“Twitter” компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг дэлхийн тэргүүн баян Илон Маскийг шүүхэд өгчээ.
Тэрбумтныг тогтсон хугацаанд тус компанийн хувь эзэмшлийн талаарх мэдээллээ ил болголгүй хямд үнээр хувьцааг нь худалдан авсан гэж буруутгажээ. Энэ сарын эхээр “SpaceX”, “Tesla” компанийн үүсгэн байгуулагч Илон Маск “Twitter” компанийн нийт хувьцааны 9.2 хувийг худалдан авсан тухай мэдээлсний дараа тус компанийн хувьцааны үнэ 20 гаруй хувиар өссөн билээ.
Хувьцаа эзэмшигч Марк Бейн Раселлагийн нэхэмжлэлд Маск энэ оны нэгдүгээр сараас эхлэн тус компанийн хувьцааг худалдан авч эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 14 гэхэд таван хувийг нь эзэмшиж байсныг дурджээ. АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын дүрмийн дагуу Илон Маск тухайн компанийн хувьцааны таван хувийн босгыг давсны дараа арван хоногийн дотор тус комисст мэдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл Илон Маск гуравдугаар сарын 24-нд энэ талаар мэдээлэх ёстой байжээ. Үүний оронд тэрбумтан үнэт цаас худалдан авсаар байсан бөгөөд таван хувийн босго давсан тухай зөвхөн дөрөвдүгээр сарын 4-нд мэдээлжээ. Тэр үед Маскийн эзэмшилд “Twitter” компанийн хувьцааны ес гаруй хувь нь очоод байжээ.
“Twitter” компанийн хувьцаагаа гуравдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд зарсан хөрөнгө оруулагчид алдагдал хүлээсэн гэж нэхэмжлэгч үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )