УИХ-аар энэ сард хэлэлцэх асуудлуудын жагсаалтад Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжууд бий.
2022 оны төсвийн төсөл батлагдаж байх үед 2023, 2024, 2024 оны Монгол Улсын эдийн засгийн өсөлт, инфляцын өсөлтийн төлөв болон төсвийн орлого зарлагын үзүүлэлтүүдийг хэрхэн тооцсоныг өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өмнөх тооцооллууд хэрхэн өөрчлөгдөн тусгасныг хүргэе.
Төсвийн тодотголоос өмнө ДНБ-ий өсөлтийг 2023 онд мөн 5 хувь, харин 2024 онд 6 хувь байхаар төсөөлж тусгасан.
Тэгвэл өөрчлөлт оруулсан төсөлд 2023 оны ДНБ-ий өсөлтийг 5 хувь байхаар тооцсон бол 2024 онд 5.1 хувь, 2025 онд 6.1 хувь өснө гэж тооцоолжээ.
Инфляцын түвшинг өмнө нь 2023, 2024 онуудад 6 хувь байхаар тусгасан бол энэ удаагийн төсөлд 2023 онд 8 хувь, 2024, 2025 онуудад 6 хувь байна гэж тусгажээ.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг өмнө нь 2023 онд 17,168.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33 хувь, 2024 онд 18,880.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.2 хувь байхаар төсөөлж байсан бол энэ удаад 2023 онд 17,312.2 тэрбум, 2024 онд 18,511.9 тэрбум, 2025 онд 20,496.7 тэрбум төгрөг байхаар тусгажээ.
Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг өмнө нь 2023 онд 19,040.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.6 хувь, 2024 онд 20,523.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35 хувьтай тэнцүү байхаар төсөөлж байсан.
Тэгвэл энэ удаагийн өөрчлөлтийн төсөлд 2023 онд 19,219.1 тэрбум, 2024 онд 20,077.8 тэрбум төгрөг, 2025 онд 21,744.8 тэрбум төгрөг байхаар тооцож тусгажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Бодит орлого бол үсрээд 14 трилион төгрөг л хүрнэ. Тэгээд 6 трилионы алдагдалтай буюу Днб-ний 15 хувьтай тэнцэх нь ээ. Ийм алдагдалтай төсөв батлаж болдог юмуу? Дотоодын нийт бүтээгдэхүүнд товараар баталгаажаагүй бэлэн хэвлэсэн цаасан мөнгийг оруулж тооцдоггүй юм шүү дээ. Өнөөдөр Монгол улсын Днб-ний бодит хэмжээ 40 трилион төгрөгөөс хэтрэхгүй.