Шадар сайд С.Амарсайхан: Би дундын зооны хүн

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай уулзаж ярилцлаа. Шадар сайдаар цаг үеийн нөхцөл байдал, засгийн шийдвэр тогтоол, цар тахлын үед хэрэгжүүлсэн ажлынх нь талаар тайлбарлуулахыг хүссэнгүй. Харин түүний улстөрч гэх тавцан, өнцөг, тайлбарууд илүү сонирхол татаж байсан тул асуултынхаа жолоог тэр чигт хандуулсан билээ.


-Таныг би бооцоондоо хожсон хүн гэж тодорхойлохыг хүсч байна. Та санал нийлэх болов уу?

-Яагаад тэгж дүгнэж байгааг тань эхлээд сонсож байгаад л болъё. (инээв)

-Та улс төрд богино хугацаанд амжилттай карьер хийсэн хүн шүү дээ. Үүний шалтгаан нь талаа зөв сонгож, тоглоомоор бол бооцоогоо их зөв тавьсан улстөрч шиг санагддаг?

-Улс төрд орсноос хойш харьцангуй богино хугацаанд төрийн өндөр албан тушаал хашиж яваа минь зарчим барьж явсантай холбоотой байх. Тэр нь хувирч өөрчлөгдөөд байдаггүй, үзэл бодол нийлсэн зөв нөхөдтэйгээ цул болж явж чаддаг, аливаа зүйлд ноён нуруугаа алдахгүй байхыг хичээдэг, зөвхөн өнөөдрөө харсан, өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй гэсэн агуулгаар биш, зарчим дээр хатуу зогсдог учраас тэр нь илүү нөлөөлдөг байж магадгүй. Бүтээлч, эрүүл, хурдтай, бодитой хандахыг хичээдэг дээ.

-Анх та нам дотроо М.Энхболд тэргүүтэй хотын фракцынхантай үзэлцэж байж гарч ирсэн. Энэ тухай л яриад байгаа юм л даа? 

-Тэр бол нэлээн хожуугийн хэрэг. Түүнээс өмнө ч би улс төрд өөрийнхөө зарчмыг зарлаад явж байсан.

-НИТХ-ын төлөөлөгч байхаасаа л уу?

-Тэрнээс ч өмнө буюу 1990-ээд оны сүүлчээр тухайн үеийн нийгмийн байдлын талаарх өөрийн үзэл бодол, зарчмаа сонинд хэдэнтээ бичиж байсан удаатай. Тэр үзэл бодол, итгэл үнэмшил минь яван явсаар улс төр рүү чиглэсэн. Тэгээд төрж өссөн дүүргээ өөрчилье, хөгжүүлье гэж анх 2012 онд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэрээ дэвшүүлээд сонгогдож байлаа. Тэгэхэд нийслэл дээр МАН цөөнх байсан. Энэ үеэс л улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тухайн үед МАН-ын 11 төлөөлөгч бүгдээрээ цагдаад эрүү үүсгэгдчихсэн л явдаг байлаа. Цагдаагийн байгууллагаас толгой дараалан дуудаж байцаагаад л. Бид 2016 оны орон нутгийн сонгуульд МАН нийслэлд ялах бүх нөхцөлийг хангахын тулд сайн, муу зүйлтэй их ч нүүр тулсан даа. 

-Үнэхээр МАН-ын 2016 оноос хойших ялалтууд нийслэлээс үүсгэлтэй гэдэг шүү. Нийслэл дээр ард түмний итгэл эргэх үйл явц яг яаж өрнөсөн юм бэ?

-Өөрчлөлт анх Нийслэлээс эхэлсэн. Гол цэг нь 2016 он. Шуудхан хэлэхэд, эхлүүлсэн хүмүүсийнх нь тэргүүнд би өөрөө байсан. 2016 оны сонгуулийн дараа Су.Батболд хотын дарга, Ц.Сандуй нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болно гээд ороод ирсэн. Тухайн үед цөөнх болж, нийслэлийн иргэдийн ажил амьдрал бодлого шийдвэрийн асуудлыг бүтэн дөрвөн жил хөндөж, намаа нийслэлд ялах боломж бүрдүүлсэн нөхдүүдээс нэг ч хүнийг удирдлагын багтаа авч ажиллуулаагүй. Хоёрт, шууд төрийн албыг наймаалцаж эхэлсэн. Ц.Сандуйгийн 60 тэрбумын асуудал гарч ирсэн.

Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болоход М.Энхболд нэр дэвшсэн. Мөнгөөр зодож, сонгуульд ялахыг санаархаад унасан. Миний хамгийн дургүй хүргэсэн, нийслэл дээр хамгийн их асуудал хөндөх шалтгаан болсон зүйл нь энэ л дээ. Мөнгөөр бүхнийг шийдэж болно гэж муйхарласан. Ийм байдлаар явж болохгүй. Бид өөрчлөх цаг болсон. Энэ маягаар явбал мөнгөний улс төр, наймааны улс орон болох нь тодорхой байсан. Тэгээд л би шийдвэрээ гаргаж, хэдэн нөхдүүдээ цуглуулаад гарын үсэг зуруулсан. НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах, түүний дараа Су.Батболдыг огцруулах ажил тэгэж л эхэлсэн.

-Таны зорилго Ц.Сандуйг л хурлын даргаас авч хаях байсан уу, эсвэл хотын фракцтай ер нь үзэлцээд туулаад гаръя гэж шийдсэн юм уу?

