А-ийн асгасан кофе буюу анхаарвал зохих амин асуудлууд

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 07

“Охин минь хүн рүү хамаагүй харж болохгүй нь байна шүү. Чи яагаад намайг хараад байгаа юм гээд хэн нэгэн хэрүүл өдөөд ирвэл та их хөөрхөн юм аа гэж хэлээд үтэр түргэн зугт”. Үр хүүхдэдээ ингэж зөвлөх эмгэнэлт эрин иржээ.

Хүний сайхныг биширч хардаг нүд үгүй болж өмссөн зүүснээр нь ялгаварлан харьцаж, бэл бэнчин, албан тушаалаараа далайлган юу дуртайгаа хийж, хэний ч хамаагүй толгой дээр халуун кофе асгаж чадах цэвдэг сэтгэлтэй хүүхдүүд өсөж өндийж байна. Таны хүүхэд хувцас муутай, ар тал муутай бол хэн ч ирээд дээрэлхэж болох нь. Харин аав ээж нь том дарга, өмгөөлөгч, хуульч бол хэнийг ч нохойноос дор үзэж болох аж. Хүүхэд гэдэг гэгээн тунгалаг сэтгэлтэй байдаг сан.

Гэтэл тэднээс гарамгүй аймшигт харгис үйлдэл, зэрлэг балмад үг хэллэг жишимгүй гарах болсонд нийгмээрээ талцан гайхан шуугих. Гэвч энэ бол томчуудын тусгал гэдгийг дуугарч байгаа нь цөөхөн. Хүн гэдэг өөрөө нийгэмд тогтсон ёс журам, хууль тогтоол, үнэт чанар, эрхэм ёс, дэг жаяг, хүнлэг чанар, хүмүүжил боловсрол гэсэн зарчим дор  амьдардаг. Энэ зарчим алдагдаж, доголдоод ирэхээр "нийгмийн хайрцгаас" гарч толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн дур зоргоороо авирлаж амьтнаас ялгаагүй хүн сүрэг болох ажгуу.

 

ХАЙР ДУТАГДСАН ХҮҮХДҮҮД ХАРГИС БОЛОН ӨССӨӨР

 

Үүнийг өгүүлэхийн учир нь саяхан МУИС-ийн хууль зүйн ангид сурдаг А гэгч  кофе шопт сууж байсан үл таних охиныг над руу харлаа гэх шалтгаар халуун кофегоор толгойг нь шалзлах шахав. Байж боломгүй гэмт үйлдлийнхээ дараа миний утсыг ав, цагдаадаа мэдэгд, би 100 мянгыг өгөөд л аргалчихна гэсэн утгатай зүйл ярьж томорсон гэх. 22-хон настай охиноос гарамгүй ямар том хийрхэл, баярхал вэ.

Түүнийг чухам хэн ингэж хүмүүжүүлэв. Аав нь том өмгөөлөгч юм байж. Тэглээ гээд түүнд хуулийн өмнө гэмт үйлдэл хийж явах эрх байхгүй.

Тэр тусам хуулийн мэргэжлээр сурч буй оюутан хүнд ёс зүйн маш том алдаа. Тэр ч бүү хэл огтхон ч гэмшсэн шинжгүй олон дагагчтай болсондоо баясан басаж байгаа нь бүр ч түмний эгдүүцлийг төрүүлэв. Одоогоор түүний хандалт 15 мянга хүрээд байгаа нь нийгэм өөрөө ямар болсныг илтгэх мэт. Мянга мянган гэнэн цайлган охид түүнийг дагаж түүнээс үлгэр дуурайл авна гээд бодохоор мянга мянган А шиг охид өсөж өндийж байна уу даа гэж эмзэглэмээр. Энэ хэргийг харахаар эгч нараасаа үлгэрлэсэн гэмээр.

Хэдэн жилийн өмнө нэгэн продакшны жүжигчин А, О нар маргалдсаны улмаас  А нь О руу буцалсан халуун ус цацаж, хүнд гэмтээсэн. Дараа нь  жүжигчин А энэ талаараа кино ч хийгээд амжсан. Түүнийг нь мөн л мянга мянган хүн дагаж үзэж, эвийлж хөөрхийлж, зөвтгөж байв. Биедээ арилахын аргагүй сорвитой үлдсэн эмэгтэйн мартаж ядаж буй сэтгэлийн шархыг нь хөндсөн хударгагүй л үйлдэл санагдсан.

Та бүхэн санаж байвал Солонгос улсад дунд сургуулийн монгол охиныг үе тэнгийнх нь солонгос охид нийлж гар хөлийг нь хүлээд зодож, нүүрэн дээр нь тамхины цогоо унтрааж, элдвээр зүхэж доромжилсон. Хамгийн аймаар нь энэ аймшигт үйлдлээ утсан дээрээ бичиж аван, ахлах ангийнхандаа зарсан байгаа юм. Ичих зовох булчирхайгүй, айж эмээх сэтгэлгүй ичгүүргүй, цагаандаа гарсан, хүний ёсноос гажууд, ёс дүрмийг уландаа гишгэсэн энэ мэт арилсан дотортой хүмүүс яагаад олшрох болов.

Өнөөдөр бид тэднийг нийгмээрээ чичлээд үзэн ядлаа гээд нийгэм урсгал ус шиг тунгалагшихгүй. Эцэг эхчүүд ажил амьдралын төлөө зүтгээд үр хүүхдээ анхаарч хайхрахгүй орхисон гэхэд хилсдэхгүй. Хүүхдүүд ганцаардаж, өөрийг нь гэсэн хэн нэгнийг хайж буруу зам руу татагдах, мэдээллээр бөмбөгдсөн эрин зуунд бусдаас буруу үлгэр дуурайл авч хүмүүжиж байна. Магадгүй эцэг, эх нь хүүхдүүдийнхээ дэргэд зүй бус авирлаж өөрийнхөө хувилбаруудыг ийнхүү олноор “үйлдвэрлэж” байгаад гол буруу бий.

Нөгөө талаар үр хүүхдээ бусдаас дутаахгүй гэж үнэтэй хувцас, өнгө мөнгөөр хулдаж, үнэтэй сургуульд явуулснаар аливааг зоосны нүхээр хардаг харалган үе өсөж байгаа нь хуулийн сургуулийн оюутан А гэгч охины тод жишээ мөн. Бид хүүхдэдээ үнэтэй утас, үнэтэй цаг авч өгснөө ХАЙР гэж эндүүрч болохгүй. Тэднийг чухам юу хүсээд байгааг нь ухаж ойлгодоггүй, ярилцаж уудалдаггүй хайнга, дотогшоо, нэрэлхүү хүмүүс.

Гэтэл цаг үе нь, нийгэм нь томчуудыг хүүхэдтэйгээ арай өөр аргаар хүмүүжүүлэхийг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс нарийн яриад эхэлсэн. Айл гэрийг далайд хөвж буй хөлөг онгоц гэж үзэхэд хөлгийн капитан явах чиглэл, жанжин шугамыг зөв, тод гаргахгүй бол хөлөг онгоц манан дунд төөрч “Титаник” лугаа хад мөргөж  сүйрэх аюултай.

Түүн шиг бид үр хүүхдээ ирээдүйд хэн болох, юу хийх, ямар хүсэл зорилготой байгааг нь эртнээс тооцоолж, төлөвлөж, ярилцаж шийдэх хэрэгтэй. Магадгүй таны хүүхэд сэтгэл гутралд орчихсон, гадуурхагдсан, үе тэнгийнхэндээ элдвээр хэлүүлдэг бол яах вэ. Энэ байдлаас нь эртхэн гаргахгүй бол сэтгэл зүйн байдал нь улам л хүндэрч депрест орж түүний ирээдүй нь тун бүрхэг болно. Бусдын хайр халамжийг дүүрэн мэдэрч өссөн хүүхэд хэзээ ч хүнд муухай үг хэлж, муу үйлдэл гаргахгүй.

