Ханиад томууны улмаас дүүргийн эмнэлгүүд оргил ачаалалдаа хүрлээ. Хүүхдийн өвчлөл ихэссэн энэ цаг үед томуу, томуу төст өвчин яагаад амархан хүндэрч байгаа болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмнэлгийн эмч Н.Нарантуяатай ярилцлаа.
-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ханиад томууны шинж тэмдэг илэрмэгц 1-2 хоногийн дотор хүндэрч уушгины хатгалгаа болж буй үзэгдэл ихэслээ. Ямар төрлийн вирусээр үүсгэгдсэн болоод ингэж байна вэ?
-Сүүлийн үед хүүхдүүд RS гэх вирусээр үүсгэгдсэн ханиад тусч байна. Энэ вирус нь уушгины хатгалгаа үүсгэдэг юм. Томуу, томуу төст өвчний 200-аад төрлийн вирус байдаг. Түүн дотроос RS вирус уушгийг 1-2 хоногийн дотор өвчлүүлж хатгалгаа үүсгэдэг хоруу чанартай вирус юм. Харин аденовирусийн үед хүүхдийн хамраас нус гоожих, хамар залгиур үрэвсэх гэх мэт шинж илэрч хөнгөн хэлбэрээр тусаад эдгэрдэг. Тэгэхээр эдгээр вируснуудыг шинж тэмдгээр нь хооронд нь ялгадаг. Ямарваа нэгэн вирус агаар дуслын замаар хамар залгиурыг гэмтээж доошлоод уушгины бронхыг үрэвсүүлж улмаар уушгины хүнд хэлбэрийн хатгалгаа болгодог. Хатгалгаа үүсэхийн хамгийн эхний шинж тэмдэг нь хүүхдийн амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, маш өндөр халуурах юм. Эдгээр шинж тэмдгүүд эхний 1-3 хоногт хүчтэй илэрдэг. Үүний дараа рентген зургаар хүүхдийн уушгийг харахад уушгины нэвчдэст хатгалгаа болчихсон байдаг.
-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь хэдэн насны хүүхдүүд байна вэ?
-Голдуу 0-5 насны хүүхдүүд ирдэг. Одоогоор 28 хоногоос нэг нас хүртэлх хүүхдийн өвчлөл маш их байна. Энэ насны хүүхдийн гуурсан хоолой нарийн, дархлаа сул учир бага сартай байх тусам өвчлөх цаашлаад хүндрэх магадлал ихэсдэг. Харин нэгээс дээш насны хүүхдийн хувьд харьцангуй хүндрэл бага болдог. Мөн нярай хүүхэд ихээр өвчилж буй нь гэр бүлийн орчинтой ихээхэн холбоотой. Эцэг эх болон цэцэрлэгийн насны ах, эгч нар нь тэдэнд ханиад халдаах нь элбэг байна. Тиймээс нярай хүүхэд дархлаа султай учир амархан халдвар авч, хүндэрч ирдэг. Мөн нярай хүүхэд 1-2 хоногт амархан хүндэрч, амьсгалын дутагдалд орсноор хатгаа болдог.
-Тэгвэл сүүлийн үед яагаад хатгалгаа болдог вирус нь түгээмэл тархаад байгаа юм бэ?
-Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлж олон нийтийн хөл хөдөлгөөнтэй холбоотой бөөгнөрөл ихэссэн. Эцэг эхчүүд хүүхдээ 2-5 хоногийн эмчилгээ хийлгэх байтал завгүй гэсэн шалтгаар дутуу эмчилж байна. Энэ хэвээр нь сургууль, цэцэрлэгт явуулахаар эмээ бүрэн гүйцэд ууж чадахгүй нөхцөлд хүрдэг. Ингэж явсаар ханиадаа дутуу эдгээж өөр шинэ вирус биедээ оруулснаар өвчилж байна. Үүнээс үзэхэд гэртээ ханиадны эхний шинж тэмдэг илэрмэгц 2-5 хоногтоо эмчийн заавраар эмчлэх хэрэгтэй. Эмтэй нь сургуульд явуулснаар дараа дараагийн хүндрэл үүсч байна. Ингэснээр эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгддэг.
-Одоогийн байдлаар танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд ямар онош зонхилон илэрч байна?
