Ц.Монгол: Төрийн өмчийг хууль бусаар хувьчилсан, үнэгүйдүүлсэн олон тохиолдол гарсан

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 30

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг цуцалж, төр мэдэлдээ аваад буй. Тэгвэл энэ үйл явц өрнөснөөс хойш олон нийтийн дунд "Төр хувийн өмчийг булаах хууль бус үйл ажиллагаа хийлээ” гэх шүүмжлэл гарах болсон. Харин нөгөө талд “Анхнаасаа төрийн өмчийн үйлдвэр байсан. Төрийн өмчийг үнэгүйдүүлж, хувьчилж авсан. Төр өөрийн луйвардуулсан өмчөө буцаад авч байна” гэх асуудал ч яригдаж байна. Тэгвэл өрнөж буй үйл явдлын талаар хуулийн тайлбар авах үүднээс хуульч, өмгөөлөгч Ц.Монголын байр суурийг сонслоо.


-“Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг цуцалж, төр эзэмшилдээ авчихлаа. Нэгэнт хувьчлагдсан хувийн өмчийг төр хүч түрсэн байдлаар өөрийн мэдэлд авч болохгүй биз дээ. Та хуульч хүний хувьд ямар тайлбар хийх вэ?

-Хувийн өмчийг дээдэлсэн, хүмүүнлэг ардчилсан нийгэмд хувь хүний өмчийг төр хураан авах асуудал гарах ёсгүй. Гэхдээ зайлшгүй буюу нийтийн эрх ашгийг  хөндсөн, хүндэтгэх шалтгаан нөхцөлтэй бол тэр хувийн өмчийг зохих нөхөн олговортойгоор нь авдаг зохицуулалт байдаг.

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьд шилжүүлсэн хувьчлалыг хүчингүй болгож, буцаан авч байгаа энэ явдал ямар нэгэн хууль зүйн үндэслэлтэй, хүндэтгэх шалтгаантай болов уу. Түүнээс биш ямар ч шалтгаангүйгээр  бусдын хувийн өмчид халдах нь хориотой. Байх боломжгүй асуудал.

-Та төр хувийн өмчийг өөрийн мэдэлд түрэмгийлэн авах асуудал байж болохгүй зүйл гэлээ. Гэтэл яагаад Хөтөлийн “Цемент шохой” ХК дээр ийм үйлдэл гаргав?

-Яг ямар үндэслэлээр, яагаад ийм үйлдэл хийх болсныг нарийн мэдэхгүй байна. Мэдээж ийм шийдвэр гаргах болсон шалтгаануудаа төр гаргаж тавих ёстой. Тэр бүхнийг нээлттэйгээр тодорхой мэдээллийг ил тод зарлах учиртай. Түүнээс бус хүний хувийн өмчийг шууд булаан авч болохгүй. Үндсэн хуулиндаа хүртэл заачихсан байгаа зүйл.

-Хуучин төрийн мэдэлд байсан үйлдвэрүүдээ төр эргээд буцаан авах хандлага ажиглагдах болсон. Энэ талаар юу хэлэх вэ?

-Аливаа асуудлыг бид дүгнэхдээ маш сайн ул суурьтай хандах ёстой. Тухайлбал, хувьчлалын талаар ярихдаа яг хувьчлах үед ямар үйл явц болж өрнөснийг судлах хэрэгтэй. Ер нь төрийн өмчийг хууль бусаар хувьчилсан, ямар нэгэн арга хэлбэрээр  үнэгүйдүүлж авсан олон тохиолдол гарсан учраас төрөөс эргээд өмч хөрөнгөө буцааж авах үзэгдэл манай улсад бий болсон. Гэхдээ  энэ асуудалд маш анхааралтай, няхуур хандаж, тэгш эрхийн үүднээс шийдэх учиртай. Тэгэхгүй бол буруугүйг нь хэлмэгдүүлэх нөхцөл байдал бий болж болзошгүй. 

-Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг тойрсон асуудал дээр яг аль нь өрнөөд байгаа юм бэ. Хэн нэгнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш байгаа?

-Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр бол социализмын үеэс  ажиллаж ирсэн түүхтэй. Монгол Улсыг цемент шохойгоор хангадаг том үйлдвэр. Энэ үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгож байгаа хууль зүйн гол үндэслэлийг хүчингүй болгож байгаа шийдвэртээ дурдсан байгаа байх. Надад байгаа мэдээллээр, Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр 2013 оны үед жилдээ 300 сая төгрөгийн ашигтай ажилладаг. Үйл ажиллагаа нь хэвийн байсан. Гэтэл энэ үйлдвэрийн дэргэд жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх  хүчин чадалтай шинэ үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банктай гэрээ байгуулаад барьж эхэлсэн.

