Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо /МХЭАХНҮХ/-ны ерөнхийлөгч, гавьяат хуульч Ц.Оюунбаатартай ярилцлаа.
-Та УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүн. Хүмүүс таныг МХЭАХНҮХ-ны ерөнхийлөгч гэдгээр тань сүүлийн үед хүлээж авч байгаа харагдах юм. Тэргүүлж буй холбооны тань талаар ярилцлагаа эхлүүлье?
-Олон улсын хэрэглэгчдийн байгууллага гэж бий. Тус байгууллагыг анх 1963 онд АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди санаачилсан байдаг. Гол зорилго нь орчин цагт хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлыг шийдэх арга зам бол хэрэглэгч, олон түмний эрэлт хэрэгцээг хангахад тулгуурласан бодлого зорилтыг тодорхойлоход чиглэх ёстой гэж үзсэн. Улмаар НҮБ-аар хэлэлцүүлж, энэ байгууллага үүсгэн байгууллагдсан түүхтэй. Манай холбоо нь үйл ажиллагааны хувьд олон улсын түвшинд ажилладаг ТББ гэж ойлгож болно. Монголын бусад ТББ-аас ялгарах онцлог нь энэ юм.
Бидний гол зорилго Монголын нийгэмд шаардлагатай нэн тулгамдсан асуудлыг өнөөгийн боломжит хэлбэрээр түргэн шуурхай шийдэх гарцыг олж, шат дараалалтай төлөвлөгөө боловсруулж, бодит ажлыг санаачлан хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Эхнээсээ ч ажил хэрэг болж, амьдрал дээр үр өгөөжөө өгөөд байна. Холбооныхоо зорилт хөтөлбөрийг дараах дөрвөн бүлэгт хувааж, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа.
Тодруулбал, хуванцар хог хаягдалгүй Монголын төлөө, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлсэн аюулгүй хүнстэй Монголын төлөө, хүнд суртал, авлигыг халсан, шударга ёсыг тогтоох Монголын төлөө, татвар, төсвийн зарцуулалтад ард түмний хяналтыг тогтоох Монголын төлөө гэсэн үндсэн зорилтуудад хамаарах цогц ажлын төлөвлөгөө боловсруулаад явж байна.
-Эхнээсээ бодит ажил хэрэгжүүлээд явж байгаа гэлээ. Хийж байгаа ажлаасаа дурдахгүй юу?
-Олон улсын хэрэглэгчийн байгууллагын тэмдэглэлт өдөр гэж бий. Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдөр болдог. Энэ өдөр дэлхий даяар дуу хоолойгоо нэгтгэн, хамтын зорилгоор тодорхой нэг ажлыг удирдамж болгодог. Тэгвэл 2021 оныг “Хуванцар хаягдалтай тэмцэх” жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны долоодугаар сард гаднын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн эхний хэсэг бүтээн байгуулагдаад байгаа. Үйлдвэр оруулж ирэхэд гааль, татварын асуудал ихээхэн хүндрэл учруулж байна. Манай улс сүүлийн 20 гаруй жилийн турш Засгийн газрын түвшинд хог хаягдлын үйлдвэр байгуулах талаар ярьж байсан.
Герман, Франц, Япон, БНХАУ-тай янз бүрийн байдлаар ярилцаж, олон зуун сая ам.долларын төсөв ярьсан ч өнөөг болтол нэг нь ч хэрэгжээгүй. Харин Олон улсын хэрэглэгчийн байгууллагаас хуванцар хог хаягдлын эсрэг тэмцэх жил болгон зарласантай холбоотойгоор ТМL ХХК зургаан сая еврогийн үнэтэй, Итали улсын “Сорима” үйлдвэрийн хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж бүхий иж бүрэн үйлдвэрийн цогцолборыг бүтээн босгохоор ажиллаж байна. Манай хэрэглэгчдийн холбоо түншийн харилцаагаар хамтарч оролцож байгаа.
-Хог болоод хөглөрч байдаг хуванцрыг ашиглаад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэсэн үг үү. Тухайлбал, ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна вэ?
-Дэлхийд үнэлэгдсэн өндөр хүчин чадалтай тус үйлдвэр нь хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж, үйлдвэрлэлд нийлүүлж байна. Жишээ нь, цэвэр ус, ундаа жүүс, шар айрагны сав, канистр, уул уурхайн баяжмалын уутны түүхий эд, хүлэмжийн аж ахуйн плёнк зэрэг олон арван бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Манай улсад сүүлийн 30 жил хийсэн том бүтээн байгуулалтын нэг болох энэ үйлдвэрийг Монголд оруулж ирснээр маш өргөн хүрээний өндөр ач холбогдлыг буй болгож байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй.
-Тэгэлгүй яахав, хуванцар нь дэлхий дахинаа байгаль орчныг бохирдуулж буй гол хог хаягдлын нэгээр нэрлэгддэг. Ийм хаягдлыг байгальд шингэхээс урьдчилан сэргийлж, дахин боловсруулж байгаа нь сайн хэрэг шүү?
-Манай улсад жилд дунджаар 20 мянган тонн хаягдал хуванцар гардаг гэсэн судалгаа бий. Үүний найман мянган тонн нь Улаанбаатар хотоос үүсдэг байна. Нийт хуванцар хог хаягдлаас 15 мянган тонн нь ундаа усны хуванцар сав, 4.5 тонн нь ахуйн хэрэглээний хуванцар сав эзэлж байна. Чи бод доо, гялгар уут 15 жилээс дээш хугацаанд байгальд уусан шингэдэг бол хуванцар эд 100-1000 жил орчим хугацаанд задардаг.
Усанд уусдаггүй хуванцар материалууд нь нэг орчноос нөгөө орчинд химийн хортой нэгдлийг зөөвөрлөдөг. Химийн хортой нэгдлээр хордсон, найрлагад нь орсон хуванцрыг идсэн амьтдыг хүнсэнд хэрэглэхэд хүний эрүүл мэндэд ноцтой аюул учирдаг төдийгүй амь насаа алдахад ч хүрдэг. Ийм хуванцар хаягдлыг дахин боловсруулах нь шинэ сэргэлтийн бодлого мөн.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын талаар тодруулаач. Хуванцар хог хаягдал манай улсын нутаг дэвсгэрт хаа сайгүй бий. Тэр бүгдийг дахин боловсруулалтад оруулах боломж бий юу?
-Тоног төхөөрөмжийг нь 24 цагаар ажиллахаар тооцвол 76 тонн хуванцар савыг дахин боловсруулж, 45 тонн полиэтилен үйлдвэрлэх чадалтай. Өөрөөр хэлбэл, манай улсын нийт хуванцар хог хаягдлыг боловсруулахад хүчин чадал нь хангалттай гэсэн үг. Бид нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн идэвхтэн хүмүүстэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас хаягдлаа ангилаад үйлдвэр рүү ачуулж явуулдаг.
Мөн сум орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах шаардлагатай байна. хаягдлаа цуглуулдаг нэгдсэн тогтолцоог буй болгох чиглэлээр ажиллаж байгаа. Ташрамд хэлэхэд, Монгол Улсын иргэн та хуванцар эд зүйлээ бүү хаяарай. Манай улс хог хаягдлаа ангилдаг, үйлдвэрлэдэг анхны улс болох боломжтой. Манай түншийн оруулж ирсэн уг Италийн үйлдвэр дэлхийн наймхан улсад л бий.
-Танай холбооны зорилт ажлуудын нэг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх гэж байсан. Яагаад энэ ажлыг үндсэн зорилт хөтөлбөртөө тусгасан, гол ач холбогдлын талаар яриач?
-Үүнийг том зургаар нь харах ёстой. Өдгөө манай улсад хүнсний аюулгүй байдал хүнд түвшинд байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тулгуур хүчин зүйлсийн нэг нь. Энэ утгаар аваад үзвэл, бидний яриад буй дээрх зорилт нь Монгол Улсын төрийн бодлогын хэмжээнд авч хэрэгжүүлэх ажлын нэг яах аргагүй мөн.
Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, өрх бүрд хүргэх нь энгийн мэт сонсогдож байвч олон талаар эерэг нөлөөлөл үзүүлнэ. Ганц хүнсний ногооны асуудал бус Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах том алхам юм. Бид судалж үзсэн. Айл өрх бүр өөрийн хашаа хороондоо хүнсний ногоо тэр тусмаа хүлэмжийн аж ахуйг эрхлэх боломжтойг тогтоосон. Өрх бүр өөрийн гэсэн хүлэмжиндээ ургуулсан аюулгүй хүнс хэрэглэх эрхтэй. Ингэснээр хөрш орны Ухань, Шандунаас орж ирж буй хүнсний ногоог хязгаарлах бүрэн боломжтой.
Мэдээж өрх бүрийг хүлэмжийн аж ахуйтай болгоход төрөөс бодлогоор дэмжиж, хөнгөлөлттэй зээл тусламж иргэддээ олгох хэрэгтэй. Энэ талаарх гарц гаргалгааг бид тодорхойлж, төрийн гурван өндөрлөг, холбогдох албан тушаалтнуудад ч дуулгаад байгаа. Энд яригдаж буй зүйл ажил хэрэг болчихбол зүй зохисгүй зарцуулагдаад байгаа энэ их хөнгөлөлттэй зээлүүдийг бодит үр дүнд хүргэх, жинхэнэ утгаар нь эдийн засгийн үр өгөөжтэй үндэсний хэмжээний ажилд зарцуулж чадах юм. Та нар бүгд мэднэ.
Тэр ЖДҮ-ийн зээл яг л энэ төрлийн үйлдвэрлэлд зориулагдах ёстой. Өрхийн хэрэглээнд зургаа, дөрвийн харьцаатай хүлэмж байхад хангалттай. Ойролцоогоор хоёр сая төгрөгийн өртгөөр босно. Тэр мөнгөний 50 хувьд нь хөнгөлөлттэй зээлийг төрөөс олгоод явчих хэрэгтэй. Манай улсын хашаанд амьдардаг өрхийн тоо дунджаар 300 мянга байна гээд бодъё. Ингээд бодохоор Хөгжлийн банкнаас ганцхан хүний авч байгаа зээлээр л Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хамгаалж чадаж байгаа биз. Өрх бүр хүлэмжийн ногоогоороо гэр бүлийнхээ хэрэгцээг хангана.
Цаашлаад илүү гарсныг нь зах зээлд нийлүүлнэ. Хөдөө аж ахуйн сайдад энэ талаар хамтарч ажиллах санал хүргүүлээд явж байгаа. Айл болгон аж ахуй эрхлээд ирэхээр хөгшид буурлууд нь хөдөлгөөн дасгалаар дутахгүй, хүүхэд багачууд нь хөдөлмөрийн хүмүүжилд суралцаад маш олон талын эерэг нөлөө гарна .
Хамгийн гол нь өнөөдөр хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь монгол хүний эрүүл мэндийн асуудалд шууд хамааралтай. Бид өнгөрсөн жилүүдэд хятад ногоо хангалттай авч идлээ. Үр дагаварт нь хавдар, төрөл бүрийн өвчлөл дүүрэн боллоо. Би Эрүүл мэндийн сайдын ажлыг зургаан сар хийж үзсэн. Ходоод, хоол боловсруулах эрхтний өвчлөл арав дахин өссөн. Хавдар гурав дахин өслөө. Энэ бүхэн хүнснээс шууд хамааралтай. Та ам руугаа юу хийж байна, тэр хэмжээгээр эрүүл мэнд, амь насандаа аюул учруулж байна.
Мөн дэлгүүр, хоолны газрууд цэсэн дээрээ хүнсний ногооны эх сурвалжуудаа тавьчих хэрэгтэй. “Манайх хоолондоо тэр нутгийн тийм ногоог хэрэглэсэн” гээд биччих. Тэрийг нь Мэргэжлийн хяналт, манай төрийн бус байгууллага хянадаг тогтолцоог бий болгох ёстой. Энэ бүх ажлыг зөвхөн төр дангаараа хариуцах бус бодлогын хэмжээнд бодитой дэмжээд явчихбал манай холбооны зүгээс хийж хэрэгжүүлэх ажлынх нь ачааг үүрэлцээд явахад татгалзах зүйлгүй. Угаасаа яг энэ ярьж буй зорилтот ажлынхаа үндсэн суурь баазыг бид бүрдүүлээд явж байна. Хийж, хэрэгжүүлж чаддагаа ч урьд нь харуулсан. Манай “Говийн тэмээг хамгаалах” төрийн бус байгууллага 200 мянга болж хорогдоод байсан монгол тэмээний тоог 500 мянга болгож өсгөсөн бодит жишээ байна.
Манай холбооны тавьж буй зорилгуудыг анзаараад үзвэл хоорондоо нягт уялдаа холбоотой, нэг нь нэгийгээ дэмжээд явах бүрэн боломжтой. Жишээ нь, хүлэмж барихад шаардлагатай гол түүхий эд болох хулдаасан плёнкыг хаягдал боловсруулах үйлдвэртээ захиалгаар хийлгүүлэх юм. Монгол Улс гуравхан сая хүн амтай. Өрх болгон өөрийн гэсэн хүлэмжтэй болоод өргөст хэмх, помидор, нарийн ногоогоо тэндээ ургуулаад эхэлбэл ямар сайхан бэ. Дэлхийн өөр улс орны жишиг ч байна. ОХУ л гэхэд өөрсдийн идэх ногоогоо өрхийн үйлдвэрлэлээрээ тэр чигээрээ хангадаг.