-RS вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай хүүхэд их байна. Ерөнхийдөө хаврын улиралд гэдэсний суулгалт өвчин их байдаг. Одоогоор ротовирусээр үүсгэгдсэн суулгалт өвчин бага байгаа. Дийлэнх нь буюу 90 хувь нь уушгины хатгалгаагаар өвчилсөн байна. Хаврын улиралд менингит, менингококцемин вирусээр үүсгэгдсэн өвчлөл их гардаг. Энэ нь мөн л томуугийн нэг хэлбэр, нянгаар үүсгэгддэг учир хүүхэд маш өндөр халуурч биеэр тууралт гарна. Мөн гэрэл харж чадахгүй цочиж, бөөлжих, суулгах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Томуу менингит болж хүндрэх ганц хоёр тохиолдол бий.
-Хаврын цагт томуугийн вирус өргөн хүрээнд тархдагын учир юу вэ?
-Ерөнхийдөө хаврын цагт хүүхдийн дархлаа сулардаг. Мөн гудамжинд асгасан угаадас, цас хайлж хөрсний бохирдолтой цуг ууршина. Тиймээс хүүхдийн дархлаа суларсан энэ үед агаарт тархсан нян, вирус биед нэвтэрч амархан өвчлүүлдэг.
-Сүүлийн хоёр жилд гэдэсний халдварт өвчин бүртгэгдээгүй хэмээн ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. Энэ хэр бодитой мэдрэгдэж байна вэ?
-Хэт бөөгнөрлөөс үүдэж дараа дараагийн өвчлөл үүсч байдаг. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд хөл хорионд байхад хүүхдийн өвчлөл багасдаг. Хичээл танхимаар ормогц буцаад нэмэгддэг. Суулгалт өвчин хаврын улиралд агаарын ууршилттай холбоотой үүснэ. Гадаа орчинд хөрсөн дэх бохироос ууршсан нянд хүрч гараа угаагаагүйгээс болж гэдэсний өвчин үүсдэг. Гадаа орчинд цэвэрхэн байлгахаас гадна хүүхдэд гэрийн асаргаа маш чухал. Жимс ногоог маш сайн угааж хэрэглэхгүй бол гадаргууд нь наалдсан нян, бактери гэдсэнд орж үрэвсүүлэн суулгалт өвчин үүсгэж болно. Одоогоор гэдэсний халдварт өвчний улмаас ирж хэвтэн эмчлүүлэх хүүхэд цөөн байна. Ганц нэг тохиолдолд сальмонеллёз, цусан суулга гэх мэт өвчнөөр өвчилсөн хүүхдүүд ирж эмчлүүлж байгаа.Тэдгээр нь оноштой хүүхдүүдийг өөр өрөөнд тусгаарлаж эмчилгээ хийдэг.
-Хавар, өвөл хоёрын аль үед нь ханиад томууны дэгдэлт өндөр байдаг вэ?
-Манай орон эрс тэрс уур амьсгалтай. Тиймээс есдүгээр сараас дөрөвдүгээр сарын 01 хүртэл амьсгалын замын өвчлөл ихэсдэг. Улмаар дөрөвдүгээр сараас өвчлөл харьцангуй буурч зургаадугаар сарын эхэн үе гэхэд намждаг. Тэгэхээр манай орны уур амьсгалтай холбоотойгоор хүйтний улирал эхэлмэгц ханиад томууны үе эхэлдэг гэсэн үг. Мөн сургууль, цэцэрлэгийн хичээл орох үед бөөгнөрлийг багасгавал энэ өвчний тархалт нэлээд багасдаг. Сурагчдын өвлийн амралтыг урт байлгадаг шалтгаан нь үүнтэй мөн холбоотой.
-Сарын өмнө гэхэд хотын бүх дүүргийн эмнэлгүүдийн ор дүүрсэн гэж байсан. Энэ нөхцөл байдалд хэрхэн хүүхдүүдээ эмчилж байна?
-Манайх үндсэн 200 ортой эмнэлэг. Ахмад болон хүүхдийн эмнэлэг шинээр нэмж барьсан. Түүнд нэмэлтээр 100 хүүхдийн ор дэлгэсэн. Тэр эмнэлэгтээ нэмэлтээр ор дэлгэсэн тул хонгилын шалан дээр хэвтүүлэх гэх мэт үзэгдэл харьцангуй гайгүй байсан. Хүүхдийн эмчилгээ ерөнхийдөө 7-10 хоногийн дотор эргэлддэг. Харин бид 5-6 хоноод бие нь дээрдмэгц хүүхдийг эмнэлгээс гаргаж дараагийн хүүхдээ авдаг. Эмчилгээний эргэлт хурдан, нэмэлт ор дэлгэсэнтэй холбоотойгоор тийм ч хүндрэл гарсангүй.
-RS вирусээр өвчилсөн хүүхэд ойролцоогоор хэдэн хоногт эмчлэгдэж байна?
