"466 малчны бүлэгт 14 мянган хадлангийн талбай, өвсний агуулах барина"

2022 оны 03 сарын 25

УИХ-ын Төсвийн байнгын хорооны  энэ 7 хоногийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд /Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл/-ийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцсэн билээ. 

Төслийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан танилцуулахдаа “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажилллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Төслийг хэрэгжүүлснээр харьцангуй бага ашиглагдсан бэлчээрийг хамгаалах, даац хэтэрсэн хэсгийг зохицуулалт хийх замаар удирдах, малын эрүүл мэндийн үйлчилгээ, сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, ган, зуд гэх мэт байгалийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг  ач холбогдолтой” гэжээ. Энэ үер УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсныг тоймлон хүргэж байна.

-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Засгийн газраас орж ирж буй Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх гэж байгаа уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг хөгжүүлэх төслийн асуудал орж ирж байна. Нийт төслийн төсөвт өртөг нь 34.5 сая ам.долларын өртөгтэй. Азийн хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт 30 сая ам.доллар байхаар орж ирж байна. Сангийн яамнаас асуухад олон улсын байгууллагуудын санхүүжилттэй хэрэгжиж, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юу. Магадгүй холбогдох байгууллагаас аудит хийж, өндөр өртөгтэй төсөв хөтөлбөрийн үр дүнд хяналт хийж, үнэлэлт дүгнэлт хийсэн зүйл байгаа юу. Энэ удаагийн орж ирж буй 34.5 сая ам.долларын нийт хийх ажлыг харахад нэгдүгээрт, уур амьсгалын төсөөлөх чадварын менежментийг сайжруулах ажлын хүрээнд малчдад зориулан 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэж ярьж байна. Малчдын 14 мянган хашаа хороог 34.5 сая ам.доллароор сайжруулах шаардлага байгаа юу. Малчид өөрсдийнхөө хэрэгцээндээ нийцүүлээд хийдэг ажлыг олон улсын санхүүжилтийн хөтөлбөрөөр хийх шаардлага байна уу. Гол ажлуудаа өндөр өртөгтэй санхүүжилтээр хийдэг байгаасай. Магадгүй ирэх жилийн хувьд эрх ашгийн эрэмбээр мал эмнэлгийн чадавхыг сайжруулах асуудал байна. Малын гоц халдварт өвчин гараагүй аймаг байхгүй. Төсвийн тодотголоор хөрөнгө санхүүгийн асуудлаар шийдвэрлэх боломжтой.

-Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир:

-Энэ онд нийтдээ 120 зээлийн төсөл, 31 тусламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүнээс Азийн хөгжлийн банкнаас 45 төсөл хэрэгжиж байна. Зээл, тусламжийн төслүүдэд нэгдүгээрт, Үндэсний аудитын газраас жил бүр аудит ордог. Төслүүд төсвийн шууд захирагч гэж ярьдаг. Хоёрдугаарт, санхүүжүүлэгч талаас улирал бүр хяналт тавиад, хэрэгжүүлэгч байгууллага болон яамдууд, Засгийн газарт хамтарч цаашид авах арга хэмжээнд тохиролцдог.

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Энэ төслийг хэрэгжүүлэхээр 2018 оноос судалгаа хийж дөрвөн аймаг, хил залгаа 20 сумыг сонгож авсан. Азийн хөгжлийн банкны оруулж ирж буй төслийн дотоод бүтцийг өөрчлөх боломжгүй. 14 мянган малын хашаа хороог сайжруулна гэдэг нь өвөлжилтийн эрсдэлийг бууруулах замаар дэмжлэг үзүүлэх байдлаар олгохоос биш учиргүй хашаа барьж өгөөд байх асуудал байхгүй. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг энэ хүрээнд явуулах боломжгүй. Зөвхөн мал эмнэлгийн чадавхыг сайжруулах, тоног төхөөрөмжийн чанарыг дээшлүүлэх замаар явна. Малыг эрүүлжүүлэх асуудал тусдаа. Энэ төсөл малчдын хоршооллыг дэмжих, нэмүү өртгийг бий болгох, байгаль цаг уурын эрсдэлээс сэргийлэх зорилготой төсөл юм.

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Энэ төслийг дэмжиж байгаа. Бэлчээр дээр хамгийн том асуудал нь бэлчээрийн менежмент байдаг. Сэлгэх, нөөцлөх, малын тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх гээд олон зүйл бий. Малын тэжээлийн ургамлын тариалалтыг бид асар их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай. Малчин бүр ган, зуд боллоо гээд нүүдэг биш өөрийн эзэмшлийн газар дээр жаахан тэжээлийн ургамал тариалчихдаг л болох ёстой. Үүнийг нь дэмжихэд хамгийн чухал нь үрийн нөөц, малчдын мэдлэгийг дээшлүүлэх л байгаа юм. тиймээс энэ чиглэлийн зардал уг төсөлд байгаа юу. Хоёрдугаарт, манайхан хоршиж ажиллах зайлшгүй шаардлагатай болсон. Малчдын хоршоог дэмжих талаар ямар заалт байгаа вэ. Мөн мал эмнэлгийн чадавхийг сайжруулах, материаллаг суурийг нь нэмэгдүүлэхэд юу тусгаж өгсөн бэ.

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Энэ төсөл Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжинэ. Төслийн ач холбогдол их өндөр. Энэ төсөл хоршооллыг дэмжих чиглэл рүү их төвлөрсөн. Өмнө нь бид малчдыг эдийн засгийн эрх ашиг, сүргийн бүтцээр нь хамтарч ажиллуулах чиглэлийг баримталдаг байсан бол энэ удаад бэлчээр, ус, хил залгаа нутаглаж байгаа хэлбэрээр нь малчдыг хорших, хоршооллынхоо үр дүнг хүртэхэд чиглэсэн төсөл байгаа юм. Мөн 466 малчдын бүлэгт зориулан 14 мянган хадлангийн талбай, өвсний агуулах барих замаар бэлчээр ашиглалтыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр хийгдэж байгаа ажлууд байна. Энэ төслийн хүрээнд дээрх 20 сумын бэлчээрийн нөөц газрыг байгуулна. Түүнчлэн малыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар 11.6 мянган малчны малын эрүүл мэндийг сайжруулах, 20 гаруй цөм сүргийг бий болгох, түүхий эдийг ангилах 20 байгууламж байгуулах зэрэг ажлуудыг хийнэ.

-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Төслийг дэмжиж байгаа. Бид ер нь бэлчээрийн мал аж ахуйгаа л авч явахыг илүү бодох ёстой болохоос биш тэжээлийн, махны гарц сайтай гэж явж болохгүй. Бидний ирээдүйн бизнес органик байх болов уу гэж боддог. Органик хүнс өөрөө үнэтэй хүнс учраас малаа л эрүүлжүүлэх шаардлага бий. Нэг кг органик махны үнэ өнөөдөр 100 мянган төгрөг байна. Малаа бодож байгаа нь сайн хэрэг ч хүнээ бодохгүй бол бас болохгүй болчихсон. Хөдөөд залуу малчдын тоо цөөрсөн. Тэгэхээр Хөдөө аж ахуйн яамнаас залуу малчдыг урамшуулах чиглэлээр бодож, төлөвлөж байгаа юм байна уу. Мөн 100 сая ам.доллар гаргаад вакцины асуудлаа Монгол Улс шийдчихэж болдоггүй юм уу. Сонгуулиар хэдэн зуун тэрбумаар цацаад байдаг юм чинь вакцинд нэг удаа сэтгэл гаргах хэрэгтэй байна. Үйлдвэрээ бариад шаардлагатай вакцинаа өөрсдөө хийдэг болох талаар юу төлөвлөж байгаа вэ.

-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

-Вакцины талаар мэдээлэл өгөхөд энэ жил 12 сая тун шүлхий өвчний вакцин авахаар төсөвлөсөн. Үүнийхээ 8.5 саяыг нь авчихсан. Үлдсэнийг нь энэ сарын 30-нд авахаар гэрээ хэлцэл хийсэн. Мөн Дэлхийн банктай ярилцаад нэмээд таван сая тун вакцин авсан. Унгарын Засгийн газрын зээлээр Биокомбинатын шинэчлэлийг хийхээр ойлголцолд хүрсэн. Малын тоо, толгойн татварыг аймаг, орон нутаг нь өөрсдөө хураан зарцуулж байгаа.

Тэгэхээр энэ татварыг малыг эрүүлжүүлэх чиглэлд зарцуулах талаар Засгийн газар ярилцаж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Засгийн газар хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах, ялангуяа орон нутагт ажиллаж амьдарч байгаа залууст хууль эрх зүйн болон татварын дэмжлэг үзүүлэх чиглэлээр эрх зүйн орчныг нь тодорхой болгоё гэдэг зорилтыг дэвшүүлээд судалгааны ажил явагдаж байгаа. Малчдын залуу халааг бий болгоно гэдэг дээр манай төсөл ч ач холбогдолтой. Хоршооллыг дэмжиж, малын түүхий эдийн эргэлтийг нэмэгдүүлж, ханшийг нь нэмэгдүүлж байж залуучуудын ажиллах сонирхлыг төрүүлэх болохоос биш малчдыг сургах, төлөвшүүлэх замаар залуу халааг бэлдэх боломж байхгүй.

Т.ХӨВГСӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.212.118.203) 2022 оны 03 сарын 25

Үгүй мөн олгой толгойтой саад вэ.малчид асуудлаа өөрсдөө шийдээд амьдарч байгаа шүү.харин чанарыг сайжруулах хэрэгтэй.юун хаша,билчээрийн талбай бэ .луйвар хийнэ гэдэг улаан цагаандаа гарч байна.мэндсайхан гэдэг саад нэг ярихдаа буруу орчуулсан гэж яриад одоо бэлчээр хашаа яриад ёстой цагаан гарч ширэн нүүрлэж байна даа.энэ их мөнгөөр улс оронд хэрэгтэй зүйл хийх байна.иймэрхүү байдлаар луйвар хийхээ болиоч.УИХ зогсоогооч

0  |  0
ҮГҮ(103.212.117.175) 2022 оны 03 сарын 25

ГАДААДЫН ДОЛЛАРААР ХАШАА ӨВСНИЙ АГУУЛАХ БАРИХ ГЭЖҮҮДЭЭ

0  |  0
УХААРЧ АМЬДАР(103.111.68.3) 2022 оны 03 сарын 25

МЭНДСАЙХАН САЙД ЗҮТГҮҮЛСЭЭР БАЙГААД 30 ГАРУЙ САЯ ДОЛЛАРТ Ч ЭЗЭН СУУЛАА ДАА МОНГОЛ ОРОНД БЭЛЧЭЭРИЙН ТАЛБАЙГ ХАШААЖУУЛНА ГЭДЭГ СОНИН Л БАЙНА ЕР НЬ МОНГОЛД БАТАЛГААТАЙ БОЛСОН ЗҮЙЛ НЬ АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨ ОЛОХ ХЭРЭГСЭЛ БОЛГООД ТЭР ӨНДӨР АВСАН ЯВДАЛ ЭНЭ БАЙДАЛ ЭНЭ САЙД ДЭЭР ХАРАГДАЖ БАЙНА

0  |  0
Top