Удтал гадаалсан УИХ-ын чуулган өнөөдөр 10 цагт өндөр үүдээ нээнэ. УИХ-ын дарга өнгөрөгч баасан гаригт Хаврын чуулганаар, энэ гуравдугаар сард хэлэлцэх асуудлын дарааллыг батлан, захирамж гаргажээ. Юуны өмнө олны анхаарлыг татаж байсан “Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль” хэлэлцэх асуудлын дараалалд багтсангүй. Энэ хуулийг жилийн жилд ярьж хэлэлцэж байдаг ч тодорхой шийдэлд хүрсэн нь үгүй.
Ерөөсөө улс төрийн намуудын санхүүжилт гэж яагаад ч ил гаргаж болохгүй зүйл учраас ийнхүү байнгын сэдэв болсоор ирсэн биз ээ. Сүүлийн 30 жилд ил гаргах аргагүй явж ирсний гай олон зүйлээс илэрч байгаа. Өнөөдөр Хөгжлийн банк, Капитал банк гээд нэр бүхий олон байгууллага нь чанаргүй зээл гаргачихсан хэмээн шалгагдаж байна.
Үүний цаана улс төрийн намууд, түүнийг дагасан эрх мэдлийн хүрээнд өрнөсөн асуудал байдгийг нуух хэрэггүй. Олон жишээ татах нь илүүц хэрэг гэж бодож байна. Тиймээс “Улс төрийн намуудын санхүүжилтын тухай хууль”-ийг ямар нэг байдлаар ил тод болгох, шударга замаар тодотгож өгөх шаардлага байсаар ирсэн ч үүнээс зайласхийж, энэ асуудлыг хазаарлаж үлдэх гэж байгаа нь анзаарагдана. Хэлэлцэх асуудлын дараалал, эхний ээлжинд багтаагүй учир ийн хардахаас өөр аргагүй. |
Харин өдгөө ид яригдаж байгаа “Хөшигийн хөндийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Энэ асуудлыг өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, сайд нарт судлах үүрэг чиглэл өгнө лээ. Гэхдээ Засгийн газраас эцэслэн шийдвэр гаргаагүй нь бас л чуулганаар хазаарлаад үлдээх биш юм биз гэх хардлага дагуулж байна. Яахав, цаасан дээр төлөвлөж байгаагаас харахад өдгөө нэн тулгамдсан асуудлууд байгаа. Энэ эрчээрээ цааш явбал дагуул хот босоход болохгүй зүйл үгүй. Иргэд олон нийт, зарим судлаачдын дунд ч нэг эргэлзээ бий.
Тэр нь “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” нь “Замын-Үүдийн чөлөөт бүс” шиг замхарах вий хэмээн ярьж бичиж эхэлсэн. Уг нь дагуул хотын асуудлыг зөвхөн өнөөдөр ярьж байгаа зүйл биш. Нөгөө талаар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” энэ тэр баримт бичгүүдтэйгээ мөргөж, таарч байгаа учраас энэ ажил гараанаас гарах бүрэн боломжтой.
Тэгээд ч Хаврын чуулганы хэлэлцэх асуудлын дунд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан хуулиудыг боловсруулах үүрэг чиглэлийг Байнгын хорооны дарга нарт өгсөн байна лээ. УИХ-аар яаравчлан “Шинэ сэргэлтийн бодлого” Хөшигийн хөндийн дагуул хот зэргийг хэлэлцэх, албажуулахаар төлөвлөсөн нь цаашид энэ ажил урагшлах төлөв байгааг хэлж байгаа хэрэг.
Уг нь үүнийг Замын-Үүдийн чөлөөт бүстэй адилтгах аргагүй. Геополетик бусад нөхцөл байдлаараа тэс өөр зүйл учраас албажаад хуульчлагдаад явахад болохгүй зүйл үгүй. Өөрөөр хэлбэл дотоодын улс төр гэхээс гадны нөлөө үгүй юм. Гагцхүү парламент өөрөө улстөрждөг, аливаа зүйлийг хойш татдаг гишүүдтэй байгууллага учраас хазаарлачих вий гэсэн айдас хаа хаанаа бий.
Үнэндээ уялдаагүй зүйл гэж үгүй. УИХ-аас хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсыг хөгжүүлэх сүүлийн таван жилийн үндсэн чиглэлийн биелэлт, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн 2021 оны тайланг хэлэлцэх аж.
Эрх баригчид 60 гаруй суудалтай бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа энэ нөхцөлд тус хуулиудыг олон талын судалгаатай гаргаж эмхлэхгүй бол Замын-Үүдийн чөлөөт бүс шиг олон жил гацах асуудал мөн үү гэвэл мөн. Дагуул хот байгуулна гэдэг амар зүйл биш. Өнөөдөр цар тахлаас үүдэлтэйгээр эдийн засгийн нөхцөл байдал тийм ч таатай бус байна. Хил гаалиас эхлээд олон зүйл гацаанд байгаа энэ үед нухацтай хэлэлцэж, сэтгэлийн хөөрлөөр бус хуулиа гаргаад цааш явахад болохгүй зүйл алга.
Эрх баригчид “Шинэ сэргэлтийн бодлого” танилцуулахдаа гадна дотны зээл тусламж, олон улсын байгууллагуудтай хамтарсан санхүүгийн хөтөлбөр зэргээс хөрөнгө мөнгөө босгоно хэмээж байсан. Ингэхдээ уг бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Үүнийг босгоно, болгоно хэмээн ам дүүрэн хэлнэ лээ. Энэ бол бага мөнгө биш, Монгол Улсын арваад жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний их мөнгө.
Тэгэхээр юуны өмнө Монгол Улс өр зээлээ бодолтой тавьж, дотоодын улс төрөө болгоомжтой хөдөлгөхгүй бол “Хар жагсаалт” хэмээх зүйл хаалга тогшин зогсож байгаа гээд бодолцох зүйл бий. Хамгийн наад зах нь Хөгжлийн банкны асуудлаа цэгцлэхгүй бол “Шинэ сэргэлтийн бодлого” болон дагуул хотын асуудал ярих ч шаардлага байхгүй. Уг банкыг Монгол Улсад хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр байгуулсан. Гэтэл уг банк нь 1.7 их наядын чанаргүй зээл гаргачихсан байгаа зэрэг нь өдгөө гарган тавьж байгаа бодлого, төлөвлөгөөтэй харшилдаж байгааг юу гэх вэ.
Хэлэлцэх асуудлын эхэнд багтсан нэг зүйл бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хамт өргөн мэдүүлсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль”-ийн төслийг хэлэлцэх юм. Байгаль орчин эклогийн асуудал гэдэг юу юунаас өмнө тавьж байх ёстой асуудал. Гэхдээ НҮБ-ын индэр дээрээс ирэх 2030 он хүртэл нэг тэрбум мод тарьж ургуулна хэмээн ам алдсан Ерөнхийлөгчийнхөө үгийг мартаж болохгүй. Олон улсын индэр дээр амласан энэ амлалт хэдийгээр сайхан гэлээ ч цаг хугацаанаас эхлээд хөрөнгө зардал гээд ажил ихтэй. Энэ хууль Ерөнхийлөгчийн тэрбум мод руу чиглэсэн байхаас зайлахгүй.
Мөн нэг зүйл байгаа нь Монгол Улс Азийн хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрүүдийг хэлэлцэх аж. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд мал аж ахуйг хөгжүүлэх төслийн төсөл юм. Мөн “жижиг зардлыг санхүүжүүлэх” хэмээн тодотгосон нь өөрийн эрхгүй анхаарал татна. Өнөөгийн Монгол Улсын эдийн засгийн байдал, түүнээс хэд дахин давсан төсөл төлөвлөгөө нь яах аргагүй сайн хууль хэрэгтэйг сануулж байгаа юм.
Тодотгож хэлбэл, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын байгууллагтай нягт холбоотой ажиллахаас өөр аргагүй. “Шинэ сэргэлтийн бодлого”, чөлөөт эдийн засгийн бүс, дагуул хот гэх мэт томоохон төсөл хөтөлбөр бол дотоодын эдийн засгаар босгоод ирэх зүйл биш. Энэ бүгдийг гадны байгууллагаас санхүүжүүлэх л ганцхан арга зам бий. Гагцхүү концесс уу, эсвэл өөр хэлбэрээр үү гэдэгт л учир бий.
Тухайлбал, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг Эрдэнэс Тавантолгойн ашгаас 800 тэрбум төгрөгийн бонд босгон санхүүжүүлсэн. Дотоодын хөрөнгө, хүч боломждоо тулгуурлан эхлүүлсэн энэ ажил чамгүй эрчтэй явж байна. Гэтэл дараагийн эх үүсвэр нь тодорхойгүй байдалд орчихсон гэдгийг эх сурвалж хэлнэ лээ. Энэ мэтээр цаашид санхүүжүүлэх боломж хомс болж байгааг хаа хаанаа анзаарч харсан байх. Айсуй чуулганы эхний ээлжинд энэ мэт үндэсний хэмжээний томоохон төсөл хөтөлбөрт холбогдох хууль тогтоомж хэлэлцэхээр захирамж гарчээ.
Үүний зэрэгцээ “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтууруулахтай тэмцэх тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн “Тагнуулын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Төлбөрийн чадваргүйдлын тухай хууль”-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хууль”-ийн төсөл гэх мэт олон хууль орж ирэх нь дамжиггүй. Энэ бүгдийг хазаарлаж үлдэх шалтгаан байхгүй учраас зарчмаараа явах байх.
Чуулган завсарласан даруйд гишүүд маань гуйж гувшиж авсан шагналаа аваад тойргууд руугаа давхилдсан. Зарим нь ч мөн чанараараа тодорч байгаа Улсын аварга малчин, тариаланч гэх мэт өндөр дээд цол хэргэм гардуулах гээд ажил юу эс мундах билээ. Чуулганы завсарлагаанаар тэдэнд тойрог услах гэж нэг толгойд тулсан ажил байдаг даа. Түүнийгээ л хийсэн. Одоо харин зөв зүйтэй, нэн хэрэгтэй байгаа хуулийнхаа төслийг тал бүрийн судалгаатай батлан гаргах нь тулгамдсан асуудал болоод байна. Тэр тусмаа дагуул хот, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс гээд цаг алдаж болохгүй хууль байна. УИХ-ын гишүүн таны ажил бол тойрог услах, шагнал тараах бус хууль батлах юм шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )