-Үндсэн хуулиа зөрчсөн газрын асуудал зуслангийн орц, гарцаар хязгаарлагдах уу-
Нэг хэсэг хотын төвд газартай болохыг хүсдэг улаанбаатарчууд хотын зах руу зуслангийн газар авахаар хошуурдаг болсон. Хүйтэндээ хотын утаанд, халуундаа цэвэрлэх байгууламжийн үнэрт дарлагддаг тэднийг буруутгах аргагүй. Цэвэр агаарт тухтай амьдрах гэсэн иргэдийн хүсэл хэдийн уулын мод руу орсон. Үүнийг Санзай, Хандгайт, Ар согоот гэх мэт зуслангийн газруудаас харж болно. Түүгээр ч зогсохгүй зуслангийн газаргүй иргэд амрах зориулалтаар тус газруудыг зорих ч хөл гишгэх газаргүй болтлоо хашаалснаас үүдэн ууланд гарах боломжгүй талаар удаа дараа гомдол хэлдэг билээ. Манай сонины сурвалжлах баг зуслангийн газруудын газар зохион байгуулалтын талаар сурвалжлахаар Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийг зорьсон юм.
ЗУСЛАНГИЙН ГУДАМЖААР МАШИН БҮҮ ХЭЛ ЯВГАН ЗОРЧИГЧ ЯВАХАД Ч ХЭЦҮҮ ГЭВ
Энд тэндгүй төрөл бүрийн байшин. Шилдэг архитекторуудын загварыг нь гаргасан уу гэлтэй сонин, содон, гаднын инстаграм, фэйсбүүк хаягуудаас харж болохуйц барилгуудыг зуслангийн хэсгээр явахдаа харах боломжтой юм. Янз бүрийн материалтай хашаанууд ч бий. Мод, төмөр, блок, шавар, чулуу, тоосго гэх мэт материалаар хийсэн хашаа бүхий загварын гудамж, хорооллууд бол зуслангийн хэсгийн бодит дүр зураг юм. Уулын бэлд моддын зэргэлдээ төрөл бүрийн өнгөтэй барилгууд бий. Хар, ягаан, цагаан, холимог, судалтай, солонгон, гэгээлэг, бараан өнгө бүхий барилгууд. Дөрвөлжин, гурвалжин, дугуй, трапец, том цонхтой, жижиг цонхтой гээд л дүрслээд байвал дуусахгүй үзэмж.
Хархорум хотын алтан оройт барилгын талаарх түүхийн бичвэрт гардаг алтан оройт барилга хүртэл зуслангийн хэсэгт харагдсан юм. Үлгэрт гардаг орд харш ч сүндэрлэсэн байлаа. Нүд баясгам эдгээр барилгууд байгальтай ойр учраас бүр л үзэсгэлэнтэй, тухтай, амар амгалан харагдана. Нүдэнд торж харагдах нь зах хязгааргүй хашаа байв. Зуслангийн байшингууд руу чиглэсэн машины зам ч байхгүй, бөөр бөөрөө нийлүүлсэн уртаас урт үргэлжлэх хашаанууд бол энэ газрын хамгийн онцгүй зураглал. Зуслан явах автобусанд суугаад Санзайн түр эцэс буюу хамгийн сүүлийн буудалд буугаад зам дагуу алхсан юм. Шинэхэн зам гэдэг нь харваас андашгүй. Үнэр, замын эдэлгээ, замын тэмдэглэгээний шинэхэн зураасууд тодоос тод харагдана. Эзгүй мэт харагдах ч богино хугацаанд энэ зүгийг чиглэх иргэдийн урсгал тасрахгүй байгаа нь шинээр барьж буй барилга, дутуу хашаалсан хашаа зэргээс харах боломжтой юм.
Санзай зуслангийн газарт оршин суугч иргэн Н.Энхтуяа тус газарт амьдраад 10 гаруй жил болж байгаа ажээ. Тэрбээр “Агаартай, байгальтай гоё газар. Гэвч маш их хашаатай. Манай Санзай хэсэг бас ч гэж гайгүй, сийрэг айлтай. Хандгайт, Ар согоот Яргайт чиглэл рүүгээ шавчихсан. Би олон жил эмч хийсэн учраас энд амьдрангаа уул, амьтад, эргэн тойрны хэдэн байшинг харж, хамгаалдаг юм. Хүмүүс уул руугаа хашаалаад байгаад таатай ханддаггүй л дээ. Гэхдээ нөгөө талаас хашаагүй болвол иргэд дураараа авирлаж, хог их тарьж, гал ч гаргах эрсдэлтэй. Хоёр талтай л асуудал шүү дээ” гэсэн юм. Түүний хэлсэн нь ч үнэн байсан юм.
Санзай хэсэг Хандгайттай харьцуулахад сийрэг байлаа. Хандгайтын оршин суугч н.Дуламжав “Одоо ч Хандгайт орчимд айлууд ихэссэн. Зарим хашааг зарах юм билээ. Өмнө нь айл бага байсан. Хашаа ч багатай. Одоо бол зарим замаар нь явган хүн явахад хэцүү. Харж байгаачлан айлууд газар авахдаа зам тооцоогүй юм уу, яасан бүү мэд. Ямартай ч машин явахад их хэцүү” хэмээв.
ОРОХ, ГАРАХ ГАРЦ ХААЛТТАЙ УЧРААС ЗАМ РУУГАА ХАШАА СУНГАСАН ЗӨРЧИЛ ИХ ГАРДАГ
Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж байсан. Ингэхдээ зуслангийн бүс нь Чингэлтэй дүүргийн XIX хороо, Сүхбаатар дүүргийн XIX, ХХ хорооны нутаг дэвсгэрийн 23.872 га газар нутгийг хамардаг. Нийслэлээс 2020 онд гэхэд л Шадивлангийн 12 байршилд орц, гарцыг нээсэн.
Харин өнгөрсөн жилийн наймдугаар сарын байдлаар Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Арсогоот, Яргайтын богино, Зуунмод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшилд 46 байршилд орц, гарцыг чөлөөлсөн байдаг. Гэсэн гэлээ ч энэ нь хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт л гэхэд гал түймрийн 66, аюулт, үзэгдэл, ослын дөрвөн дуудлагад явсан байдаг. Тэр тусмаа агаар хуурайшилттай энэ цаг үед зуслангийн чиглэлийн гал түймрийн дуудлага ихэссэнийг онцолж байлаа. Алба хаагчид шар өвс шатсантай холбоотой 36 дуудлагад үүрэг гүйцэтгэж, 57.3 га талбайн түймрийг унтраасан ажээ. Долоо хоногт 36 дуудлага гэхээр шар өвс шатсан дуудлага өдөрт дунджаар тав ирдэг гэсэн үг. Зуслангийн хэсэгт амьдардаг иргэдийн хувьд өнжмөл өвсний дуудлагаар гал унтраах машин ирэхэд багтах газар бүү хэл, гал гарч буй хэсэг рүү очих боломжгүй байдаг талаар дурдаж байсан юм.
Хандгайт зусланд амьдрах иргэн Б.Бат-Эрдэнэ “Айл бүр хашаагаа цоожилсон байдаг. Нэг хашаанд хэдэн ч байр байх боломжтой л доо. Гол нь хашааны гадна талд түргэн тусламжийн, эсвэл гал унтраах машин багтах зай, зам байхгүй. Сайн харвал зарим газруудад бий. Гэхдээ ихэнх нь хашаанаасаа хашаа хооронд залгаатай байдаг. Аюул учирвал юу болохыг хэлж мэдэхгүй юм. Манайх замтайгаа ойр учраас гол замаас салаалсан замтай. Харин бусад өрхийн хувьд хүндрэлтэй. Газар олгосон хүн шийдэх үү, газар өмчлөгч нь замаа шийдэх үү гэдгийг мэдэхгүй юм” гэлээ. Зуслангийн бүсэд өнгөрсөн оны өдийд өмчлөх гэрчилгээтэй 2803 айл өрх байсан гэх. Тэрнээс бусад нь өмчлөх бус эзэмших гэрчилгээтэй байдаг ажээ. Зуслангийн бүсэд байх айл өрхийн ихэнх нь зөрчилтэй байдаг талаар газрын албаныхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Орох, гарах гарц хаалттай учраас зам руугаа хашаагаа сунгаад барьчихсан зөрчил их гардаг ажээ.
ҮНДСЭН ХУУЛИНД МОНГОЛ УЛСЫН ИРГЭН УЛСЫНХАА НУТАГ ДЭВСГЭРТ ЧӨЛӨӨТЭЙ ЗОРЧИХ ЭРХТЭЙ ХЭМЭЭН ЗААСАН БАЙДАГ
Айл өрхийн орц, гарц зөвхөн тэдний амьдралд эрсдэл дагуулах асуудлыг үүсгэдэг юм биш. Бусад иргэдийн амрах, аялах, агаарлах үйл ажиллагаанд ч хохирол учруулдаг. Зуслангийн айл өрхүүд уулын бэлээ дүүргэж, тэр бүү хэл уулын модон дунд ч хувийн байраа барьдаг юм. Товчхондоо тухайн газарт газар өмчлөөгүй иргэд ууланд агаарлаж, салхилахын тулд айлаас айлын хашаа дамжих шаардлага гардаг ажээ. Хувийн өмчөөс гадна цоожтой байдаг уг хэсгээр нэвтрэхгүй л бол зуслангийн бүсэд байрлах уул, моддоор зугаална гэвэл мөрөөдөл.
Ногоон байгууламж багатай нийслэл хотын хувьд салхилж болох бүхий л газрыг иргэд чиглэдэг ч хувийн өмч хийгээд нийтийн өмчийн асуудлын голд очдог. Нийтийн хэмээн нэрлэж болох эзэмшлийн талбай хувийн эзэмшил болсон явдал дуусахгүй. Зуслангийн хэсэгт байрлах уул, модод бол нийтийн эзэмшил. Гэсэн атлаа нийтэд хүртээлгүй хэсэг. Нийтийн эзэмшлийг тойроод хашаалсан хувийн эзэмшлийн асуудлыг хэрхэх нь хачирхалтай.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арван зургаадугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих...” эрхийг зааж өгсөн байдаг.
Үндсэн хуулийн Хүний эрхэд хуульчлан зааж өгсөн ч өнөөдөр энэхүү эрхээ эдэлж чадахгүй байгаа юм. Дээрх хуулийн заалт нь иргэд хуулиар хориглоогүй бүхий л газар түүний дотор эх орныхоо байгалийн сайханд аялах, зугаалах, амрах эрхийг баталгаажуулсан зохицуулалт. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн дуртай нь тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болдог хэмээн заасан байдаг. Гэтэл бодит байдалд иргэдийн зорчих , аялах эрх зөрчигдсөөр өнөөдрийг хүрээд байгаа юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )