Энэ удаагийн “Өглөөний зочин”-оороо УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг урилаа. Түүнтэй Хөгжлийн банкны зээл болоод "Хөтөлийн цемент шохой" компанийн хувьчлал, төрд буцаан авах шийдвэрийг талаар ярилцлаа.
-Өнөөдөр /өчигдөр/ Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа. Энэ сонсгол ямар үр дүнд хүрнэ гэж харж байгаа вэ?
-Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил гаргаж тавьсан нь зөв гэж бодож байгаа. Аливаа төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ ашиглаж бусдын боломжийг хулгайлах нь буруу. Тэр тусмаа өчнөөн хууль, дүрэм журам зөрчөөд өөрсөддөө, хамаарал бүхий этгээддээ давуу байдал бий болгож болохгүй. Гэхдээ олон нийт асуудлыг нэлээд судалж байж, ул суурьтай хандаж дүгнэлтээ гаргах хэрэгтэй байх. Яагаад гэхээр Хөгжлийн банкнаас хуулийн дагуу зээлээ аваад хугацаанд нь төлөлтөө хийгээд явж байгаа олон компаниудыг хамаатуулж ойлгох ёсгүй.
Хөгжлийн банкнаас гаргасан зээлийн дийлэнхийг төрийн өмчийн компаниуд, арилжааны гурван банк авсан байгаа юм. Худалдаа хөгжил, Хаан, Голомт банкууд нийлээд нэг их наяд орчим төгрөгийн зээл авсан. Үлдсэн 1.8 их наядын 30 хувийг төрийн өмчит компаниуд, нэг их наядыг нь 10-хан том компани авсан. Ингэхдээ зарим нь зээлээ зориулалтын бусаар зээлээ ашигласан, барьцаа хөрөнгөгүй зээл авсан гээд олон асуудал бий. Энэ бүхнийг нарийн шалгаж тогтоох ёстой. Өнөөдрийн /өчигдөр/ сонсгол дээр хариуцсан хүмүүс, хууль хяналтынхан хамт суугаад ялгаж салгаад нэг талд нь гаргах хэрэгтэй байгаа юм.
-Таны хувьд бас Хөгжлийн банкны зээлд нэр холбогдож байсан. Тэр талаараа ярихгүй юу?
-Манай аавын хувьцаа эзэмшдэг Вояжер минерал ресурсес ХХК 2018 онд Хөгжлийн банкнаас зээл авсан юм билээ. Тухайн үед Хөгжлийн банк импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх зээл гэж зарлаад манайх экспортын бүтээгдэхүүний төсөл бичээд өгсөн.
Манай аав бол 1990-ээд оноос бизнест хөл тавьсан, уул уурхайн инженер хүн. Улмаар хөл дээрээ босоод ирэх үедээ мэргэжлийнхээ буюу уул уурхайн бизнес рүү орсон. Одоо мэргэжлийн ёс зүйтэй уул уурхайгаа эрхлээд явж байгаа. Надтай, надгүй тэр хүн төслөө бичээд дэлхийн аль ч улсын санхүүгийн байгууллагаас зээлээ авчихдаг. Нийгэмдээ баялаг бүтээгээд, татвараа төлөөд, тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалтуудаа хийгээд явдаг. Зээл авсан 2018 онд би МУИС-ийн дэд захирлаар ажиллаж байсан. Тийм болохоор намд харьяалалгүй болчихсон байсан үе шүү дээ. Тэгэхээр би зээлд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй байсан гэсэн үг.
