Осолдсон иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өглөө

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Орон нутгийн замд автомашинууд мөргөлдөж, нэг хүний амь нас хохирсон хэрэг өчигдөр (2022.04.25) гарчээ. 

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэгт гурван машин мөргөлджээ. 

Энэ тухай дуудлагыг оройн 19.00 цагийн орчимд аймгийн онцгой байдлын албанд ирүүлсний дагуу аврагчид хэргийн газарт очиход, иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ автомашины бүхээг дотор хавчуулагдан нас барсан байсныг татан гаргаж, цогцсыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top