Тоон гарын үсгийн бэлтгэл 80%-тай ч мэдээллээр хомс байна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Тоон гарын үсгийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байгааг албаны хүмүүс мэдээлсэн. Ингэхдээ сум, дүүрэг, аймаг, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвүүд, цахим машинаар дамжуулан иргэдэд тоон гарын үсэг олгохоор төлөвлөсөн байна. Үүний хүрээнд Монгол Улсын харьяалалтай 16-аас дээш насны иргэний үнэмлэх авсан иргэн бүрд 12 оронтой тооноос бүрдсэн тоон гарын үсэг олгох аж. Тоон гарын үсгийг иргэд утас, компьютер, токен, чип хэлбэрээр авахыг хүсвэл тоон гарын үсэг олгох компаниудаас хэдэн ч хэлбэрээр авах боломжтой.

Мөн ААН-үүд тусгай зөвшөөрөлтэй этгээдүүдээс, гадаадын иргэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэвэл тусгай зөвшөөрөлтэй компаниудаас гарын үсгээ авах бүрэн бололцоотой болж байна. Түүнчлэн Монгол Улс 10 жилийн өмнө Тоон гарын үсгийн тухай хуулийг баталсан боловч одоогийн байдлаар 40 орчим мянган гарын үсэг хэрэглээнд нэвтэрчээ. Тиймээс тоон гарын үсгийг иргэдэд олгосноор дараах давуу талууд бий болохыг албаныхан онцолж байна.

Нууцлал, аюулгүй байдал, хялбар үйлчилгээ, стандартад нийцтэй олон улсад шалгарсан шийдэлтэй байх талаар ч дурдаж буй. Тоон гарын үсгийг иргэд олгох бэлтгэл ажлыг хангалттай хийсэн гэж албаныхан мэдэгдэж байгаа ч иргэд энэ талаар тодорхой мэдээлэлгүй байна. Тухайлбал, иргэдийн санал сэтгэгдлийг хуваалцах үед 10 хүний дөнгөж хоёр нь ирэх сарын 01-нээс тоон гарын үсэг олгож эхлэхийг мэдэж байсан юм. Мөн тоон гарын үсэг гэж юу болох талаар багахан ойлголттой ч үүнийг иргэдэд хэзээнээс, яаж олгох талаар мэдэх хүн цөөн байв. Ерөнхийдөө иргэд гарын үсгийг цахимжуулах ажлын сурталчилгаа, нөлөөллийн үйл явцыг муу байгаа хэмээв.

 

ИРГЭДЭД НЭГДСЭН ОЙЛГОЛТ АЛГА

 

 Иргэн н.Лхам-Янжин

Энэ талаар огт мэдээлэл авсангүй. Нэгэнт ийм ажил эхлүүлэхээр байсан бол ард иргэддээ мэдээлэл сайн өгөх хэрэгтэй байсан байх. Гэхдээ ихэнх хүмүүс өдөржин ажил, хичээлтэй учраас орой гэртээ очоод тийм ч их хугацааг телевиз үзэж, мэдээллийн сайтаар орж мэдээ уншихад зарцуулж чадахгүй. Тиймээс ажил, сургууль дээр нь сургалт орох замаар мэдээлэл өгч танилцуулсан бол энэ талаар мэдэж байх хүн олон байх байсан.

 

Иргэн Б.Бат-Эрдэнэ

Мэдээж тоон гарын үсгээ авна аа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай багц хууль батлагдсан байгаа шүү дээ. Тийм болохоор хууль, журмынхаа дагуу энэ ажилд идэвхтэй хандана. Хүмүүс аль болох тоон гарын үсэг авах ажилд хамрагдсан нь дээр. УБЕГ-аас жилд доод тал нь 250 мянган хүнд тоон гарын үсэг олгоно гэсэн судалгаа гаргасан байна лээ. Дэлхий нийтээр бүх юм цахимжиж байхад иргэдэд тоон гарын үсэг хэрэгтэй. Магадгүй цаашдаа цахимаар сонгуульд саналаа өгдөг болох ч юм бил үү. Тэгэхээр өгсөн саналаа баталгаажуулахтай холбоотой асуудал гарч ирнэ. Мэдээж үүнийг хийхдээ блокчэйн технологид суурилж боловсруулж байгаа байх. Иргэний бүртгэлийн үйлчилгээг дүүрэг, хороон дээрээс авдаг шигээ л очоод үйлчлүүлэх байх гэж бодож байна.