Аав маань авсан зээлээ боломжоороо төлөөд явж байсан ч цар тахлаас үүдэн хил гааль хаалттай болсон учраас бүтээгдэхүүн нь бэлэн болчихсон ч гаргаж чадахгүй байсан. Гаргачих л юм бол мөнгөтэй болчих гээд байсан ч чадаагүй. Яг ийм эргэн төлөлтийн жаахан хоцрогдолтой байсан үед нь Хөгжлийн банкны зээлийн асуудал гарч ирж таарсан. Харин хил гаал арай гайгүй болсон үед нь бүтээгдэхүүнээ гаргаад эргэн төлөлтөө бүрэн хийж дуусгасан. Хөгжлийн банкнаас хууль бусаар их хэмжээний зээл авсан хүмүүсийн хажуугаар мань мэтийн залуучуудыг хэлмэгдүүлэх ажиллагаа хийж байгаа нь харамсалтай. Манайх бол барьцаа хөрөнгөө тавиад 16 хувийн хүүтэй эргэн төлөөд дуусгасан. Хөгжлийн банк зөвхөн манай гэрээн дээр л гэхэд ашигтай ажилласан гэсэн үг.
-Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд Хөтлийн цемент шохой компанийг төрд авсан асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Хэсэг бүлэг хүмүүс 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, 2015 онд Хөтөлийн цемент, 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг авсан байдаг юм. Үргэлжлүүлээд энэ хүмүүс маань Багануурын уурхай, цахилгаан станцуудыг авахаар схемээ зурчихсан байсан тухай ярьдаг. Ингээд төр хамгийн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийг төрд буцааж авсан. Одоо Хөтөлийг авч байна.
Үүний дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ч гэсэн авах ёстой гэж би бодож байгаа юм. Яагаад гэхээр эдгээр хувьчлалууд бүгд маш өндөр зохион байгуулалттайгаар хийгдсэн луйвар гэж үзэж байгаа. Засгийн газрын тогтоолыг 2015 онд хүчингүй болгож байгаад УИХ-ын тогтоол гарсан байдаг. Тодорхой төрийн өмчит компаниудыг хувьчлах тухай тогтоолын хавсралтад Хөтөл байдаг юм.
-Төрд авах шийдвэр гараад, цагдаагийн хамгаалалттайгаар авсныг нийгэмд хоёр янзаар хүлээж авч байна л даа?
-Уг нь бол хоёр янзаар хүлээж авах боломжгүй зүйл л дээ. 2011 оны нэгдүгээр сарын 12-нд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга нарын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг нь Хөтөлийн цемент шохой компанийн хүчин чадлыг нэмэгдүүлье, технологийг шинэчлэж нэг сая тонн цементийг хуурай аргаар үйлдвэрлэдэг болгоё. Тиймээс ийм чадвартай гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон шалгаруулалт хийе гэсэн утга бүхий тушаал гаргасан байгаа юм.
Харин Ажлын хэсэг нэг хоног ажлаад 10 компанид нөхцөл шаардлагаа хүргүүлсэн. Тухайлбал, БНХАУ-ын цементийн институт, Хонконгийн Азийн хөрөнгө оруулалтын групп, Азийн хөгжлийн банк, Европийн сэргээн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн банк гэсэн байгууллагад өгсөн. Үүн дээр нэмээд Бейзмент гээд дөнгөж байгуулагдсан, нэг хүн эзэмшдэг, ямар ч хөрөнгөгүй компанид дээрх материалаа хүргүүлсэн. Ингэхдээ тухайн компаниудыг нэг хоногийн дотор хариугаа илгээ гэсэн.
Мэдээж Дэлхийн банк зэрэг дээрх том газрууд нэг хоногийн дотор хариу өгөхгүй боломжгүй учраас нэг л компани хариу өгсөн нь Бейзмент. Энэ компанийн захирлаар ажиллаж байсан талийгаач маань өмнө нь Мах импекс компанид 10-аад жил, гурван жил Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан гэсэн мэдээлэл бий. Ингээд тэр оныхоо нэгдүгээр сарын 17-нд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарт Бейзмент компанийн хөрөнгө оруулалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн албан бичиг өгүүлсэн. Улмаар тэр өдөртөө ТӨХ-ноос энэ компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байгаа юм.
-Нэг өдрийн дотор л энэ бүхнийг шийдчихэж байгаа юм уу?
