Өдгөө вирус, нян, шимэгчид, хүнд металл, пестицидээр бохирдсон хоол, хүнс нь 200 гаруй өвчний шалтгаан болж байгаа бөгөөд бохирдсон хоол, хүнс хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жил бүр 600 мянган хүн (10 хүн тутмын нэг) өвчилж, 420 мянган хүн нас барж байна.
Түүнчлэн хүнс бохирдсоны улмаас хөгжиж буй болон хөгжил буурай улс орнууд жил бүр 110 тэрбум долларын алдагдалд орж байгаагаас 15 тэрбум долларыг эмчилгээнд зарцуулж буйг ДЭМБ-аас Номхон далайн баруун бүсийн хүнсний аюулгүй байдлын тухай тайлан мэдээлэлдээ дурджээ. Мөн тус мэдээлэлд хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнс хэрэглэсний улмаас Номхон далайн баруун бүсийн хэмжээнд жилд 50 000 хүн нас барж, хоол хүнсээр дамжих өвчний шалтгааны 45 гаруй хувийг норавирус, сальмонелл болон камфилобактерийн халдвар эзэлж байгааг онцолжээ.
Түүхий болон хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнсийг дутуу чанаж болгох, вирусийн халдвар авсан хүн хүнстэй шууд харьцах зэрэгт хүнс вирусээр бохирддог. Сүүлийн жилүүдэд хоол хүнсээр дамжин өвчин үүсгэгч вирусийн нэр төрөл нэмэгдэх хандлагатай, ялангуяа хепатит А, норовирусийн халдвар түгээмэл байна.Тухайлбал, Номхон далайн баруун бүсэд хоол, хүнсээр дамжих өвчний 19,0% норавирусийн халдвар эзэлж байгааг ДЭМБ-ын мэдээллээс харж болно.
Коронавируст халдвар (Ковид-19) хүнсээр дамжсан тохиолдол одоогоор батлагдаагүй боловч халдвар авсан хүн ханиах, найтаах үед хоол, хүнс, хүнстэй харьцах гадаргуу, хүнсний сав боодол, хоолны хэрэгсэл, тоног төхөөрөмж коронавирусээр бохирддог.
НҮБ-ын ХХААБ, ДЭМБ-ын хамтарсан Хүнсний эрх зүйн комиссын Хүнсний эрүүл ахуйн хороо хүнсийг вирусийн бохирдлоос сэргийлэх, бууруулах энэхүү удирдамжийг анх 1979 батлан гаргаж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулан улс орнуудад хэрэглэхийг зөвлөмж болгосон.
Монгол улсын хувьд хүнсэн дэх вирусын бохирдлыг хянах, бууруулах талаар “MNS CAC GL 79:2021, Хүнсийг вирусын бохирдлоос сэргийлэх, бууруулахад хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчмуудыг мөрдөх удирдамж”-ийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуультай хамтран орчуулан боловсруулж нийтийн хүртээл болгоод байна.
Сэтгэгдэл ( 0 )