 

Иргэн Ж.Нацагдорж

Урьд нь энэ мэдээллийг сонсож байсан. Гэхдээ яг ямар онцлог, давуу талтай гэдгийг мэдэхгүй нь. Бас хаана очиж бүртгүүлэх, юу бүрдүүлэх талаар ч мэдээлэл алга. Миний хувьд оюутан учраас сургууль дээр танилцуулах өдөрлөг зохион байгуулсан бол энэ сэдвийг анхаарч үзэж, аль хэдийн мэдээлэлтэй болчихсон байх байсан. Мэдээллийн сайтууд, телевизээр мэдээлэл явуулсан ч тэр бүр тогтож үзэх цаг завтай хүн хомс шүү дээ.

 

Иргэн  М.Шарав

Иймэрхүү мэдээллийг гудамж талбайд сурталчилгааны самбар байршуулах замаар түгээх нь зүгээр санагддаг. Тоон гарыг үсгийг олгох ажлын талаар өчигдөр танилаасаа хальтхан сонссон. Ерөнхийдөө тавдугаар сарын 01-нээс энэ ажил эхэлнэ гэсэн л мэдээлэл байгаа. Миний ойлголтоор бол цахим орчинд бараа худалдаж авахаар бол тоон гарын үсэг илүү сайн хамгаалалт болох юм шиг санагдсан. Иргэд тоон гарын үсэг дээрх тоонуудаа бусдад алдах вий гэхээс илүү цахим орчин дахь хамгаалалт чангарч байгааг анхаарах ёстой байх.

 

Иргэн О.Уламсайхан

Одоогоор энэ ажлын талаар тодорхой мэдээлэлгүй байна. Тухайлбал, хэзээнээс, хаана очиж тоон гарын үсэг авах гэх мэт зүйлсийг мэдэхгүй нь. Үүнийг олон нийтэд таниулахын тулд хамгийн түрүүнд тоон гарын үсэг гэж юу болох талаар тодорхой, нэгдсэн мэдээлэл өгөх нь маш чухал байна. Жишээлбэл, “Та тоон гарын үсэггүй бол өөрийн хувийн мэдээллээ ямар замаар алдаж болох эрсдэл үүсдэг вэ” гэх мэт агуулгыг сонирхолтой байдлаар ойлгуулах нь зөв болов уу гэж бодож байгаа. Ерөнхийдөө тухайн хүнд өөрт нь холбогдох асуудалтай холбоотой зүйлийг хөндөхгүй бол тоон гарын үсгийн талаар шууд ойлгох хүн тэр бүр олдохгүй байх. Үүнээс гадна сонирхолтой санаа хэлэхэд, тоогоор хүний нэрийг бичиж байснаа “Хэрвээ та тоон гарын үсгээ авч чадахгүй бол…” гэх мэтийн агуулгатай бүтээлч байдлаар бэлтгэсэн сурталчилгааны зурагт хуудас байж ч болно шүү дээ.

 

Х.НЯМБААТАР: ИРЭХ САРЫН 15-НААС УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ НЭГЖЭЭС ГЭРИЙН ХАЯГ ХАРГАЛЗАЛГҮЙГЭЭР ТООН ГАРЫН ҮСЭГ АВЧ БОЛНО

 

Тоон гарын үсгийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас дараах зүйлсийг тодрууллаа.

