ХӨГЖИМ | "DJ Гэзэг Special Party" тасалбар худалдаанд ГАРЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

 

 

Хөгжим сонирхогчиддоо зориулан Dj Гэзэг өөрийн анхны "Special Party"-аа хийхэд бэлэн болжээ. 

Энэ сарын 20-ны өдөр "UG Palace"-т болох уг тоглолтод Desant, Thunder, Wolfizm, Nene, Jason, O.Z Trip, Roockie, Loce, Sekstsagaanbogd нар оролцох бөгөөд энгийн болон лимитед тасалбар худалдаанд гарчээ. 

Тасалбарыг Shoppy.mn болон "UG Palace"-ийн үүднээс худалдан авах боломжтой аж.

Уг шоугаа уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа тэрээр өөрийн гэсэн онцлогтой нэгэн. Өөрийн сэтдээ аль болох Монгол уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг оруулахыг зорьдог түүний анхны "Special Party"-ны тухай болон хэрхэн DJ болсон тухай ярилцлаа. 

 

 

-Удахгүй хийх гэж байгаа шоуны тань тухай яриагаа эхлүүлье. Сонирхолтой санагдаж байна?

-“DJ Gezeg Special Party”-аа удахгүй хийхээр төлөвлөөд байгаа. Энэ салбарт ороод 12 жил болох гэж байна. Энэ хугацаанд олон хүмүүстэй хамтарч уран бүтээл хийсэн. Скрач байдлаар мөн хамтарч ажилласан. Соло болон рэп дуунууд ч хийж байлаа. Энэ бүхнээ нийлүүлээд DJ, артист гэдэг үүднээсээ хамтарч ажилласан хүмүүстэйгээ хамт "Special party" хийхээр бэлтгэж байна. Тавдугаар сарын сүүлээр гэж товлосон. Бэлтгэл ажил, оролцох артистуудын нэр гарчихсан байгаа.

-Ойролцоогоор хэчнээн уран бүтээлч оролцох вэ?

-Залуусын дунд хит болоод байгаа 7, 8 артист оролцоно.

 

 

-Таны бусад DJ нараас ялгарах онцлог давуу талаа дурдвал?

-Би микрофоноо өөрөө барьчихдаг болохоор хүмүүсээ удирдаад явчихдаг. Тэр нь миний давуу тал болдог. Гадаадын клабууд DJ болон MC нь тусдаа байдаг л даа. Тэрийг би ганцаараа хийчихдэг гэх үү дээ. Тийм болохоор хүмүүсийн хүлээж авах байдал ч өөр байдаг.

-Хүмүүс ерөөсөө босож бүжиглэхгүй байх тохиолдол байсан уу?

-Байлгүй яахав. Эхний хоёр жил туршлага байхгүй болохоор хэцүү байсан. Хүмүүсээ мэдрэхгүй, гар хуруу салгалаад л. Ядаж байхад Заяа ах ард ирээд зогсчихно. Одоо хүртэл Заяа ах тайзны хойно зогсоод байвал би салгалдаг хэвээрээ л байна. Чаддаг юмаа чаддаггүй болчихдог. Жил гаран болсон ч хараад л байж байдаг байлаа. Яг хүмүүсийн урд гардаг болж эхлээд Заяа ахын дундуур тоглохоор хүмүүс суучихна. Заяа ахыг гараад ирэхээр л бүгд суудлаасаа босоод, орилолдоод ирнэ. Яг адилхан дуу тавьж байхад л минийх дээр суучихдаг байсан. Хамаг хөлс чийхраад л, гар салгалаад эхэлнэ. Хүмүүс ч бүжиглэхгүй болохоороо муухай хараад эхэлнэ. Заяа ах хамаг хүн суулгачихлаа гээд хөөгөөд л буулгадаг байсан. Бага багаар туршлагажаад, өөрөө шавьтай болоод ирэхээр хүмүүсийн байдлыг ажиглаад ямар төрлийн хөгжим хүсээд байгааг нь төвөггүй мэддэг болсон. Клабд хүмүүс мэддэг дуун дээрээ л бүжиглэдэг. Сонирхдог төрлийнх нь мэддэг дууг олж тавина гэдэг багагүй туршлага шаарддаг зүйл. Заалны буланд байгаа хүмүүсийг хүртэл ажиглаад тохирох дууг олж тавьдаг. Ямар ч байсан тухайн зааланд байгаа бүх хүнийг л бүжиглүүлэх гэж үздэг. Тийм л DJ болох хэрэгтэй гэж дүү нартаа хэлдэг. Бүгдийг ажиглаж, хөгжмөөр дамжуулан хүмүүсийн сэтгэлзүйгээр нь тоглодог гэж хэлж болно. Нэг дуу тавиад л зритлээ бүгдийг нь ажиглана. Хэн суув, хэн босож ирсэн гээд л бүгд хяналт доор байдаг. Харамсалтай нь, хүмүүсийн дийлэнх нь зүгээр л хөгжимний ард зогсож байдаг хүн гэж ойлгодог. Тийм биш. Шатар тоглож байгаа мэт л бүх нүүдлийг бодож суудаг.

