Б.Долгорсүрэн: Монголын виртуал хөрөнгийн зах зээлд МӨНГӨ УГААХ ЭРСДЭЛ тулгарлаа

2022 оны 03 сарын 28

Манай улсад Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхлээд нэг сар өнгөрлөө. Энэхүү хуулийн тухай, койн болон мөнгө угаахтай холбоотой сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцсан юм.


-Өнгөрсөн онд ашигтай ажилласан крипто салбар энэ оныг ихээхэн уналттайгаар эхлүүллээ. Яг юунаас болоод ийм нөхцөл байдалд хүрэв?

-Виртуал хөрөнгийн зах зээлийн үнэ ханшийг манай улс тогтоож чадахгүй. Үнэ ханшийн уналтад хэд хэдэн зүйлс нөлөөлсөн. Нэгдүгээрт, биткойны үнэ хоёр дахин уналаа. Энэ шууд нөлөөллөө. Хоёрдугаарт, монголчууд их өвөрмөц хүмүүс. Иргэд сургаар крипто салбар руу орж байна. Койн гарсан сургаар л хүмүүс худалдаж авсаар байлаа. Эх үүсвэрийн хязгаартай л даа. Товчхондоо койн гэж юу болохыг хүмүүс мэдсэн болохоор үлдэх нь үлдээд, гарах нь гарч байна. Энэ нь нэг талаараа уналт болж харагдаж байгаа юм. Ингээд харвал гадаад болон дотоодын шинж чанартай гэсэн үг. Өвөрмөц хэмээн нэрлээд байгаа дээр нэг зүйлийг нэмж хэлэх хэрэгтэй.

Манай улс гурван сая хүн амтай. Мөн 35-аас доош насныхан нийгмийн дийлэнх хувийг эзэлж байна. Нийгмийн цөөнх хэсэг нь энэхүү салбарын талаарх мэдээлэл хомс учраас сонирхож орохгүй. Харин крипто салбар руу ямар хүмүүс орж байна вэ гэвэл залуучууд л ордог. Үүнээс улбаалан гарч ирж буй бас нэгэн хүчин зүйл бол залуучууд хуримтлал багатай. Тэгэхээр крипто салбар ашигтай ажиллаж байгаад уналтад орсон хэмээгээд байгаа нь давлагаалаад дуусаж буй хэлбэр хэмээн хувийн зүгээсээ харж байгаа.

-Койны халуурлын үед арилжааны идэвх ямар байсан бэ?

-Аливаа нэг хөрөнгө оруулалт хийхдээ урт хугацаанд тоглох хэрэгтэй. Гэвч манай улсын иргэд тийм тоглогчид биш. Богино хугацаанд их ашиг олох л зорилготойгоор крипто салбар руу орж байгаа юм. Өнөөдөр нэг төгрөгөөр койн худалдаж аваад хоёр төгрөг болохоор зарах хэмжээний тоглогчид орж ирсэн. Энэ мэт үйлдлүүд нь арилжааг идэвхтэй харагдуулаад байгаа юм. Одоо тийм зүйл байхгүй. Зөвхөн койн аваад хадгалж үлдсэн хүмүүс л үлдсэн болов уу.

-Койн худалдаалж, арил­жаалах зах зээл нь өөрөө их эмзэг юм шиг ээ. Миний эзэмшиж буй койн 10 төгрөг хүрлээ гэхэд 10 төгрөгөөрөө зарах баталгаа байхгүй юм биш үү?

-Койнтой холбоотой арилжаа их өвөрмөц зүйл. Зохицуулах боломжгүй харилцаа юм. Хэн ч зохицуулж чадахгүй. Үнэт цаасны зах зээл дээр зохицуулж болдог. Арга ядахад ханш нь хэт их өсөөд эсвэл буугаад байвал арилжааг нь зогсоож болно. Харин энэ зах зээлд тийм боломж байхгүй. Ханшийн маш өндөр савлагаатай зах зээл гэдгийг мэдэх хэрэгтэй л дээ. Таны хэлсэн үнэн. Өнөөдөр миний эзэмшиж байгаа койн 10 төгрөг хүрлээ гэхэд яг 10 төгрөгөөр зарна гэсэн баталгаа байхгүй. Байнгын хөдөлгөөнтэй байдаг учраас та 10 төгрөгөөр зарах гэтэл 12 болж өссөн эсвэл ес болоод буурчихдаг. Их эмзэг зах зээл. Койны ханшийг хэн ч мэдэхгүй, урьдчилан таамаглах арга ч байхгүй. Би танд ханш нь унаж байна гээд ярьж байх мөчид нэмэгдэж байхыг үгүйсгэхгүй юм.

-Арилжааны идэвх буурсан байдал нь тухайн биржүүдэд ямар хүндрэлийг учруулдаг бол?

