Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн Засаг даргын авто замын түгжрэлийг бууруулах болон зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, нийслэлийн Авто замын газрын дарга Б.Баярсайхан, Замын Цагдаагийн газрын дэд дарга Б.Батболд, нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж тэргүүтэй албаны хүмүүс болон судлаачид, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. Улаанбаатар хотын хамгийн том асуудал болоод буй замын түгжрэлийн асуудлаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот ухаалаг удирдлагын системтэй болно
Улаанбаатарчуудын “толгойны өвчин” болсон авто замын түгжрэлийг бууруулахад ямар гарц шийдлийг эрэлхийлж буй талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хот сүүлийн 30 жил хөгжихдөө төлөвлөлтийн алдаа гаргасан. Инженерийн байгууламжаа дагаад хотын төв рүү шавсан. Улмаар төлөвлөлт дээрээ алдаа гарч эхэлсэн. Энэ нь нэг талдаа мөнгөгүйн зовлон. Хувийн хэвшлийг дэмжих, барилгын болон хувийн хэвшлийг хөрөнгө санхүүтэй болгох бодлого явж, Улаанбаатар хотын төлөвлөлт 1990-ээд оны дунд үеэс алдаа гарч эхэлсэн. Одоо гурван сарын дотор шийднэ гэвэл эндүүрэл.
Бид олон зүйлийг шинэчлэх үнэнтэй нүүр тулсан. Түгжрэлийг шийдэх гарц бол эрх зүй, захиргаа, эдийн засгийн шинэчлэл юм. Ойрын 10 жилийн хугацаанд хүндэрч байгаа асуудлыг шийдээд явах боломжтой. Бид мөнгөтэй болж байж асуудлаа шийднэ.
Улс төрийн хийрхэл, худлаа амлалтаар явмааргүй байна. Туслах гудамж, замын төлөвлөлт, явган болон дугуй замын төлөвлөлт, уулзварыг дахин инженерчлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах, нүхэн гарц, замын удирдлага системийн ухаалаг тогтолцоо гэсэн зургаан зүйл дээр анхаарч ажиллана. Мөн Улаанбаатар хотод шинэ тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ энэ сарын 30-нд бэлэн болно. БНХАУ-ын Төмөр замын зургаадугаар товчоо буюу CREC компани, Монголын UDC компанитай хамтран хэрэгжүүлж буй. Гурван сарын ажлыг нэг сарын дотор шахаж дуусгасан. Ирэх тавдугаар сарын 15-нд ажил эхэлнэ. Улмаар 2024 оны тавдугаар сарын 31-нд эхний 21.2 км замыг туршилтын байдлаар ашиглалтад өгөхөөр төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөг гуравдугаар сарын 24-нд Ерөнхий сайдад танилцуулна.
Түүнчлэн 2023 оны есдүгээр сарын 30-нд суурь төмөр зам, тулгуур байгууламжийг дуусгана. Улмаар ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нд дээд талын явах тавцанг дуусгана. 2024 оны дөрөвдүгээр сарын 30-нд рейс төмөр тавина. 2024 оны тавдугаар сарын 31-нд цахилгааны холболтуудыг хийгээд туршилтын вагоныг явуулах нарийн хуваарьтай ажиллаж байна. Төсөвт дарамт болохгүй байдлаар санхүүгийн гарц шийдэл гаргасан. LRT дээр нэмэгдээд хурдны замын төслийг бэлдэж байна. Хурдны замын төслийг мөн хэрэгжүүлнэ. Үүнээс гадна гол гудамжуудыг хамарсан 11.47 км зам, гол болон туслах замыг өргөтгөн шинэчлэх хүрээнд 15.4 км зам, уулзвар нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх 18 байршил байгаа. Ингэхдээ явган хүний зорчих хөдөлгөөнийг дандаа хаасан байдлаар хийсэн. Хөрөнгө оруулалтын тендерийн ажил 75 хувьтай явж байгаа.
Түүнчлэн 2022-2025 онд нүхэн гарц зургаа, гүүр 1891.2 метр, явган зам 80850 метр.квадрат, дугуйн зам 14.35 км нэмж барихаар төлөвлөж байна. Зорчилт өндөр хэсгүүдэд явган болон дугуйн зам тавьж өгөх зэрэг төлөвлөгөө гаргасан. Тендерийн ажил 75 хувьтай явж байгаа. Үндсэндээ 100 сая ам.долларын хөрөнгөөр Улаанбаатар ухаалаг удирдлагын системтэй болно. Энэ систем бол цогц шийдэл юм. Төрийн байгууллагын албан бичиг шилжүүлэлт хүртэл энэ системд орно” гэлээ.
Б.Одсүрэн: жилд дунджаар 35 хоногтой тэнцэх хугацааг автомашинд өнгөрүүлж байна
“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн оролцогчдын асуултад хариулт өгсөн юм.
Тэрбээр нийслэлийн нийтийн тээврийн асуудлын талаар "Иргэдээс авсан санал асуулгаар 92 хувь нь манай нийтийн тээвэр маш муу гэсэн үнэлгээ өгсөн. Нэг үгээр хэлбэл, хөрөнгө оруулалтыг асуудал, боловсон хүчин гээд бусад холбогдох асуудлуудад нийтийн тээвэр уналтынхаа хамгийн доод түвшинд байгаа. Үүнд цогц арга хэмжээ авахаар олон бүлэг ажлууд хийгдэж байгаа. Үүний хамгийн эхнийх нь парк шинэчлэлтийн ажил юм. Өмнө жил гэрээ хийгдсэн 36 автобус дээр 10 ширхэг давхар автобус орж ирэх юм. Тэдгээр автобусууд наашаа орж ирэхээр Эрээнд хүлээгдэж байгаа. Мөн энэ жилийн төсөвт тусгагдсаны дагуу 250 автобусыг худалдан авахаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор тендер зарласан. Түүнчлэн 500 ширхэг цахилгаан автобусыг шинээр оруулж ирэхээр үйлдвэрлэгчидтэй ярьж байна. Энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн ахалж байгаа юм.
Хамгийн гол нь шатахууны үнэ өсөж байгаа байдал нийтийн тээвэрт үнэхээр хүнд тусаж байна. Нийслэлийн төсвөөс олгодог зардалтай холбоотой суурь асуудал хөндөгдөнө. Нийслэлийн төсөв батлагдсан ч эргээд шатахууны үнээс болж зардал нэмэгдвэл төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэх гээд байна.
Тооцооллоор цахилгаан автобус өдөрт 50 мянган төгрөгийн зардал гаргадаг бол дизель хөдөлгүүртэй автобус 320 мянган төгрөгийн зардал гаргадаг. Тиймээс хотод болон иргэдэд цахилгаан автобус нь илүү ашигтай, үр өгөөжтэй. Мөн цахилгаан автобусыг нийтийн тээвэрт нэмэгдүүлэх бодлогоор ажиллаж байгаа. Нийслэлийн автомашины тоо жилд 80 мянгаар нэмэгдэж байна.
Ирээдүйн нөхцөл байдлаа харах юм бол архаг түгжрэл, бүтэн өдрийн түгжрэл үүсэж болзошгүй. Хүн амын нягтаршил Их тойруу, Энхтайваны өргөн чөлөө дагуу байршсан байна. Хотын төвд их, дээд сургуулийн 96 хувь, худалдаа үйлчилгээний 88 хувь нь байршиж байна гэсэн тоо байна. Мөн ажлын байрны нягтаршил ч хотын төв рүү чиглэсэн байна. Нэг өдрийн замын хөдөлгөөний 52 хувь нь ажил руу, 25 хувь нь хүүхдийн сургууль, цэцэрлэг рүү чиглэн зорчиж байна. Түгжрэлээс үүдэн иргэн хүн нэг жилд дунджаар 35 хоногтой тэнцэх хугацааг автомашинд өнгөрүүлж байна" гэлээ.
Н.Нацагдорж: Түгжрэлийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлт хийсэн
Түгжрэлийг шийдэх гарц, боломжуудын талаар Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэл хэт бага талбай дээр хотжиж, бөөгнөрснөөс үүдэлтэй. Ер нь бол нэг сая 560 мянга гаруй хүн амд 1990 га газар гэдэг хэт бага талбар. Үүнийг шийдэхийн тулд дагуул хот үүсгэх төлөвлөлтүүд хийсэн. Улаанбаатар хотын төвийн хэсгийн төвлөрлийг бууруулж, түгжрэлийг багасгах үүднээс олон давхар авто зогсоолын судалгааг 16 байршилд 4320 автомашин, гурван га газрыг хамруулан хийсэн. Мөн ил зогсоолын судалгааг 22 байршилд хийсэн. Улаанбаатар хотын зогсоолуудыг төлбөрийн ангилалтай болгоё, автозамын нэгдүгээр эгнээнд машинаа тавьдаг зөрчлийг төлбөрөөр зохицуулах санал боловсруулах хэрэгтэй” гэлээ.
Б.Батболд: Торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн хуульд оруулж байгаа
Замын Цагдаагийн газрын дэд дарга Б.Батболдын байр суурийг хүргэж байна. Тэрбээр “Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж байгаа олон асуудлын нэг нь бидэнд хамааралтай замын хөдөлгөөнд оролцогчдын дэг журам, хууль тогтоомжийн хэрэгжилт юм. Манай байгууллага зам барьдаггүй, зохион байгуулалт хийдэггүй. Харин хийсэн замын зохион байгуулалт дээр дүрмийн хэрэгцээг хангаж ажиллах үндсэн үүрэгтэй. Өнөөдөр хотын замын хөдөлгөөнийг зохицуулах үүргийг 400 гаруй албан хаагч өдөр, шөнийн 24 цагт хүлээн ажилладаг.
Бидний ажилд нэг бэрхшээл байгаа нь авто замын хөдөлгөөнд дэг журамгүй оролцож буй жолооч нарт бэлэн бус торгууль ногдуулдаг болсноос хойш дэг журам улам муу болж, замын хөдөлгөөнд дураараа оролцдог болсон. Ногдуулсан торгуулийн 60 хувь нь л төлөгддөг. Тиймээс торгууль төлөөгүй жолооч нарт төрийн үйлчилгээг хязгаарлах саналыг Зөрчлийн хуульд оруулж байгаа.
Нэгдүгээр эгнээг чөлөөлөх тал дээр манай зохицуулагч нар хяналт тавихын зэрэгцээ камерын бичлэгийг үндэс болгодог. Замын зохицуулагчдын хүрэлцээ муу байдаг учраас камергүй замуудын нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Хойшид хөдөлгөөнт эргүүлийн систем буюу автобусанд камер тавьж, нэгдүгээр эгнээгээр зорчсон автобусны зогсоол дээр машинаа тавьдаг зөрчлүүдийг илрүүлж, торгууль ногдуулдаг болно” гэсэн юм.
Энэ жил нийслэлийн түгжрэлд зарцуулахаар 420 тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ мөнгийг ямар ажилд зарцуулах гэж буй талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хотын нийтийн тээвэр, явган замын гүүр, нүхэн гарц, гэрлэн дохио, тойрог зам гэх мэтчилэн олон ажилд зарцуулагдана. Тулгамдаж байгаа энэ олон асуудлыг нэг зэрэг шийдэх боломж байхгүй. Өнөөдөр 420 тэрбум төгрөг хаанаас гарсан бэ гэдгийг ойлгох ёстой. Улаанбаатар хот төсөвт хөрөнгө татан төвлөрүүлдэг. Улсын төсвөөс эргээд нийслэл, аймаг орон нутаг руу зарцуулдаг. Нэг үгээр хэлбэл, зарим татаастай аймгуудыг нийслэл өөрсдийнхөө бүрдүүлдэг татварын мөнгөөр дэмждэг тогтолцоотой байсан.
Засгийн газраас 420 тэрбумыг нийслэл хотыг өөрсдийнхөө асуудлыг шийдэхэд зарцуулах шийдвэрийг гаргасан. Монгол Улс жилдээ 460 сая доллараар автомашин худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл, 1.7 их наяд төгрөгөөр автомашин худалдаж авдаг. Харин түгжрэлээ бууруулахад хэдэн төгрөг зарцуулж байна вэ гэдэг дээр харьцуулалт хийж үзвэл ямархуу дүр зураг харагдах вэ гэдгийг зөв ойлгоорой” гэлээ. Ийнхүү түгжрэлийг бууруулах шийдлийн талаар зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт албаныхан болоод иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэлийнхэн харилцан санал солилцож, хамтран ажиллах чиглэлд ярилцан тохиролцлоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Боловсролгүй тэнэг бөхчин, мөнгөний улаан шуналтан, ажил хийх чадваргүй энэ бөхчинг зайлуулах хэрэгтэй дээ
Dawhar zam barildaa hotiig toison tengetiin toirogoo bas uliastain uulzwaraas so.golongiin monios hurtel shuluun dawhar zamaa barildaa baruinaas zuuun zuunees baruun garah gej tal eder bolj bn shuu dee
Зөндөө ярилаа одоо хийж үз
Наад мөнгөөрөө МЕТРОГОО барьж эхэл ээ , жилд 10км тавихад 10 жилийн дараа бид метротой болно , өөр арга байхгуй . Битгий хий хоосон юманд бидний татварын мөнгө үрээд бай
Хотын соёлд утаагаар тусалж буй хөрсний бохирдол бие болгогч хотын төвийн ойр хэсгийн гэр хорооллын айлуудыг өндөр татвараар дарамтлах замаар газрыг нь хямд тохиролцон авах аргыг БНСУ 1960 аад онд амжилттай зохион байгуулсан ТЭНЭГ -үүдээ