдэх боломжийг Н.Мөнхбатад олгохгүйгээр цагдан хорьсон. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Тиймээс Сахилгын хороонд гомдол гаргаж байгаа юм.
-Сахилгын хорооноос өөр газар хандсан уу?
-Зөвхөн гүйцэтгэх ажилагааны явцад гүйцэтгэх эрх бүхий Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар гэх мэт байгууллагууд албан тоотоор цагдан хорих асуудал даамжирсаар байвал хэнийг ч хүссэн үедээ цагдан хорих боломжтой болно гэсэн үг. Гүйцэтгэх ажиллагааны мэдээлэл гэх журмаар хүнийг цагдан хорих нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс Н.Мөнхбатын өмгөөлөгчдийн зүгээс Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн шүүх, Хүний эрхийн олон улсын байгууллагууд, Шүүхийн сахилгын хороо, цаашилбал Улсын дээд шүүх гэх мэт хүний эрхийг хангах бүх байгууллагуудад хандаж, энэ асуудлыг шийдвэрлүүлнэ. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хүмүүсийг гэм буруутай мэтээр олон нийт, нийгэмд хэвлэл мэдээллээр дамжуулан худал мэдээлэл цацаж, урьдчилж яллаж байгаа нь өнөөдрийн ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл.
-Тэгэхээр Авлигатай тэмцэх газраас таамаглалд үндэслэж баривчилсан гэсэн үг үү?
-Н.Мөнхбат нь Хөгжлийн банкны захирлаар 2012-2016 оны хооронд ажилласан. Энэ хүнийг ямар нэг байдлаар цагдан хорих буюу ямар нэг гэмт хэрэг үйлдэх, ямар нэгэн санаачилга гаргаагүй, энэ нь хуульд заасан нотлох баримтаар нотлогдоогүй байхад зөвхөн таамаглалаар Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажиллагааны албан бичгээр хүнийг цагдан хорьсон юм. Ингэснээр шүүхийн бүрэн эрхэд халдсан, шүүх өөрөө гүйцэтгэх байгууллагуудын хараан дор заавар авч гүйцэтгэдэг байгууллага болсон хэмээн хардаж байгаа.
-Гэвч цагдан хорьсон үндэслэлээ хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн шүү дээ?
-Гэрчид хууль бусаар нөлөөлж болзошгүй гэх таамаглалаар цагдан хорьсон. Үүнийг нотлох зүйл алга. Нотлох баримттайгаар цагдан хорих хэрэгтэй шүү дээ
-Нотлох баримтаар нотлогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт олон нийтэд мэдээлж, ярьж байна гэлээ. Нотлох баримтад тулгуурлаж хориогүй хэрэг үү. Ер нь нотлох баримтыг нь та бүхэнд харуулсэн уу?
-Нотлох баримтуудыг бидэнд огт танилцуулаагүй. Энэ бол гүйцэтгэх ажиллагааны нууц гэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудаа хэлэлцэх ёстой. Тийм зүйл байгаагүй. Байх нь бүү хэл хэлэлцээгүй. Нотлох баримтыг “Харвал хальс, үзвэл үнс болно” гэсэн зарчмаар нууцалж байна.
-Хэргийн талаарх мэдээлэл олон нийтэд ил тод болсоор байна. Яг энэ хэрэг дээр цаагуураа хууль бус ажиллагаа байгаа гэж хардаж байгаа юу?
-Цаагуураа ямар нэгэн хууль бус ажиллагаа байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хууль зөрчиж, богино хугацаанд тухайн хүнийг хорих гэж дайрч, чичирч байна л гэж хардаад байгаа. Энэ бол эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр.
-Богино хугацаанд хүнийг хорихын тулд илтэд дайрч байна хэмээн хэллээ. Тэгэхээр энэхүү хэргээр ямар нэг үйл ажиллагааг дарах гэсэн санаатай явуулга гэж хардаж байгаа гэсэн үг үү?
-Тийм ээ. Эрдэнэс Монгол компани бол төрийн өмчийн компани. Төрийн өмчийн компани гэдэг бол Засгийн газрынх юм. Хөгжлийн банк ч мөн адил Засгийн газрынх шүү дээ. Засгийн газар өөрийнхөө мөнгийг өөртөө өгөхгүй атлаа тухайн үед зээлээ шийдвэрлүүлсэн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат захирлыг шалгаж байгаа нь их сонин үйлдэл.
-Ямар ч үндэслэлгүйгээр баривчилгаа хийсэн гэж ойлгож болох нь ээ?
-Баривчлахын тулд прокурорын зүгээс Шүүхэд саналаа өгнө. Тухайн иргэн зугатах, оргон зайлах, амиа хорлох эсвэл хулгай хийх гэж байна гэх мэт шалтгаанаас үүдэж баривчлах санал гаргана гэсэн үг. Шүүх нь баривчлах эсэхийг шийдэх юм. Өмнө нь прокурорууд баривчилж, хорьдог байсан. Энэ үйлдэл нь хүний эрхийн маш их зөрчил гаргасан хэмээн үзсэн учраас Шүүхэд саналаа өгч шийдэг болсон юм. Шүүхэд харьяалуулснаар хүний эрхийг зөрчихгүй хэмээн үзэж шийдсэн зүйл. Гэтэл шүүгч нь өөрөө бусдын хэлснээр хөдөлж, алх цохьж байдаг байгууллага байж болохгүй.
-Шүүгчийг нөлөөнд автсан гэж хардаж байгаа хэрэг үү?
-Тийм. Нөлөөнд автсан гэж хардаж байгаа. Авлигатай тэмцэх газар, прокурор эсвэл өөр хэн нэгний нөлөөнд автсан байх магадлалтай. Хууль зөрчсөн үйл ажиллагаа нь хардах үндэслэл болж байгаа юм. Цагдан хорих буруутай эсэх талаар мэтгэлцэх гэхээр нотлох баримт нууц хэмээн хэлж байгаа нь өөрөө хардах сэдэл болсон.
-Шүүгчээр нь ямар хүн ажиллаж байгаа вэ?
-Шүүгчээр нь н.Дарьсүрэн гэх эмэгтэй шүүгч ажиллаж байгаа. Тухайн үед шүүгчээс гурван удаа татгалзсан. Шүүгч хэд хэдэн хууль зөрчсөн байсан л даа. Тэрхүү үндэслэлээр шүүгчээсээ татгалзсан юм. Гэнэт л яаруу, сандруу байдлаар ийм үйл ажиллагааг эхлүүлсэн нь даалгавартай юм уу даа хэмээн хардаж байгаа. Шүүхийн үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн гэдэг нь өөрөө маш том эргэлзээг төрүүлж байгаа юм.
-Шүүгчээс хэд хэдэн удаа татгалзсан гэлээ. Одоо ч шүүгчийг солиогүй хэрэг үү?
-Шүүгчийг солиогүй. Энэ шүүгч л хэргийг шийднэ гэсэн.
-Тус хэргийн процессын талаар мэдээлэхгүй юу?
-Энэ хэргийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй. Гомдлын хурал нь маргааш /өнөөдөр/ болно. Цагдан хорьсон нь үндэслэлтэй эсэх талаарх гомдлын шүүх хурал болох юм. Шүүгчтэй холбоотой гомдлыг Сахилгын хороонд өгсөн учраас энэ удаагийн хурлаас ч шүүгчээс татгалзана. Хувийн сонирхолгүй, хуулийн дагуу ажиллах шүүгчийг ажиллуулах хүсэлтэй байгаа. Энэ талаарх саналаа маргааш /өнөөдөр/-ийн хуралд өгнө.
-Энэхүү хэргийг та улс төрийн зорилготой хэмээн бодож байгаа юу?