-Улс төрд явж байгаа бол явсан шиг явъя, эцсийг нь үзье л гэж шийдсэн дээ. Тухайн үед Ж.Мөнхбат, Су.Батболд, М.Энхболд нарт хэлж л байсан. “Наад Сандуйтайгаа хариуцлага тооц. Тэгэхгүй бол та нарыг наад нөхөр чинь татаж унагана шүү. Сандуй руу асуудал орвол засаг руу чинь асуудал орно шүү. Үүнийгээ маш сайн мэдэж байгаа биз” гэж хэлж, анхааруулж байсан. Хэн нь ч тоогоогүй байхгүй юу. Хэт эрэмгий, бардам байсан л даа.

-Хэрвээ Ц.Сандуйтайгаа хариуцлага тооцчихсон бол хотын фракцын асуудал тэгээд намжчих байсан гэсэн үг үү?

-Эхэлж Ц.Сандуйг унагахгүйгээр хотын фракцыг задлах арга байгаагүй. Хотын фракц чинь үнэндээ хотын мафи болчихсон байсан шүү дээ. Газрын наймаа, зөвшөөрлийн наймаа, дэд бүтцийг улсын төсвөөр зүгээр эзэнгүй тал руу татчихдаг, Улаанбаатар хотын төвийн замаа шийдээгүй байж эзэнгүй газар дээгүүр Дүнжингараваас Амгалан хүртэл дөрвөн урсгалтай зам тавьсан. Энэ бол “Мон уран”-ы Б.Наранхүүд хийж өгсөн ажил. Одоо хүртэл айл өрх суурьшаагүй. Тэрнийг дагаад Наранхүү 160 га газар авчихсан, нэг ч төлбөр төлдөггүй. Би сүүлд хотын дарга байхдаа бүгдийг цуцална гэж байж 5 га газрыг авч, 26 хорооны хүүхдүүдийн цэцэрлэг сургуулийг барьж байлаа.

Мөн хаа хамаагүй хүй долоон худаг, уяачдын гал руу хэдэн арван тэрбумаар тог цахилгаан татдаг. Төв талбайн өмнөх газраасаа эхлээд бүгдийг зараад, 10 сая ам.долларын барьцаанд тавьчихсан. Тийм л байсан. Үнэхээр дур зоргоороо аашилж байлаа шүү дээ. Бүр зохион байгуулалттай, улс төр, бизнесийн бүлэглэл бий болчихсон. Эрдэнэт үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, орд газрууд гээд Монголд өнгөтэй өөдтэй бүхнийг хулгайлаад, хувьчлаад авчихсан. Нэмээд IV цахилгаан станц, Үндэсний радио телевизийг хүртэл хувьчилж авна гээд бүх баримт бичгийг нь бэлдчихсэн байсан. Үүнийг задлахгүй өнөөдрийг хүртэл явсан бол ямар ч хууль яриад, шударга ёс гэж яриад нэмэргүй. Мафийн сүлжээнд орчихсон ийм л улс болсон байсан.

-Та тэгээд ийм мафийн эсрэг тэм­цэхээс эмээгээгүй юү? Элдэв дарамт шахалт, сүрдүүлэг ирэхээс айгаагүй гэж үү?

-Тэгэж явахад зөндөө л дарамтууд ирдэг байсан. “Нэрээ тат, амьдралаа бод, бизнесээ бод, дараа нь чи хэцүү юманд унана шүү, амьдралгүй болно шүү” гэж нэр татуулах гэж нэлээн ч оролдсон. “Хууль хүчний байгууллага ч энэ талдаа байна, баларна шүү, дуусна шүү” л гэдэг байсан. Бүх шүүх, хүчний байгууллагыг тэр хүмүүс атгаж байсан, түүгээрээ ч далайлгах гэж үзсэн. НИТХ-ын даргаар сонгогдсоны дараа ч амар байлгаагүй.

-Аз болж та ялсан талд байж таарсан. Хэрвээ тухайн үед ялж чадаагүй бол ямар эрсдэл үүрэх байсан бол оо?

-2017 онд тэр үйл явдлыг хийгээгүй, үр дүн гараагүй бол улс орон жинхэнэ мафиудын гарт орчихсон, араас нь хэн ч юу ч хийж чадахгүй нөхцөл байдалд байсан. Тагнуул араас нь очиж бизнесүүдийг дээрэмддэг, нөхрийг нь шоронд хийчихээд авгайг нь очиж дарамталдаг, ийм айхтар юм руу орчихсон байлаа. Газрын тухай мэдээллийг нь авч байгаад л очиж “Талыг нь өг, өгөхгүй бол цуцална” гэдэг нарийн схемтэй. Эдний сүлжээ Налайхын уурхайгаас эхэлсэн. Ямар том уурхай байлаа. Монгол Улсыг бүтэн 70 жил тэжээсэн уурхайг эд бад хийсэн. Балгас болгоод хаячихсан нөхдүүд. Тэдний аваагүй газар, гар дүрээгүй бизнес гэж байхгүй.

-Хотын фракцтай эхлүүлсэн тэмцлийн автор гэж олон хүний нэр яригддаг. Д.Сумъяа­базар, Д.Амарбаясгалан гээд л. Галын шугам дээр яг хэн байсан юм бэ? 

-Би үүнийг нэг их ярьдаггүй юм. Д.Сумъяа­базар бол Ц.Сандуй нарыг огцруулах гээд явж байхад хол байсан. Хотын фракцын эсрэг тэмцэхэд хүчин зүтгэсэн олон хүн байдаг юм. Мэдээж нэг хүн энэ бүхнийг хийх, тэгээд амжилтад хүрэх боломжгүй шүү дээ.

-Д.Сумъяабазарын хувьд сүүлд ирж галын дэмжлэг үзүүлсэн гэсэн үг үү?

