“Монголын ипотекийн корпорац” буюу МИК өнөөдөр Монгол Улсын иргэдийн амьжиргааны эх үүсвэрээс татаас авч, луйврын системийг ашиглаж хязгааргүй их ашиг олж байгаа аж. 2013 онд анх байгуулагдсан тус компани дороо тусгай зориулалтын 29 охин компани бүхий хувийн өмчит байгууллага болж хувирчээ. Үүний цаад эзэд хэн бэ. Худалдаа хөгжлийн банкны бүлэглэлийнхэн буюу “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэн аж.
Тэд өнөөдөр энгийн иргэдийн орон сууцтай болох, тэр дундаа бага хүүтэй орон сууцтай болох боломжийг хаасан төдийгүй ипотекийн зээлийн хүүгээс гурван хувийг авдаг байна. Иргэд яагаад МИК-д хувь төлдөг вэ. Хариултыг хамтдаа хайя. Монгол Улсын хэмжээнд 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлд хамрагджээ. Энэ тоо хэдийгээр хангалтгүй мэт сонсогдож байвч үргэлжилсэн хөтөлбөрийн хүрээнд иргэд ипотекийн зээлд хамрагдсан хэвээр байна. Тоон үзүүлэлтээс харвал 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд таван их наяд төгрөгийн зээл олгожээ. Тэгвэл энэ их мөнгөний 2-3 хувийг МИК зуучилсан хэлбэр нэрээр зувшуулж байгаа нь хууль бус үйл ажиллагаа гэж харах үндэслэл бий.
Энэ талаар мэргэжлийн эдийн засагчид тайлбарлахдаа, “МИК” анх байгуулагдахдаа ипотек, моргейжийн салбарт анхдагч болон хоёрдогч зах зээл дээр үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, урт хугацаатай зээлийн эргэлтийг бий болгох зорилгоор байгуулагдсан юм. Олон улсын жишигт ийм төрлийн байгууллага бий. Одоо МИК-ийг бүхэлд нь харах юм бол арилжааны банкуудын дундаа эзэмшдэг зээлийн төв шиг харагдаж байна. Монгол Улсад урт хугацаатай хямд санхүүгийн эх үүсвэр маш чухал боловч өнөөдрийн байдлаар МИК стандарт моргейж, стандарт ипотек гаргаж зах зээл дээрээс мөнгө босгох боломжгүй юм” гэв.
Тэгвэл банкны салбарт яг одоо ажиллаж байгаа мэргэжлийн эдийн засагчийн тайлбарласнаар, “МИК” бол цаасан дээрх компани. Ипотекийн зээл иргэдэд яаж очдог вэ. Найман хувийн задаргааг тооцохоор нэг хувийг нь банкуудын зээл төлөвлөсөн шимтгэл гэж авдаг. Долоон хувь үлдлээ. Үүний гурван хувийг “МИК” авчихдаг. Үндсэндээ иргэнд тухайн зээл дөрвөн хувиар бодогдож гарч байгаа хэдий ч бүлэглэлүүдийн луйврын системээр дөрвөн хувийг хувааж авч байгаа гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, “МИК” ямар ч мөнгө гаргахгүйгээр мөнгө олж байна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд таван их наяд төгрөг гаргасан. Дундаж тооцоог нь үзэх юм бол 3.2 их наяд төгрөг байна. Энэ нь зээлийн үндсэн багц юм. Үүнээс жилдээ гурван хувиар тооцоод үзвэл хүүгийн цэвэр ашиг 90-110 тэрбум төгрөг болж байна. Ийм шударга бус тогтолцоо байж болох уу. Маш энгийнээр тайлбарлавал ямар ч ажил хийгээгүйн төлөө мөнгө хүүлээд сууж байна.
Нөгөө талаас “МИК” манайх эрсдэл хүлээж байна гэж тайлбарладаг. Тийм зүйл байхгүй. Гаргаад байгаа үнэт цаасны схем нь 100 саяын байр авлаа гэж бодоход 30 саяыг нь иргэн өөрөө гаргадаг. Үлдсэн 70 саяын 10 саяыг тухайн олгосон банк нь эрсдэл гэж даадаг. Тодруулж хэлбэл, 60 саяын эсрэг 100 саяын барьцаа тавьж байгаа болохоор хэзээ ч эрсдэлд орохгүй. Эрсдэлийн хувь 0.1 хувьд ч хүрэхгүй. Тиймээс үүнийг залилан гэж үзээд байгаа юм. Нэг жилд 70 тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байгууллага гэж хаана ч байхгүй.
Харин “МИК” ингэж ажилласнаар энгийн иргэдээс нэг их наяд төгрөгийг хууль бусаар авчихсан байна. Тиймээс энэ хууль бус үйл ажиллагааг яаралтай зогсоож УИХ-аар яаралтай оруулах зайлшгүй шаардлагатай.
Хэсэг бүлэглэлийн хүрээнд явагдсан энэхүү луйврын системийг яаралтай зогсоохын тулд эхний ээлжид “МИК”-ийн бүх эзэмшлийг хүчингүй болгуулах хэрэгтэй. Нэг их наяд төгрөгөөр юу хийж болох вэ. 20 мянган айлын орон сууц барьж болно. Нөгөө талаар иргэдийн хуримтлалыг үгүй хийж байна. Мөн орон сууцны зээл авч байгаа иргэд болон бизнес эрхлэгчдийг хөдөлмөрийн зах зээл дээр дарамтлах нэг хэлбэр болчихсон.
Тиймээс “Худалдаа хөгжлийн банк”-ны тухайн үеийн бүх эзэмшлийг хүчингүй болгуулж, Төв банкинд шилжүүлэх хэрэгтэй. Бүх банкууд нийлээд “МИК”- ээс 10 хувь эзэмшиж болно. Монголбанк энэ компанийн 90 хувийг эзэмших ёстой. Дөрвөн хувиар гаргангуутаа найман хувь болгоод өгчихдөг. Нэг бол Монголбанк, Эдийн засгийн хөгжлийн яам авах ёстой. 10 тэрбум төгрөг оруулчихаад жилдээ 70 тэрбум төгрөг идээд сууж байна. Ийм бизнес дэлхийд байхгүй.
Юун эрсдэл яриад байгаа юм. Эрсдэлийн хувь гэж бий. 100 дахин их. Бонд босгонгуутаа Д.Эрдэнэбилэг захирал өөрөө авчихсан. Ипотекийн зээлийн хэдэн хувь нь шүүхээр ордог вэ гэхээр нэг хувь ч хүрдэггүй. Хэзээ ч шүүхээр ордоггүй. Тухайн иргэн нас барсан тохиолдолд шүүхээр ордог. Арилжааны банкууд яагаад шүүхийнхэнд булаацалдаад орон сууцны зээл олгодог вэ. Тэд далд хэлбэрээр шүүхийнхэнд авлига өгч байгааг шалгах цаг болсон” гэв. Ерөнхийдөө “МИК”-ийнхний луйврын системийг яаралтай зогсоохгүй бол их мөнгөний урсгал цөөн хэдэн бүлэглэлийн гарт орсноор энгийн иргэд мөнхийн зээл төлөгч, хугацаагүй завин дээр ийнхүү суусаар байх ажээ.
В.САРАНТУЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Наад новшнуудаа хурдан зайлуулж там руу нь илгээ
ямар муухай толгой ажиллана вэ
сахал эрдэнэбилэгийг шоронд хийж чадахгүй яачихсан ядруу монгол төр вэээээээ