О.Гал-Очир: Хүн архи уусан үедээ биеийн дулаанаа алддаг

2022 оны 04 сарын 07

Монголчууд архийг “Идээний дээж” хэмээн эрхэмлэсээр ирсэн. Спиртийн агууламж өндөртэй согтууруулах ундааны хор уршгийн талаар хүмүүс судалж мэдэх болсноор архи өдгөө “Амьдралын дайсан” нэртэй болж хувирчээ. Монгол Улсын хэмжээнд 21 насанд хүрсэн бүх иргэдэд жилд 55 литр согтууруулах ундаа ногдож буйг саяхан зарласан. Энэ нь дэлхийн дунджаас 2-3 дахин их тоо юм. Мөн цар тахлын хүндрэлийн улмаас сүүлийн хоёр жилд манай улсын 2100 иргэн амиа алдсан. Харин архины шууд болон шууд бус хамаарлаас шалтгаалсан нас баралт жилд 4500 болж өссөн байна. Тиймээс чухам яагаад архи хүний амьдрал болон эрүүл мэндийг сүйтгэдэг аюултай зүйл гэж нэрлэгдэх болсон шалтгааныг тодруулахаар хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа.


-Хоол хүнс бидний биед хэрхэн шим тэжээл болж шингэдэг вэ. Үүнийг тайлбарлаач?

-Хүнс нь бие махбод өсөж томроход шаардагдах, биеийн эс болгонд амин чухал шаардлагатай шим бодис болж эд эс бүрийг сэргээж, амьдралын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг. Мөн хоол хүнс хүний биед задарснаар энерги ялгарч, бидний өдөр тутмын үйл хөдлөлд зарцуулагддаг юм. Хүн болон амьтан амьсгалахын тулд ч энерги хэрэгтэй байдаг. Тиймээс  хүнс нь хүч чадал өгдөг цорын ганц эх үүсвэр болдог юм. Түүнчлэн бодисын солилцоонд орсноор хүний дархлааны тогтолцоог идэвхжүүлж, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг.

Хэрэглэсэн илүүдэл хүнс биед шим бодис болон хуримтлагдаж, дараа нь дутагдсан үедээ хэрэглэж болохоор хадгалагдаж болдог. Үүнийг хүмүүс таргалалт гэж нэрлэдэг. Гаднаасаа муухай харагддаг ч, энэ нь хоол хүнсийг биедээ нөөцөлж байна гэсэн үг. Цусан дахь хүнс буюу шимт бодисын урвал нь биеийн хоол боловсруулах хурдаас хэтэрсэн тохиолдолд элэгний болон булчингийн үйл ажиллагаа тухайн бодисыг биеэс зайлуулдаг. Харин чихрийн шижин өвчний үед илүүдэл сахар биеэс гадагшилж чаддаггүй учир цусан дахь сахарын хэмжээ өсч, улмаар амь насанд аюултай байдал үүсдэг юм. Бидний хэрэглэж буй хоол хүнс биед шим тэжээл болоод зогсохгүй, тэдгээрийг биед шимэгдэхэд туслах биологийн идэвхт бүтээгдэхүүн, фермент, оксидант болон антиоксидантуудыг агуулж болдог гэдгээрээ онцлогтой.

-Биеийн хүчний хөдөлгөөн хийхээр хоол шингэнэ гэж ярьдаг. Мөн хоол хүнс зөвхөн биеийн эд эрхтэн гэлтгүй сэтгэл санаанд нөлөөлөх үү?

-Өдөр тутамд хийж буй хөдөлгөөний явцад хоол хүнс биед исэлдэх нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь боловсруулж байгаа нэг хэлбэр ба хоол хүнс хүний биеийн хэвийн хэмийг  хадгалахад тусална. Бидний хэрэглэж буй хүнс дундаас ус нэн чухал гэдгийг мэднэ. Ус амны цангаа тайлахаас гадна эд эсийн цангааг ч мөн тайлж, биохимийн процесс эс бүрд эрчимтэй явагдах гол нөхцлийг хангадаг. Мөн хүнс нь сэтгэц, мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулдаг нь үнэн.  Хүн идэхийн төлөө амьдардаг гэж хэлэлцдэг. Энэ утгаараа хүнсний голлох үүрэг нь хүн ба амьтдыг амьд байлгахад оршдог юм. 

-Архийг хэтрүүлэн хэрэглэвэл биед сөрөг нөлөөтэй хэмээн сурталчилдаг. Өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсэнд ч бас энэ асуудал хамаатай юу?

-Бидний хэрэглэж буй гурил, будаа, цагаан идээ, мах зэрэг нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Зарим тохиолдолд хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг үр дагавар үүсч болох боловч энэ нь шууд хурдан хугацаанд явагдахгүй, удаан хугацааны туршид бий болдог. Тиймээс үүнээс сэргийлж наана нь залруулах боломж бидний өмнө үргэлж нээлттэй. Хүний бие организм хоол хүнсээр тухайн үеийнхээ хэрэгцээг хангаж чаддаг. Тиймээс цаг тухай бүрд нь хангалттай хоол хүнс идсэн тохиолдолд хоолны дуршил дарагддаг учиртай.

