Сакура цэцэглэхийг харах мөрөөдлөө биелүүлэхээр амралтын өдрүүдэд гэр бүлээрээ Дорноговь аймгийн Сайншанд хот, Хамарын хийдийг зорилоо. Охиддоо шинэ газар үзүүлж, аль болохоор сайхан дурсамж бүтээж өгөхийг хичээдэг учраас галт тэргээр явсан юм. Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн галт тэрэг баасан гарагийн 16.50 цагт хөдлөөд бямба гарагийнхаа 01.50 цагт Сайншанд хотод зогсдог аж. Явахаасаа өмнө дорнын говийн найрагч дүү Г.Ган-Эрдэнэд очно гэдгээ хэлсэн байсан учраас тэрбээр инээд алдан тослоо. Жил бүрийн энэ л өдрүүдэд Сайншанд хот дотоодын аялагчдын хөлд дарагдаж, зочид буудлууд нь дүүрч, такси үйлчилгээ эрхлэгчид зав чөлөөгүй болдог гэдгийг тэрбээр хэлсэн. Дээрээс нь сүүлийн хоёр жил орчим хөл хориотой байсан хүмүүс энэ жил улам ч ихээр ирж байгаа гэнэ. Үнэхээр ч галт тэрэг битүү хүнтэй ирсэн бөгөөд бараг л бүгд буугаад үлдчих шиг санагдмаар олон хүн өртөөн дээр бий боллоо.
Ажлын газрынхан, найз нөхөд, анги хамт олноороо яваа хүмүүс шөнийн анирыг эвдэн инээлдэн хөгжилдөж, хэн нэгнээ нэрээр нь чангаар дуудна. Эртнээс захиалга өгсөн эдгээр хүмүүс тосож буй автобусандаа сууцгаан хөдлөхөд хэд гурваараа, гэр бүлээрээ яваа голдуу хүмүүс үлдэж, хөлсний унаа хайн, зочид буудлын өрөө хаанаас олдох боломжтойг сураглана. Зочломтгой зан, сайхан сэтгэлээрээ үеийн нөхөд гэлтгүй яруу найрагчдын талархлыг хүлээн танигдсан Г.Ган-Эрдэнэ дүүгийн хөлсөлж ирсэн машинд сууцгаан ахынд очихоор явлаа. Өмнө нь хэд хэдэн удаа энэ нутагт ирэхэд яг л ингээд яруу найрагч, сэтгүүлчид нь шөнө, өдөр хамаагүй инээд цацруулан угтдаг юм. Харин энэ удаад Шандынхан маань Айраг суманд зохион байгуулагдах Хөвсгөл аймгийн уугуул, Дорноговийн суугуул яруу найрагч Лу.Содномдорж агсны нэрэмжит “Найргийн заллагатай Айраг” наадамд шүлгэн хүлгүүдээ уралдуулахаар явцгаасан учир ихэнх нь эзгүй гэдгийг дүү замдаа хэлж явлаа.
Мөн хүн их ирэх тусам нь үргээх гэж байгаа юм шиг үйлчилгээнийхээ үнийг нэмж байгаа нь дүүгийн санааг зовоожээ. Аймгийн төвийн зочид буудлуудад сул өрөө байхгүй, үнэтэйн дээр Хамарын хийд орчмын гэрүүд 300 мянган төгрөг хүрсэн гэнэ. Г.Ган-Эрдэнэ дүүгийн төрсөн ах Чихмэлч, сэргээн засварлагч Г.Гантулга маань хөдөө явсан учраас эзгүй гэнэ. Харин түүний гэргий халуун хоол цайтайгаа шөнө дөлээр хүлээж сууна. Яасан ч сайхан сэтгэл вэ, монгол хүний мөс чанар байхгүй болсон гэж ярьдаг хүмүүс ийм сайхан улстай учирч ч яваагүй байж мэднэ гэсэн бодол тэрхэн үед төрнө. Өглөө эртлэн босоод Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул, яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр ахтайгаа утсаар холбогдож, тусламж хүслээ. Учир нь Хамарын хийд, Хүслийн уул явах машин бидэнд олдоогүй хэрэг. Хөлсний машин өмнө нь нэг хүний 15 мянган төгрөгөөр явдаг байсан ч хүн их байгаа учраас 30 мянган төгрөгөөр явдаг болсон аж. Гэтэл ах хүү маань хэсэгхэн хугацааны дараа эргүүлэн залгаад “Хаягаа тодорхой хэл. Дүү машинаа аваад очно. Чи бариад явчихна биз дээ” гэдэг юм. Удсан ч үгүй төрсөн дүү нь эхнэрийн хамт машинаа хүргэж ирээд түлхүүрээ өгчихөөд “Зам жаахан тааруу болсон шүү” гэснээс өөрийг хэлсэнгүй, яваад өглөө. Үнэхээр л дорнын говийн дулаан сэтгэлтнүүд яасан ч олон юм бэ дээ.
Унаатай болсон хэд зорьсон газар руугаа явахаас өмнө очсон газар бол Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит музей байлаа. Равжаа хутагтад Далай ламаас өгсөн албан ёсны номын нэр нь Лувсанданзан аж. Музейн үүдээр ороход одоогоос дөрвөн жилийн өмнө үеийн нөхдийн хамт хийж байсан тэмээн жингийн авдрыг байрлуулсан нь нүдэнд содон туслаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир ах маань нутагтаа тэмээгээр номын жин тээж очно хэмээн ярьдаг байсан ч амжаагүй тэнгэр болсон билээ. Тиймээс том хүү Э.Цагаан-Уул, ар гэрийнхэн, үеийн нөхөдтэй нь хамтран бидний хэдэн шүлэг бичдэг залуус тэмээгээр номын жин тээж, Улаанбадрах суманд нь хүргэж өгсөн юм. Ноён хутагтын эдэлж хэрэглэж байсан зүйлсийг харж, хамгаалж ирсэн Тахилч шавь нарын удмынхан өдгөө найм дахь үе дээрээ явж байгаа аж. Анхны тахилч нь хутагтын шавь Балчинчоожой гэж хүн байсан бөгөөд тэрээр “Эзэн богд Чингис хаанаа тэнгэр болон залрахад Хүлэг Боорчи нь тахилч суусан. Эгшиглэнт Ноён хутагтаа тэнгэр болон залрахад Балчинчоожой би тахилч сууя. Шар морин жил. 1856 он” гэсэн тангаргийн бичиг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Ноён хутагт Үлэмжийн чанар, Өвгөн шувуу, Урьхан хонгор салхи, Дөмөн, Бор борын бялзуухай зэрэг 100 гаруй уртын дууг зохиосон гайхамшигтай хөгжмийн зохиолч байжээ. Тахилч Г.Түдэв гэж хүн их хэлмэгдүүлэлтийн үед хутагтын 1500 авдар эд зүйлсээс 64 авдрыг нь хадгалж үлдсэн агаад хутагт өөрөө “Сайн цаг ирэхээр хойчийн хүмүүст хүргэ” гэсэн бошго үлдээсэн нь 1990 онд олны нийтэд ийнхүү музей болгон үзүүлж эхэлжээ. Музейн нийт үзмэрүүдээс хоёр, гуравхан үзмэрийг шинээр сэргээж байршуулсанаас бусад нь жинхэнэ анхны эх хувиараа байдаг гэдгийг энэ музейд ирээд 5000 төгрөг төлөөд тайлбартайгаар үзэж болохыг энэ ташрамд хэлье.
Догшин ноён хутагтын үүсгэн байгуулсан гурван хийдийн нэг болох Хамарын хийд нь 1930 оны байдлаар 13 дацан, дөрвөн аймаг, 22 дуган, хоёр суварга, 11 сүм, 100 гаран ламтай хэмээн бүртгэгдэж байжээ. Харин их хэлмэгдүүлэлтээр тэдгээрийг галдан шатааж, лам нарыг нь баривчилсан байна. Ингээд 1999 оноос хийдийг дахин сэргээж эхэлжээ.
Хамарын хийд бол аймгийн төвөөсөө чанх урагш 45 километрийн зайд байдаг газар. Харамсалтай нь энэ хэсэгхэн газрын засмал зам нэрнээсээ цаашгүй болон эвдэрчээ. Тиймээс гадна, дотны хүмүүс шороон замаар явж тоос ихээр босгон хөрс, ургамлыг ихээр гэмтээж байгаа талаар нутгийн иргэд харамсан өгүүлж байсан. Ямартаа ч хурдаа тааруулж, болгоомжтойхон явсаар зорьсон газраа ирлээ. Зам зуурт машин их байсан ч арай тийм их хүн байна чинээ санасангүй. Сумын бүү хэл аймгийн наадмын дайны хүмүүс цугларчээ. Хамарын хийдэд ирээд хүмүүсийн хамгийн түрүүнд зорин очдог газар бол Өвгөн суварга. Энд бурхан шүтээнд сүсэглэн залбирч, долоон ширхэгтэй нийт 13 хэсэг шагайг хаяж, унасан морины тоогоор өөрийн хийморь золбоог мэргэлнэ. Түүний зүүн өмнө байх хийдэд хурал даган баясаж, ном уншуулж, мөн л бурхан шүтээнд залбирч болно. Анх Ноён хутагтын хойд дүрийг ширээнд нь залах ёслолыг сурвалжлан ирснээс хойш олон зүйл нэмэгдсэн ч тарьж ургуулсан модод нь улам л багассан мэт санагдсан. Байнгын салхи, шороотой байдаг газар учраас салхиныхаа амыг хааж ойн зурвас байгуулах нэн шаардлагатай байж ч мэдэх юм. Харин дэлхийн энергийн төв гэгддэг Шамбалын орон бол хийдийнхээ зүүн хойхон байна.
