“Сүрьеэгүй ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” сэдэвт сэтгүүлчдийн уулзалт, хэлэцүүлгийг өнгөрсөн баасан гарагт /2022.03.11/ ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран зохион байгууллаа.
Гуравдугаар сарын 24-ний өдөр тохиох Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг угтан, сэтгүүлчдэд дэлхийн болон Монгол Улсын сүрьеэгийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг танилцууллаа. Энэ удаагийн уулзалтанд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, НЭМҮТ, Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн сэтгүүлчид оролцсоноос гадна орон нутгаас сэтгүүлчид цахимаар холбогдож мэдээлэл авснаараа онцлог байлаа.
“Ковид-19” цар тахлаас шалтгаалан сүрьеэ нь манай улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудал болсоор байна.
Тодруулбал, ДЭМБ-ын тайлангаар жил бүр 9.9 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн нас барж байгаа аж. Тэгвэл 2021 онд 7.5 сая хүүхэд сүрьеэгийн халдвар авч, 233 мянган хүүхэд уг өвчний улмаас нас баржээ.
Харин манай улсын хувьд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг ба үүний 12 хувь нь хүүхдүүд. Сүрьеэгийн нийт тохиолдлын 60 гаруй хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Нийт өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насныхан эзэлж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэллээ. Өөрөөр хэлбэл, өсвөр үе болон хөдөлмөрийн насныхны өвчлөл нэмэгдэж буйд албанхан санаа зовниж буйгаа уулзалтын үеэр хэлсэн юм.
СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АМЖИЛТ 88 ХУВЬТАЙ Ч ИЛРҮҮЛЭГ МУУ БАЙНА
Цар тахлаас шалтгаалан эмнэлэгт хандаж үзүүлэх иргэдийн тоо багасаж, үүнийг дагаад сүрьеэгийн илрүүлгийн хувь 2021 онд 20.8 хувьтай болж, өмнөх оноосоо 8.4 хувиар буурчээ.
Тооцоолол судалгаагаар, сүрьеэгийн бүх хэлбэрээр 13 мянган хүн халдвартай байх магадлалтай ч үүнээс ердөө 3000-ыг нь л илрүүлээд байна. Үлдсэн 10 мянган хүн эмнэлэгт хандаагүй гэсэн үг юм.
Тус уулзалтаар сүрьеэгийн өвчлөлийг дорвитой бууруулахад чиглэсэн хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээнд сүүлийн үеийн шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх, хүүхэд болон өсвөр үеийнхний эрт илрүүлгийн тогтолцоог бий болгох зэрэг асуудалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан хэлж байлаа.
Ташрамд дурдахад, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо нь Монгол Улсын хүн амд зонхилон тохиолддог өвчлөлүүдэд онцгой анхаарч, эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг тухайн мэргэжлийн байгууллагуудтай нь хамтран зохион байгуулж буй.
Эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг өнгөц мэдээллээд өнгөрөх бус, ийнхүү урьдчилан арга хэмжээ өрнүүлж, сэтгүүлчдийг анхдагч эх сурвалжтай нь уулзуулж, тухайн асуудлыг судлах боломжийг олгон, гарц, гаргалгаа, шийдэл хайж буйгаараа онцлогтой юм.
Эх сурвалж: Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо
Сэтгэгдэл ( 0 )