-Тухайн биржийн ганц амьдрах зүйл нь арилжааны шимтгэл. Арилжаа буурвал хүртэх шимтгэл ч гэсэн буурна. Иймээс хүндрэл гаралгүй яахав. Хэдэн ч бирж байлаа гэсэн зах зээлийн шалгарлаар шигшигдэж үлдэнэ. Тэгэхээр энэ бол тулгарч болох хамгийн том бэрхшээл юм.

-Биржүүдээс койн гаргагчдад ямар шалгууруудыг тавьдаг вэ?

-Бирж бүр өөрийн гэсэн бодлоготой. Яагаад гэвэл хууль, эрх зүйн зохицуулалт нь одоо л тодорхой болж эхэлж байна. Бидний ч зорьж буй зүйл бол биржүүдийг бүртгэх, нэг стандарттай болгох юм. Тэгэхгүй бол байгууллага бүр өөр өөр бодлоготой. Ашгийн төлөө явж байгаа шүү дээ. Тиймээс одоохондоо шалгуур байхгүй. Гэхдээ тухайн койныг бүртгэж авсан бирж хариуцлага хүлээж, чангарах тогтолцоо удахгүй бий болно. Учир нь залилангийн шинж чанар, схемтэй байвал уг бирж давхар хариуцлага хүлээнэ гэсэн үг.

-Койн худалдан авахаар сонирхож буй хүмүүсийн дунд ийм зүйл яригддаг. Би койн худалдаж авлаа. Гэтэл миний худалдаж авсан койн тэг төгрөг болвол миний мөнгө хайчих вэ гэдэг асуулт байна л даа?

-Бас л зохицуулалт байхгүй шүү дээ. Буцаан авах боломжгүй. Үнэт цаасны зах зээл дээр IPO гардаг. Энэ үеэр таницуулга гэж гарна даа. Танилцуулгадаа хэн хэзээ ямар хугацаанд тухайн санхүүжилтийг юунд зарцуулах вэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Тэр цагт л олон нийтэд IPO гаргадаг юм. Харин крипто санхүүгийн зах зээлд цагаан цаас бий. Зарим газар түүнд юу ч бичээгүй, зарим нь зөвхөн технологио сайжруулна гэх мэтийг л бичсэн байдаг. Энэ нь бодит хөрөнгө оруулалт гэхэд төвөгтэй байдлыг үүсгэдэг юм. Сүүлийн үед хүмүүс бизнесээ барьцаалах замаар койн гаргаж санхүүжилт авч байна. Тэгэхээр энэ нь цаашдаа хэр өгөөжтэй, урт хугацаанд байх вэ гэдгийг судлах, бодох л хэрэгтэй.

-Крипто санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулах ямар ч боломжгүй. Гэхдээ Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар тодорхой хэмжээнд зохи­цуулах боломжтой боллоо гээд байгаа шүү дээ. Тэгвэл энэхүү хуулийг уншаад ойлгохгүй хүмүүс байгаа. Хамгийн энгийнээр, товчоор тайлбарлавал уг хуульд юуг хуульчилсан байдгийг тайлбарлаж өгөхгүй юү?

-Их энгийнээр тайлбарлаж өгье. Энэ хууль бол зөвхөн зах зээлийг зохицуулдаг хууль биш. Даатгалын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гэдэгтэй ижилгүй. Нэгдүгээрт, зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу биржүүдийг бүртгэх, түүнийг зохицуулах, бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хүмүүс хоорондын виртуал хөрөнгийн худалдааны гэрээ байгуулах зэрэг асуудлыг тусгасан. Хоёрдугаарт, юу хийж болох, болохгүйг зохицуулсан юм. Монгол Улс  олон нийтээс өөрийнх нь биржийг гаргахыг хориглосон. Хэрвээ олон нийтээс мөнгө татах гэж байгаа бол заавал бүртгэлтэй этгээдээр бүртгүүлж байж койноо гаргах хэрэгтэй. Олон улс гэлтгүй хорооноос шахаж буй зүйл бол виртуал хөрөнгийн зах зээл өөрөө мэргэжлийн, ёс зүйтэй байх ёстой юм. Илт луйврын шинж чанартай худалдаа байж болохгүй.

Уг хуулинд таван чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан. Олон нийтээс хөрөнгө татах үйл ажиллагааг зохион байгуулах, койныг хадгалах, удирдах, төлбөр тооцоог нь хийж өгөх болон худалдан авах гэсэн таван чиглэлтэй. Худалдан авах гэдэг нь койныг койноор солих эсвэл койныг мөнгөөр солих талаар л яриад байгаа юм. Энэхүү таван үйл ажиллагаанаас бусдыг зохицуулах боломжгүй. Хүмүүс бүхэлд нь зохицуулахыг хүсээд байдаг. Гарт баригдахгүй зүйлийг бүхэлд нь зохицуулах ямар ч боломжгүй.