-Тэгсэн.

-Нэг зүйлийг их гайхаж байна. Бизнесмэн хүн улс төрд орохдоо тэмцэгч дүрээс аль болох зайлсхийдэг. Тэд илүү төвийг сахиад сууж байвал шулуухан хэлэхэд аминд нь өлзийтэй. Гэтэл та тухайн үед тэр том эрх мэдэлтэй, хүчтэй байсан тогтолцооны эсрэг нүүдэл хийсэн. Энэ нь таны өдий болтол босгосон бизнесээ алдахад хүргэсэн бол яах вэ? Эсвэл та ялна гэдгээ яг таг мэдэж байсан юм уу?

-Надад нэг их алдах юм байгаагүй. Сайндаа л бизнес, аж ахуйг элдэв янзаар дарамталж, худлаа хэрэг тохох байсан биз.

-Та үнэхээр алдах юмгүй хүн гэж үү?

-Алдах юм байхгүй гэхэд ч хаашаа юм. Гэхдээ хилсээр аваачиж хэрэгт хийдэггүй л юм бол хууль зөрчсөн, хулгай хийсэн юм надад байхгүй. Ухвал банкны зээл л гарч ирнэ. Арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл аваад буцааж төлдөг бизнесийн зарчмаар л яваа. Гэхдээ алдах юмтай гээд хувиа бодоод “Би болж байна” гээд явах шиг амар юм байхгүй. Тэгэхдээ тулбал улс төрд яваад ч яах юм. Гэртээ гэдсээ илээд хэвтэж байсан нь дээр шүү дээ. Асуудал шийднэ, ажил хийнэ гэж сонгогдчихоод, эдэнтэй халаас нэгдэх, эсвэл нүдэн балай чихэн дүлий явах нь утгагүй.

-Танаас гадна таны ах дүүгийн бизнесүүд бас бий шүү дээ. Таны шийдвэрээс болж эрсдэл үүрч болзошгүй гээд тэр хүмүүсийн зүгээс хориглох, болгоомжлох байдал гаргаж байсан уу? 

-Нэг ч удаа хориглож байгаагүй. Манайхан бие биенийхээ ажил хэрэгт оролцоод байдаггүй. Гэр бүлийн хүрээнд зөвлөлдөх юм байна. Би улс төрийн үйл ажиллагаагаа ах дүүгээс, найз нөхдөөс хамааралгүйгээр нийтлэг эрх ашгаа харж явдаг. Улс төрд том агуулгыг хардаг. Би улс төрд ч, бизнест ч тэр, харьцангуй бие даасан шийдвэр гаргасаар ирсэн.

-Цэвэр бизнесээ хөөгөөд явж байхад төрийн дарамт, албан тушаалтнуудын шахалттай хэр тулгардаг байв. Магадгүй түүнээс үүдэж, улс төрд орох хэрэгтэй юм байна гэж бодсон тал бий юу?

-Ер нь өөрчлөлт шинэчлэлт хийе л гэж бодсон. Нөгөө талд бид үр хүүхэддээ сайн сайхан нийгэм үлдээж өгөх үүрэгтэй. Би төрийн дарамтаар яваад ажил, амьдрал өчнөөн юмаараа хохирчихсон хүн шүү дээ. Тийм зовлонг би өөр олон хүнд амсуулмааргүй байна. Төрийн шахалт дарамт дунд явсаар цөхөрсөн хүмүүсийн нурууг нь тэнийлгэе л дээ. Ижил тэгш нөхцөл л өгөх ёстой.

-Та тэгэхээр улс төрд орохоосоо өмнө шударга бус байдалтай өчнөөн нүүр тулгарсан байх нь ээ?

-Гэхдээ би төрийн ямар ч дэмжлэггүйгээр, төсвийн ямар ч хөрөнгө хумслахгүйгээр, нэг ч тендер авахгүйгээр унаж босч, амьдралын хар бор, хатуу ширүүн зах зээлд гэр бүл, ах дүүгээрээ аль 1990-ээд оноос эхлээд хууль журмын хүрээнд, бүх л нөөц бололцоогоо дайчилж бизнесээ босгосон. Төрийн дарамт, албан тушаалтнуудын дарамтан дор л босч ирсэн. Нефтийн үйлдвэрийг 1995 оноос судалж, 2000 онд эхлүүлэхээр хил дээр бүх тоног төхөөрөмжөө аваад ирчихсэн байхад л Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа хилээр нефтийн тоног төхөөрөмж оруулж ирэхийг хориглочихсон. Тухайн үеийн “Петровис” гэх нефтийн компанийн лоббигоор дотооддоо нефтийн үйлдвэр бариулахгүй гэж 450 сая долларын хөрөнгө оруулалтыг царцааж, тэр том төслийг үгүй хийж байсан. Тэгээгүй бол жилд 1 сая 500 мянган тонн шатахуун үйлдвэрлэх үйлдвэр аль эрт босчих байлаа шүү дээ.

Дараа нь технологийн салбарт үйл ажиллагаа явуулах гэтэл 30 сая ам.доллараар 2007 онд шатааж байсан. Хамгийн анх IPTV гэдгийг чинь манай компани 2005 онд оруулж ирж байсан. Гэтэл “Юнител”-ийг оруулж ирэхийн тулд манай төслийг арчиж хаясан. Бүх сүлжээгээ Улаанбаатар хот даяар татчихсан байхад зөвшөөрлийг нь цуцалсан даа. Тийм учраас одоо ямар ч эрсдэлтэй тулгарсан нэг их айхтар айж бэргээд байх зүйлгүй. Үзэхээ үзчихсэн, туулахаа туулчихсан.