-Баримтаар бол тэгсэн л болж таарч байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр нь тодорхой шаардлагуудыг тусгаж өгсөн. Үүнд нэгдүгээр шугамаар 200 мянган тонн чулуунцар үйлдвэрлэх, хоёрдугаар шугамыг хуурай аргад шилжүүлж, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болгох, техник, технологийн шинэчлэл хийх зэргийг тусгаснаас гадна хөрөнгө оруулагч 55 сая ам.доллароос багагүй хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөөр хийх гэсэн байгаа юм. Мөн үйлдвэрлэсэн цементийнхээ 90 хувийг зах зээлд борлуулах эрхийг ч өгсөн.
Тухайн компани маань өөрийн хөрөнгөгүй учраас Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 10 тэрбум төгрөг, Хөгжлийн банкнаас 61.3 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар зээл авахдаа ямар ч хөрөнгөгүй компанийнхаа хувьцаа, төслийн данс, хөрөнгө оруулалтын гэрээгээ барьцаанд тавьсан. Энэ нь холбогдох хууль, дүрмийн хүрээнд ямар ч шаардлага хангахгүй шүү дээ.
Дансаа барьцаанд тавьж зээл авсан тохиолдол үүнээс өөр байхгүй байх. Зээл нь гарсан даруйд Худалдаа хөгжлийн банкнаас авсан 34 сая ам.долларын зээлээ хаах, Улаанбаатар хотын банк руу зээлийн төлбөр хаах 5.5 сая ам.доллар, үлдсэн 21.5 сая ам.долларыг өөрийн Улаанбаатар хотын банкан дахь дансандаа авсан гурван гүйлгээ л хийсэн. Өмнө авсан зээлээ хаасан нь нэг ёсондоо зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж харж болохоор байгаа юм. Мөн Хөтөлийн цемент шохой компанид 21.5 сая ам.долларын хөрөнгийг чухам юунд зарцуулсан нь тодорхойгүй.
-Хөтөлийн цемент шохойны үйлдвэрийг тэгээд хэдэн онд хуурай аргад шилжүүлсэн юм бэ?
-Хуурай аргаар цемент боловсруулах үйлдвэрийг Бейзмент компани 2014 оны тавдугаар сарын 14-нд ашиглалтад оруулсан. Гэсэн хэдий боловч 2020 он хүртэл Улсын комисст хүлээлгэж өгөөгүй. Нийтдээ зургаан жилийн хугацаанд комисст хүлээлгэж өгөлгүйгээр үйлдвэрлэлээ явуулсан. Энэ чинь маш олон хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Хүний амь нас эрсдэх, технологийн горим зөрчсөнөөр элдэв зүйл болсон бол яах байсан юм. Энэ дээр нь ч гэсэн шалгалт явуулах л ёстой. Улсын комисст хүлээлгээд өгчихөөр Хөгжлийн банкны зээлийн барьцаанд авчихаж магадгүй гэж бодож, тооцсон ч байж болох юм.
-Төрд буцааж авах шийдвэр ямар ч байсан гарчихсан. Одоо дараагийн алхам, ажил юу байх вэ. Төр дээрэм хийчихлээ гэсэн хэсэг байна шүү дээ?
-Ер нь бол анхнаасаа энэ компани чинь улсын хөрөнгийг дээрэмдчихсэн байгаа юм шүү дээ. Би нэг хүний юмыг дээрэмдээд авчихсан. Гэтэл нөгөө хүн буцаагаад надаас юмаа авахаар нь би түүнийг шүүхэд өгч байгаа шиг л зүйл болоод байгаа юм. Бүх зүйл нь баримтаар нотлогдож байна. Одоо өнгөрсөн долоон жилийн хугацаанд үүссэн зээл, хүү, торгууль гээд 301 тэрбум төгрөгийн төлбөрийг хэрхэн барагдуулах юм, шинээр бий болсон хөрөнгийг нь яах юм гээд бүгдийг нь тусгасан УИХ-ын тогтоол гаргах ёстой гэж бодож байна. Мөн шүүгч нар ч гэсэн ямар нэгэн лоббинд авталгүй үнэн шударга шийдвэр гаргах байх гэж найдаж байгаа. Энэ бүлэг хүмүүс төрийн өмчийг дээрэмдээгүй байсан бол ийм асуудал үүсэхгүй шүү дээ.