Гэрээний дагуу  тухайн үйлдвэр ашиглалтад орох үед Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн удирдлага, үйлдвэрийн томоохон албан тушаалтнуудыг хоморголон баривчилсан. Та бүхэн мэдэх байх. Н.Энхбаярын баривчилгааны дараа хоёрт ордог тийм том баривчилгаа болсон. 30 гаруй машинтай олон арван хүн үйлдвэр дээр очиж, баривчилгааг хийсэн байдаг. Тухайн баривчилгаар үйлдвэрийн дарга А.Шоовдор тэргүүтэй  хүмүүсийг хорьсон. Мөн тус үйлдвэрийн мэдээлэл, бүх баримт бичиг хэрэгслийг битүүмжилж, үйл ажиллагаа нь ерөнхийдөө зогссон. Улмаар үйл ажиллагаа нь жил гаруй зогссоны үр дагавраар Хөтөлийн “Цемент шохой” ХК алдагдалтай ажиллаж эхэлсэн.

-Тухайн үйлдвэрийн удирд­лагуудыг яагаад цагдан хорьсон юм бол. Тэдний хэрэг юу болсон бэ. Та өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан байх аа?

-Тийм ээ. Үйлдвэрийн удирдлагуудыг шууд хорьж, улмаар мөрдөн шалгаж нэг жил гаруйн хугацаа өнгөрсний дараа бүгдийг нь цагаатгасан. Гурван шатны шүүхээр явсан байдаг. Шүүхээс үйлдвэрийн удирдлагуудыг бүгдийг нь цагаатгаад зарим нь нөхөн олговороо хүртэл гаргуулж авсан. Ингээд үйлдвэрийн удирдлагууд цагаатгагдаад хорихоос гараад ирэхэд Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. Би энэ хэрэг дээр өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан хүний хувьд санаатайгаар үйлдвэрийг дампууруулах нөхцөл байдал бий болгосон болов уу гэх хардлага төрж байсан.  Цаашлаад энэ асуудал шинээр баригдах үйлдвэртэй холбоотой байсныг ч үгүйсгэхгүй.

-2015 онд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилж авсан. Тэр хувьчлал үнэхээр хууль бус байсан хэрэг үү?

-Нэгэнт үйл ажиллагаа нь доголдсон байсан болохоор Хөтөлийн “Цемент шохой”-г тухайн үед маш хямдхан хувьчилж авсан байдаг. Удирдлагыг нь баривчилсан тэр цагаас л энд хөндлөнгийн нөлөө орж, үйлдвэрийг дампууруулсан байх магадлалтай. Энэ утгаар нь аваад үзвэл, хувьчлал хуудуутай байхыг үгүйсгэхгүй.

-Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээ төлөлгүй өнөөдрийг хүрсэн гэх мэдээлэл байгаа юу?

-Надад тодорхой мэдээлэл байхгүй тул хариулах боломжгүй байна.

Төрөөс хувьчлалаа хүчингүй болгож байгаа нь бусдын өмчийг булаан авч байгаа хэлбэр биш, харин хувьчлалтай холбоотой харилцаа юм. Ямартаа ч хувьчлалын үед Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хэлмэгдсэн удирдлагын заримынх нь өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан хүний хувьд тухайн үед үйлдвэрийг хувьчлахдаа урьдаас төлөвлөсөн, төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан нөхцөл баримт тогтоогдсон байх гэж бодож байна. Тийм болоод ч өнөөдрийн өрнөөд байгаа үйл явдал хууль зүйн үндэслэлтэй байх боломжтой.

Түүнээс бус хэвийн үйл ажил­лагаа явуулж байгаа, улсад хохирол учруулаагүй, өр зээл тавиагүй, шударгаар ажиллаж байгаа үйлд­вэрийг ямар ч шалтгаан нөхцөл, үндэс­лэлгүйгээр төр шүүхийн шийдвэргүйгээр хураан авч болохгүй. Ийм хандлага гарахаас Монголын төр, эрх бүхий албан тушаалтнууд сэрэмжлэх ёстой. Яагаад энэ бүхнийг онцолж хэлээд байна вэ гэвэл, сүүлийн үед нэгэнт хувьчлагдсан үйлдвэр, аж ахуй нэгжийг төр буцааж авах хандлага ажиглагдах болсон. Төр хувьчлалын асуудлыг нэхэн шалгаж, нягталж байгаа бол маш зөв, шударга зарчмыг баримтлах учиртай.

Өнөөгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа шударгаар  буй болгож байна уу гэдгийг нь ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхгүй ашигтай ажиллаад ирэхээр нь л төр хэн нэгний өмчийг булаагаад авчихаж таарахгүй. Ийм зүйл огт байж болохгүй. Би андуураагүй бол нэг томоохон албан тушаалтны албан даалгавар дээр бусдын өмчийг ямар ч үндэслэлгүйгээр авах тухай заалт орсон гэж дуулсан. Хэрвээ ийм шийдвэр гаргаваас Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн маш ноцтой асуудал болох юм. Тийм санаархал төрд, төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнуудад байж болохгүй гэдгийн хатуу хэлэхийг хүсэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top