-Улс төрд орж, эрх мэдэлд хүрснээс тань хойш танд ийм шударга бус байдал тохиолдохгүй байгаа байлгүй?

-Ямар өнгө аясаар асууж байгааг чинь ойлгож байна. Би түрүүнд хэлсэн дээ. Магадгүй би улс төрд ороод, хувиа бодсон бол тал засаад л, далд тендер аваад л, ил магтан дуулаад явах сонголт байсан. Мэдээж бизнес хийж байна гээд бизнесийн эсрэг явж болохгүй. Улс төрд ороод миний бизнес томорч ахиад байгаа юм байхгүй. Харин ч өмнөхөөсөө илүү суларч байгаа.

-Улс төрд орсноор зарим бизнесийн боломжоос гараа татаж байгаа гэж ойлговол зөв үү?

-Тийм. Миний ямар нэг хувь үйлдэл улс төрийн албан тушаалаа ашигласан болох гээд байдаг. Бусад хүн болохоор эрхээ эдэлсэн болдог, миний гэр бүл бол эрхээ хэтрүүлсэн болох гээд байдаг. Гэхдээ хамгийн гол нь нэг л юм бий. Хуулийн хүрээнд бизнесээ хийж, үйл ажиллагаа эрхлэх нь бүгдэд адил, эн тэнцүү л байх ёстой. Эрх мэдэлтэн давуу эрх эдэлдэггүй л байх нь хамгийн чухал. Гэтэл бизнес хийж байгаа нэртэй, цаагуур нь луйвар, тонуулын схем хийчихсэн нөхдүүдтэй тэмцэхээс өөр аргагүй.

Жишээ нь, би энэ “Зайсан скуэр” гэх барилгыг барихын тулд “Голомт” банкнаас 60 тэрбумын зээл аваад, хүүнд нь 90 тэрбум төгрөг төлөөд явж байгаа хүн. Жилийн 22 хувийн хүү төлдөг. Магадгүй би улс төрийн нөлөө, найз нөхөд, танил талаа ашиглаад явсан бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, эсвэл Хөгжлийн банкнаас зээл авах боломжууд зөндөө л байсан. Үүнтэй адилхан хуруу хумсаа хугалах нь холгүй, өдөр шөнөгүй нойроо хугаслаад, төрийн дарамт шахалт дор бизнесээ эрхлээд, татвар, хүүгээ төлөөд явж байгаа нь 99 хувь байхад тэнд 1 хувь нь сайхан банк нэртэй цэвэрхэн цагаан захтай бизнесийн ард хулгай луйвар, тонуул хийгээд сууж байна. Бидний 22 хувийн хүү төлөн байж хийж байгаа бизнес, ашгийг тэнд ямар ч бизнес хийхгүйгээр олж байна. Энэ чинь л шударга бус тогтолцоо. Хөгжлийн банкны зээлүүдийг л хар. Энгийн нэг иргэн байраа барьцаалаад зээл авах гэхээр баахан бичиг баримт нэхнэ, тэгээд хүү нь дийлдэхгүй. Гэтэл нөгөө нөхдүүд ямар ч барьцаагүй, төрийнх нь мөнгөөр төрийн өмчийг худалдаж авч луйварддаг, төрөөр баталгаа гаргуулчихаад эргэж төлдөггүй. Ийм л байдалтай байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Би өөрийгөө үүний тулд л улс төрд байгаа гэж боддог.

-Гэтэл таныг өнөө хүртэл эсрэгээр нь боддог хүмүүс олон шүү дээ. Өндөр албан тушаалд очоод өөрийн болоод ах дүүгийнхээ бизнесийг л дэмжиж суудаг гэж ярьдаг шүү?

-Өдөр шөнөгүй бизнесээ яаж үржүүлэх вэ гэж бодоод байвал болно л доо. Гэхдээ болохгүй. Би хувиа борлуулж, довоо шарлуулахыг хүссэн бол улс төр гэхгүйгээр чадчихна. Тэгээд ч би хувь хүн талаас, өөрийн жижиг эрх ашиг талаасаа асуудалд хандаад явдаг бол магадгүй энэ хүртэл явахгүй. Би өөрийгөө сорихоос буцаад байдаггүй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт орж шийдвэрлэхээс өөр аргагүй нийгмийн захиалгаас нүүр буруулах дургүй. Шүүмжлүүллээ гээд буцаад явчих хүн биш. Магадгүй тэгэх тусам эцсийг нь үзэх гэж явдаг. Юманд сэтгэлээсээ ханддаг. Төрийн ажлыг оромдоод додомдоод орхичихъё гэж хэзээ ч бодож байгаагүй. Асуудал хариуцаад авчихвал миний юм гээд сэтгэлээсээ өөриймсөг, хэт үнэн сэтгэлээсээ ханддаг.

-Ах нарын тань эрхэлдэг бизнестэй холбоотой олон л хэл ам байх юм. Тэр шүүмжлэлүүд ер нь хэр бодитой вэ?

-Шүүмжлэл, гүтгэлэг гээд хоёр төрөл байна. Гүтгэлэг нь 99 хувь шүү дээ.

-Таныг хотын дарга байхад ахын тань эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани хууль бус газар барилга барихаар завдаж, Туул голын бургасыг хусаж хаясан. Үүнд таны нөлөө байсан уу?