-Хөгжлийн банкны асуудал босож ирснээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн асуудал гарч ирлээ гэж ойлгож байгаа. Гэтэл Хөгжлийн банканд өмнө нь 2014, 2019 онуудад шалгалт хийж байсан. Яагаад тэр үед нь эдгээрийг ил болгож болоогүй юм бол гэсэн асуулт гарч ирж байна?
-Би ч гэсэн энэ тал дээр шүүмжлэлтэй хандаж байгаа. 2014 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тухайн шалгалтыг ахлаад хийсэн. Харамсалтай нь тухайн үед ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм билээ. Дараагийн 2019 оны шалгалтын дараа ч арга хэмжээ аваагүй. Хэрэв өмнө нь энэ бүхнийг шийдвэрлэсэн бол өнөөдрийнх шиг ийм байдал бий болохгүй, хохирол нь харьцангуй бага байх байсан болов уу гэж харж байгаа. Гэсэн хэдий ч эрт, орой гэлтгүй энэ асуудлыг гаргаж тавьсан нь сайн хэрэг. Манай Хөтөлийн иргэд, ажилчид өөрсдийнх нь нийгмийн даатгалыг ч төлөхгүй, цалингаа бүрэн тавихгүй байна гэж өмнө нь надад хэлж байсан. Хэсэг залуучууд ч акц хийж байсан.
-Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн бичиг баримтуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн. Төмөртэйн орд дээрх бичиг баримтуудыг нь лацадсан. Энэ тал дээр та ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг концессийн гэрээгээр авсан. Ингэхдээ Гангийн үйлдвэр барина гэсэн боловч өнөөдрийг хүртэл бариагүй. Өнөөдөр манай улс төмрийн хүдрээ боловсруулалгүй өдөр, шөнөгүй вагон вагоноор нь өмнөд хөрш рүүгээ зөөж байна. Төмөрлөгийн үйлдвэрийн Дархан дахь орд газар нь одоо хоёр жил хүрэхгүй хугацаанд ашиглаад дуусахаар болчихсон. Ийм болтол нь урагшаа зөөсөн. Харин Төмөртэйн орд бол 100 жил ашиглах нөөцтэй. Бид үүнийг ашиглаад маш сайн Гангийн үйлдвэртэй болох юм бол наанадаж барилгын үнэ бууна. Уул уурхайн салбарт хэрэгтэй төмөр хийцүүд, тоног төхөөрөмжийг өөрсдөө хийх боломжтой. Харамсалтай нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас луйврын схемээрээ авсан энэ үйлдвэрийг төрд буцааж авах ёстой. Тийм болохоор АТГ-аас шалгалтаа явуулаад бүгдийг үнэн зөвөөр нь гаргаж тавих байх.
-Төрд буцаагаад аваад л байдаг. Гэтэл төр хамгийн муу менежер, төрийн өмчит компаниуд хамгийн ашиггүй ажилладаг гэсэн яриа байдаг. Ер нь төр энэ мэт олон үйлдвэр, банктай байгаа учраас эдгээр асуудлууд цэгцрэхгүй гэж ярих хүмүүс ч байна?
-Миний бодлоор Хөгжлийн банкыг яг зөв зориулалтаар нь ашигласан бол Монгол Улсад маш их хэрэгтэй байлаа. Бид цар тахлын нөхцөл байдал, одоо дайн гээд үнэхээр хүнд байдалд орж байна. Шатахуун, цахилгаан, хүнсний аюулгүй байдал гээд олон асуудал байна. Сэлэнгэ аймагт байгаа ногоочдын маань хамгийн том асуудал бол тээвэр ложистик, хадгалалт байдаг. Энэ тал руугаа хөрөнгө оруулалт хийгээд компаниуд нь шударгаар хэрэгжүүлээд явсан бол хэрэгтэй байсан. Төр бодлогын юмнуудаа схем гаргаад санхүүжүүлж болно.
Стратегийн чухал бүтээн байгуулалтуудыг арилжааны банкууд санхүүжүүлэхгүй бол төр санхүүжүүлэхээс өөр аргагүй. Хамгийн гол нь хууль, дүрэм журмынхаа дагуу ажиллах л ёстой байсан. Төрийг муу менежер гэдэг дээр зарим талаар санал нийлэхгүй байна. Хувийн хэвшил болгон сайн менежер байдаггүйн тод жишээ бол Бейзмент компани боллоо.
Ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй, цалинг нь нэмээгүй, нийгмийн асуудлыг нь шийдээгүй л байна. Эрдэнэтийг төрд авсны хүчинд цар тахлын хүнд үед олон асуудлыг шийдсэн. Швед улсад л гэхэд хамгийн том төмөрлөгийн үйлдвэрээ төр нь ажиллуулдаг. Үнэхээр ашигтай байлгаж чаддаг. Түүнийгээ дагаад хувийн хэвшлүүд нь хөгжсөн. Тэгэхээр хувийн хэвшил нь ёс зүйтэй, үр ашигтайгаар ажиллуулж чадахгүй бол төр аваад явахаас өөр арга байхгүй. Мэдээж төр нь ч гэсэн ёс зүйтэй, зөв менежменттэй байх хэрэгтэй.
-Хөгжлийн банкны асуудлаар хийсэн Ерөнхий хяналтын сонсголоор 20 гаруй улстөрчийг АТГ-т шалгуулна гэсэн. Эдгээр хүмүүс буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцож чадах болов уу. Цаашдаа Хөгжлийн банкыг яг зориулалтаар нь шударгаар аваад явах боломж бий юу?
-Буруутай гэдэг нь нотлогдвол хариуцлага хүлээхээс өөр арга байхгүй. Хүлээх ч ёстой. Манай нам энэ жил авлигатай тэмцэнэ гэж зарласан. Харин буруутай нь нотлогдоогүй байхад хүнийг хилсээр гүтгэж, харлуулж болохгүй.
-АТГ-т шалгуулна гэсэн хүмүүс дотор өнөөгийн УИХ-ын гишүүд байгаа. Тийм болохоор л асуугаад байгаа юм. Хэрвээ буруутай нь тогтоогдвол МАН-ын зүгээс УИХ-ын гишүүн байхаас үл хамааран хариуцлага тооцож чадах болов уу?
-Чадна л гэж бодож байна. Нийгэмд том жишиг тогтоож, манлайлал үзүүлж, үлгэр дуурайлал болохын тулд чадах ч ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Амарсайхан даргаа одоо төмөрлөгийн үйлдвэрээ улс буцааж аваач.
ЯПОНЫ ЗАСГЫН ГАЗРЫН ТУСЛАМЖААР МОНГОЛЫН АРД ТҮМЭНД БАРЬЖ ӨГСӨН ҮЙЛДВЭР ШҮҮ ДЭЭ. ЮМЫГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АЛБААР ДАМПУУРУУЛЖ АВДАГЫН ЖИШЭЭ ЭНЭ ХАР ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР. БАС ЯПОНЫ ЗАСГЫН ГАЗРААС БАРЬЖ ӨГСӨН ЭМНЭЛЭГИЙГ ЭМ СИ ЭС ДАМПУУРУУЛЖ ӨӨРТӨӨ АВАХ ГЭЖ БАЙГААД БҮТЭЭГҮЙ. ЭНЭ ҮЙЛДВЭР АРД ТҮМНИЙХ БАЙХ ЁСТОЙ.
Танай аавын Харуул толгой гэдэг ордыг улсад буцаан авъя тэгэх үү
их зөв ярьжээ
цахиагийн элбэгдорж их сайн х.
цахиагийн элбэгдорж гэгч мөн ч бузар хулгайч даа.