-Хүүхэд бүрийн биеийн онцлог өөр. Дархлаа султай, суурь эмгэгтэй, цус багадалттай, тураалтай гэх мэт маш олон төрлийн хүүхэд бий. Тиймээс эмчилгээнд яг тэдэн хоног гэсэн тогтсон ойлголт байхгүй. Дунджаар 7-10 хоног, зарим тохиолдолд 20 хоног эмчлүүлэх тохиолдол бий. Дархлаа сайтай, суурь эмгэггүй хүүхэд дунджаар зургаан хоногт дээд талдаа 7-10 хоногт эмчлэгддэг.
-Манай хүүхэд энэ эмийг уугаад зүгээр болчихдог, тохирдог гээд дур мэдэн эм өгөх эцэг эхчүүд бий. Үүнээс болж өвчин нь хүндэрч ирэх тохиолдол хэр их вэ?
-Дээрх тохиолдол их бий. Хамгийн түрүүнд өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлэх ёстой. Өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлснээр тухайн хүүхдийн шинж тэмдгээс хамааран эмч бичиж, хатгалгаатай байвал дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулдаг. Хөнгөн хэлбэрийн хатгалгаа болон энгийн ханиад байвал гэрээр нь таван хоногийн эмчилгээ бичиж өгнө. Эмчийн зааврын дагуу тав хоног гэрээр эмчилгээгээ хийсэн ч шинж тэмдэг олширч хүндэрвэл харьяа дүүргийн эмнэлгийнхээ амбулаторийн эмчид үзүүлэх ёстой. Амбулаторийн эмч хүүхдийг үзээд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэвэл манай хүлээн авахад ирж байгаа. Мөн эцэг эхчүүд оройн цагаар шууд ирж үзүүлэх гэж дараалал үүсгэснээр эмнэлгийн ачаалал ихэсч байна. Өдрийн цагаар өрхийн эмнэлэгтээ үзүүлэх боломж бий шүү дээ. Ингэснээр өвчилсөн хүүхэд, өвчин нь дөнгөж шинээр эхэлсэн хүүхэдтэй холилдож байгаа юм. Үүнээс болж бие биеэсээ ханиад авах тохиолдол байна. Суулгалт болон амьсгалын замын өвчтэй хүүхдүүдийг хооронд нь хольж болохгүй гэсэн заалт бий. Тиймээс эдгээр хүүхдүүдийг өөр өөр өрөөнд эмчилж байгаа.
-Зөвхөн вирус гэлтгүй агаарын бохирдол хүүхдийн өвчлөлд ихээхэн нөлөө үзүүлж байна. Үүнээс болж хүндэрч ирэх хүүхдүүд хэр их байна вэ?
-Утаанаас болж хүүхдийн цээж шуугиж ирэх үзэгдэл их байна. Тэр тохиолдолд 5-6 хоногт эмчлээд л гаргадаг. Гэвч гуурсан хоолой нь агчиж цааш бөглөрснөөр амьсалын замын өвчин нь улам хүндэрсээр байдаг. Ханиад нь эдгэхгүй маш удаж, олон дахин хэвтэн эмчлүүлэх нь утаатай холбоотой. Зуны цагт энэ үзэгдэл гайгүй болчихдог нь утаа багассан гэж ойлгогддог. Харин тэр үед ханиаднаас илүү гэдэсний суулгалт өвчин олширдог.
-Хүүхдүүд олон дахин бронхит тусаж, цээж нь маш их цэртэй байгаа нь утаатай мөн холбоотой юу?
-Улаан гуурсан хоолой утаанаас болж агчина. Үүнээс болж цэр салстаа гаргаж чадахгүйд хүрч цээж нь шуухитнаж ханиалга нь олширдог. Мөн нарийн болон бүдүүн ширхэгт тоосонцор, ургамлын тоосонцор нөлөөлдөг. Ургамлын тоосонцроос үүдэж мөн л гуурсан хоолой агчиж харшлын гаралтай ханиад үүсгэдэг.
-Харшилтай болсон хэмээн эндүүрч ханиадыг нь хүндрүүлсэн тохиолдол байдаг. Ханиадыг харшлаас яаж ялгах вэ?
-Харшлын гаралтай ханиад нь идэж буй хүнснээс болж үүсэх нь бий. Ийм тохиолдолд харшлын сорил тавиулах хэрэгтэй. Ерөнхийдөө таваас дээш насны хүүхдэд харшлын сорил тавьдаг. Цэвэр харшлын гаралтай астма байна уу, амьсгалын замын өвчин болон бронхитоос болж байна уу гэдгийг тусад нь сорилоор ялгах боломжтой.