-Тэр компани манай ахын эзэмшилд байсан нь үнэн. Гэхдээ олон жилийн өмнө өөр хүмүүс аваад юм хийж байсан юм билээ. Би хотын дарга байхдаа харин ч үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргаж байсан шүү дээ. Одоо энэ “Зайсан скуэр”-ийн барилгыг мөн надтай холбоод шүүмжилдэг юм. Газар авсан нь үнэн, барилга барьсан нь үнэн. Гэхдээ энд сайхан орон сууц бариад зарах боломж байсан уу, байсан. Бас л цуцлах гээд сүрдүүлээд, гурван шатны шүүхээр явж байж авч үлдсэн газар. Архины шил, тамхины ишээр л дүүрчихсэн газар байсныг бид соёл, үйлчилгээний төв болголоо. Одоогоор овойж оцойтол ашиг олоод байгаа юм бол байхгүй.

-Та богино хугацаанд хотын даргаар ажиллаад амжсан хүн. Өөрийгөө хэр ажилласан гэж боддог вэ?

-Ер нь амаргүй байсан. Хотын даргаар нэг жил таван сарын хугацаанд ажилласан. Төсөв хөрөнгө байхгүй, дээр нь Монгол Улсыг 30 жил хордуулчихсан утаатай тэмцэх том сорилттой нүүр тулсан. Ажлаа аваад л шууд шахмал түлш рүү орсон. Сангийн яамнаас хотын төсвийг хасаад хаячихсан, төсвийн тодотгол хийж өгөхгүй ийм л үе таарсан. Миний үеийн хотын төсөв ердөө 30 тэрбум төгрөг байлаа шүү дээ. Хаанаа яаж хүргэх вэ гэж бодохоос гадна бас ганц ч гэсэн бүтээн байгуулалт хийчих юмсан гэж зүтгэсэн дээ. Оролцоогүй ажил ч байхгүй. Энэ нь ч МАН 2020 оны сонгуульд Улаанбаатар хотод ялалт байгуулахад хамгийн том үр нөлөөг авчирсан.

-Бүтээн байгуулалт нь юу байсан бэ? Төв талбайн урд талын усан сангаас гадна шүү?

-Хамгийн том ололт бол утааг бодитойгоор 50 хувь бууруулж чадсан. Хамгийн том жишиг гэвэл 21 километр дөрвөн урсгалтай замыг тавхан сарын дотор тавьж болдог юм байна гэдгийг харуулсан. Налайхын зам шүү дээ. Мөн маш олон тогтолцооны өөрчлөлтүүдийг хийсэн. Даргын ширээн дээр дарагддаг, мэргэжилтний ширээн дээр ирээд гар хүндрүүлэх хэрэгсэл болдог зөвшөөрлийг цэг­цэлсэн. 60 километр дугуйн замыг хийсэн...

-Танд яривал олон л хийсэн ажил байгаа байх аа. Миний хувьд сонирхож байгаагаа л яриаг тань тасдаад асуучихъя. Төв талбайн урд талын усан оргилуурыг барьснаараа та мөн ч их баалуулж билээ. Тэр яг оновчтой бүтээн байгуулалт мөн байсан уу?

-Усан оргилуур л гэж яриад байдаг юм. Уг нь ганц усан оргилуур ч биш. Гэрэлтүүлэг, зам талбай гээд нийтийн эзэмшлийн талбайгаа хамгаалж авч үлдсэн үйлдэл юм. Бүхэл бүтэн улсын төв талбай байна, олигтойхон 00 ч байхгүй, суух сандал ч байхгүй байсан. Үүний цаана энэ талбайг авч үлдэх гэсэн, дахиад хэн нэгэн нь ирээд савраа дүрчихгүй үлдээх гэсэн тийм л санаа байсан. Усан оргилууртаа асуудал биш.

-Та их олон газрыг нийтийн өмчлөлд буцааж авсан санагдаж байна. Мөнөөх хотын фракцынхантай хийсэн тэмцлийн л үргэлжлэл гэж ойлгож болох уу?

-Төр, олон нийтийн өмч эзэнтэй шүү гэдгийг л харуулж байгаа юм. Тэд бүр ард түмнийг мэдээгүй байхад төв талбайг нь авчихсан доогуур нь хэдэн давхар гарааш барина, өндөр барилга барина гэчихсэн явж байсан. Аль 2007 онд авчихсан байгаа юм. Тэгээд хойно нь хотын хөрөнгөөр машины зогсоол хийлгэчихээд, төлбөрийг нь нөхдүүд өөрсдөө авдаг байсан гээд бод доо. Маш том ашиг сонирхол, шунал явж байгаа биз дээ. Тэнд өндөр  байшин барина гэж байгаа юм, тийм хэмжээ хязгааргүй шунал байж болохгүй биз дээ.

-Танд хотын даргаар ажиллах хугацаа богинодоод, эхлүүлсэн мөртөө үр дүнгээ үзэж чадаагүй ажлууд бий юу?

-Газрыг цахим дуудлагаар худалддаг болох, бүх үйлчилгээгээ цахимжуулах ажлыг эхлүүлсэн, замын түгжрэлийг багасгах зорилгоор бүх уулзварыг цахим бүртгэлд оруулаад, дугаарын хязгаарлалтыг цагдаа зогсоогоод байхааргүйгээр зохион байгуулах ажлыг бас эхлүүлсэн. Улаанбаатар хотын судалгааны институтыг байгуулсан. Орчны аюулгүй байдал, хяналт зохицуулалтын газрыг байгуулж, нэлээн ажлууд хийсэн. Дээр нь нийтийн тээврийн шинэчлэл, одоогийн хотын даргын яриад байгаа хөнгөн галт тэрэг гэдгийг бүх ТЭЗҮ-ийг нь хийгээд өгсөн.

-Таны яриад байсан дүүжин тээвэр юу болсон бэ?