-Өнөөдөр барааны үнэ тэнгэрт хадаж байна. Тэр тусмаа нарийн ногоо тасарч, үнэ нь өсөх болсон. Импортоор ихэнх хүнсний ногоогоо хангаж байгаа манай улсад хүлэмжийн аж ахуй мах чухал шүү?
-Эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл талаасаа маш өндөр ач холбогдолтой. Импортоор манай улс жилдээ 500 орчим сая ам.долларын хүнс авдаг гэх дүн мэдээ бий. Энэ мөнгөн урсгалыг гадагш гаргахгүй байх ч боломж бүрдэнэ. Нөгөө талд төсвийн мөнгийг хэрэгтэй, хэрэггүй зүйлд хэдэн олигархиуд хувааж иддэгээ больчихно. Бид жилдээ 100 мянган өрхийг хүлэмжийн аж ахуйтай болгоё. Гэхдээ тавь, тавин хувиар мөнгөн эх үүсвэрийг шийдье.
Түрүүн хэлсэн, улсаас хөнгөлөлттэй зээл олгох зарчмаар 50 хувийг нь, үлдсэнийг нь иргэн өөрөө гаргаад явчих. Үүн дээр хэрэглэгчийн байгууллага хяналт тавьж оролцох бүрэн боломжтой. Манай хэрэглэгчийн байгууллага одоогоор 120 суманд салбартай. Ойрын хугацаандаа 330 суманд салбартай болохыг зорьж байна. Энэ бол сайн дурын байгууллага гэхэд цар хүрээ нь маш хурдацтай өргөжиж байгаа. Бидний зүгээс гишүүдээ чадавхжуулж, сургалт семинар ордог. Манай холбоо чинь хажуудаа сургалтын академитай.
Төрийн бус байгууллага нийгмийн тулгамдсан ачаанаас үүрэлцээд явья гэдэг үүднээс манай холбоо зорьж ажиллаж байна. Бүх л зүйлийг төр засаг руугаа чихэж байхаар хуванцар хог хаягдлаа боловсруулж, хүлэмжийн аж ахуйгаа үндэсний хэмжээнд өргөжүүлье гээд явж байна. Үүнийг жижиг дунд үйлдвэрлэлийн байгууллага, ард иргэдтэйгээ нийлээд шийдье. Бид 2025 он гэхэд хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангая гэж зорьж байгаа. Хүлэмжийн аж ахуйг өрх бүрд буй болгох зорилттой Ерөнхийлөгчийн зарлиг гармаар байна.
Нэгдүгээрт, ард иргэдээ үүрэгжүүлье. Хоёрдугаарт, төрөөс дэмжээд өгье. Яг хийж хэрэгжүүлээд аж ахуйгаа үлгэр жишээ авч явж буй өрх айлаа урамшуулъя. Манай холбооны зүгээс урамшууллын энэ системээ эхний байдлаар буй болгочихсон. Бид иргэдийн дунд болзолт уралдаан зарласан. Тухайн жилийнхээ ажлаар үнэхээр шилдэг нь байж, зөвхөн өөрийн аж ахуйгаас гадна бусад олон өрхөд зааварчилгаа өгч, хүлэмжтэй болгоход нь аргазүйн дэмжлэг туслалцаа үзүүлсэн тийм хүмүүсийг Хөвсгөлийн хамгийн тансаг зэрэглэлийн амралтын газар амраахаар болсон. Цаашид Байгаль нуурын аялалд мөн явуулах зэрэг урамшууллын олон арга хэлбэрийг буй болгоно.
-Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа аврахад ямар асуудал дээр түлхүү анхаарах хэрэгтэй вэ?
-Эко гэж бид их ярьдаг. Эрүүл хүнсээр иргэдээ хангамаар байна. Тэгэхийн тулд дараах гурван асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, Монгол Улс 70 сая малтай. Харамсалтай нь энэ жил бүх аймагт шүлхий гарлаа. Энэ бол хариуцаж буй албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Урьд нь гардаг л байсан. Тэр даруй нь арга хэмжээ аваад тогтоогоод авдаг байлаа. Одоо малаа эхний ээлжинд эрүүлжүүлэх ёстой. Ингэснээр эрүүл мах идэх боломжтой болно. Хоёрдугаарт нь гурил. Энэ бол стратегийн бүтээгдэхүүн.
Дэлхийн улаанбуудайн экспортын 60 хувийг гаргадаг ОХУ, Украин хоёр мөргөлдөөд эхэлсэн. Юун улаанбуудай экспортлох байтугай өлсгөлөнгийн аюул нүүрлэх тийм нөхцөл байдал үүсэж байна. Би Засгийн газрын Шадар сайд байхад хүнсний нөөцийн асуудлыг шууд хариуцдаг байсан. Хүнсний нөөц дээр онцгой анхаарах хэрэгтэй. ОХУ экспортоо зогсоосон. Тийм учраас манай улс гурилынхаа тариалалт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Гурав дахь гол хүчин зүйл нь хүнсний ногоо.
Энэ гурван гол түүхий эд дээр Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын бүтэц бүрдэнэ гэж ойлгож болно. Энэ дундаас монгол хүний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөө үзүүлж буй зүйл нь урд хөршөөс орж ирж буй ногоо. Би түрүүн хэлсэн, манайд Ухань, Шандун мужаас буюу хамгийн аюултай бордоотой газраас хүнсний ногоо орж ирдэг. Өнөөдөр Монгол Улсын дөрвөн мянга гаруй иргэд ганцхан жилийн дотор хорт хавдраар хорвоог орхиж байгаа дүн мэдээ бий. Хүнсний аюулгүй байдал ийм л гамшгийн хэмжээнд хүрчихээд байна.
-Хуванцар хог хаягдал, хүлэмжийн аж ахуйн талаар нэлээд дэлгэрэнгүй ярилаа. Одоо танай холбооны дараагийн нэг чухал зорилт болох хүнд суртал авлигагүй нийгмийн төлөөх ажлынхаа талаар дурдаач?
-Намайг татварын дарга байхад 100 гаруй мянган аж ахуй нэгж байсан. Өдгөө жаахан хасагдаж, нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ олон баялаг бүтээгчдийн татвар төсөвт төвлөрдөг. Тэр төсөв дээр хяналт тогтоох хэрэгтэй. Төсвийн хөрөнгийн шударга зарцуулалтад олон нийтийн оролцоог сайжруулах шаардлагатай.
-Уг нь Шилэн дансны хууль энэ тэр баталсан байдаг?
-Шилэн дансны хууль шал худлаа зүйл болсон. Тэр хууль хэрэгжсэн бол юу гэж Хөгжлийн банк шиг юм болох вэ дээ. ЖДҮ шиг асуудал гарах вэ дээ. Угаасаа төрийн албан хаагч хүн хөнгөлөлттэй зээл авч болохгүй. Төр цалинг нь хангалттай өгөх ёстой.
-Улс төрд та цөөнгүй жил явсан хүн. Энэ хугацаандаа та зээл аваагүй гэж үү?
-Нэг ч тендер, хөнгөлөлттэй зээл би авч байгаагүй. Яагаад гэвэл, хүний хэрэглээ маш бага, энгийн. Тийм их хөрөнгө мөнгө амьдралд шаардлаггүй. Манай гэр бүлийн гишүүд ч төрд ажилладаггүй.
-Итгэхэд бэрх л юм. Улстөрчдийг их хэмжээний хөрөнгөтэй хүмүүс л байдаг гэж ойлгодог?
-Миний хувьд зээл, тендер хөөцөлдөж явсангүй. Харин бизнес хийж үзсэн. Талх чихэр ХК-ийг босголцож, захирлаар нь ажиллаж явлаа. Би төрд ажилласан цагаасаа хойш нэг л зүйлийг хатуу баримтлах зарчмаа гэж боддог болсон. Төр, бизнес хоёрыг салгах ёстой. Энэ бол амин чухал зарчим шүү. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд аа, “Төрийн албан хаагч болсон л бол хоёргүй сэтгэлээр төрдөө л ажиллах тэр зарчмыг алба хаагч нартаа мөрдүүлээрэй” гэж шууд хандаж хэлмээр байна.
-Төгсгөлийн асуултыг танд үлдээе?
-Бид мөрөөдөөгүй. Хийж байгаа ажлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх зорилтоо ярьж байгаа юм. Гурван жилийн дотор Монголын хүнсний ногооны асуудлыг шийдье, хуванцар хог хаягдлаа дахин боловсруулъя, авлигыг халъя, төсвийн зарцуулалтад ард түмний хяналтыг тогтооё гэсэн үндсэн зорилтуудад хамаарах цогц ажлыг хийж хэрэгжүүлэхэд манай холбоо ханцуй шамлан орсон. Зорилго нэгтэй төрийн түшээд, аж ахуй нэгж, хувь хүн та бүхэнтэй олон талаар хамтран ажиллахад бэлэн. Цаашид 21 аймаг, бүх сумдаар явж, үйл ажиллагаагаа өргөн цар хүрээнд жишиг ажил болгох чиглэлд чармайх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )