Д.Ангар: Төр ажил олгогчдоо чичилдэг байж болохгүй

2022 оны 03 сарын 21

“Өглөөний сонин”-ы энэ удаагийн зочноор эдийн засагч Д.Ангарыг урьсан юм. Түүнтэй манай улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдалд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өнөөгийн нийгэм, эдийн засгийн өсөлт хөгжилд тулгарч буй бэрхшээл, цаашдын боломж, гарц гаргалгааны талаар ярилцлаа.


-Манай улсын хувьд цар тахлын дараах эдийн засгийн өсөлтийг их өөдрөгөөр үнэлж байгаа. Эдийн засгийн өсөлт нь экспортоос хараат манайх шиг улсын хувьд өөдрөгөөр үнэлж буй явдал нь хөрсөн дээр буусан үнэлгээ болж чадах уу. Энэ талаар ярилцаж, яриагаа эхлүүлье?

-Эдийн засгийг өөдрөгөөр үнэлсэнтэй санал нийлэхгүй байгаа. Шуудхан хэлэхэд манай улс эдийн засгийн өсөлт бүү хэл, эдийн засаггүй улс болсон. Эдийн засаг гэдэг бол товчхондоо үйлдвэрлэлийг хэлдэг. Эдийн засгийг хэмжих нэгж нь дотоодын нийт бүтээгдэхүүн шүү дээ. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл бий болгодог. Манай улсад үйлдвэрлэл байхгүй. Тэгэхээр эдийн засаг байхгүй гэсэн үг. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийг цөөн үгээр тоймлон хэлбэл газрын баялгаа зарж, зарсан мөнгөөрөө гадаадаас хэрэглээгээ худалдаж авдаг улс юм. Ийм улсын эдийн засгийн ирээдүй тодорхой. Ердөө л сүйрэл. Ямар ч гарц байхгүй. Яагаад гэвэл хэдэн зуун сая жилийн хугацаанд бий болсон байгалийн баялгийг нэг л өдөр худалдаалж, гадаадын улсаас өндөг, хиам, жигнэмэг, сүү гэх мэт зүйлсийг худалдан авч байна.

Байгалийн баялаг дахин бий болохын тулд хэдэн зуун мянган жилийг зарцуулах шаардлагатай болно. Тэгэхээр манай улсын эдийн засгийн загвар нь сүйрлийн эдийн засгийн загвар юм. Ямар ч аврал байхгүй. Газрын баялаг шавхагдаж, дуусдаг бүтээгдэхүүн. Харин бидний хэрэглээ дуусахгүй. Хүнсний болон бусад бүх хэрэгцээгээ импортоор авч байна. Тэгэхээр миний хэлж буй зүйлийнгол санаа бол Монгол Улсын эдийн засаг энэ чигээрээ байвал эдийн засгийн өсөлт бүү хэл 10-15 жилийн дараа мөхөхөөр түвшинд байгаа юм. Эдийн засаг сүйрвэл улс үндэстэн өөрөө мөхнө гэсэн үг.

-Товчхондоо эдийн засгийн бодлогод гол анхаарлаа хандуулах шаардлагатай хүндхэн нөхцөл байдал нүүрлэсэн гэсэн үг шүү дээ. Манай улсын эдийн засаг Эрээн хот дээр л тогтож байгаа юм биш үү?

-Тийм ээ. УИХ, Засгийн газар хий хоосон мөрөөдөл, зүүднээсээ сэрж, эдийн засагт анхаарсан бодлого боловсруулж, ажиллах цаг нь болсон. Ердөө л үйлдвэрлэлээ хөгжүүлэх юм. Улс гэдэг үйлдвэрлэлтэй байж гэмээн эдийн засагтай байна. Хэчнээн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаар тухайн улсын эдийн засгийг хэмждэг. Өөрийн хэрэглэж байгаа зүйлс, өрөө, гэр, тэр бүү хэл гадаа байгаа зүйлсийг харвал дотооддоо үйлдвэрлэдэг зүйл байхгүй. Урд, хойд хөршөөс бүхий л бараа бүтээгдэхүүнээ авч байна шүү дээ.

