ДЭМБ-ын ын аргачлалаар сургагч багш бэлтгэнэ

2022 оны 05 сарын 10

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал”-аар сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр 2022 оны тавдугаар сарын 9-10-ны өдрүүдэд болох энэ сургалтыг нээж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эрүүл мэндийн тогтолцооны зохицуулагч Моника Фонг, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, Ерөнхий сайдын Нийгмийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөх Ч.Ундрахбаяр, АИФО ТББ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Д.Тулгамаа нар үг хэллээ.

“Эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байлгах ДЭМБ-ын аргачлал” нь Тогтвортой Хөгжлийн Зорилт (ТХЗ) 3-ийн хүрээнд бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдлын төлөө болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бусадтай адил тэгш авах эрхийн хүрээнд хийгдсэн бөгөөд эрүүл мэндийн бодлого тодорхойлогч, эрүүл мэндийн байгууллагын менежерүүд болон ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тулгарч буй гол бэрхшээлүүдийг олж илрүүлэх, шийдвэрлэх тал дээр туслах хяналтын хуудас, зөвлөмжийг дотроо багтаажээ.

ДЭМБ-ын түншлэлийн хүрээнд Австралийн Носсал институтээс хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ цуврал сургалтын 7 бүлгийг 2022 оны гуравдугаар сард эцэслэн боловсруулж, ДЭМБ-д хүлээлгэж өгсөн бөгөөд сургагч багш бэлтгэх сургалтыг хийж буй анхдагч орнуудын нэг нь Монгол Улс болж байна. Энэ сургалтын багцыг дэлхийн эрүүл мэндийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахад ашиглагдаж буй хамгийн сайн арга барил дээр үндэслэн боловсруулжээ.

Тус сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМЯ-ны санаачлагаар ДЭМБ-ын санхүүжилтээр АИФО байгууллага, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна. Тус сургалтыг 2 үе шаттайгаар ДЭМБ-ын сэргээн засах, хөгжлийн бэрхшээлийг хариуцсан зөвлөхүүд, АШУҮИС-ын Бие бялдар судлалын тэнхмийн багш нар зааж байгаа бөгөөд 6 аймаг (Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сүхбаатар, Дундговь), Улаанбаатар хотын 2 дүүрэг (Багануур, Баянгол), улсын 3 дугаар төв эмнэлэг, өрхийн эмнэлгээс сонгогдсон эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны идэвхитэн зохицуулагч нийт 35 оролцогч эхний шатны сургалтанд хамрагдаж байна. Хоёрдугаар шатны сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутагт зохион байгуулах болно. Сургалтаас хүлээгдэж буй үр дүн нь эрүүл мэндийн ажилтнуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамруулах талаарх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тогтолцоонд тусламж, үйлчилгээ, хөтөлбөрийг бүх нийтэд хүртээмжтэй болгох тал дээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top