-Хотын дарга болоод дүүжин тээвэрт зориулж, 40 жилийн хугацаатай, 0.02 хувийн хүүтэй 60 сая еврогийн зээлийг Францаас оруулж ирэхээр тохиролцсон. Эхлүүлэх дээрээ тулсан байсан ажлыг сүүлд маршрутыг нь өөрчилнө энэ тэр гэж удаашруулаад явчихсан.

-Дүүжин тээвэр явуулахаа бүр больсон гэж ойлгосон шүү дээ. Үгүй юм уу?

-Болиогүй. Одоо явуулна л гэж байна. Уг нь дүүжин тээвэр бол хамгийн бодитой ажил. Би Д.Сумъяабазарт хэлээд л байгаа. Наадах чинь хүссэн хүсээгүй хэрэгжих ёстой ажил аа гэж. Амарсайхан эхлүүлсэн учраас Сумъяабазар хийхгүй гэж ярьж болохгүй шүү дээ. Дарга удирдлагуудын хооронд доогуур, дээгүүр нь хүмүүс бас их будилуулдаг юм шиг байгаа юм. Ямар ч байсан Засаг дээр хэд хэд ярьж байж хийхээр болсон.

-Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд та Шадар сайд, УОК-ын даргаар ажиллалаа. Тэргүүн фронтод ажилласан хүний хувьд хүнд сорилт байв уу?

-Ковид бол манайд маш том сорил, хүндрэл байлаа. Яалт ч үгүй хотын даргаар ажиллаж байсан туршлага л авч гарсан. Эрүүл мэндийн салбарт системийн өөрчлөлт хийлээ. Эрүүл мэндийн салбарын чадавх өөрөө сул, сайд нь шинэ, улс төрийн туршлага байхгүй, салбар хоорондын уялдааг хангах боломж хомс байсан учраас бүх ажилд өөрөө дайрч орохоос өөр аргагүй. Гаргасан шийдвэр газар дээрээ бүрэн гүйцэд хэрэгждэг байх тал дээр анхаарч ажилласан. Манайх чинь дунд, доод шатанд очоод ажил унадаг, эзэнгүй болоод алга болдог.

Хамгийн анх ажил аваад ойлгосон зүйл бол халдварын эмчилгээ ХӨСҮТ дээр төвлөрөхгүй, цаашаа задрах юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд гэрээр эмчилдэг журам гаргаж, зөвхөн ХӨСҮТ дээр эмчилдгийг болиулсан. Хөдөө орон нутгаас эхлээд Өрхийн эмнэлэг дээр хүртэл эмчилгээний эмнэл зүйн баг гаргасан. Бүхэл бүтэн нэг жил Ковидтой зууралдчихаад нэг ч аймаг ковидоо авч чаддаггүй, хавьтаж чаддаггүй, араас нь хөөж тууж байгаад ХӨСҮТ рүү явуулдаг, сумын эмч нь оношлогоо хийж чадахгүй, ариутгалаа хийж чадахгүй ийм байсан. Одоо тийм юм байхгүй сумандаа эмчил гэж байж эмчилдэг болсон. Тэгээгүй бол Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй сүйрэх байсан.

-Тантай цар тахалтай тэмцсэн үеийн шийдвэр, шийдэл бүрийн тухай ярилцаж амжихгүй учраас товчлоё. Ковидын ид тархалтын үед УОК-оос хэрэгжүүлсэн зарим ажлыг хүмүүс маш их шүүмжилсэн. Үргүй зардал болсон олон ажил байсан. Та харин үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би хувьдаа алдаатай шийдвэр гаргасан гэж бодохгүй байгаа. Мэдээж их, бага хэмжээний үр дүнгийн асуудал байсан. Хамгийн их алдаа гүйцэтгэл дээр гарсан. УОК дээр гарсан шийдвэр Аймаг, Нийслэлийн онцгой комисс дээр очоод, шал өөр болоод явчихдаг. Гэрээр эмчилж болно оо гээд журам гаргахаар тэнд очоод болохгүй ээ гэх жишээтэй. УОК-ын алдаа мэтээр харагдаад байсан болохоос биш, шийдвэрүүд үргэлж зөв байсан. Шийдвэрийг гүйцэтгэлээр хангаагүйгээс л алдаа гарч байсан. Зайлшгүй гэж үзсэн үедээ хөл хорио тогтоож, боломжтой гэсэн үедээ хөл хориог суллаж байсан. Тэгэхгүй бол нийгэм, ард иргэдийн стрессийг дийлэхгүй, тогтоож чадахгүй болох байсан байхгүй юу. Өвчнөөсөө илүү магадгүй сэтгэлзүйн асуудал, стресс нь иргэдэд хүнд тусах байсан.

-“Хөл хорино, хорихгүй” гэх мэт УОК-ын эргэж буцсан шийдвэрүүд хувь С.Амарсайхан гэх улстөрчийг очиж тусахдаа “Хэт бөөрөнхий, тодорхой бус” гэх имижийг олон нийтэд өгөөд байсан байж болох уу?

-Айхтар эргэж буцаад байсан юм бол бага. Ковид өөрөө маш их хувирамтгай, түүнийг дагаад нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байсан. УОК-ын шийдвэрүүд эргэж буцсан гэхээсээ илүү, ковидын таашгүй хувирамтгай байдалтай уял­дуулж гарч байсан. Тэр нь иргэдэд эргэж буцаж байгаа мэт харагдуулсан байхыг үгүйсгэхгүй. Өнөөдөр буруу гэж ойлгогдож байгаа ч алсдаа хэрэгтэй, зөв байх шийд­вэрүүдийг л гаргаж ирсэн.

Эрүүл мэндийн яамнаас бол өдөр бүр хөл хорио тогтооё гэсэн санал орж ирдэг байсан шүү дээ. Тийм үед сөрөөд бид зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бид нээгээд л явсан. Аж ахуйн нэгжүүдээ нээдэг ямар тэнэг юм бэ, халдвараа тавиад туучихлаа гээд нөгөө талд шүүмжилж байлаа. Тэгэхгүй би гарсан шийдвэртээ үнэнч байна, миний шийдвэр буцах ёсгүй гээд байж болохгүй шүү дээ.

-Тухайн үед УОК, НОК хоёр хоорондоо зөрчилдөх, нэгнийхээ шийдвэрийг үл зөвшөөрөх байдал илт байсан. Үүний цаана ямар нэг улс төрийн зөрчил байсан юм уу?

-Тэр үед аливаа галыг өөр дээрээ авахаас зайлсхийх хандлага мэр сэр байсныг үгүйсгэхгүй. “Наад шийдвэрээ энд гаргаад хэрэггүй. НОК руу өг” гэх УОК-ын гишүүн ч байсан. Нийгмийн сүлжээнээс айсандаа, ямар нэг гал ирэхээс эмээсэндээ тэр шүү дээ. Дээрээс нь УОК Ковидтой тэмцэж чадахгүй байгаа юм шиг харагдуулах зохион байгуулалттай юм ч явсан. Манай намын дотроос ч тийм зүйл хийж байсан хүмүүс байдаг.

-Тэр үед таныг Шадар сайдаас огцруулах тухай дуулддаг байлаа. Засаг дээр яг бодитойгоор яригдаж байсан уу?

-Миний л хэлсэн шиг улс төрийн явуулгууд л байсан. Бодитойгоор нэг ч яригдаагүй.

-Та зарим өөрт ирэх дайралт, илэрхий сөргөлдөх байдлын эсрэг хүлцэнгүй хандсан, хэт зөөлдсөн тал бий юу?

-Бий бий. Хүнд цаг үе байсан л даа. Тийм үед би хатуу байна гэвэл бүх шатны нөхдүүдтэй муудалцах, дээрээс нь хагаралдах л асуудал руу орно. Ковидын стресс дээр дахиад улс төрийн хагарал авчрах уу, засаг төрийн бодлогын хагарал авчрах уу гээд бодох зүйлүүд бий. Урт хугацаанд гарах үр дүнгээ хараад л урагшаа явах нь зөв байсан.

-Өмнөх Шадар сайдуудтай харьцуулахад та УОК-ын дарга гэдгээрээ илүү өргөн эрх мэдэлтэй. Илүү эрх мэдэлтэй гэж мэдэрч ажиллав уу, эсвэл илүү ачаалал гэдэг талаас нь харав уу?

-Миний нэг дутагдалтай тал бий. Дарга албан тушаалтан гээд өөрийгөө өргөмжлөөд байдаггүй. Тэр нь сул, зөөлөн болж харагдаад байж магадгүй. Би ажил, шийдэл, зарчим бодож л ажилладаг. Гэхдээ зэвүү, дургүй хоёр зэрэг хүрдэг зүйл бол хийчихсэн юм шиг дүр эсгэдэг, хийхгүй хоосон яриад байдаг нөхдүүдийг харахаар өөрийн эрхгүй дүрэлзчих гээд байдаг тал бий.

-Та өнгөрсөн хоёр жилд өөрийгөө улстөрчийн хувьд харуулах, “тодрох” хамгийн их боломжийг авсан улстөрч. Гэхдээ энэ боломжоо ашиглаж чадаагүй хүн нь бас та л даа?

-Үнэн. Би өөрийгөө жаахан дөвийлгөе гэсэн бол надад боломж байсан. Улс төрийн лобби, пиар хийгээд л яваад байх боломж байсан. Тэрэн шиг амархан юм байгаагүй. Гэхдээ тэгж хандах шиг харамсалтай юм байхгүй. Хариуцлагатай албан тушаал дээр оччихоод хэлбэрдээд л, цаг нөхцөөгөөд л яваад байх шиг муухай юм байхгүй. Тэгсэн хэрнээ хэвлэлээр гарч ирж сайхан “буудчихаад” алга болдог хүмүүс олон бий шүү. Хамгийн их махарч явсан л даа. Заримдаа боддог юм. Хотын дарга болоод шахмал түлш гэж хэдэн арван жил яриад шийдээгүй утаатай нь зууралдаад, засаг дээр очоод 100 жилд тохиолдоогүй ковидтой нь зууралдаад явчихдаг. Ёстой Жавхлангийн хэлдгээр тавилан юм даа. (инээв).

-Та улс төрд аль хүртэл явна гэж боддог вэ?

-Нэгэнт улс төрд орсон л бол дуустал нь явахаас аргагүй. Эргэж буцах юм байхгүй. Бизнесээ хийгээд явах бол илүү амар хялбар. Амиа бодвол тэрэн шиг амархан юм байхгүй л дээ. Гэхдээ бид эргэж буцаад л, хэлсэн үгнээсээ буцаад байвал ухарч зугатаад л байх юм бол цаашаа улс орныг чинь хүнд хэцүү цагт авч хүн олдохгүй болно. Манайд нэг буруу жишиг, ойлголт тогтчихов уу даа гэж бодогддог. Тэр нь зөв юм ярьсан, хийсэн, эрүүл саруул сэтгэхүйгээр асуудалд хандаж яваа хүнийг эхнээс нь мохоодог, гүтгэдэг, доромжилдог, явуулга хийдэг, бүлэглэн шахдаг. Бүр цаашлаад ах дүү, амраг саднаар нь оролдоно. Ер нь л дарж авах гэж бүх талаар үзнэ. Ийм юмтай эвлэрч, эсвэл бууж өгч болохгүй. Ямар ч байсан би улс оронд өнгө мөнгөний буруу жишиг тогтохоос, хүчгүй нь дорой, хүчтэй нь аархаж явдаг үзэгдэл бий болохыг хазаарлаж чадсан л гэж боддог. Монгол төр, цаашид төрт ёс төлөвшиж, цэгцтэй журамтай байхад дуу хоолой болж яваа.

-Шулуухан асууя. Таныг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хүн гэдэг. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Тэрний хүн гэхээсээ илүүтэй, ер нь улс төр, ажил амьдралд өөрсдийн байр суурь, зорилго, үнэт зүйл, үзэл бодлоороо нийлчихсэн нөхдүүд. Бидний хооронд ямар нэг өгөө аваа, болзол байхгүй. Бид хэн нь ч үндсэндээ ямар ч албан тушаалгүй байхдаа буюу 2012 оноос НИТХ-д цөөнх байхдаа л хамт явсан. Бидний нэгддэг зүйл нь зарчим. Улс орны том зорилго, эрх ашиг дээр төвлөрч нэгддэг л дээ. Бид бол яах аргагүй зарчмынхаа төлөө хамтдаа улстөрийн тэмцэл эхлүүлсэн хүмүүс. Үүнийг цааш нь албан тушаал, эрх мэдлийн хязгаараар шугам татаж болохгүй ээ. Цаашид хайрцаглагдахгүйгээр нийтлэг асуудал дээрээ нэгдэж явна. Хэн нэгэн хайрцагт оруулах гээд ирвэл “Хайрцагт орохгүй ээ, хайрцагнаасаа гарч байгаад ярь” гэдэг ийм л улс. 

-Өнгөрсөн хугацаанд та хоёрын дундуур хор хутгах, алтан хошуу өргөх, ан цав үүсгэх санаархал бишгүй л явсан байх ёстой доо?

-Том эрх ашиг, үндэсний том зорилгын төлөө явж байгаа улс жижиг юманд автах нь бараг ховор л доо. Дундуур янз янзын “нохой, муурнууд” зөндөө гүйнэ ээ. Өнгөрсөн хугацаанд зөндөө л гүйсэн. Дотроосоо гөрддөг, явуулга хийдэг нөхдүүд олон. Гэхдээ бид тийм юманд автдаггүй. Тэр шалгуур, даваагаа давчихсан гэж боддог. Юм тэгээд хэв загвар, голдироосоо гарах амархан. Тиймээс нүүр нүүрээ хараад л асуудлыг ярьдаг, шийддэг байх ёстой.

-Таныг би тун ч няхуур, нямбай хүн юм гэж дүгнэж байна. Үзэл бодлоо хурцаар илэрхийлдэггүй, ил дайсагнадаггүй. Энэ нь магадгүй улс төрд явахад их хэрэг болдог байх аа даа?

-Би улааныг харж урваад, шарыг харж шарваад байдаг зангүй. Заримдаа өөрийн зөв гэж бодсон, өөрийн шийдлээр явдаг нь бусдад таалагддаггүй байж магадгүй. Тэр дарга, тэр найз гэж асуудалд ханддаггүй.

-Дайсандаа яаж ханддаг вэ?

-Хүлээн зөвшөөрөх гэж юм байдаг л даа. Би хүнтэй муудалцлаа гээд айхтар өширхөөд яваад байдаггүй. Хүн ёсоор итгэлцээд ирэхэд ямар ч хэмжээнд муудсан бай мартдаг, өршөөдөг тийм зан чанартай.

-Та одоо байгаа Шадар сайдын албан тушаалаа улс төрийн хувьд хэр зэрэг өндөрлөгт тооцох бол?

-Би дээрээ даргатай, доороо цэргүүдтэй. Дундын зооны хүн. Улс төр талаасаа хэт цавчаад, зөрүүдлээд явах боломж байх ч гэсэн улс төрийн хувьд, эрэмбэ дарааны хувьд, ёс зүйн хувьд бодох юм бий. Яг өөрөө хариуцсан эрх үүргийнхээ хүрээнд шийдвэрийг газар дээр нь гаргаад, үр дүнг шаарддаг л хүн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн бн(66.181.161.85) 2022 оны 04 сарын 08

Сайн ярьсан бн.сайн

0  |  0
Зочин(202.126.89.180) 2022 оны 04 сарын 07

Шоронгийн уу?

0  |  0
ноцтой (66.181.166.134) 2022 оны 04 сарын 07

”Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа хилээр нефтийн тоног төхөөрөмж оруулж ирэхийг хориглочихсон. Тухайн үеийн “Петровис” гэх нефтийн компанийн лоббигоор дотооддоо нефтийн үйлдвэр бариулахгүй гэж 450 сая долларын хөрөнгө оруулалтыг царцааж, тэр том төслийг үгүй хийж байсан”. Маш ноцтой өгүүлбэр!!!! Намбарын банди ийм хөгийн гар бсан юм уу? хүү нь одоо УИХ-д бгаа ш дээ, зайлуул!!!!!

0  |  0
лавлаа(192.82.91.222) 2022 оны 04 сарын 07

амжилт таны үзэл бодол, үйл хэрэг үнэхээр таалагдлаа

0  |  0
Jov(66.181.161.13) 2022 оны 04 сарын 06

Haltar gichiigiin bubuuchid tankandaa tsuvj bsan

0  |  0
Зочин(66.181.161.39) 2022 оны 04 сарын 06

Шадар сайд сайн ажиллаж байгаа амжилт хүсье

1  |  0
Top