Залуу үе маань яагаад өөртөө сэтгэл ханамжгүй байна вэ, яагаад бусдаас дээгүүр гэж өөртөө итгэхийг хүсээд байна вэ, яагаад бусдын  анхаарлын төвд байх эцэс төгсгөлгүй “эго”-той болоод байна вэ гэдэг асуудал гэр бүлийн хүмүүжил, хайр дутагдсанаас үүдсэн сэтгэл зүйн асуудалд оршиж байх шиг. Аз жаргалгүй, хайр халамжгүй гэр бүлд өссөн хүүхэд л гадуур тэнэх, тамхи татах, тоглоомд донтох, уурлаж уцаарлах, архи хэрэглэх, цаашлаад хар тамхи сонирхох зэргээр бүтэхгүй зүйлс рүү уруу татагдах магадлалтай. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ өнгөн хэсэгт биш үнэн чанарт нь анхаарч хүмүүжүүлэх чухал гэдгийг дээрх олон жишээ баталж байна.

 

ЖЕНДЕРИЙН МЭДРЭМЖГҮЙ ХҮМҮҮЖЛИЙН ЖИНХЭНЭ ДҮР ТӨРХ

 

Бид охидоо энхрий булбарай, эрх танхи хэмээн эвийлэн энхрийлж өсгөдөг эртний уламжлалтай. Уяхан туяхан охидоо бид сүүдрээс ч харамлан, нүдний цөцгий шигээ өсгөдөг атал нуган үрсээ эр хүн хаттай, тэвчээртэй бай хэмээн хатуурхдаг. Адилхан л цусан зүрхтэй, махан биетэй, усан нүдтэй хүн гэдэг утгаар нь хандах хэрэгтэй. Хүний эрх болоод жендерийн мэдрэмжгүй ялгавартай өсгөх нь нийгэмд гарч буй дээрх хэргийг өөгшүүлээд байгаа юм биш биз. Энэ хүмүүжлийн хэлбэр нь нэгэн үеийн нийгмийн давхаргыг бий болгосон гэхэд хилсдэхгүй.

1990-ээд оны зах зээлийн ороо бусгаа цаг үед нийгмээрээ ядууралд өртөж, хүүхдүүд талханд дугаарлахаас эхлээд хал үзэж, халуун чулуу долоосон. Чихэр, бохь, ундаа, сонин зарж гэр бүлээ тэжээдэг хөвгүүдийн эрин үе өсөж өндийж байв. Түүний цаана охидоо эмзэг энхрий юм хэмээн хөшигнийхөө ард нууж, хэдэн төгрөгөө шавхан барин дээд сургуулийн бараа харуулсан гэхэд буруудахгүй л болов уу. Хөөрхий хөвгүүд гудамжинд мөнөөх наймаагаа “эрхэлж”, зарим нь мал дээр гарч, халуунд халж хүйтэнд хөрч, охин дүүгийнхээ төлбөрийг олж, хайртай эгчийнхээ хувцсыг авч өгөхөөр “хөсөр хаягдсан”. Энэ л нийгмийн завхралаас боловсролын асар том зөрүү гарч, ажлын байран дээр эрчүүд гологдож хүүхнүүд шилэгдэв. 

Ажилтай төрөлтэй, цалинтай цавагтай эмэгтэйчүүдийн байр суурь дээшлэх тусам эр нөхөртөө баярхаж, илт дээрэлхэх хандлага нийгэмд нууцхан оршсоор. Хөөрхий эрчүүд хувцасны тамтаг өмсөж, хөөрхөн эхнэр нь үнэтэй ноолууран пальтогоор гангарсан байхыг олонтаа харж байлаа. Эрчүүд болсон хойно мөнөөх хаттай, тэвчээртэй, хээ шаагүй байх гэсэн зарчмаараа ямар ч дайралт, доромжлолыг хэлээ хазан дуугүй хүлцэн өнгөрүүлсээр, амьдралын төлөө чадан ядан тэмцсээр.

Жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Охидын өдөр гэж тэмдэглэж охидын хүчирхийлэл гэж "орилдог" нь нууц биш.

Мөн л хавар бүр Мартын 8-ныг хачин сайхан нижгэр тэмдэглэж хамаг сайхан бэлгийг хүүхнүүд хуу хамдаг нь ч худлаа бус. Гэтэл эрчүүдийн баярыг Цэргийн баяраар ацаглаж гундуухан амьдарч яваа гандуухан сэтгэлээ тайтгаруулах гэж хэдэн хундага татаад архичин нэр зүүж, авгай хүүхдэдээ адлагдана. Эхнэрүүдийн эр нөхөртөө хандаж буй дээрэнгүй, үл хүндэлсэн харьцаа үр хүүхдэд нь сайхан “хичээл” болж охид хөвгүүдэд тийн хандана. Энэ л тасралтгүй үргэлжлэх гинжин хэлхээ хөвөрч өнөөгийн нийгмийн үнэн дүр төрхийг бүрдүүлээд байгаа юм.

Хүүхдийг ивээх сангаас нийслэлийн есөн дүүргийн 6, 8, 10 дугаар ангийн 11-16 насны 1,236 сурагчийг хамруулан хийсэн судалгаанд оролцогсдын 38 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, бие махбодын хүчирхийлэл хөвгүүдийн дунд, сэтгэл зүйн хүчирхийлэл охидын дунд илүү их гарчээ. Тоглож наадах насан дээрээ нэгнийгээ алагчлах үзэл хаанаасаа гардаг байна аа.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Сургуулийн орчны хүчирхийлэл, хүүхдүүд нэгнийгээ хэрцгий зодсон явдал, нэгнээ гадуурхан ялгаварласан үйлдэл их гарах боллоо. Үүний цаана нуугдмал хүчирхийлэл яаж өрнөж, ямар хэмжээний газар авсныг таашгүй. Хариуцлага тооцдог газар нь тооцог гээд сайдын хувьд нуувчинд суух, өөрөөсөө холдуулах ёсгүй. Сургуулийн орчны хүчирхийллийн асуудлыг ул сууриар нь гаргаж ирж, ул сууриар нь задалж, ул сууриар нь өөрчлөх цаг болсон. Энэ асуудалд нийгмээрээ ухаалаг, эрүүл саруулаар дүгнэлт хийж, зөв, цогц шийдэл гаргаж, бодитой өөрчилье. Оройтож, алгуурлаж хэрхэвч болохгүй” хэмээн хэлсэн байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар ЕБС-ийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох талаар боддог, долоон хүүхэд тутмын нэг нь амиа хорлохыг төлөвлөж байсан гэх сэтгэл сэртийлгэм тоо баримт бий. Энэ бүхэн хүүхдийн хичээл сурлага гээд бүх зүйлд сөргөөр нөлөөлнө шүү дээ.

Гэнэн цайлган инээдээр хөтлөлцөн гүйж, хамтдаа тоглох учиртай хүүхдүүдээс ийм үйлдэл гардаг гэхээр нэг л итгэмгүй. Гэвч бодит үнэн.

Тэднийг нас биед хүрч олон олон А болгочихгүйн тулд гэр бүлийн хүмүүжил, Боловсролын  сайдын хэлдгээр боловсролын системээс ултай суурьтай анхаарах цаг болжээ. А-гийн асгасан кофе нуугдмал байсан АВЛИГА, АЛБАН ТУШААЛ, АЛТ МӨНГӨ-өөр дулдуйдсан нийгэмд бугшсан ёс бус үзэгдлийн шархыг хөндөж орхив. Бид ирээдүйн эд баялгаас илүүтэй ирээдүйд зөв хүн байх нөхцөл боломжийг үр хүүхдүүддээ бүрдүүлж өгөх нь бидний ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт байх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (192.82.71.19) 2022 оны 03 сарын 08

Үнэн юмыг бичсэн болохоор танай сайт сэтгэгдэл устгаж байгаа юм байна. Ер нь ч тэгээд аль л буруу ,муу зүйлийг өөрсдөө эхэлж сэдчихээд дараа нь хохирогч болж өрөвдүүлэх гэдэг башир арга хол явахгүй ээ.Ингээд бичихээр кофе асгасныг өмөөрлөө гээд сүрэглээд дайрах биз. Өарсдөө зөв үг ,үйлдэлтэй байсан бол гээд бодвол таарна.

