Бяцхан хүмүүс ба ТЭДНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ

Админ | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

"Зиндаа" сэтгүүлийн сэтгүүлч М.Дэвээжаргал


Занабазарын музейн хаалгаар ороход нэг л бүүдгэр орчин угтлаа. Харин зүүн тийш эргэвэл хорвоогийн хамаг өнгө будгийг хананд нь өлгөжээ. Энэ бол харандаа, маркер, бийр барьсан “бяцхан хүмүүсийн ертөнц”. Ажвал, өөрсдийгөө үлэмж биетэн болгоод зурчихаж, зарим нь уруулаа будчихаж, бас намрын навчсын өнгөөр нүүрээ бүрхчихэж...

Бяцхан хүмүүсийн ертөнцөд би яаж ирсэн бэ гэхээр тэдний сэтгэлээс жигүүрлэсэн цагцайнууд намайг дуудсан юм. Хүүхдийн сэтгэлд эргэн тойрны өнгөгүй бүхэн өнгийг олж, жигтэй “ид шид”-ийн дүрээр оршсоор байдгийг тэдний зургаас харсан билээ.

Бороотой өдрийн дурсамжаа надтай хуваалцаач, тэр үед таны сэтгэл хэрхдэг вэ? Харин 7 настай Т.Гэгээннарын сэтгэл “Бороотой өдөр”-ийн тухай “уран зургийн хэл”-ээр ийн ярьжээ. Бүрхэг өдөр саарал, тэгээд жаахан жихүүн байдаг даа. Түүний зурсан шүхэр бүрийн дор өөр, өөр мэдрэмжүүд урсахаас гадна шүхэр бүрийн дээрх дүрс нь хүнийхээ тухай өгүүлж байх шиг санагдсан юм.

Зургийн тайлбар: Бороотой өдөр”, Т.Гэгээннар /7 нас/

“Вангогийн хөрөг”-ийг зурсан Э.Ананд 12 настай. Тэр Вангогийг тийм гэрэлт, гуниггүй зүрхтэй зуржээ. Тэгвэл “Сахилгагүй абстракт” Б.Оргил бол тус дугуйлангийн хамгийн бяцхан зураач. Олон янзын зураасны ард “бүтэн дүр” байгаа гэдэгт огтхон ч үл эргэлзэнэ. Түүний л бодож олсон, харсан, мэдэрсэн зүйлс шүү дээ. Мөн бүх зургийг сайн харваас нүднүүд хоорондоо ялгаатай байгааг ажиглаж болно. Гунигтай байна уу, аз жаргалтай байна уу гэдгийг мэдэж болмоор. Нүд болгон өөрийн гэсэн түүхтэй ч юм шиг. Хүүхдийн сэтгэлд хүрэхдээ ямар ч зүйл илүү халуун дулаан болж хувирдаг бололтой.

Тэдний зарим нь зураач болохыг, зарим нь өөр нэг зүйлийн тухай мөрөөдөж байгаа. Мөрөөдлүүд солигдсоор л байдаг шүү дээ. Хамгийн гол нь хүүхдүүд хорвоо ертөнцтэй дөнгөж л танилцаж буй бяцхан хуруунуудаараа сэтгэл хөдлөлөө бидэнд зураг болгон харуулж байна.

Д.ПАГМАДУЛАМ: “ИД ШИД”-ИЙН ГЭМЭЭР ТӨСӨӨЛЛӨӨ БИТГИЙ АЛДААСАЙ

Тэгвэл жижигхэн гартай зураачдыг маань өөрийнх нь ертөнцтэй уулзуулж буй хүн хэн юм бол. “Цагцай” хүүхдийн уран зургийн дугуйлангийн багштай танилцацгаая. Түүнийг  Д.Пагмадулам гэдэг. Цөөн хором ярилцсан ч түүнийг хүүхдийн сэтгэлийн гэрэлд хамгийн ойрхон байдгийг мэдэрсэн шүү.

-“Цагцай” дугуйлан байгуулагдаад хэдий хугацааг өнгөрүүлж байгаа бол, хүүхдийг багаас нь уран зургийн дугуйланд явуулахын давуу тал юу вэ?  