Эрээний хил гацахаар улсаараа хүнд нөхцөлд орж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг өнөөдөр УИХ, Засгийн газар, Сангийн яам, Монголбанк шийдэж байгаа юм биш. Өнөөдрийн манай улсын эдийн засгийг Эрээн л шийдэж байна. Эрээний гацааны дарга манай улсын эдийн засгийг тав, 10 хувьтай байлгах уу гэдгийг шийддэг нөхцөл байдалтай болсон байна. Ийм өрсөлдөх чадваргүй, өрөвдөлтэй байдалд байгаа.

-Монгол Улсын хувьд 30 жилийн турш боловсруулах үйлдвэр дампуурч, уналтад орсон. Дотооддоо үйлдвэр барихыг дэмждэг. Үйлдвэр барих шаардлагатай шүү дээ. Гэхдээ санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал тулгараад байдаг. Бид яаж яваад ийм байдалд хүрчихэв ээ. Үүнийг хэрхэх ёстой вэ?

-Энэ бол гарцаагүй хөндөх ёстой зүйл. Эхний ээлжид улс орноороо зорилт тавих хэрэгтэй болж байгаа юм. Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэдэг дээр олон зүйл яриад, хугацаа алдаад байна. Эдийн засгийг төгөлдөржүүлнэ, солонгоруулна, сэргэлтийн бодлого гэх мэтээр үе үеийн Ерөнхий сайдууд гарч ирэх бүрдээ хий хоосон, лоозогносон зүйл ярьдаг. Энэ нь хөрсөн дээрээ буудаггүй. Байгаа ч онодоггүй. Ерөөсөө л төр үйлдвэрлэл гэх зорилт тавих ёстой. Үүнээс дараа дараагийн асуудлууд үе шаттайгаар шийдэгдэнэ. Цаг агаарын нөхцөл байдал, байгалийн онцгой зүйлсээс шалтгаалаад дотооддоо үйлдвэрлэж чадахгүй зүйлс бий. Төрийн бодлого нэг зүйлд чиглэх ёстой.

Дотооддоо үйлдвэрлэж болох бүх зүйлийг үйлдвэрлэх ёстой гэх бодлого гаргахад л болж байгаа юм. Өндөг, мах, сүү сүүн бүтээгдэхүүн, нарийн ногоо гэх мэт дотооддоо үйлдвэрлэж болох зүйлс олон бий. 70 сая малтай атлаа импортын хуурай сүү оруулж ирж хэрэглэж буй нь төрийн харалган бодлого юм. Сүүгээ 100 хувь дотоодоос хангана хэмээн зарлачихад л болно. Тараг, йогурт, цөцгийн тос гэх мэт импортын бүтээгдэхүүн хэрэглэж байна. Харамсалтай байгаа биз дээ. Энэ мэт импортын бүтээгдэхүүнүүдэд өндөр татвар тавихад л хангалттай.

Үйлдвэрлэл эхлүүлэхэд бизнес  эрхлэгчдэд санхүүгийн асуудал тулгамдаад байна. Үүнтэй уялдаад санхүүгийн бодлого гарч ирж байгаа юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд шийдэж чадаагүй ганц зүйл бол Монгол Улс үйлдвэрлэлийн биш хүүлэлтийн эдийн засагтай болсон. Ажил хийхгүйгээр бие биенээ хүүлж амьдардаг. Эхний 10 жилийг шилжилтийн 10 жил хэмээн тоосонгүй. Дараагийн 10 жилийг хүлээлттэй өнгөрүүлсэн. Гэтэл хэдийн 30 жил өнгөрөхөд өнөөх хүүлэлт гэдэг зүйл арилсангүй. Эцэстээ гэхэд хүмүүс мөнгөтэй болон мөнгөгүй хэмээн хуваагдах болсон.

Мөнгөтэй нь мөнгөгүйдээ мөнгөө өгч, хүүг нь идэж амьдардаг. Санхүүгийн зах зээлийг хүүлэлтээс нь салгах ёстой. Үүнийг төрийн бодлого болгох ёстой. Хүүлэлтээс салгаж, үйлдвэрлэлээ дэмжих юм. Манай улс сүүлийн 30 жилийн турш хүүлэлтээ дэмжсэн. Хүүлэлтээ дэмжсэн болохоор үйлдвэрлэлээ хөгжүүлэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Уул уурхайгаас өөр үндэсний үйлдвэрлэлгүй. Уул уурхайг ч үйлдвэрлэл хэмээн хэлэхэд хэцүү. Түүхий эдээ боловсруулахгүйгээр зарчихдаг. Үүнээс салахын тулд санхүүгийн зах зээлд шинэтгэл хийх хэрэгтэй. Эрс шинэчлэхээс өөр сонголт байхгүй. Үүнд УИХ бэлэн байх ёстой. Ний нуугүй хэлэхэд санхүүгийн зах зээл бол эдийн засгийн хорт хавдар болсон.

-Санхүүгийн шинэчлэл хийснээр ямар үр дүнд хүрэх вэ?

-Гурван үр дүнг хүлээж болно. Зээлийн хүү буурах, тарифын бодлого болон төрийн хүнд суртал юм. Зээлийн хүү аж ахуйн нэгжүүдийн даах хэмжээнд байх ёстой. Зээл өгч буй хүнд өндөр хүү ашигтай. Авч буй хүнд дарамт ирдэг. Ийм нөхцөл байдлыг үгүй хийх хэрэгтэй. Зээлийн хүүгийн хугацааг уртасгах шаардлагатай. Үйлдвэрлэлийн төсөл гэдгийг 5-10 жилийн хугацаатайгаар санхүүжүүлдэг. Үйлдвэрлэл барих, тоног төхөөрөмжөө суулгах, бүтээгдэхүүн гаргах, зах зээлд таниулах, борлуулах, ашиг олох гэх мэтээр урт хугацаа шаардлагатай үйл ажиллагаа юм. Манай улсын банкны зээл 1.5 жилийн хугацаатай байна. Ийм богино хугацаатай зээлд үйлдвэрлэлийг бий болгох боломжгүй.

Зээлээс зээл хооронд дамжиж байна. Банкнаас зээл авах боломжгүй бол банк бус санхүүгийн байгууллага руу хандана. Банк бус санхүүгийн байгууллага боломжгүй бол ломбард руу хандана. Энэ бол өмнө нь дурдсан хүүлэлтийн систем. Үүнээс хэн хожих вэ гэвэл банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбард л хожно. Тиймээс л зээлийн хугацааг уртасгах шаардлагатай. Мөн тухайн зээл хүртээмжтэй байх юм. Бусад улс оронд банкууд нь компаниудын хойноос хөөцөлддөг. Урт хугацаанд, богино хүүтэй зээл олгох гэх мэтээр. Манай улсад эсрэгээрээ байдаг. Компаниудыг дэмжихгүй, зээл нь хүртээмжтэй байж чадахгүй нөхцөл байдалтай байгаа.

-Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах төрийн бодлого сүүлийн 30 жилийн хугацаанд ихээхэн дутагдсан юм биш үү?

-Тийм ээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд тарифын бодлого байгаагүй нь маш том алдаа болсон. Манай улсын аж ахуйн нэгжүүд хамгийн дээд талдаа л 30 жилийн настай байна. Туршлага, хуримтлал, мөнгө байхгүй, залуу компаниуд үйлдвэрлэгч болох гэж хичээдэг. Хичээж, хичээж нэг бүтээгдэхүүн гаргаад худалдаалах гэхээр зах зээлд нь гаалийн татваргүй импортын бараа ороод ирнэ. Ингээд л дотоодын үйлдвэрлэгчид зах зээлээсээ шахагдаад гарч байгаа юм. Гаднын туршлагатай компаниудтай зах зээлдээ өрсөлдөх ямар ч боломжгүй. Үүнээс болж дотоодын бүтээгдэхүүнээ үнэтэй, чанар муутай хэмээн хэрэглэгчид тоодоггүй. Үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдийн хэнийх нь ч буруу биш. Энэ бол төрийн зохицуулалтын буруу. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэмжихийн тулд импортын бүтээгдэхүүнээс авдаг таван хувийн татвараа нэмэх хэрэгтэй. Бүр 15-30 хувь болгох хэрэгтэй юм. Гэхдээ зөвхөн дотооддоо үйлдвэрлэх боломжтой импортын бүтээгдэхүүнд өндөр татвар тавих нь оновчтой.