-Тухайн гэмт хэрэг үйлдэгч таван жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдээд өнгөрсөн бол тухайн хэргийг шалгахгүй гэх хуулийн заалт бий. Гэтэл өнөөдрийг хүртэл 2014 оноос хойш найман жил өнгөрсөн байна. Найман жил өнгөрсөн байхад зориудаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь зохион байгуулалттай эсвэл улс төрийн зорилготой хэмээн хардаж байгаа юм. Үргэлж нэг намын үед ажиллаж байсан хүмүүсийг хорьсон нь зохимжгүй. Тухайн үед буюу 2012-2016 онд өөр бусад хүчин, ажилчид ч ажиллаж байсан. Тэдгээр хүмүүсээс цагдан хорихгүй л бол болохгүй гэх үндэслэлээр Н.Мөнхтулга тэргүүтэй хүмүүсийг цагдан хорьсон эсвэл хэрэг үүсгэсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Бидэнд ч ойлгохооргүй зүйлийг ярьсан.
-Өчигдөр хэвлэлийнхэнд тодруулга өгсөн юм билээ. Хэргийн талаар их товчхон тайлбарласан байсан?
-Ирээдүй цаг дээр гэмт хэрэг үйлдэхтэй холбоотой асуудлын талаар өнөөдөр Н.Мөнхбатын хэргийг авч хэлэлцэж байна. Үүний талаар зайлшгүй ярих ёстой. Маргааш ямар нэгэн гэмт хэрэг хийж магадгүй хэмээн хүнийг хорьж буй байдлыг таслан зогсоохын тулд гомдол, санал гаргаад явж байна шүү дээ. Хүнийг эрүүдэн шүүх эсвэл цагдан хорих зорилго байхаа больсон. Энэ чинь ардчилсан улсын зарчим. Өмнө нь Ганц худагт хорьж, айлгаж, сүрдүүлж, зүрхээр үхүүлснийхээ дараа хэргийг тулгадаг байсан.
Гэтэл өнөөдөр иймэрхүү байдлаар үйл ажиллагаа явуулах, цаашлаад эрүүдэн шүүж болзошгүй гэх хардлага байгаа юм. Шүүгч тайлбар өгөх хэрэгтэй. Ийм учраас нотлох баримтыг үзүүлэхгүй гээд. Түүнээс биш “Чи ирээдүйд гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх үндэслэл бүхий мэдээлэл байгаа учраас цагдан хорихоор боллоо” гэж мэдээлж буй нь утгагүй хэрэг. Энэ бол дарангуйлагч байсан үеийн шүүн таслах ажиллагааны нэг илрэл. Өнөөдрийн ардчилсан нийгэмд огтоос байж болохгүй асуудал. Өчигдөр хэвлэлийн байгууллагуудад ч багахан хэмжээний мэдээлэл өгсөн. Яагаад гэвэл хэвлэл мэдээллээр үргэлжид нэг талыг барьсан мэдээлэл гарч байна шүү дээ. Эцэст нь дахин хэлэхэд гэм буруутайг нь тогтоогоогүй цагт гэмт хэрэгтэн мэт харьцах нь буруу юм.
-Н.Мөнхбат Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа ихээхэн ашигтай ажиллаж байсан юм билээ?
-Тийм. Нийт 30 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Татвар төлөлтөөрөө 2015 онд Эрдэнэт үйлдвэрийн дараагаар хоёрдугаарт жагсаж байсан аж ахуйн нэгж. Тухайн байгууллага ч тэр үед их сайн ажиллаж байсан.
-Авлигатай тэмцэх газраас ямар үндэслэлээр өмнө нь шалгаж байсан бэ?
-Авлигатай тэмцэх газраас өмнө нь шалгаж байсан нь үнэн. Тэр үед шалгасан зарим хэрэг нь цагаадсан. Зарим нь нийслэлийн Давж заалдах шатны дунд шатны шүүх хурал дээр явж байгаа.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )