Муудсан, өмхийрсөн их хэмжээний махыг учир битүүлэг бодистой хольж, түүнийгээ мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компанид нийлүүлдэг байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах баг энэ сарын 18-ны өдөр Эмээлт дэх мах бэлтгэлийн төвийг зорьж, сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ. Үйл явдлыг эргэн сануулахад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд харьяалагдах "Эм Ди Си Пи" компани муудсан махыг химийн бодистой хольж, хадгалдаг байж болзошгүй талаарх ноцтой баримтууд ар араасаа ил болсон юм.
Мэдээлэл олон нийтийн дунд тархах үед тухайн бодис юу болох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тодруулахад дээж авч, лабораторид судалж байгаа гэх тайлбарыг өгч байсан билээ. Тэгвэл тус шинжилгээний хариугаар тухайн химийн бодис хэмээн нэрлээд буй зүйл нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, хятад бичигтэй нэмэлт хольц буюу цардуул байсан гэх мэдээллийг өгсөн юм. Гэвч уг мэдээллийг ил болгосон эх сурвалж болон холбогдох компани шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаагаас гадна олон нийтийн зүгээс Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй асуудалд тоомжиргүй хандаж байгаа гэсэн байр суурьтай байна.
МАХАНД ХОЛЬСОН БОДИС НЬ ЦАРДУУЛ БАЙЖЭЭ
Маханд бодис хольсонтой холбоотойгоор урьдчилсан шалгалтын шинжилгээний хариуг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар “Үйлдвэрийн маханд хольсон гэх нунтаг цагаан дээжээс цардуул, нитрит, натрийн хлор, усанд үл уусах бодис, чийг, глутамат натри, кальци, магнийн карбонат, формальдегид, устөрөгчийн хэт исэл, хар тугалга, кадьми, триполифосфорын хүчлийн давс зэргийг лабораторид шинжлүүлсэн. Улмаар цардуулын агууламж 92.45 хувь, кальци магнийн карбонат 20.48 хувь, чийглэг 11.73 хувь, глумат натри, нитрит, формальдегид илэрсэн” хэмээн мэдээлэл өгсөн юм. Цардуулыг хүнсний маханд эзэлхүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор ашигладаг.
Тиймээс тухайн компани ч махны эзэлхүүнээ нэмэхийн тулд цардуулыг их хэмжээгээр ашигласан хэмээн шинжилгээний хариунаас үзэж байгаа ажээ. Формальдегид бодисыг гэр ахуйн тавилга болон барилгын материалд өргөн хэрэглэдэг байна. Энэхүү бодисыг төрөл бүрийн цавуу, паалан, бүрэлтийн материал, цавуулаг бодис, лак, обой, картон зэрэг цаасан бүтээгдэхүүн, шахмал банзан эд зүйл, хүүхдийн тоглоом үйлдвэрлэл, нэхмэл эдлэл, арьс шир зэрэгт ашигладаг ажээ. Уг бодис нь агаарт хурдан задарч, усанд амархан уусдаг тул маш хортой бодисын нэгт тооцогддог. Хүний төв мэдрэлийн системд нөлөөлөх, амьсгалын замыг гэмтээх асуудал үүсгэдэг байна. Мөн уг бодис агаарт задарснаар хамрын хөндийн хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог ажээ. Зарим тохиолдолд энэхүү бодисыг цогцос хадгалахад тодорхой хэмжээнд ашигладаг байна. Тодруулбал, тухайн бодисыг амьд бодгалийн эд эсийн бүтцийг алдагдуулахгүй байхад ашигладаг аж.
НЯНГИЙН ТОО БАЙХ ЁСТОЙ ХЭМЖЭЭНЭЭС 3000 ДАХИН ИХ БАЙНА
БНХАУ-аас санхүүждэг "Эм Ди Си Пи" компани Мах импекс компанийн охин компани болох ХКҮ компанитай хамтран үйлдвэртээ хадгалж байсан муудсан махыг химийн бодистой хольж, олон нийтэд худалдаалдаг талаарх мэдээлэл гарснаар иргэд Эмээлтэд байрлах махны үйлдвэрүүдийн хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа юм. Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй 34 үйлдвэрээс 28 үйлдвэрт нь одоогийн байдлаар шалгалт хийжээ. Тухайн махны үйлдвэрүүд тодорхой хугацаанд үйл ажиллагааг явуулахгүй байгаа талаар холбогдох эх сурвалж мэдээлсэн юм. Харин махны үйлдвэрүүдэд хамгийн сүүлд 2021 онд хяналт, шалгалт хийжээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор "Эм Ди Си Пи" компанийн маханд хольсон цагаан уусмалд бичил биетийн тоог шинжилжээ. Эмээлтийн гулууз маханд нянгийн тоо 7.6 сая, шулсан маханд нянгийн тоо 10 сая байсан аж. Уг шинжилгээний хариутай "Эм Ди Си Пи" компани санал нийлэхгүй байгаа учраас шинжээч томилохоор болсон байна. Тухайн мах боловсруулах үйлдвэрийн агуулахад хадгалж байсан махнаас зургаан төрлийн шинжилгээ хийжээ. Маханд агуулагдах нянгийн стандарт хэмжээ нь 10 мянга байдаг.
Тэгвэл агуулахын гулууз махнаас илэрсэн нянгийн тоо 30 сая байжээ. Ямааны шулсан мах буюу усанд сойсон мах нь зарим хэсэгтээ муудсан байдалтай байсныг илрүүлсэн байна. Өнгө нь саарал, ногоовтор, зарим хэсгээрээ улаан ягаан өнгөтэй. Сойсон уснаас гаргасан ямааны шулсан махны нянгийн тоо 820 мянга, бодистой хольсон ямааны шулсан махны нянгийн ерөнхий тоо 10 сая, хаяг шошгогүй мах, савлагдсан махны нянгийн тоо 100 мянга, боловсруулсан мах, хөлдөөсөн махны нянгийн ерөнхий тоо 80 мянга байжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг "Эм Ди Си Пи" компанийг шалгасан. Улмаар прокурорын байгууллагад зөрчлийн хэрэг нээх санал хүргүүлж, үйл ажиллагааг нь зогсоох тухай санал гаргасан байна. Тухайн газрын боловсруулсан хөлдүү мах нь хаяг шошгогүй байсан. Тиймээс ходоод, гэдэсний эмгэг үүсгэх магадлалтай хэмээн тогтоосон” гэлээ.
Шалгалтын явцад тус компаниас хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ. Мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй, үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан ажээ. Мөн технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан юм байна. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй аж. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Эм Ди Си Пи" компанийн гүний худагнаас дээж авч, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторид шинжлүүлсэн. Мөн үеэр аюулгүй байдлын үндэсний лабораторид шинжлүүлсэн. Ингэхэд тухайн ус бичил биетийн ерөнхий тоо нэг мл-т 300-аас их, мөн PH-ийн хэмжээ их байсан ажээ. Энэ нь хүнсний зориулалтаар үйлдвэрлэлд хэрэглэх шаардлага хангахгүй байна гэсэн үг” гэжээ.
УЛСЫН ХЯНАЛТЫН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНД ХЛОРИД ХЭВИЙН ХЭМЖЭЭНЭЭС 100 ДАХИН ИХ ГАРАВ
Агуулахад хадгалж байсан 175 тонн махыг дотоодын зах зээлд худалдаанд гаргасан эсэх талаарх баттай мэдээлэл байхгүй байна. Холбогдох газрын зүгээс зах зээлд нийлүүлээгүй хэмээн мэдээлж байгаа боловч үүнийг батлахад ярвигтай.
Гэвч компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор махыг экспортлох зориулалттай байсан хэмээн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн. Хэрэв экспортлох зориулалт бүхий мах байсан бол манай улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдахаар өргөн цар хүрээтэй асуудал болж хувирна. Эмээлтийн дэнжийг эзэгнэсэн хятад эзэнтэй үйлдвэрүүд энэ мэтээр ажиллаж байгаа бол манай улсад хүнсний аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэхэд буруудахгүй.