-Төрийн хүнд суртлын талаар дурдлаа. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юү?

-Төрийн хүнд суртал үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй байна. Үйлдвэрлэлээ дөнгөж эхлүүлэх гэхэд л МХГ, дүүргээс, нийслэлээс гэх мэтээр 10 гаруй төрлийн хяналт шалгалтын торгууль тавьдаг. Маш өндөр шаардлага тавина. Манай төрийн байгаа царай нь энэ. Үндэсний үйлдвэрлэлээ дарамтлаад байгаа нь бизнес эрхлэгчдийг шантрах эсвэл импортын бүтээгдэхүүн зарах зам руу оруулдаг. Импортын бараа бүтээгдэхүүнд өндөр шаардлага тавьдаггүй хэрнээ үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарж болохгүй шүү дээ.

-Зээлийн хүүгийн хугацаатай холбоотой нэг жишээ бий. Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон үйлдвэрүүд байгаа. Тухайлбал, цементийн үйлдвэр байна. Энэ мэт компаниуд үйлдвэрлэл эрхлэхэд богино хугацаанд ашиг олох ямар ч боломжгүй шүү дээ. Тэгэхээр анхнаасаа зээлийн хүүгийн хугацааг ямар үйлдвэрлэл эрхэлж буй компани гэдгээр нь ангилан олгодог байх ёстой мэт?

-Өмнө нь хэлсэн 5-10 жилийн зээлийн хүүгийн хугацаа гэдэг бол дундаж компанид зохистой хугацаа юм. Томоохон үйлдвэрүүд бол 20-30 жилийн хугацаатай зээлийн хүүг олгох нь зохистой. Маш их хөрөнгө оруулалт шаарддаг, зардал ихтэй үйлдвэрт тав хүртэлх хугацаатай зээлийг олгоод эргэн төлөлтийг нэхэж байгааг би дэмжихгүй байгаа. Сүүлийн үед ард иргэд цементийн үйлдвэрүүдийг их буруутгаж байна. Ард иргэд гэлтгүй төр засаг, Шадар сайд хүртэл буруутгаж байна шүү дээ. Энэ цаг үед шагнах ёстой хүмүүс бол үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс. МАК, Монполимет гэх мэт үйлдвэрүүдийг улсаараа чичилж дайрах бус зээл аваад дотооддоо үнэтэй ч хамаагүй бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэр босгож, ажлын байрыг олноор нь бий болгож байгааг урамшуулж, дэмжих хэрэгтэй. Гэтэл төр нь хүртэл үйлдвэр рүүгээ дайрдаг, муу зүйл мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь буруу зүйл. Ажил хийж буй хүмүүсээ төр нь чичилдэг байж болохгүй. Үнэ бол дараагийн шатанд ярих зүйл. Үйлдвэртэй байна гэдэг нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг гэдгээ л олон нийт ойлгох хэрэгтэй.

-Энэ сарын 08-ны өдөр талбай дээр эмэгтэйчүүд жагслаа. Тэд 200 хувийн зээлийн хүү төлдөг талаараа хэлсэн. Бусад аж ахуйн нэгжүүдэд ч зээлийн хүү маш том дарамт болж байна. Монголбанкнаас 2024 он гэхэд зээлийн хүүг нэг хувь бууруулна хэмээн сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн л дээ. Ер нь бусад улс оронд зээлийн хүүг хэрхэн барьж тогтоодог юм бэ. Зээлийн хүүг бууруулах боломж ер нь байгаа юу?

