Цалинтай ээжийн 50 мянган төгрөг нэг уут живхний үнэ ч хүрэхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Монгол Улс 3.4 сая хүнтэй орны хувьд хүн амаа өсгөх бодлого барьдаг. Жилд дунджаар 80 мянган хүүхэд шинээр төрж улс орныхоо хүн амын тоог нэмж байна. Хүн амын бодлогыг барьж байгаа жирэмсэн болон хөхүүл эхчүүдээ төр засгаас хэрхэн харж үзэж, тусалж дэмждэг талаар өнөөдрийн сэдвээр онцлов. Төрөөс үзүүлдэг жирэмсэн эхийн 40 мянган төгрөг, төрсөн эхийн 50 мянган төгрөг тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн өнөөгийн нийгэмтэй уялдуулаад мөн гадаад улс орны тэтгэмжийн бодлоготой харьцуулсан юм.


 

ТӨРИЙН ШИЙДВЭР, БОДЛОГО ХОЁР НЬ ТӨӨ БИШ АЛД ДЭЛЭМ ЗӨРҮҮТЭЙ БАЙНА

 

Амьдрах чадвар сайтай, бие бялдрын хөгжилтэй, эрүүл саруул хүүхэд төрүүлэхийн эхлэл бол жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн асуудал юм. Тэднийг шим тэжээлтэй хоол хүнсээр хангаж, тав тухтай орчинд амрааж, хүүхдээ эсэн мэнд тээж төрүүлэхэд гэр бүлийн үүрэг оролцоо маш чухал. Үүний зэрэгцээ тэдэнд төрөөс үзүүлдэг тэтгэмж тодорхой хувь нэмрийг үзүүлж байна уу гэдэг асуудлыг хөндөв.

Хөдөлмөр халамж нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Монгол Улсын Их Хурлаас 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг  баталж, 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтээр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж  нэмэлт оруулсан бөгөөд 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Энэ оны гуравдугаар сарын байдлаар 159.273 иргэн 0-3 насны хүүхдээ асарсны тэтгэмжид хамрагдаж нийт 22.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс 3700 эцэг тэтгэмжид хамрагдсан байна. Мөн жирэмсэн амаржсаны тэтгэмжид 29.949 эх хамрагдаж 2.4 тэрбум төгрөгийн тэтгэмж авчээ” гэж мэдээлсэн.

Тодруулбал энэ оны  нийгмийн халамжийн сангийн төсөв 482 тэрбум 984 сая төгрөгөөр батлагдсан. Үүнээс жирэмсэн эхийн болон хөхүүл эхийн тэтгэмж 11 тэрбум, 332 сая төгрөг, цалинтай ээжийн тэтгэмж 123 тэрбум 42 сая төгрөгийг эзэлж байгаа аж.

Эмэгтэй хүн жирэмсэн болсноор бие махбод нь хэд дахин их ачааллаж амархан ядарч, сульддаг. Дархлаа дэмжих амин дэмтэй хоол ундаас гадна төрөл бүрийн витаминуудыг эмч нар зөвлөнө. Мөн биед эвтэйхэн хувцас хунараас эхлээд тэдэнд эдийн засгийн шаардлагууд ар араасаа тулгардаг. Тэгвэл жирэмсэн эх таван сартай болмогц төрөөс 40 мянган төгрөгний тэтгэмж олгож эхэлдэг билээ. Энэ мөнгөөр юу авч хүрэх вэ. Хамгийн наад захын жишээ татахад нэг сар уух фолийн хүчил, магни В6  авахад ч энэ мөнгө хүрэхгүй. Жирэмсэн эхчүүд тонус өгөх нь элбэг байдаг тул шингэн хүчилтөрөгч авч уух зайлшгүй шаардлага гардаг.

Энэ эм нь 65 мянган төгрөгийн үнэтэй. Амт шимттэй жимс жимсгэнэ, нарийн ногооны үнэ тэнгэрт хадсан энэ үед эдгээрийг авна гэж бүр ч найдахын хэрэггүй. Жирэмсний өмд, цамц дор хаяж 50 мянган төгрөгөөс эхлээд талийж өгнө. Цахим нийгэм хөгжиж буй энэ үед жирэмсэн ээжүүд нэгдэж групп нээж жаргал зовлонгоо хуваалцдаг.