Энэ мэдээллийг олон нийтэд анх гаргаж ирсэн Нэгүүн.мн сайтын хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээний хариутай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэдний хувьд Усны хяналтын төв лабораторид дээж өгч, шинжилгээ хийлгэсэн байдаг. Улмаар шинжилгээний хариугаар хлорид их хэмжээгээр илэрсэн ажээ. Тодруулбал, хэвийн хэмжээнээс 100 дахин их гарсан байна. Бид хлорыг ахуйн нөхцөлд хамгийн ихээр ашигладаг шалтгаан нь ариутгал байдаг билээ. Зөвхөн хлор гэлтгүй өөр хэд хэдэн бодис байх ёстой хэмжээнээс хэд дахин их гарсан нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Одоогоор энэ асуудалд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг рүү шилжих эсэхийг нарийн судалсны эцэст шийдэх ажээ.
"ЭМ ДИ СИ ПИ" КОМПАНИЙН ТАМГЫГ 2020 ОНД ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАЙЖЭЭ
"Эм Ди Си Пи" компани нь өмнө нь хоёр ч удаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт шалгалтад унаж байсан талаар өмнө нь дурдсан. Сануулахад, 2017 болон 2019 онд мал, амьтныг малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй, ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн болон дарагдаж үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй гэх зэрэг зөрчлүүдийг гаргаж байжээ. Улсын бүртгэлээс 2006 оны нэгдүгээр сарын 19-нд энэхүү компанийг бүртгэж байсан аж.
Улмаар компанийн гишүүнээр БНХАУ-ын иргэн Дун Шиао Жун болон Чэн Бин нарыг 2009 оны зургаадугаар сарын 26-нд бүртгэжээ. Тус компанийн захирлаар Чэн Бин гэх иргэн нь бүртгэлтэй байдаг юм. Эцсийн өмчлөгчөөр Дун Шиао Жунгийг энэ оны нэгдүгээр сарын 11-нд бүртгэж авсан байна. Тус компани ноос, ноолуур угаах, самнах, гадаад худалдаа чиглэлтэйгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 2018 оны есдүгээр сарын 28-нд мах боловсруулах үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаагаа нэмж, бүртгүүлсэн байдаг.
Энэ хугацаанд бас нэг баримтыг дурдахад тус компанийн тамга, тэмдгийг 2020 онд хүчингүй болгож байсан ажээ. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газраас Зөрчлийн тухай хуулийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 5.2.6 дахь заалтыг үндэслэн “Эм Ди Си Пи” компанид олгосон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг 2020 оны нэгдүгээр сарын 08-нд хүчингүй болгосон аж. Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн А/938 дугаар захирамжийн хавсралтаар тус компани нь 9104 ам.дөрвөлжин талбай бүхий газрыг ашиглах зорилгоор таван жилийн хугацаанд сунгуулж байсан баримт бий.
Тус компанийн Монгол дахь төлөөлөгчөөр М.Тунгалаг гэх эмэгтэй ажилладаг. Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй хэдий ч уг компанийн төлөөлөгч, менежерийн албыг хашдаг ажээ. Түүгээр ч зогсохгүй БНХАУ-ын санхүүжилттэй ноос ноолуурын анхан шатны боловсруулах үйлдвэрлэл болох Эм Кэй Вай кашемирийн менежерээр давхар ажилладаг. Эрчим хүчний аудит хийлгэх шаардлагатай үүрэг хүлээсэн хэрэглэгчийн 2021 оны аравдугаар сарын 27-ны өдрийн мэдээлэлд дээрх хоёр компани дотоод аудит хийлгээгүй хэмээн мэдээлсэн бөгөөд хоёуланд нь М.Тунгалагийн нэрийг эрчим хүч хэмнэлтийн менежер гэх албан тушаалаар бичсэн байв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Энэ компанитай нийлсэн, Баттулгын хамааралтай ХКҮ гэж ямар компани байна аа
Наад хужаагын дэвсгэр тунгалагаа барьж хориоч чонотой нийлсэн гичий
balair yumnud,sain shalgaach,bas haana,hezee yamar gazar niiluulsen,mah mahan butegdehuu. hiideg gazar,restaurant,zoogiin gazrig odr bur shalgsnch bolnshtei,zz
Хатуу шийтгэхийг хүсэж байна, энэ бол санаатай хийсэн том гэмт хэрэг шүү. Ер нь махны зах зээлийг хянаж байдаг хятадуудыг сайн шалгах хэрэгтэй дээ.\n