-Загатнасан газар маажсан асуулт байна. Зээлийн хүү гэдэг бол онцгой бүтээгдэхүүн юм. Хиам эсвэл талхны бизнестэй адилтгах бизнес биш. Зээлийн хүү гэдэг өвөрмөц бизнес. Хүн бүр орох боломжгүй. Өрсөлдөөн хумигдмал байдаг. Үнээ зохиомлоор өсгөх боломжтой, цөөн тоглогчтой зах зээл юм. Тийм учраас улс орон бүр зээлийн хүүд хатуу зохицуулалт хийдэг. Өнөөдөр дэлхийн улс орнууд зээлийг хүүг хатуу зохицуулалтаар шийддэг. Манай улсын хувьд зах зээлд нь даатгаад зөнд нь орхидог асуудалтай. Хатуу зохицуулалтын талаар тайлбарлавал, зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс хуульчилж өгдөг гэсэн үг. Дэлхийн 100 орчим улсад хэрэгжиж байгаа зохицуулалт юм. Нью-Йорк мужид гэхэд л зээлийн жилийн хүүг найман хувиар хязгаарласан хуультай. Өмнөд Солонгос улсын хувьд зээлийн жилийн хүүг 18 хувиар хязгаарласан зохицуулалтыг 20 жилийн өмнө хийж байсан. Манай хоёр хөрш хүртэл зээлийн хүүгээ хатуу зохицуулалтаар шийддэг. Одоо манай улс энэ зохицуулалт руу орох хэрэгтэй.

-Өмнө нь зээлийн хүүг хатуу зохицуулалтаар шийдэх хуулийг хоёр ч удаа оруулж байсан байх аа?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийг Монголын парламентад хоёр удаа өргөн барьсан туршлага байдаг. Эхнийх нь УИХ-ын дарга Г.Занданшатар 2016 онд уг хуулийг өргөн барьсан ч банкны лобби орсноор энэхүү хуулийг унагаасан. Хоёр дахь нь 2017-2018 оны үед улс төрч С.Эрдэнэ энэхүү хуулийг өргөн барьж байсан юм. Бас л банкны лобби орж, уг хуулийг унагаасан байдаг. Одоо гурав дахь удаагаа уг хуулийг өргөн барих гэж байгаа. Нэр бүхий УИХ-ын гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийг санаачлан, ойрын хугацаанд өргөн барихаар ажиллаж байгаа юм билээ. Миний бие тухайн хуулийн төсөлд хөндлөнгийн шинжээчийн хувиар ажилласан. Одоо бол энэхүү хуулийг унагааж болохгүй. Хувийн эрх ашгийг бус улс орны эрх ашгийг бодох хэрэгтэй байна. Таван банкны эрх ашгийг бус 50 мянган аж ахуйн нэгжийн эрх ашгийг бодох цаг нь болсон. Энэхүү хуулийг хэн нэгэн зохиогоод гаргаж ирэх бус, бидэнтэй ижил зах зээлийн эдийн засагтай улс орны зохицуулалт юм. Төр зах зээлд ингэж л оролцох хэрэгтэй. Мөн зээлийн хүүг 12 хувь хүртэл барина гэсэн бодлого МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон байдаг. Одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хэрэгтэй. Зүгээр нэг намын хөтөлбөр гэж харахгүйгээр улсын хууль болгох шаардлагатай юм.

-Манай улсад нэг сая орчим иргэн ядууралтай байна хэмээх статистик тоо баримт гарсан. Тэгэхээр гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орж байна гэсэн үг. Дэлхийн улс, орнууд энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ гээд судлаад үзэхээр нэг гарц нь шаталсан татвар байдаг юм билээ. Манай улсын хувьд иргэдийг мэтгэлцүүлсэн сэдэв боллоо шүү дээ?

-Шаталсан татвар гэдэг бол хүнлэг ёсны зүйл. Хэн их мөнгө олж буй нь илүү хариуцлага хүлээдэг. Ядарч явж буй нэгэндээ тусалж буй хүнлэг ёсны зарчим юм. Үндсэн хууль хүнлэг ёсны зарчим дээр тогтоно хэмээн тунхагласан. Тэгэхээр шаталсан татвар гэдэг бол илүү орлоготой нь нийгэмдээ арай илүүг өгдөг хэмээн ойлгоход л хангалттай. УИХ-ын дарга шаталсан татвартай холбоотой мэдэгдэл хийхэд цалинг дурдсан нь олон нийтийг бухимдуулсан. Үүнийг би үндэстэй хэмээн харж байгаа. Шаталсан татварын тогтолцоо бол маш зөв тогтолцоо. Манай улсад хэрэгжүүлэх цаг нь болсон. Харамсалтай нь аль татвараас эхлүүлэх хэрэгтэй вэ гэдэг асуудал байгаа юм.