Тэдний нэг зургаан сартай жирэмсэн бүсгүй Р.Булган “Би анхны хүүхдээ тээж байна. Манай улс жирэмсэн хүнд үнэхээр ээлгүй юм байна. Агаарын бохирдолтой, тоос шороо ихтэй. Ядаж л суугаад агаарлачих ногоон байгууламж байхгүй. Жаахан ханиад хүрээд л эмийн сан руу гүйхэд эмнүүд нь учиргүй үнэтэй, зуун мянган төгрөг хол давна. Мөнгөгүй бол өвдөх эрхгүй. Жирэмсний тэтгэмж нь ёстой л хорхой дарах, шилний цаанаас маруужин долоолгох адил зүйл болоод л өнгөрдөг. Яг биднийг юу ав гэж өгдөг юм бүү мэд” хэмээн халаглав. Тэгвэл төрсөн эхчүүдэд ”цалин” гэж 50 мянган төгрөгийн тэтгэмж үзүүлдэг. Энэ мөнгө нэг уут живхний үнэ хүрдэггүй талаар ээжүүд учирлаж байлаа.

Ямар сайндаа л ээжүүдийн төлөөлөл Г.Хажидмаа гэх бүсгүй Төрийн ордны гадаа цалинтай ээж хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлага тавьж зогсох вэ дээ. Тэрбээр “205 орчим мянган цалинтай ээжид 50 мянган төгрөг олгодог. Энэ мөнгө амьдралд хүрэхгүй байна. Тиймээс “цалин” гэдэг нэрэндээ таарсан мөнгийг нь олго. Зорилтот бүлгийн зайлшгүй төрөөс халамж авах ёстой иргэдэд өгдөг мөнгө тэтгэмжээ нэмэх хэрэгтэй байна. Улсын төсвөөс 12 их наяд төгрөг шамшигдуулсан Төрийн түшээдээс энэ мөнгөө буцааж аваад зорилтот бүлгийн иргэдээ дэмжихийг Монгол Улсын Засгийн Газраас шаардаж байна” хэмээсэн юм.

Үнэхээр л энэ талаар “цалинтай ээжүүд” шуугиж байв. Тэд “Нэг хүүхдийн живхний мөнгө сард хэдэн зуун мянган төгрөгөөр яригдана. Сүү муутай ээжүүд нэмэлт сүү хэрэглэдэг. Мөн түүнчлэн нярай хүүхдийн эд хэрэглэл, тоглоом, хувцас хунар ямар үнэтэй билээ дээ. Бид төрөөс хүүхдийг минь бүрэн хувцаслаад өг гэж гуйгаагүй. Хамгийн анхдагч хэрэглээ болсон живх, сүүний мөнгөний үнэд ч хүрэхгүй мөнгө өгчихөөд “цалин” гэж ээжүүдийг даапаалж байгаад эгдүүцэл төрж байна. Улс орныхоо хүн амын бодлогын гол зангилаа болж бүхэл бүтэн хүн тээж төрүүлж буй ээжүүддээ ийм хатуу, гоомой хандаж болохгүй. Нэг бол юмны үнээ буулгаж 50 мянган төгрөгт нь таарахуйц хэмжээний хямд төсөр болгож өг. Төрийн шийдвэр, бодлого хоёр чинь төө биш алд дэлэм зөрөөд байна” гэцгээн ундууцаж байлаа.

 

УЛС ОРНУУД ТӨРӨЛТИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГОО БОДИТОЙ, ДОРВИТОЙ ХЭРЭГЖҮҮЛДЭГ

 

Дэлхийн зарим улс орнууд жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд мөнгөн тэтгэмжийг хэрхэн олгодгийг дараах жишээнүүдээс харьцуулан харууллаа.

Чех улсад /чехийн кроны ханш өнөөдрийнхөөр 132.92-тэй байна/ нэг хүүхэд терүүлэхэд 220 мянган крон, ихэр ба түүнээс олон бол 330 мянган крон авдаг байна. Мөн жирэмсэн эхийн болон эцгийн орлогыг үндэслэн, сард олгож болохуйц тэтгэмжийн хэмжээг тогтоодог аж. Сарын тэтгэмжийн хэмжээ нь цалинг хэмжих суурины 70 хувиас хэтэрч болохгүй, жишээ нь, таны нийт цалин 20 мянган крон гэж үзвэл, үүний 70 хувь нь 14 мянган кроныг сард олгоно. Мөн хүүхэд нь төрлөө гэхэд бага орлоготой гэр бүлд нэг удаагийн тэтгэмж гэж 13 мянган крон, хоёр дахь хүүхэд төрөхөд 10 мянган крон олгодог аж. Эцэг, эхийн орлогын хувиар бодож тэтгэмж олгож буй нь амьдралд тун ойр, нийцтэй бодлого байгаа нь харагдаж байв.