-Согтууруулах ундаа болон хүнс хоорондын ялгааг тайлбарлаж өгөөч. Таны зүгээс архийг хүнс биш гэж үздэг шүү дээ. Үүнийгээ ямар үндэслэлээр тайлбарлах вэ?

 -Хоол хүнсийг бие организм "өөриймсөг"-өөр хүлээн авдаг. Харин согтууруулах ундааг “хор”, байгалийн бус бодис хэмээн хүлээн авдаг юм. Үүний улмаас хүний бие архины найрлагаас өөрийгөө хамгаалах гэж хэт идэвхтэй ажилласнаас үүдэн ядарч сульддаг. Дараагийн ялгаа нь гэвэл архи цус болон биеийн бусад хэсгүүдэд хэлбэрээ өөрчилж задралгүйгээр дамжина. Улмаар эд, эсийг гэмтээж, нөхөн сэргэх явцыг саатуулна. Уусан  архи биед исэлдэж энерги ялгаруулж чадах боловч ууж мансуурснаар сэтгэцийн хэвийн байдал алдагдаж, бодисын солилцоог саатуулдаг.

Ингэснээр  харин ч энергийн алдагдалд хүргэж байна. Архинаас энерги ялгардаг гэдэг нь зүгээр л онол юм. Түүнээс гадна дархлааны тогтолцоог гэмтээж, өвчнийг эсэргүүцэх чадварыг бууруулдаг. Мөн согтууруулах ундаа шимт бодис шиг биед хуримтлагдах боломжгүй. Харин ч хүний  бие түүнийг  хор гэж таньсан учир аль болох хурдан хугацаанд хоргүйжүүлэх үйл явцыг эхлүүлнэ. Элэг үүнд оролцох бөгөөд эцэст нь өөрөө дахин сэргэхгүйгээр гэмтэж үлддэг нь харамсалтай. Үүгээр зогсохгүй хоол боловсруулалтыг саатуулж өөрийнхөө боловсруулалтыг ч зогсонги болгоно. Ингэхээр яах юм билээ дээ. Хоолны шингэцийг сайжруулах зорилгоор дасгал хөдөлгөөн хийхэд үр дүнтэй байдаг боловч энэ нь архины шингэцэд ямар ч нөлөө үзүүлдэггүй. Хүмүүс согтуу үедээ архиа гаргана гээд гимнастик хийх нь утгагүй хэрэг болно шүү дээ.

-Тэгвэл архи илчлэгтэй юу. Түүнээс авсан илчлэг биед тэжээл болох болов уу?

-Нэг грамм этилийн спиртээс долоон ккал энерги ялгардаг гэж үздэг. Тэгвэл үүнийг үнэн байлаа гэж бодоход, өдөрт шаардлагатай энергиэ зөвхөн архинаас авахаар уувал хүнийг үхэлд хүргэх аюултай. Архинд 38 хувийн спирт агуулагддаг, хүний өдөрт авах илчлэгийн хэмжээ 3000-4000 ккал гэж тооцоод бодвол энэ тоог гүйцээх гэж өдөр бүр 500 грамм архи уух хэрэгтэй болно. Согтууруулах ундаа бол хүнсний бүтээгдэхүүний дайвар хэсэг нь юм. Энэ нь нүүрс усны исэлтээс үүсдэг гэж ойлгож болно. Тиймээс үүнийг хүнсээр орлуулж яавч болохгүй. Мөн хүн бүрийн мэддэгээр донтолт үүсгэнэ.

Тийм учраас гүн донтсон хүмүүс гудамжны хэмээх тодотголтой архичин болж амьдрал нь доройтож байна. Архийг байнга хэрэглэх донтолт эцэстээ өдөр тутмын дадал болдог. Энэ нь шим тэжээлийн бодисыг биедээ авах гэсэн бие физиологийн хүсэл биш. Зөвхөн мансуурах зорилготой хиймэл хүсэл болж буй юм. Зарим эрдэмтэн судлаачид согтууруулах ундааг хэрэглэснээр зүрхний цохилт нэмэгдэж, бодисын солилцоо эрчимжин биеийн дулаан үүсдэг гэж маргадаг ч бодит амьдрал дээр бие дэх усыг гадагшлуулснаар харин ч биеийн дулааныг алдагдалд оруулдаг. Энэ ундаа бол шингэн алдуулагч. Бидний биеийн бүх эд эс дэх усыг татан авч ууршуулан арьс салстаар гаргаж, усны дутагдалд оруулж байна. Уучихаад машинд суухад цонх цантдаг нь үүнтэй холбоотой.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top