 

-Ирэх ням гарагаас Цахим гарын үсгийн тухай хуулийг нийтээр мөрдөж эхэлнэ. Бүх иргэн тоон гарын үсэгт шилжих шаардлагатай юу?

-Монгол Улсын Их Хурлаас баталсан Цахим гарын үсгийн тухай хуулийг ирэх тавдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа УБЕГ-аас бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Тодруулбал, 16 насанд хүрсэнд Монгол Улсын иргэн бүрд үнэ төлбөргүй тоон гарын үсэг олгох ажлыг Улсын бүртгэлийн байгууллага зохион байгуулах бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдсан гэсэн үг.

-Тоон гарын үсгийг нэвтрүүлэх нь иргэнд яг ямар хэрэгтэй, ач холбогдолтой юм бэ?

-Тоон гарын үсэг хоёр үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, таны цахим орчин дахь танигдалт болно. Хоёрдугаарт, цахим орчинд таны хийж байгаа үйлдлийн баталгаажилт болно гэдгийг онцолж хэлэх ёстой. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж байгаа заавал биеэр очих шаардлагатай дөрвөн төрлийн үйлчилгээнээс бусад бүх төрлийн үйлчилгээг та цахим гарын үсгээрээ авах боломж бүрдэж байгаа юм.

-Тэр дөрвөн үйлчилгээ нь ямар төрлийн үйлчилгээ байх вэ?

-Хүний сэтгэл хөдлөл шаарддаг гэрлэлт, гэрлэлт цуцлахтай холбоотой үйлчилгээг Улсын бүртгэлийн байгууллагаас биечлэн ирж авна. Мөн танд Улсын бүртгэлийн байгууллагаас болон хууль сахиулах байгууллагаас тавьсан хоригтой холбоотой асуудлаар тухайн иргэн өөрөө биечлэн очиж авах учиртай. Эдгээрээс гадна Монгол Улсын иргэний харьяаллаас гарч, орох болон хурууны хээний шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудлаар биечлэн үйлчилгээг авна. Цаашид зөвхөн улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлдэг үйлчилгээнээс гадна бусад яам, агентлагуудын үзүүлдэг бүхий л төрлийн үйлчилгээг иргэн та өөрөө тоон гарын үсгийнхээ тусламжтайгаар цахим орчинд авах боломж нөхцөл бүрдэх онцлогтой. Түүнчлэн цахим гарын үсэг зөвхөн төрийн байгууллагуудаас үйлчилгээ авахад өөрийгөө баталгаажуулах болон цахим орчинд танигдалт болоод зогсохгүйгээр цахим гарын үсэг ашиглаж иргэн, хуулийн этгээд хоорондын гэрээ, хэлцлийг цахим орчинд байгуулах үндсэн баталгаа болно.

-Иргэн тоон гарын үсгээ хэрхэн авах вэ?

-Тавдугаар сарын 02-ны өдрөөс эхэлж есөн дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нэгдсэн үйлчилгээний зургаан төв, 21 аймаг дахь улсын бүртгэлийн газруудад биечлэн очиж тоон гарын үсгээ авах боломжтой. Ингэхдээ та тоон гарын үсгийнхээ утгыг цахим тээгч дээр хадгалж авахыг хүсвэл цахим иргэний үнэмлэхтэйгээ очно. Эсвэл  орчин үед хэрэглэгдэж байгаа ухаалаг утастайгаа очиж утсан дээрээ тоон гарын үсгийнхээ утгыг хуулбарлан суулгах боломжтой. Мөн тавдугаар сарын 15-наас Улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгжээс гэрийн хаяг харгалзалгүйгээр тоон гарын үсэг авч болно гэв. Тоон гарын үсэгтэй холбоотой мэдээллийн талаар УБЕГ-аас тодруулахыг хүссэ ч мэдээлэл өгөхдөө хойрог хандсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top