0  |  0
зочин (192.82.71.19) 2022 оны 03 сарын 08

Сүглэгмаа бичигч ,сэтгүүлч ч гэхийм уу ? Кофе асгасан А г л бичээд кофе асгатал хүнийг харж ,шоолж инээлдэж, бичлэг хийж зураг авсан 3 хүүхэн ,1 залуугийн талаар огт дурдаагүй байгаа нь тэдний зөв болж таараад бна уу ? ! Кофе шоп д сууж өдрийг өнгөрөөдөг бүдүүлэг үл бүтэх юмнууд хүмүүсийг шоолоод ,цоо ширтээд ,бичлэг хийгээд байхад хэнд бугайд ч таатай санагдахгүй ш дээ. Өөрийгөө оронд нь тавиад үзвэл ямар бна. Кофе асгуулдаг хүүхэн ч өөрөө муухай бүдүүлэг бна. Хүнийг хөлөөс нь авахуулаад толгой хүртэл нь харж ,сонждог ,шоолдог байж болохгүй гэх байтал харин ч эсрэгээр нь бичсэн байх юм.

0  |  0
эгэл(139.5.217.195) 2022 оны 03 сарын 07

Хошин шог гэж хүүхэд залуусыг ёс зүйгүй амьдралд уриалсан зүйл байнга гарах болж, аав ээжийнхээ найз нөхдийнхөө мулгуу тэнэгийг шоолсон гайхсан тэднийгээ чадсан бах таваа хангаж байгаагаараа гайхуулж байх юм. Аливаад хэмжээ хязгаар бий гэдгийг мартаж боломгүй. Хошин шогчдын нийгэмдээ оруулж буй хувь нэмэр энэ дээ

0  |  0
Zochin (192.82.82.83) 2022 оны 03 сарын 07

Er em gej yalgaaf yavah ee ger bilee avch yavj chadahgui arhi airagverguulj savchignaj yavdag erchuufiig omoorohgeed bn u daa. Hun hunii osoj yorsonoos l hamaarch bga

0  |  0
Б(64.119.27.225) 2022 оны 03 сарын 07

Баян эрх мэдэлтэй авилгачдын хүүхдүүд жаргал нь дэндсэн завтай юмнууд тэгж байгаа юм

1  |  1
зочин(202.55.188.81) 2022 оны 03 сарын 08

Гэр бүлээс гадна Урлагийнхан их буруутай дандаа хүчирхийлэл алаан зодоон сурталчилсан хөгийн кинорхуу юм хийж хүүхдүүдэд үзүүлнэ худлаа онгирно гангарна улсаа хөгжүүлэхийн төлөө бүгд бодит юм бүтээж ажиллах байтал биед амар будсан шунхадсан хээнцэрлэсэн юмнууд нийгэмд буруу жишиг үзүүлдэг. Ажил хийдэг нь олон нийгэмд ийм юм гарахчгүй.