 

 

-DJ хүний хувьд гадуур явахдаа ямар ажиглалт хийдэг бол?

-Маш бүтээлч байх шаардлагатай болдог. Хүмүүс түгжирч байхдаа машиндаа ямар дуу сонсож байна вэ, уулзсан хүмүүсийнхээ утсан дээр ямар дуу байгаа бол гэж бодох нь энгийн асуудал. Уйтгартай үедээ ямар дуу сонсдог бол гээд л. Эхэндээ хүмүүсээс “Чи ямар дуу сонсож байна” гэж их асуудаг байсан. Одоо бол хүмүүс надаас асуудаг болсон. “Гэзэг ээ, чи ямар дуу сонсож байна. Сэтдээ оруулсан энэ дуу чинь ямар дуу юм” гэх зэргээр.

10 жилийн өмнө зритлдээ тааруулж тоглодог байсан бол сүүлийн үед DJ-ийн тавьсан сэт дээр хүмүүс бүжиглэж, түүнийг сонирхдог болсон байна. Энэ бол маш том ололт. Зарим хүмүүс 20 жилийн өмнөх дуу нэхээд байдаг. Tupac-аа тавиач, “I will be missing you” сонсъё гээд л. Тусгай эвент дээр бол болно. Гэхдээ нийтийн арга хэмжээн дээр тэгж болохгүй. Орчин үеийн залуус “Гэзэг чинь аль 20 жилийн өмнөх дуу л тавиад байдаг юм байна лээ ш д” гэнэ шүү дээ. Аль болох сэтдээ дэлхийн хөгжмийн зах зээл дээр сайн үнэлгээ авч байгаа шинэ дуунууд оруулахыг хичээдэг. Сонссон хүмүүс эргээд надаас энэ ямар дуу вэ гээд асуудаг. Үүгээрээ бас соёл түгээж байгаа юм болов уу гэж боддог. Намайг зориод ирдэг хүмүүс олон болсонд талархалтай хандаж байгаа.

-Сэтд тань монгол дуунууд хэр багтсан байдаг вэ?

-Солонгос клабд Солонгос дуу л явдаг. Мэдээж Америкийн хөгжмийн зах зээл дээр байгаа дэлхийн хэмжээний хит дуунууд явна. Гэхдээ л Солонгос дуу л давамгай явдаг. Америкт бол Америк дуу л явж байгаа, Бразилд мөн л Бразил дуу л явж байгаа. Харин манайд бол бүгд шахуу гадаад дуу явуулдаг. Би үүний эсрэг байдаг. “Монголдоо монгол тракаа сонсоцгооё8 залуус аа. Монгол улс мандтугай, ура” гэж би хаана ч очсон хэлдэг. Миний хоёр цаг тоглогдох сэтний цагаас цаг хорин минут нь монгол дуунууд байгаа. Үүгээрээ монгол артистууддаа ч хөрөнгө оруулж байна гэж боддог. Жишээ нь, The C гээд монгол артистын “Efil” гэдэг дууны юүтүб дэх хандалт тийм ч их биш. Гэхдээ залуусын дунд хит болчихсон. Тэр дууг би сэтдээ байнга оруулдаг. Миний сэтийг сонссон хүнд тэр дуу таалагдвал The C-ийн тухай хайгаад мэддэг болдог гэдэг ч юм уу. Энэ бол залуу артистуудаа дэмжиж ажиллаж байгаа нэг хэлбэр гэж боддог. Монгол дуу тавихад хүмүүс ч гэсэн харьцангуй дуртай байдаг болсон. Микрофоноороо ярьдгийн давуу тал бас энд гардаг. “Монголдоо монгол тракаа сонсоцгооё, залуус аа. Монгол Улс мандтугай, ура” гэж хэлсний дараа дуунуудаа тавьж эхлэхэд хүмүүс таатайгаар хүлээж авдаг.

 

 

-Тайзнаас үзэгчдийг харахад хамгийн их анзаарагддаг зүйл юу байдаг бол?

-Ер нь их ичимхий юм шиг санагддаг. Хөгжим яваад эхлэхээр бие биенээ хараад л эхэлдэг. Хүмүүс жаахан гараад эхлэхээр босъё гэж бодоод суугаад л байдаг. Мэргэжлийн онцлог гэх юм уу даа. Бүх хүмүүсийг ажиглаж байдаг болохоор тийм байдал илэрхий харагддаг. Бүгд суугаад л байдаг. DJ наана нь яагаад босохгүй байна гээд л үйлээ үзэж байдаг.

DJ хүний үүрэг чинь гол нь бүжиглүүлэх шүү дээ. Хүмүүсийн нас, хүйс, тухайн арга хэмжээ зэргээс шалтгаалж энэ байдал өөр өөр л дөө. Гэхдээ дийлэнх нь л ичимхий талдаа байдаг.

Сайн DJ бол яаж ийж байгаад л бүжиглүүлдэг. Би ямар ч байсан 15-70 насны хооронд бүжиглүүлнэ л гэж үздэг.

-Ярилцсанд баярлалаа. Тоглолтод тань амжилт хүсье.

-Баярлалаа  

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top