Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах дуудлагын үйлчилгээг сайжруулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчирхийллээс хамгаалахад шуурхай дуудлагын үйлчилгээг уялдуулах нь” сэдэвт салбар дундын хэлэлцүүлэг зохион байгууллаа

Үндэсний статистикийн хорооны 2021 оны тоон мэдээгээр Монгол Улсад нийт 106.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

Үүнээс 11 хувь нь харааны, 7.9 хувь нь сонсголын, 19.8 хувь нь хөдөлгөөний, 19.21 хувь нь сэтгэцийн, 3.8 хувь нь хэл ярианы, 7 хувь нь хавсарсан, 31.2 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй. Түүнчлэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 43.3 хувь нь эмэгтэйчүүд.

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэж, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, тэдний онцлог, чадварт нь тохирсон ажлын байраар хангах, урлаг спортын үйл ажиллагаанд татан оролцуулах, дэмжлэг үзүүлэх, үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос 2015 онд Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ирүүлсэн зөвлөмж бий. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүчирхийллээс ангид байлгах, тэдэнд төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэх ялангуяа сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессэж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг тусгасан байдаг.

Энэ хүрээнд манай яам 1800-0724 утас, “Duudlaga.mn” дохионы хэлмэрчийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнийг ковидын үеийн шуурхай дуудлага болох 119 дугаартай холбон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хүргэсэн.

Үүний нэгэн адил “Duudlaga.mn” үйлчилгээг цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын байгууллагын үйлчилгээний утастай холбож сонсголын бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээг саадгүй хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор холбогдох төр, төрийн бус байгууллагатай хамтарсан салбар дундын хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны төв, duudlaga.mn зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцож, өөрийн байгууллагын хүрээнд хийсэн ажил, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл өгөв. 

Түүнчлэн Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Түгээмэл хөгжил төв, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, Сонсголгүйн боловсрол төв, “Энэрэл эв эе” зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top