Миний хувьд хадгаламжийн хүүгийн татвараас эхлэх хэрэгтэй гэдэг байр суурьтай байдаг. Сарын таван сая төгрөгийн цалин авдаг хүн бол маш хариуцлагатай хүн. Хийсэн ажлаа үнэлүүлж, байгууллагадаа ихээхэн хариуцлага хүлээсэн, стресстээд ч хамаагүй ажиллаж авсан цалин шүү дээ. Гэтэл нөгөө талд хоёр тэрбум төгрөг хадгалаад сарын 20-30 сая төгрөгийн хүү олдог хүмүүс байна. Шаталсан татварыг үнэхээр хэрэгжүүлэх гэж байгаа бол хүүгийн орлогоос мөнгө олдог хүмүүсээс өндөр татвар авах нь зохимжтой. Бусад улс оронд ч шаталсан татварыг хадгаламжийн хүүгээс авч эхлүүлсэн байдаг.

-10 их наядын цогц хөтөлбөрийг та юу гэж хардаг вэ?

-Аж ахуйн нэгжүүд дампуурлын ирмэгт байна. Нийгмийн даатгалын сүүлийн хоёр жилийн тайланг харлаа. Компаниуд нийгмийн даатгалаа төлж чадахгүй болсон байна шүү дээ. Цар тахлын үед ажилчдын цалин, нийгмийн даатгалыг дөнгөн, данган өгч байсан. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд ажилчдынхаа цалинг өгч чадахгүй байна. Тэгэхээр өнөөх 10 их наядын цогц хөтөлбөр огт хэрэгжээгүй гэсэн үг. Энэ хөтөлбөр ч зүгээр л хүүлэлт болсон. Энэхүү мөнгийг угааж, арилжааны банкуудын цэвэр ашиг болгосон юм. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд дампуурч, улс оронд ажилгүйдэл нэмэгдсэн байна.

Гэтэл банкууд цэвэр ашигтай ажилласан байна шүү дээ. 500 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үйлдвэр, компаниуд хөл дээрээ босч чадахгүй байхад арилжааны банкууд түүхэн дээд ашигтай ажилласан гэдэг байж болохгүй зүйл. 10 их наядын мөнгийг л угаасан гэсэн үг. Засгийн газраас хэрэгжүүлсэн эх үүсвэр нь арилжааны банканд очсон. Тэрхүү мөнгө нь арилжааны банкнаас төв банканд очсон юм. Эргээд төв банк арилжааны банканд 500 тэрбум төгрөгийн хүүгийн орлого өгсөн байна. Тэгэхээр төрийн бодлого хэнийг дэмжээд, хэнийг нь дэмждэггүй вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Төр зөвхөн арилжааны банкийг дэмжсэн байна шүү дээ.

Н.АНУЖИН

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Малчин(64.119.25.124) 2022 оны 03 сарын 23

Ёстой үнэн, миний хувьд Монгол улс эдийн засаггүй гэдэгтэй санал нэг байна, үгийн утга нь өөрөө эдээр, үйлдвэрлэлээр бүтээгдэхүүнээр засаглана гэсэн үг биздээ, өөрийн дотоодын эдийн үйлдвэрлэлгүй оронд эдийн засаг гэж юу байхав, ямар ч тэнэг хүнд ойлгомжтой л асуудал

0  |  0
o(64.119.16.200) 2022 оны 03 сарын 21

ene aihtar ediin zasagch hvnii hariutsdag novel geed gazart 1 jil 6 gaan sar ajilsan baidgiin sudalj vzeed zahirlan aihtar lag ediin zasagch yum chin hvniig hugjvvleed zaaj surgaad yawah yum baih gesen naidlagtai orson baidiin tegsen sansnaar boloogvi ee baahan barlag hiij2 helsen yarisan bonus ch baihgvi ajilsan tsalinch baihgvi hotsorsondoo hiij baiga zurag hurug uguj baigaa yariltslag bol lagal daa

0  |  1
Top