-Уран зургийн дугуйлан бол нэг талаасаа бага насны хүүхдийн сурах арга барилын суурь болж өгдөг. Яагаад гэвэл тухайн хүүхэд өөрийн төсөөллөөр л зурна. Тэгэхдээ мод зурах уу, бороо орж байх уу гэх мэтчилэнгээр төсөөлөн бодох хэрэгтэй болно. Тиймээс хүүхдийн төсөөлөн бодох чадварыг яг л булчин шиг хөгжүүлдэг юм. Мөн зураг зурж байна гэдэг нь өөрийгөө илэрхийлж буй хэлбэр. Өөрийгөө илэрхийлэх чадвартай хүүхэд өөртөө итгэх итгэлтэй байдаг. Уран зургаар дамжуулан дотоод мэдрэмжээ гаргасныхаа үр дүнд ярианы чадвар нь сайжрах тохиол бий. Манай дугуйлан “Анима” дүрслэх урлагийн коллежийн дэргэд байгуулагдсан. Цагцай гэх нэрийг сургуулийн захирал, зураач Я.Булган багш маань өгсөн. Миний хувьд дугуйландаа багшлаад таван жил болж байна. Сүүлийн хоёр жилд ихэвчлэн цахимаар сургалт явуулж байсан. Нарны хүүхдүүд гэсэн утгатай индианчуудын бэлгэдэлт үг юм билээ. Хүүхэд бол дандаа гэрэл цацруулж байдаг, гэгээлэг ертөнцийн хүмүүс шүү дээ.

- Таны бодлоор мэдрэмжээ хөгжүүлэх нь юунд хэрэгтэй вэ?

-Мэдрэмж гэдэг амьд байгаагийн дохио. Гуниглаж, ганцаардах мэдрэмжийг хүүхдүүд ч бас авдаг. Хайр, гуниг бүх зүйлийг илэрхийлэх чадвартай, өөрийнхөө дотор юу болж байгааг мэдэрч чадсан хүн бусдын сэтгэлийг ойлгодог юм.

-Ер нь тэд танд мөрөөдлөө ярьдаг уу, “би зураач болно оо” гэж байгаа хүүхэд байна уу?

-Ирээдүйд энэ хүүхэд зураач болно, би түүнийг зураач болгоно гэж уран зургийн тухай заадаггүй. Ерөнхийдөө зургийн ач холбогдол, ямар давуу тал байгаа болохыг мэдрэхийг аав, ээжид нь сануулдаг. Чадварлаг зурж сурах нь тийм ч чухал биш. Тав, аравхан настай хүүхдүүдийг зураач болгоно гэж хөгжүүлж байвал буруу зүйл. Би тэдэнд “зураач болоорой” гэж хэлдэггүй. Хүүхдийн давтагдашгүй, ид шидийн гэмээр төсөөллөө битгий алдаасай. Түүнийгээ алдахгүйгээр өөртөө итгэлтэй байгаасай л гэж хүсдэг. Гэхдээ зураач хүн болно гэж ярьдаг хүүхдүүд бий. Тэгэхээр нь “яасан гоё юм бэ” гээд инээмсэглэдэг. Түүнээс биш би чамайг зураач болгох гэж заагаагүй гэж хэлэхгүй шүү дээ. 

-Та хийж буй ажлаасаа өөрийнхөө ертөнцөд юуг хүлээн авдаг вэ?

-Хүүхдүүдийнхээ зурж буй бүхний онцгойд, юунд ч баригдахгүй, чөлөөтэй байгаад нь дуртай. Түүнийг хөгжүүлж, олж харахад сайхан байдаг. Нөгөө талаасаа урлагаар дамжуулан хүүхдийн сэтгэл зүйд сайхан мэдрэмж өгөх, өөрийгөө олж авах, өөрийн ертөнцөө нээгээсэй гэх хүсэл тэмүүлэлтэйгээд ажилладаг даа.

 

Зургийн тайлбар: “Намар”, Ч.Номуундарь /9 нас/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top