Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Ажлын хэсэг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 4-ний өдөр буюу өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсад ажиллалаа.
Ажлын хэсгийн айлчлалын үеэр улс орны эдийн засаг, төсөв болон санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтууд болно гэж Сангийн яамнаас мэдээлж байсан.
Түүнчлэн ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн өдрүүдэд манай улсад ажиллахдаа эрх баригчдад хандан хэд хэдэн зөвлөгөө өгсний нэг нь цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед банкуудын IPO гаргах хугацааг түр хойшлуулах тухай байв.
Тэгвэл өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэж, гишүүд дэмжлээ.
Гэхдээ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой албан бичгийг Монголбанкнаас өнгөрсөн гуравдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн аж.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар тайлбар хийхдээ, дотоод болон гадаад улс орнуудад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан олон улсын санхүүгийн байгууллагуудаас системийн нөлөө 5 банк нь богино хугацаанд багтаан анхдагч хувьцаагаа олон нийтэд арилжих үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний хүндрэл бэрхшээл учирч болзошгүй гэсэн зөвлөмж, танилцуулга ирүүлснийг онцолсон. Энэ хүрээнд Монголбанкны зүгээс системийн нөлөө бүхий 5 банкны хувьцааг нийтэд нээлттэй арилжихад тодорхой нөхцөл, шаардлагыг хангуулсны дараа эхлүүлэх нь хөрөнгө оруулагч болон банкны салбарын санхүүгийн тогтвортой байдалд нэмэр болох болов уу гэсэн үүднээс УИХ-д санал хүргүүлсэн” гэв.
Уг асуудалтай холбоотойгоор Эдийн засгийн байнгын хорооноос Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл боловсруулсан аж. Тодруулбал, системд нөлөө бүхий банкуудын нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих хугацааг сунгах зохицуулалтыг холбогдох хууль тогтоомжид тусгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эсэх талаарх саналаа ирүүлэхийг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн 81 хувь нь дэмжжээ.
Тодотгоход, ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүд манай улсад ажиллах хүрээндээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзалтууд хийсэн. Төр, засгийн удирдлагуудтай хийсэн уулзалтаар яригдсан асуудлуудыг сануулан хүргэе.
2022.04.29| Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзсан.
Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, энгийн амьдралд шилжсэн, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, хилийн боомтуудын асуудалд онцгойлон анхаарч тохиролцоонд хүрч боомтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа зэрэг асуудлуудыг онцлон тэмдэглэсэн гэж Засгийн газраас мэдэгдсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Цар тахал болон ОХУ-Украины хямралт байдал нь Монгол Улс шиг хөгжиж буй орнуудад томоохон сорилт учруулж, инфляц, үнийн өсөлт, валютын хомстол зэрэг олон таагүй үр дагавар учруулж буй. Засгийн газрын зүгээс Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх тухай хуулийг санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна. Монголбанкны валютын нөөцөө хамгаалах, хомстлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дэмжиж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ. Мөн Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн талаар ярьсан байна.
Харин ОУВС-гийн гишүүдийн зүгээс Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Мөн банкууд IPO гаргахыг зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчид илэрхийлэв.
2022.05.02| ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи болон Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Юн Сок Хён нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхсан.
Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс болон ОУВС хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ялангуяа өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлого, реформууд нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ. Мөн цар тахлын өмнөх жилүүдэд хамтран хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, валютын нөөц нэмэгдэн, төсөв гурван жил дараалан ашигтай гарч, Засгийн газрын өрийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 20 орчим нэгжээр буурч, хөрөнгө оруулагчдын итгэл эрс сайжирч байсныг онцолсон байна.
Монгол Улс цар тахлын өмнөх жилүүдэд ОУВС болон бусад хоёр талт болон олон талт түнштэйгээ хамтран эдийн засгийн бодлогын зөв менежмент, шинэчлэл хийх замаар төсөв, санхүүгийн тодорхой орон зай үүсгэж чадсан нь цар тахлын эсрэг тэмцэлд туйлын чухал үүрэг гүйцэтгэснийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр ярьсан байна.
Харин ОУВС-гийн зүгээс Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар Төрийн тэргүүнтэй санал солилцож, ОУВС-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлжээ. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахад онцгой анхаарч байгааг Ерөнхийлөгч хэлсэн бол, ОУВС ч үүнд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
Эцэст нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх жилүүдэд Монгол Улс “Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод, Халамжаас хөдөлмөрт” шилжих суурь реформуудыг хэрэгжүүлэхэд ОУВС болон бусад олон улсын түнш байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
2022.05.02| Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОУВС-гийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ковид-19, олон улсын нөхцөл байдал болон хил, боомтын асуудал гэсэн гурван хүчин зүйлс Монгол Улсын эдийн засаг, төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлж, гадаадын валютын нөөцөд хүчтэй дарамт үзүүлж байна. Иймд бидний хувьд төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөө хамгаалах талаар идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг уулзалтын үеэр тэмдэглэсэн.
Түүнчлэн, өнгөрсөн баасан гарагт Улсын Их Хурлаас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталсан. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр улсын төсвийг тодотгоод зогсохгүй, төрийн бүх шатны болон төрийн өмчит компаниудыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, төрийн өмчит байгууллагуудын бүтцийн шинэчлэлийг эхлүүлэх зэрэг хууль тогтоомжийг баталсан талаар мэдээлэл өгсөн.
Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч хатагтай Ангана Банержи Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр өгсөн зөвлөгөөгөө спикертээ уулзахдаа ч мөн өгсөн.
Тэрбээр, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт өсөлттэй гарах төсөөлөл байсан болов ч гадаад, дотоодын хүчин зүйлсээс шалтгаалан шинэ эрсдэлүүд гарч ирсэн. Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
банкууд санаатай хойшлуулаад байгаа даа \n