-Томуугаас урьдчилан сэргийлэх вакциныг сайн дурын үндсэн дээр хүүхдэдээ хийлгэдэг. Энэ вакциныг хийлгэсэн бол томуугаас айлтгүй байж болох уу?
-Томуугийн 200 гаруй вирус бий гэж дээр дурдсан. Тийм учраас бүгдээс нь хамгаална гэсэн үг байхгүй. Тухайн вакциныг H1N1 гэх мэт тухайлсан хэдхэн вирусээс хамгаалах зорилгоор хийдэг учир томуу огт тусахгүй байна гэж үгүй. Хэрэв тэдгээр 200 гаруй вирусээс бүгдээс нь хамгаалдаг бол манай улс амьсгалын замын өвчингүй болно шүү дээ.
-Амьсгалын замын өвчлөл ихэссэн энэ үед хүүхдээ ханиад томуунаас хамгаалж урьдчилан сэргийлэх арга?
-Аль болох бага насны хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, өвчлөхөөс нь урьтаж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. Мөн хүүхдэд нус гоожих гэх мэт шинж тэмдэг илэрч томуугийн вирус авсан тохиолдол тэр дор нь өрхийн эмчдээ үзүүлж тохирох эмчилгээгээ хийлгэх ёстой. Гэрийн эмчилгээг хийхдээ дан ганц эмээ уугаад байж болохгүй. Дархлаа дэмжих шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, эрт унтуулах буюу 22.00 цагт оронд нь оруулах хэрэгтэй. Мөн гар утас болон дэлгэцээс хол байлгаж стандартын дагуу эмчилгээ хийх нь чухал юм.
-Вирусний гаралтай ханиад томууны үед антибиотик зөвлөдөг үү. Хэрхэн эмчилдэг вэ?
-Ерөнхийдөө вирусний гаралтай ханиадны үед антибиотикоос илүү дархлаа дэмжих халуун бүлээн шингэн зүйл, эхний шинж тэмдгийг буулгах эмчилгээ хэрэгтэй. Харин нянгаар үүсгэгдсэн өвчний үед л антибиотик хэрэглэхийг зөвлөдөг. Вирусээр үүсгэгдсэн өвчний үед дархлаа дэмжих лаа хийх, хоолоо цагт нь идэх, шингэн түлхүү уух гэх зэргээр эмчилгээ хийнэ. Дур мэдэн шууд антибиотик хэрэглэх нь дархлаа муудах, дараагийн өөр өвчлөлд өртөмхий болох эрсдэлийг үүсгэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл вирусний гаралтай ханиадны үед антибиотик хэрэглэвэл тухайн хүүхдийн дархлаа суларч ротовирус гэх мэт өөр өвчин нэмж тусах эрсдэлтэй гэсэн үг юм. Тэгэхээр аль болох шинж тэмдэг бууруулах эмчилгээ хийсэн нь үр дүнтэй.
-Сүүлийн үед хилээр орж ирэх ачаа бараа багасч ханиаданд түгээмэл хэрэглэгддэг эмүүд эмийн сангуудаар олдохоо байсан. Эмийн нөөц багассанаас үүдэн эмчилгээ хийхэд хэр хүндрэл гарч байна вэ?
-Бид хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүүхдийн уушгины хатгалгааны ид үеийг нь дарж өгөөд гэрт нь буцаадаг. Тэдгээр хүүхдүүдэд гэртээ очоод эмийн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага гарна. Эдгээр хүүхдүүдийг 10-15 хоног эмчилж бүрэн эдгээгээд гаргая гэвч орны хүрэлцээгээ бодоод дараагийн хэвтэн эмчлүүлэх хүүхдээ хүлээн авдаг. Энэ тохиолдолд гэртээ очсон хүүхэд эмээ ууя гэхээр бичиж өгсөн эм нь эмийн сангуудаар тасалдсан байх тохиолдол ихэссэн. Эмчийн зааврын дагуу уу гэсэн эмийг цаг тухай бүрд нь уугаагүйгээс үүдэн эргээд өвчин нь хүндэрч, дахин сэдрэх үзэгдэл бий. Мөн үүнээс болж дахин ирж хэвтэн эмчлүүлэх хүүхдүүд ч байна. Тэгэхээр гадуур флемоксин солютаб гэх мэт стандартын дагуу уух ёстой эмүүд олдохгүй байгаа нь тухайн хүүхэд болон бидэнд давхар хүндрэл үүсгэж байгаа. Мөн орлуулах эмүүд нь олдохгүй байгаа нь хүүхэд гэртээ хариад хангалттай эмчилгээ хийлгэж чадахгүй, дутуу эмчлэгдэж байгаагийн шалтгаан болж байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )