ТЦА: Ослын улмаас 2 хүүхэд гэмтэж, нэг хүн нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Өнгөрөгч долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 592 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 410 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтэж бэртсэний 11 нийслэлд, 6 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохиржээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн 3 осол бүртгэгдэж, 2 хүүхэд гэмтэж, 1 хүүхдийн амь хохирсон байна.

Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.

Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно уу.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Зам тээврийн ослын хор уршиг нь цагдаагийн байгууллагад бус иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирдаг тул  өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс замын хөдөлгөөнд оролцсон бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж   хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top