УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал хураахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 30 нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах талаар гишүүдийн хэлсэн санал, асуултыг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Энэ хэлэлцэж байгаа асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг маш шуурхай, өндөр зохион байгуулалтайгаар хийж Монгол Улс, Улаанбаатар хотод тулгамдаад байгаа хэд, хэдэн асуудлыг шийдэх нь зөв. Нэгдүгээрт, нийслэлийн түгжрэл, төвлөрлийг сааруулах хүрээнд дагуул хотыг байгуулах нь маш чухал. Мөн зөвхөн дагуул хот байгуулахаас гадна бүсүүдийн төвийг байгуулах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд 2001 онд хууль нь батлагдаад хөгжлийн тулгуур төвүүд байгуулагдчихсан асуудлыг яаралтай шийдээд явах ёстой. Монгол Улсыг босгож ирэх уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван том салбар л байгаа.
Манайд ирж байгаа 400 гаруй мянган жуулчны хэдэн төгрөгийг улс орондоо авч үлддэг, ард түмэндээ шингээдэг бодлогыг бий болгох хэрэгтэй. Тийм болохоор асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Үүний нэг нь Казиногийн хууль. Ингээд ярихаар “Хадны мангаа” байгаа юм шиг ярьдаг, ойлгодог. Дэлхийн томоохон хөгжилтэй орнууд бүгд л хуулиа батлаад казино байгуулаад явж байгаа. Үүнээс орж ирэх ашгаа улсынхаа хөгжилд, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд, цалин, тэтгэврийг нэмэхэд зориулдаг байдлыг хуульчилж болно. Тиймээс хоцрогдсон ойлголтуудаа таягдан хаяж энэ асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Манайд ирсэн жуулчин өнөөдөр жанжин малгай, морин хуурын бэлэг дурсгал, ноолууран ороолт л авч байгаа. Тийм ч учраас Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахдаа үүнийг анхаараасай гэж бодож байна. Мөн нүүдлийн өв соёлыг сурталчилсан том хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй. Дэлхийн стандартад нийцсэн морин тойруулга зэргийг ч байгуулж, хуулиуддаа суулгаж өгөх хэрэгтэй байна.
-УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Тогтоолын төслийг бүрэн дэмжиж байгаа. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах 1000 га газар дээр төрөөс яг юуг нь хийх юм бэ. Хувийн хэвшлийнхэндээ юуг нь үлдээх вэ. Төрөөс хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажил хийе, хөрөнгөө оруулаач гэдэг ч төрөөс яг юуг нь хийх юм гэдэг нь тодорхойгүй. Үүнийгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Хөрөнгөө оруулаад ажилласных нь дараа нь төр нь юмыг нь булааж аваад хөөж гаргах гээд байгаа юм уу. Эхнээсээ ийм жишээ дүүрэн байна шүү дээ. Баахан ажил хийлгэж байснаа ард түмэн дургүй байна гээд хөөгөөд гаргачихдаг. Ийм байдлаар ямар ч хөрөнгө оруулагч олдохгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагч татахын тулд төр нь яг юуг нь хийх юм гэдгээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Бүх сайхан юмнуудыг жагсааж бичдэгээ болих хэрэгтэй байна. Бүх зүйлсийг нь төлөвлөөд заагаад өгчихөөр бидэнд хөрөнгө оруулагч олдохгүй.
-Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт:
Бид өмнө нь төрөөс бүгдийг нь төлөвлөөд түүнийгээ тууштай хийж чадаагүй. Эрсдэлтэй учраас хангалттай хэмжээний дэмжлэггүй, хувийн хэвшил хөрөнгөө оруулж чадахгүй. Тийм болохоор чөлөөлт бүсүүдийн асуудлууд сайн явахгүй байгаа юм. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтэц дээр төр голчлон оролцоно. Олон улсын туршлагаар бол эхлээд тухайн бүтээн байгуулалтад оролцох хувийн хэвшлүүдээ уриад олон удаагийн уулзалт хийдэг. Түүнээс нь хувийн хэвшил тухайн чөлөөт бүсэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг тодорхойлдог юм билээ.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэсэн ч ажил хэрэг болгох тал дээр асуудал байна гэсэн дүгнэж байна. Эдийн засгаа сэргээнэ гээд баахан том, том төсөл, хөтөлбөрүүд танилцуулаад л байгаа юм. Хийх хэрэгтэй, гэвч мөнгө нь хаана байгаа юм. Мөнгө байхгүй шүү дээ. Төсөвт чинь байхгүй, хувийн салбарынхан хэцүү. Гаднаас хөрөнгө оруулалт байхгүй. Тэгээд үүнийгээ яаж хийх юм. ингээд яаж хийх юм гэхээр концесс гэдэг л юм яриад байгаа. Дэд бүтцийн санхүүжилтийг концессоор хийнэ гэх юм бол энэ чинь өөрөө зардалтай, эрсдэлтэй. Эрсдэл дээр нь Засгийн газар баталгаа гаргаж байж л концесс орж ирдэг. Гэтэл концесс чинь өрийн бүртгэлээрээ бүртгэгдэх ёстой. Хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудыг Монгол Улс Засгийн газар өрөөрөө тэргүүлж байна. Нэг хүнд оногдох өрөөр дэлхийд тэргүүлж байна. Үүнээс чинь болоод эдийн засгийн аюулгүй байдал алдагдаад байна. Мөнгө байхгүй болохоор ажил явахгүй шүү дээ. Яриа хэлэлцээр хийж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид байгаа юм уу.
-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт:
-Ерөнхий төлөвлөгөө нь хийгдэж байгаа. Төсөв санхүү нь төлөвлөгөө хийхээр гараад ирнэ. Дэд бүтцийг хариуцсан захиргаа байгуулагдчихсан байгаа. Төсөв дээр 35 тэрбум төгрөг тусгагдчихсан байгаа. Тодорхой хэсгийг нь концессоор хийнэ. Нисэх буудалд түшиглэсэн чөлөөт бүсүүдийг харахад ихэнх нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байдаг юм билээ. Түүнээс биш хатуу төлөвлөлт гаргаж ирээд түүгээр явна гэвэл бүтэхгүй.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Засгийн газраас орж ирж байгаа чөлөөт бүс байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг дэмжиж байгаа. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах, техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, тээвэр ложистикийг хөгжүүлэх гэсэн дөрвөн зорилготой. Тийм болохоор үүн дээр эхнээс нь анхаарал тавьж, төлөвлөлтийг их сайн хийх хэрэгтэй. Засгийн газраас төрийн захиргааны зарим байгууллагыг Хөшгийн хөндий тийш нүүлгэхээр болсон. Гэвч эдийн засгийн чөлөөт бүсэд төр, захиргааны байгууллага байх нь зохимжгүй гэж бодож байна. Нийслэлээ ийш нь явуулах бодлого барьж байгаа бол чөлөөт бүс биш суурьшлын бүс болчихно. Энэ хоёр бүс чинь тусдаа байх ёстой. Яриад байгаа 31 мянган га газрын хэдэн мянга нь эзэмшилд орсон юм. Эдгээрийг ямар хэлбэрээр чөлөөлөхөөр төлөвлөж байгаа юм. Хэдэн мянган хүн ямар хэмжээний эдийн засгийн багтаамж бий болох вэ гэдгээ тооцож, төлөвлөлтийг сайн хийх ёстой.
-БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат:
-Засгийн газрын хуралдаанаар төрийн зарим байгууллагуудыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх шийдвэр гарсан. Энэ ажил үе шаттайгаар явагдана. Шинэ Зуунмод хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулж ирэх дөрөвдүгээр сарын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шинэ Зуунмод хотын тодорхой бүс дээр төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрны зураг төслийг боловсруулна. Газар чөлөөлөлтийн хувьд 31.391 га дотроо Эдийн засгийн чөлөөт бүс нь хамт орж байгаа. Үүнээс 1000 га нь Эдийн засгийн чөлөөт бүс, үлдсэн нь бусад хот суурины бүсүүд байхаар төлөвлөгдсөн. Нийт 3200 гаруй нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлыг нь хийгээд явж байна. Эхний ээлжинд 232 нэгж талбарын эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох хууль тогтоомжийн зөрчилтэй бол чөлөөлөх ёстой.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )