Ерөнхий боловсролын зарим хувийн сургуулиуд сурагчдын зуны амралт эхлүүлэх хугацаандаа өөрчлөлт оруулж, бага ангийнхныг зургаадугаар сарын 1-нээс амраахаар болсон тухай бид мэдээлсэн билээ.
Боловсролын Ерөнхий газрын мэдээлснээр хувийн сургуулиуд "Хичээлийн хөтөлбөрийн хоног гүйцсэн. Мөн эцэг, эхчүүдээс сурагчдын хичээлийг зургаадугаар сарын 1-нд эхлүүлье гэдэг хүсэлт ирж байгаа тул амралтын хугацааг наашлуулъя" гэсэн санал ирүүлж, зарим нь амрах хуваарьтаа өөрчлөлт оруулж эхлээд байгаа аж.
Цар тахлын нөхцөл байдлын үед хүүхдийн тоо цөөн, нэг ээлжээр хичээллэдэг сургуулиудыг энгийн горимоор хичээллүүлж байсан бөгөөд тэдгээр сургуулийн хичээллэх хоног гүйцсэн учраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан хугацаанаас 3 хоногийн өмнө амрах санал ирүүлснийг Боловсролын Ерөнхий газар сургууль тус бүртэй зөвшилцөн, шийдвэрлэж байгаа аж.
Харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын сургуулиудын амралтын хуваарийг өөрчлөөгүй буюу Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон нь хэвээр байгаа гэж мэдээллээ.
Сурагчдын амралт эхлэх хугацааг яамны зүгээс дараах байдлаар гаргасан билээ.
Сэтгэгдэл ( 0 )