Энд очоод Мөөм овоо- Шамбалын орон руу явах зам - Энхтайвны хонх-Хилэнцийг арилгах Алтан хаалга-Бирдийн ходоод-Сэржим өргөх талбай- Суварга-Алтангавал овоо гэсэн дарааллаар зан үйл хийнэ. Бирдийн ходоодод нүгэл хилэнцээ шивнэж хэлснээр ариусдаг бол улаан өнгийн шороо, чулуутай хэсэгт энергийн төв байдаг, эрч хүч авдаг хэмээн үздэг. Улмаар овоон дээр нь гарч Үлэмжийн чанар дууг олуулаа дуулснаар түм, живаа маань хөгжөөсөнтэй тэнцдэг гэж итгэнэ. Харин тайлбарлагчийн хэлснээр одоо тус дууг анхных нь аяар дуулж чаддаг хүмүүс тэр бүр байдаггүй аж. Ингээд тус төвөөс гарахдаа хүн тус бүр нэг ширхэг цагаан чулуу газраас олж гол хаалганы ард байх жижиг овоонд нэр, жилээ хэлэн өргөснөөр Шамбалын оронд очих бүртгэлтэй боллоо хэмээн сүсэглэдэг.
Нүгэл хилэнцээ арилгаж, түмэн маань хөгжөөж, Шамбалын оронд өөрсдийгөө бүртгүүлсний дараагаар бид Бясалгалын агуй, Эхийн умай тийш очсон. Энэ хэсэгт л өнөөх сакура цэцэглэдэг байна. Гэвч энэ жил эрт цэцэглэсэн учраас биднийг очиход уначихсан байлаа. Ер нь долоо хоног л цэцэглэж, том том ягаан, цагаан өнгийн цэцэг гардаг гэх. Зарим нь “Монгол буйлс” гэх ургамал гэх бол нөгөө хэсэг нь жинхэнэ сакура хэмээн ярина. Жинхэнэ сакура мөн гэх хүмүүсийн ярих нь Ноён хутагтад нэгэн Япон шавь байж. Тэр нь багшдаа бэлэг болгон нутгаасаа сакура авч ирэн хийдийн ойролцоо тарьсан бөгөөд тэр шавийнхн нь өгсөн япон сэлэм одоо ч музейд нь хадгалагдан бий гэнэ. Аль ч байлаа гэсэн бид энэ удаад цагааран, ягааран байх тэр сайхан цэцэгсийг нэлэнхүйд нь харж чадсангүй. Харин энэ тэнд алаг цоог цэцэгс гэрэлтэн байна. Эхнэр, охидынхоо сэтгэлийг тэдгээр хэсэг бусагхан цэцгээр аргадан тайтгаруулаад Хүслийн уулаа зорилоо.
Хүслийн уул гэгддэг Хан Баянзүрх хайрхан нь Хамарын хийдээс баруун хойно харагдаж байх бөгөөд далайн түвшнээс дээш 1031.9 м өргөгдсөн, Халхын тахилгат долоон уулын нэг гэнэ. Энэ уулын энгэрт говийн гуравдугаар ноён хутагт Жамъяанданзанг оршуулан шарилын сүм байгуулсан учир нэгэн үедээ Шарилын уул гэж нэрлэж байсан ч гэдэг. Тэгвэл 18 дугаар зууны үед Богд уулыг Богдхан, Зотол уулыг Зотол хан, Баянзүрх уулыг Хан Баянзүрх гэж нэрлэхээр төрийн хэргэм зэрэг олгосон гэх нь ч бий. Ямартай ч Хүслийн уул хэмээн нэрлэх болсон тухай нэгэн домог байдаг аж.
Домогт өгүүлснээр Ноён хутагтын нэгэн дүрийн аав нь тангад хүнээс мөнгө зээлээд түүнийгээ өгөөгүй аж. Ингээд тэр тангад хүнтэйгээ хамт Эрлэг номун хааны өмнө шүүгдэхэд мөнөөх “Би аваагүй. Худлаа гэвэл Хутагт хүүгээс минь асуу” гэжээ. Ингээд Эрлэг номун хааны өмнө Ноён хутагтын сүнс оччихоод эргэн ирэхэд шавь нар нь амьгүй болсон биеийг нь аль хэдийн оршуулсан байжээ. Ингээд тухайн дүрийнх нь сүнс энэ ууланд шингэж зорин ирсэн хүмүүсийн хүслийг биелүүлж байх тангараг тавьсан байна. Уулынхаа зүүн хойно нь амьдарч, хурга ишиг хариулж өссөн Ганаа дүүгийнхээ ярьсан домгийг товчхон сийрүүлбэл ийм юм.