3  |  0
Зочин(64.119.19.82) 2022 оны 03 сарын 07

ЕР НЬ ЭЦЭГ НЬ ЭХИЙГ НЬ ХҮНДЛЭХЭЭС ГЭР БҮЛИЙН ГОЛ ХАРИЛЦАА ХАНДЛАГА ОРШИНО. ЗАРИМ НЭГ УВАЙГҮЙ ЭРЧҮҮД ЭХНЭРТЭЭ ӨӨР ЭМЭГТЭЙН ТУХАЙ ШИНЖИЛСЭНЭЭ ЯРЬЖ ТЭНЭГТЭХ,ӨӨР ЭМЭГТЭЙГ МАГТАХ ГЭЭД ЭРГҮҮ ЭРЧҮҮДИЙН ТЭНЭГ ҮЙЛДЛЭЭС ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДАЛ АЛДАГДАЖ МӨНХИЙН ХЭРҮҮЛД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ ЭРЧҮҮД ӨӨРСДӨӨ БИЙ БОЛГОЧООД СҮҮЛД НЬ АМАА БАРИХАА Ч МЭДЭХГҮЙ ЭЛИЙРЭЭД ТЭНЭГТЭЭД ГЭРИЙН ОРЧНИЙГ ХҮЙТЭН ЗЭВРҮҮН ХОНГИЛ БОЛГООД ХАЯЧИХДАГ ЭРЧҮҮД МАШ ИХ ШҮҮ БОДОЛТОЙ Л АМЬДРАХАД ТАНЫ ГЭР БҮЛ МАШ ТАЙВАН САЙХАН ОРЧИНД ТААТАЙ АИЬДРАХ БОЛНО ШҮҮ ЭРЧҮҮДЭЭ. ЭХНЭРЭЭ ХАЙРЛААД Л АВЧ СУУСАН БОЛ ХАЙ

1  |  0
t(66.181.161.2) 2022 оны 03 сарын 07

Энэ зүйлийн эхлэл нь эцэг эх бид бүгдээс шалтгаалж гарч байгаа зүйл юм. \nТовчхондоо бид өөрсдөө хахир хатуу, хуурамч нийгэмд дасал болон уусаж хүнд итгэх итгэл, хүнийг хүндлэх зүйлгүй болсон.\nҮүнийгээ хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүйн муу зүйлийг эрт ойлгог гэсэн ташаа бодлоор сайныг биш мууг заах нь буруу хүмүүжил олгож байна.\nБага наснаас буруу муухай зүйлээс сэрэмжлүүлж ярьж байгаа нь хүүхдэд өөрөө тийм зүйлийг дуудаж, энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг болох шалтгаан болно. \nЭмээ Өвөө дээрээ өссөн хүүхдээс ийм үйлдэл яагаад ч гарахгүй.\nтэгхээр асуудал бидэнд байгаа

0  |  0
Зочин(122.201.24.57) 2022 оны 03 сарын 07

А гэгч охин маш буруу үйлдэл гарсаан туйлын буруу.Харин тэр хохрогч охин яах гэж хшн өдөж байнаан бэ ер нь өөрөө өдчөөд дараа нам суудаг ийм моод дэлгэрч байгаан бишүү.САЙХӨНЫГ ХАРЖ БОЛНОО ХАРАХАД УЧИР БИЙ ХӨ ХАЙРЛАЖ ХАРАХ, ДУРЛАЖ ХАРАХ, СОНИРХОЖ ХАРАХ ХАРИН ДООГЛОЖ,ДОХУУРХАЖ ХАРАХ ГЭЭД ГЭЭД ИХ ОЛРН ЯНЗ ШҮҮ.

1  |  0
Зочин(103.212.118.99) 2022 оны 03 сарын 08

Алдармаа булган сүүлтэй юм. БИ ч одоо Том Том кофе руу орохоос айдаг боллоо. Орохоор л нэг хүүхэн над руу халуун кофе барьчихсан хараад байх юм. Малгайтайгаа л суудаг боллоо.

1  |  0
зочин(103.14.36.187) 2022 оны 03 сарын 08

хийсэн алдаандаа гэмшихгүй , улам даапаалж байгаа нь хамгийн аймшигтай хэрэг.уурын мунхагаас болж аймар хэргүүд гарах болж.ял шийтгэл авсан хойноо ихэнхи нь гэмшиж байна гэдэг.гэтэл энэ охин бүр тас эсрэгээрээ юм байна лээ.буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүү цаашаа юм даа

2  |  1
Zochin(202.21.108.240) 2022 оны 03 сарын 08

Өнөөгийн нийгмийн чухал асуудлыг хөнджээ. Бидний ирээдүй залуусын маань хүмүүжил, ёс суртахуун ийм болоод бгаан биш биз

2  |  1
Top