Тэгвэл Солонгос улсад жирэмсэн эхийг фолийн хүчил болон төмрийн бэлдмэлээр үнэгүй хангаж, ургийн гажиг, бүх төрлийн нарийвчилсан шинжилгээг үнэ төлбөргүй хийж хүүхдээ эрүүл тээх нөхцөлийг  нь дэмждэг аж. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсын Эрүүл мэндийн үндэсний даатгалын албанаас шинэ ээжүүдэд 837 ам.доллар, ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдэд 1,172 ам.доллартой тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлсэн юм. Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаа энэ оноос эхлэн хүүхэдтэй болсон гэр бүлд хоёр сая воны (1,650 ам.доллар) купон тарааж эхэлжээ. Эцэг эхчүүд купоноо энэ оныг дуустал онлайн үйлчилгээ ашиглаж, эсвэл орон нутгийн захиргаанд биеэр очиж бэлэн мөнгө болгох боломжтой юм байна. Сүүлийн үед тус улсын эрх баригчид хүн амын бууралттай тэмцэх ажлын хүрээнд хүүхэд төрүүлэхийг дэмжсэн олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг жишээ энэ юм. Тэгвэл өндөр хөгжилтэй Япон оронд төрж буй ээжид улсаас 400 мянган еэний тэтгэмж өгдөг бөгөөд жирэмсний үзлэг, шинжилгээ нь үнэгүй байдаг ажээ.

Энэ мэт улс орнуудын тэтгэмжийг дурдаад байвал манайхтай тэнгэр, газар шиг зөрүүтэй. Манай оронд улсын эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй, зарим нарийн шинжилгээ, ургийн гажиг тодорхойлох шинжилгээ зэргийг оношлох хүчин чадал бүхий техник технологи байддаггүй гэхэд хилсдэхгүй. Наад зах нь ургийн дауны синдромыг илрүүлэх хоёрол тестийг ганцхан Эх нялхасын эмнэлэгт авдаг боловч урвалж бодис нь дууссан гээд хувийн лаборатори руу жирэмсэн эхчүүдийг гүйлгэдэг. Хувийн лабораториудад хоёрол, гурвал тест, NT, NВ зэрэг шинжилгээнүүд 90 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг хүртэл үнэтэй байдаг. Энэ бол жичдээ яригдах асуудал учраас түр орхиё.

Цалингүй ээжүүдийн “цалин” бодитой дэмжлэг болж чадаж байна уу гэдэг ээжүүдийн дунд хийсэн судалгаагаар 80-90 хувь нь “үгүй” гэж хариулжээ. Хавтгайрсан халамжаар бэлэнчлэх сэтгэлгээг дэвэргэлээ гэх хэсэг бий боловч энэ бол халамж гэхээсээ илүү дэмжлэг гэдэгт илүү ойртоно. Монгол орны гол хөрөнгө капиталыг бүрдүүлж буй хүн гэдэг бодгалийг тээж, төрүүлж, өсгөж бойжуулахад нийгмийн олон талын суурь хэрэгцээ зайлшгүй шаардагддаг. Эрүүл мэндээс эхлээд хүмүүжил боловсрол, ажлын байр, таатай амьдрах орчин гээд маш том салаа мөчир үүнээс ургадаг. Суурь үндсийг нь зөв, эрүүл тавьж гэмээн зөв эрүүл хүн бэлтгэгдэх юм.

Эх хүн хүүхэд төрүүлж өсгөхийн тулд өөрийн ажил мэргэжил, хувийн карьер, амжилт, гоо сайхан, эрүүл мэнд, цаг хугацаа гээд бүх зүйлээ хойш тавьж золиосолдог. Энэ л үнэ цэнтэй, аз жаргалтай хором мөчийг нь өнгөлж, урамшуулж, дэмжиж төр засаг дорвитой, бодитой бодлого хэрэгжүүлэх цаг иржээ. Тийм учраас “цалин” гэдэг сүржин нэрэндээ багадсан даржин төсвийг өнөөгийн нийгэмд ойртуулж эдийн засгийн байдал, үнийн хөөрөгдөл зэрэгт тохируулбал бодитой дэмжлэг болж чадна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top