Олон хүн зорин ирэх болсноор Хүслийн уул өөд өгсөх жилүүд, тэр бүрээр нь хад асга нь нуран унах болсноор 300 гаруй метр шат хийжээ.
Уулын дунд хэсэгт байх жижиг сүмд хүүхэд, эмэгтэйчүүд зан үйлээ хийж, хүслээ шивнэдэг бол эрчүүд нь уулын оройд байх овоонд гарч хүслээ шивнэнэ. Ууланд зөвхөн сархад өргөдөг бөгөөд хүслээ шивнэж, идээний дээж өргөх хүмүүс ч арвин байлаа. Бэлд нь хуушуурын гэр, бэлэг дурсгалын худалдаа эрхлэх нь хаа газар байдаг л үзэгдэл. Говь талын том уул болохоор бэлд нь ирэхэд салхи намжиж, нөмөрлөнө. Харин оройд нь гарсны дараа салхи хэсэгтээ намжиж, нам гүм боллоо. Эрчүүд өргөл өргөж, уухай хадаан зогстол тэднийг чимээгүй болгосон нэгэн зүйл боллоо. Хүслийн уулаас хойшоо үргэлжлэх сархинаг шиг үргэлжээ олон уулсын нэгээр даван арав гаруй тооны аргал, угалзын сүрэг гарч ирлээ. Хүн бүр олж харахыг хичээвч амьтны зүс, уулсын өнгө сүлэлдэн нийлээд харахад нэн төвөгтэй аж. Хажуу дэргэд хэсэг ятуу дуугаран, явгалан гүйнэ.
Уул усанд арц хүж асааж, хүслээ цаасан дээр бичин шатаах ёс хэдийнээс эхэлснийг мэдэхгүй ч хавар, намрын хуурайшилт ихтэй үед гал түймрийн гамшиг дагуулж мэдэх зүйл гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй мэт. Үнэхээр уул, усны эзэн савдаг гэж байгаад хүмүүний хүслийг биелүүлдэг бол зүгээр л сэтгэлдээ шивнэн залбирахад хаанаас ч сонсоно шүү дээ гэсэн таньдаг ахын хэлсэн үг хүмүүсийн үйлдлийг харахад эрхгүй санагдана. Сакура цэцэлэснийг харж нүдээ баясган, Хамарын хийдэд залбирч, Дэлхийн энергийн төвөөс хүч нэмэн, Хүслийн ууланд хүслээ шивнэсэн бид хэд буцаж явна. Цэвэр агаарт гарч, явдалдаа ядарсан охид маань арын суудалд эвээ олон унтацгаана. Хаашаа ч юм яаран гүйцэт түрүүлсэн, замгүй давхиж тоос босгосон олон машины дундуур гэлдэрсээр Сайншанд хотод буцан ирлээ. Жингийн урт замыг хамтдаа эвхэж, нэг нэгэндээ хоч нэр өгөн инээлдэж, загийн халуун илчинд шүлэг найргаа уншиж суухдаа танилцан нөхөрлөсөн Г.Гантулга найзындаа эргэн ирж, эхнэрийнх нь гарын хоолыг идэж тамир тэнхээ орсон бид тэднийхээ гэр бүлд сайн сайхныг ерөөн гар даллан галт тэргэндээ сууцгаалаа. Ай даа, дахин дахин зорин ирж нүд сэтгэлээ баясгамаар сайхан газар эх оронд минь хэчнээн их вэ. Үгүйлэн үгүйлэн учирмаар сэтгэлийн гэгээтэй хүмүүс ч ямар олон бэ. Дорнын их говь, Догшин хутагтын нутаг, сакура дэлгэрэн цэцэглэдэг Шамбалын орон мину.
Сэтгэгдэл ( 1 )
Даанч хэдэн гэрүүд нь ёстой заваан. ОО байхгүй. Аймшгийн модон жорлонг нь хараад бөөлжис цутгасан. Тэр гэрүүд бүгд ажилчдынх нь гэсэн. Хүн болгон гэр ажиллуулахчаа болдог болохоор хөгжил гэж юу ч байхгүй. Аймшиг. Эргэн тойрон баас шээс. Яамаар ч юм бэ дээ