Нэмж хэлэхэд энэхүү хуулийг дагаад 13 хуулинд өөрчлөлт орсон. Сүүлийн үед сайт, телевизүүдээр койны сугалаа, урамшуулал болгон ашиглаж байгаа сурталчилгаа гарч байгаа. Иргэд ч гомдол их мэдүүлж байна. Энэ бол Зар сурталчилгааны хууль зөрчсөн үйлдэл. Үүнийг хориглох бичгүүдийг явуулж байгаа.

-Олон нийтээс хөрөнгө татахыг ICO хэмээн нэрлээд байна шүү дээ. Үүн дээр нэг асуудал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль гарахаас өмнө үүссэн. Иргэд хувь хүний гаргасан бирж дээр койн авсан шүү дээ. Мөнгөн хөрөнгөөрөө хохирсон хэмээх иргэд олон байна. Гэвч хохирлыг барагдуулах нь бүү хэл, хуулиар зохицуулах боломжгүйг мэдэхгүй байх шиг?

-Тийм шүү. Олон улсад ч ийм асуудал байгаа. Бид сууриас эхлэх хэрэгтэй. Өнгөрсөн онд хорооноос 14 удаа мэдэгдэл гаргасан. Таны хэлснийг удаа дараа анхааруулсан. Төр бүртгэж авснаараа бүртгүүлсэн этгээдтэй холбоотой ямар нэгэн асуудалд хариуцлага хүлээхгүй гэдгийг хуулиндаа зааж өгсөн юм. Энэ бол итгэлцлийн асуудал. Хэн ч тухайн иргэдийн асуудлыг бирж, хороо, хуулиар зохицуулж чадахгүй. Гэхдээ цагдаагийн байгууллагаар шийдэх ганц үндэслэл бий. Тухайн арилжаа нь анхнаасаа залилан, луйврын шинж чанартай байвал Эрүүгийн тухай хуулиар шийдэх боломжтой.

-Хэрвээ энэхүү хуулийн төсөл батлагдаагүй байсан бол юу болох байсан бол?

-Мэдээжийн хэрэг замбараагүй байдал үргэлжилсээр байх юм. Хууль батлаагүй байсан бол ФАТФ-ийн өмнө засах шаардлагатай зүйлсээ засах боломжгүй болно. Энэ нь манай улс эргээд саарал жагсаалтад орох эрсдэлийг дагуулдаг. Хуулийг баталсан нь хоёр ач холбогдолтой. Төрд хоёр сонголт байсан. Эхнийх нь Хятад шиг хориглох. Эсвэл бүртгэж аваад Солонгос, Япон, Сингапур шиг тодорхой хэмжээнд зохицуулалт хийх байсан юм. Манай улс хоёр дахийг нь сонгосон.

-Виртуал хөрөнгийн зах зээлд эрсдэлийн үнэлгээ байх ёстой гэдэг. Тэгвэл эрсдэлийн үнэлгээ гэдэг нь юуг хэлээд байгаа юм бэ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Энэ бол ФАТФ-ийн шаардлагуудын нэг. Бүх улс орон өөрийнхөө үндэсний эрсдэлийн үнэлгээг гаргах ёстой. Том зургаар харвал Монгол Улс мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл байна уу гэдгийг харж байгаа зүйл. Эрсдэлийн үнэлгээ гэдэг бол нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин ямар байгаа вэ гэдэг зүйл. Хоёрдугаарт, хууль зүйн орчин нь өөрөө бүрэн үйлчилж чадаж байна уу гэдгийг үнэлнэ. Гуравдугаарт, эрх зүйн болон санхүүгийн салбарт ямар хууль, журам үйлчилж мөн хаягдаж байгаа талаар үнэлдэг.

Энэ зах зээл өөрөө хамгийн өндөр эрсдэлтэй. Эзэн бие мэдэгдэхгүй гүйлгээг хийдэг болохоор тэр. Үүнийг даган маш их мөнгө угаадаг. Хэн ч хянаж чаддаггүй учраас хэдэн их наяд төгрөг эргэлдэж байдаг юм. Татвараас зугатаж, авлига авсан зэрэг мөнгө их эргэлддэг учраас л Хятадууд хориглосон хэрэг. Хууль бус мөнгө угаах үйлдлийг таслахын тулд ФАТФ-ийн гаргасан Зөвлөмж 14 буюу мөнгөн гуйвуулгыг улс орон бүр зайлшгүй хянах шаардлагатай болоод байгаа юм.

-Монголд виртуал хөрөнгө, койн, крипто валют гэх мэт нэр томьёо хараахан нутагшаагүй байна. Гэтэл үүн дээр мөнгө угаах, терроризм гэх мэт нэр томьёо ороод ирлээ. Хүмүүс гайхаад эхэлнэ шүү дээ. Виртуал хөрөнгөд юун мөнгө угаах талаар яриад байгаа юм бэ гэх асуултыг асуух байх?

-Одоогоор манай улсад виртуал орчинд мөнгө угаасан тохиолдол гараагүй. Гэхдээ гарахыг үгүйсгэхгүй. Бид их өвөрмөц шийдлийг хайж байгаа. Аливаа зүйлийн шийдэл гаргалгаанд байдаг. Ийм тохиолдол гарч хохирч байснаас урьтаж сэргийлж байгаа юм. Хүмүүст анхааруулах хэрэгтэй шүү дээ. Мөнгө угаах гэдэг нь өөрөө их том хүнд сэдэв. Гэвч энэ мэт жишээ олон улсад гарч байгаа. Ахиад өнөөх Хятад улсаараа жишээ авъя. Хятад улс яагаад энэхүү хөрөнгийг зах зээлдээ нэвтрүүлэхийг хориглов. Энэ улс хатуу системтэй.

Авлигаас сэргийлэх арга нь юм. Мөн хойд хөрш маань хориглосон. Уг нь бол бие даасан хуультай байлаа. Гэхдээ мөнгөө хил давуулан хадгалах тохиолдол нэмэгдсэн болохоор л тэр. Хэрэв манай улсад ийм тохиолдол гарвал илрүүлж чадна. Хууль нь батлагдсан болохоор тэр л дээ. Товчхондоо авлига цэцэглэсэн улсын виртуал хөрөнгийн зах зээлд мөнгө угаах эрсдэл тулгардаг гэсэн үг.

-Олон нийтэд виртуал худалдаатай холбоотой бүхий л мэдээллийг ил тод байлгах боломжтой юу?

-Хуулиараа тухайн байгууллага нь мэдээлэх үүрэгтэй хэмээн заасан байгаа шүү дээ. Виртуал хөрөнгийг бэлэн мөнгөөр хэр их хүн авсан, улс төрийн ямар албан тушаалтан авсан, үл таних хүний гүйлгээ хийсэн эсэх, бүх харилцагчаа мэддэг байдал гэх мэт бүгдийг мэдээлэх хэрэгтэй хэмээн заасан гэсэн үг. Үүнийг олон нийтээс нууцлаад байх шаардлагагүй. Ил тод байх шаардлагатай. Санхүүгийн систем нь өөрөө ил тод байж гэмээн асуудал үүсэхгүй. Гэвч нэг тохиолдолд тухайн мэдээллийг нууцлах шаардлагатай. Тухайн мэдээлэл олон нийтэд цочроо өгөхөөс сэргийлж, нууцалдаг. Олон нийтэд өгч болох мэдээллүүдийг өгөхөд асуудалгүй. Гэхдээ бүх мэдээллээр хангаад байж болохгүй.

-Виртуал хөрөнгийн зах зээлд мөнгө угаахтэй тэмцэх асуудлыг хэн хариуцаж явах вэ. Тусгай ажлын хэсэг байгуулна гэсэн үг үү?

-Үүнийг Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж явна. Манайх тусдаа нэгж хороо байгуулах юм. Хариуцах, бүртгэх гэх мэтээр. Мөнгө угаахтай холбоотой нь манай Хяналт шалгалт зохицуулалтын газар дээр харьяалагдана.

-Гаднын дарамт шахалтаар бидний яриад байгаа Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталсан хэмээх сэрдэх хүмүүс бий. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Гаднын ФАТФ гээд байгууллагын шахалтаар дээрх хуулийг батлаагүй. Дэлхийн 126 улс энэхүү хуулийг батлаад хэрэгжүүлээд явж байгаа. Манай улс ч тэдэнтэй зэрэгцээд явж байна. Уг хуулийн зохицуулалтгүй улс орон руу мөнгө угаах гэмт хэрэг маш ихээр орж ирдэг. Хэрэв хуульгүй байсан бол манай улсын зах зээл рүү хэдэн мянган койн орж ирээд маш том мөнгөний эргэлт үүсэх байсан. Олон улсын захиалга гэхээс илүүтэй Монгол Улсын эрх ашигт нийцсэн хууль юм. Дахин хэлэхэд гол макро аюул бол саарал жагсаалтад эргэн орох эрсдэл. Зохицуулалтгүй их койн дунд мөнгө угааснаас болж орох юм. Оффшор, авлига, хууль бус мөнгийг энэхүү зах зээлд эргэлдүүлснээр гэмт хэргийн шинж чанар нь үгүй болдог.

Н.АНУЖИН 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top