Төсвийн хүрээний мэдэгдлийг ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ шилжүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өнөөдөр (2022.04.28) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцуулав.

Төсвийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын төсөв, түүний орлого, зарлага, мөнгөний ханш, инфляц, өрийн тааз ямар байна гэж төсөөлж байгааг Сангийн сайдаас тодруулсан. Тэрбээр, томоохон стратегийн ордын үр өгөөжийг түлхүү ашиглах хэрэгтэй байна гэлээ. Оюу толгойн ордын ашиглалтад аудит хийх, үндсэн гэрээндээ өөрчлөлт оруулах, борлуулалтын орлогыг монголын банкаар дамжуулдаг болох, олборлосон түүхий эд, бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулахтай холбоотой асуудалд хяналт тавьж буй эсэх, өгөөжтэй ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудын ил тод байдалд хяналт тавих ажил ямар түвшинд байна вэ хэмээн асуусан.

Сангийн сайд Б.Жавхлан, Бид 2022 оны төсвийг хэлэлцэж байхдаа 2021 онтой адил эерэг байхаар төсөөлж байсан ч эдийн засгийн сөрөг нөлөөллүүд төсөөллийг өөрчиллөө.

Ковидын хүндрэлээс бид бүрэн гараагүй байна. Дээр нь геополитикийн асуудал, зэвсэгт мөргөлдөөний нөлөөлөл хүчтэй байна. Үүн дээр урд хөршийн хилээр бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалт нөлөөллөө. Эдийн засгийн хувьд таван хувийн өсөлттэй байна гэсэн өөдрөг төсөөлөл буурч байна.

Гэхдээ үүнийг богино хугацаанд даван туулахын тулд Засгийн газраас бүхий л боломжит арга хэмжээг авч байна. Хамгийн гол асуудал бол экспорт. Гол түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа үед боломжоо алдаж байгаа нь харамсалтай. Экспортууд хэвийн болоод ирвэл бид хүндрэлээс богино хугацаанд гарах боломжтой. Гадны хөрөнгө оруулагчидтай уулзахад Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлцэлд хүрсэн байдал бусад олон хөрөнгө оруулагчдад монголд хөрөнгө оруулах идэвхийг сэргээсэн гэдгийг илэрхийлсэн.

Харин богино хугацааны хүндрэл хөрөнгө оруулагчдыг үргээхээс сэргийлэн ажиллаж байна. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай урьдчилгаа авах, баяжмалтай хамт гарч байгаа алтыг хилийн цааны ялгаж байгаа ч түүнийг Монголын төв банканд тушаах талаар ярилцсан. Монгол талд байгаа удирдлагын түвшинд ойлголцсон. Цаад талдаа тохирвол энэ асуудал нааштай шийдэгдэх боломжтой байгаа. Татварын тухайд аудитын хийгдэж байна. Эрдэнэт үйлдвэрийн экспорт хэвийн явж байгаа гэсэн хариултыг өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авснаар анхны хэлэлцүүлэг өндөрлөж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top