Нефть боловсруулах үйлдвэр барихыг ТӨР СААТУУЛСААР өнөөг хүрчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 06

Өмнө нь бид 1950-иад онд баригдсан монголын анхны нефть боловсруулах үйлдвэр хаагдсан талаар зарим баримтыг сануулсан билээ.

Өнөөдөр ч тэр үеийн аюул Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрт тулгарч болзошгүй талаар УИХ дээр яригдсан.

Сүүлийн 30 жилд бид Москвагаас хараат бусаар төрөө байгуулж шийдвэрээ гаргасаар ирсэн. Гэтэл цөөн хүн амтай, өргөн уудам нутагтай манай орны эдийн засгийн амин сүнс болсон нефтийн үйлдвэрийг яагаад өдий хүртэл байгуулаагүй вэ гэсэн асуулт гарна. Үнэн хэрэгтээ нефтийн үйлдвэр байгуулах эдийн засгийн боломж байсан гэдэг нь Хөгжлийн банкны луйвраас харагдана. Корона, оросын дайн бидэнд саад болоогүй.

Харин бид бүр тодруулбал монгол төр нефтийн үйлдвэр байгуулахад ямар ичгүүр сонжуургүйгээр хориг тавьж байсныг доорх баримтуудаас харж болно. УИХ-ын 2008 оны сонгуулиар МАХН (одоогийн МАН) ялж 2012 он хүртэл засагласан. Эрх баригч нам жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ-аар батлуулна.

УИХ 2008 оны арваннэгдүгээр сард “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталж, тогтоол гаргажээ. Тус тогтоолд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гарын үсэг зурж, хэрэгжилтийг хангахыг Ерөнхий сайд С.Баяр, Монголбанкны Ерөнхийлөгч А.Батсүх, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарт үүрэгджээ. Сонирхолтой нь тус үндсэн чиглэлийн макро эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх 3.16 заалтад Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэрийг бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэлийг үндэслэн барьж эхлэх гэсэн заалт оржээ. Гүйцэтгэл дээр нь “Барилгыг барьж эхлэх” гэснийг олон нийт нэг их анзаараагүй болов уу. Инээдтэй нь яг дээрх утгатай тогтоолыг УИХ 2010-2013 онд жил бүр гаргасан байх юм.

 

УИХ-аас таван жил дараалан гарсан ТЭЗҮ, хөрөнгө, түүхий эд, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр барих тогтоол хэрэгжээгүй өнөөг хүрсэн. Харин энэ заалтад ямар ТЭЗҮ дурдагдсан бэ гэдэг нь өнөөдөр тодорхой болсон. Тухайн үед Монгол төрийн сайд асан Т.Намжим “Монгол сикуя” компани байгуулан японы Засгийн газар, Төрийн банкны дэмжлэгтэйгээр нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г 2008 онд бэлэн болгосон байжээ. ТЭЗҮ бэлэн болоод зогсохгүй үйлдвэрийг газрыг Дархан хотод тогтсон байдаг. Гэтэл УИХ тус төслийг хэрэгжүүлэх үүргийн Засгийн газартаа хэдэнтээ үүрэгдээд бараагүй өнөөг хүрэв. Төслийг Монголын хамгийн том эрх бүхий байгууллага хэрэгжүүлж чадаагүй болохоор түүнээс хүчтэй нүдэнд үл харагдах байгууллага байдаг биш юм байгаа гэсэн айдас төрнө.

 

ТӨР ДОТООДЫН НЕФТЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ ГАДНЫХАНД ӨГӨХ СОНИРХОЛТОЙ ЮУ

 

 Монголын УИХ дотооддоо бэлэн ТЭЗҮ-тэй нефть боловсруулах үйлдвэрийг барих даалгаврыг таван удаа өгөөд бараагүй байхад гадныхан монголд үйлдвэр байгуулах тухай сонирхолтой мэдээллүүд байдаг аж. Жишээлбэл, 2005 оны есдүгээр сард хятадын гурван компани Бээжин хотноо уулзаж, монголд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай нефть боловсруулах үйлдвэр байгуулах болсон тухай хятадын болон бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдаж байжээ. Хятадын өөр компани ч монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авсан тухай мэдээ гарч байв. Дээрх мэдээллийг хятадын “Кокусай шёохо” сонин 2005 оны есдүгээр сарын 10-нд цацсан байна. Мөн мэдээнд хятадууд монголд нефть барих үйлдвэр байгуулах ёслолын ажиллагааг гурав хоног Бээжинд хийсэн, “Зүүнбаян” хэмээн нэрлэсэн тухай ч дурджээ. Энэ мэдээллийг “Зууны мэдээ” сонин 2005 оны аравдугаар сард мэдээлсэн байна.

Дээрх мэдээнээс өмнө Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байсан “Алтан Дорнод” компанийн захирал С.Паушок Багахангай дүүрэгт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах шав тавьж, мэдээллийн хэрэгслээр цацсан байх юм. Гэтэл байршил тохироогүй тул дараа нь Улаанбаатарын Рашаант өртөөний орчим жилд 2.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар Сангийн сайд Ч.Улаантай гэрээ байгуулж чаджээ. Сонирхолтой нь тус үйлдвэр эхний таван жилд татвараас 100, дараагийн таван жилд 50 хувь чөлөөлүүлэх заалтыг гэрээнд тусгасан байдаг. Гэрээг 2003 онд байгуулсан ч, 2005 онд дахин сунгасан байдаг.

Оросын компанид үзүүлэх байсан их хайр энэрлийг Алтанширээгийн нефть боловсруулах үйлдвэрт үзүүлэх тухай өнөөдөр ямар ч түшмэл ам нээгээгүй л байна. Хүн итгэхэд бэрх бас нэг түүх ОХУ-ын Ерөнхий сайд М.Фрадковын айлчлалын үеэр бичигджээ. Монгол, ОХУ-ын Ерөнхий сайд нар бизнесийн хүрээнийхэнтэй хийсэн уулзалтад ноён С.Паушок оролцоод зогсохгүй монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулахад бэлэн байгаа тухайгаа мэдэгдэв. Гэтэл М.Фрадков түүний үгийг тасалж “Та үйлдвэр байгуулж эхлээгүй. Энэ тухай ярих хэрэггүй” хэмээн хөөж гаргажээ.Хачирхалтай нь оросын талаас оролцсон бүрэлдэхүүнд С.Паушокийн нэр байгаагүй гэдгийг оросууд мэдэгдсэн байдаг. Энэ нь Ерөнхий сайд нар оролцсон дээд хэмжээний уулзалтад монголын тал боломж олгосон хэрэг болжээ. Энэ тухай ОХУ-ын “Газета” айлчлал дуусны маргааш яаран мэдээлсэн байдаг.

Манай олон бизнесмен орж чадаагүй энэ уулзалтад С.Паушок орсон нь түүний улс төрийн ивээн тэтгэгч нь орос биш монгол төрийн түшээ болохыг батална. Дээрх жишээнүүдээс харахад, манай дотоодын нефтэн бүтээгдэхүүний зах зээлийг гадныхан ихээхэн сонирхдог, хөрөнгө оруулах сонирхолтой гэдэг нь харагдана. Арваад жилийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүүтэй уулзаж байхад тэрээр бас л үйлдвэр байгуулах тухай ярьж байсан ч эрх баригчид зөвшөөрөхгүй байгаа тухай ярьж байсан.

Харин тухайн үед арваад хувь хүн, компани нефть боловсруулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй байдаг тухай албаны хүн мэдэгдэж байв. Гэхдээ тэд үйлдвэр байгуулах талаар олон жилийн турш ямар ч алхам хийдэггүй аж. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үйлдвэр байгуулах сонирхолгүй, зөвхөн зарах эсвэл хэн нэгэн өндөр албан тушаалтны тусгай зөвшөөрлийн наймааг л хэрэгжүүлэх зорилготой байж болох юм. Төр дотооддоо нефтийн үйлдвэр байгуулахгүй өдий хүрсэн шалтгааныг иргэд олон янзаар харддаг. Эхний ээлжид импортлогчдыг. Үнэн хэрэгтээ нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниуд ч дотооддоо үйлдвэр байгуулах сонирхолтой байдаг. Гэхдээ тэдэнд хөрөнгө оруулалт байхгүй. Бас олон долоон юм ярьж олон жилийн найдвартай түншээ алдах, тэр бүү хэл гомдоох нь импортлогчдоор зогсохгүй монголд аюул авчирна.

Тийм учраас нефтийн бүтээгдэхүүн импортлогчид энэ асуудалд болгоомжтой ханддаг. Асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандах нь дотоодын эдийн засгийг самрана гэдгийг хамгийн сайн ойлгож байгаа картель бол нефть импортлогчид байдаг. Элдэв улстөрчдийн шоу, иргэдийн тунирхал, сүрдүүлгийн дунд тэд ч амаргүй орчинд үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж импортлогчид ч нэг их ариун үйл ажиллагаа явуулдаггүй. Хуурамч түлш зарах, олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх мэтээр бүлтрэх нь цөөнгүй. Дэлхийн зах зээл дээр түлшний үнэ нэмэгдэхэд үнээ өсгөх боловч буурах цагт нь дусал төдий л бууруулсан дүр үзүүлнэ.

Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэх нь энгийн үзэгдэл. Тэр тусмаа импортлогчид тэр хэрээр үнээ нэмэх нь буруу биш. Гэхдээ үнэ нэмэгдэх бүр тухайн компаниуд биш төрийн байгууллага болох Газрын тосны газрынхан байнга компаниудын өмнөөс тайлбар тавьдаг жишиг тогтоод удаж байгаа. Энэ нь ч иргэдийн харыг дэврээх нэг шалтгаан болдог. Үнэн хэрэгтээ дотоодын шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан өнөөгийн цахим ертөнцөд хайгаад байх зүйл биш л дээ. Гэхдээ нийгэмд санаатай, санаагүйгээр цуу тарааж, дэвэргэх үзэгдэл давамгайлдаг. Аргаа ядсан сэтгүүлч шатахуун түгээгчээс “Бензиний үнэ яагаад өсөв” гэж асууна. Мэдээж түгээгч “Дээрээс ирсэн шийдвэр” гэж хариулна. Амьдрал дээр шатахууны үнэ өсөх буурахыг дэлхийн хэдхэн томоохон нефть импорлогчид л шийддэг. Тэд бундын тамга гаргаж үнээ нэмнэ. Удахгүй гилийн долоо гаргаж үнээ буулгана. Энэ хооронд ам.долларын ханшны уналтаас хангалттай ашиг унагана. Оросын дайн бол ОПЕК-ийн орнуудад том бялуу. Дайн дуусахад Арабын эмират хэд хэдэн хот далай дээр байгуулах мөнгөтэй болно. Дуусахгүй үргэлжлэх нь эмирүүдыг саран дээр хот байгуулах хуримтлалтай болгоно. Улс орнууд нефтийг өөрийн иргэдийн сайн сайн сайхны төлөө ингэж ашигладаг. Гэтэл манайд илэрсэн жаахан нефтийн орд мөрөөрөө попроод зогсохгүй монголчуудыг 1.5 тэрбум ам.долларын өрөнд оруулж мэдэхээр байна.

 

ЗАНДАНШАТАР: Г.ЁНДОН САЙД АА, 1.5 САЯ ТОНН НЕФТЬ ХААНА БАЙНА

 

УИХ-ын дарга УУХҮ-ийн сайдад дээрх асуултыг тавьсан. Багш нь Вовкагаас “Рейхстагыг хэн авсан бэ” гэж асуутал “Би түүнийг хулгайлах нь бүү хэл хараагүй” гэж хариулжээ. Улмаар эцэг эхэд нь Вовкаг хамгийн энгийн асуултад хариулж чадахгүй байгааг матжээ. Гэтэл эцэг эх нь “Цаадах чинь авсан бол ойрхон нуучихсан байх” гэж хариулсан онигоо байдаг. Рейхстаг гэдэг нь 1945 оны дайныг өдүүлсэн Герман төрийн байр. Оросуудын зүрхийг хөөргөдөг түүх. Үүнийг мэдэхгүйг байгаа шүүмжилсэн бололтой юм.

Харин Г.Ёндон сайд яагаад хятадуудын олборлож байгаа түүхий нефтийн өмнө хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг нь шал өөр асуудал. Засгийн газрын 2009 оны үндсэн чиглэлд МАН Дарханд нефть боловсруулах үйлдвэр барих тухай оруулаад зогсохгүй тэр жилдээ барилгын ажлыг эхлүүлэх тухай үүрэгдсэн. Эндээс 1,5 сая тонн түүхий нефтийн түүх эхлэлтэй. УИХ таван удаа үүрэгдсэн ч Засгийн газар гөлөг хуцах чинээ тоолгүйгээр өнөөг хүрсэн нь үнэн.

Энэтхэгчүүд дэд бүтцээ сайжруулахад туслахаар тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл амалжээ. Түүгээр нь эрх баригчид нефть нэрэх үйлдвэр байгуулахаар шийдэж. Мэдээж Хөгжлийн банкны бонд, зээлийн дэргэд гайхалтай санаа. Сайн шийдвэр ч яаруу гаргавал саадтай тулгардаг гэдгийг япончууд дэлхийн II дайнаас сургамж авсан гэдэг. Уриа, лоозон болж жижигхэн дэд бүтэц, ажилчид амьдарч, дарга нар тухлах хэдэн барилгыг нүд ирмэх зуур барьчихав. Нефтийн үйлдвэр ч хурдан босдог юм байна гэсэн ойлголт нийгэмд төрөв. Цар тахал гараагүй бол энэ үйлдвэрийн бэрхшээл эрт тодрох байв. Эхний асуудал нь түүхий эдээ үйлдвэр лүү татах.

Жилд 600 шахам км-ээс 1.5 сая түүхий нефть татах чадвар өнөөдөртөө монголд авто тээвэр, төмөр замын салбарт л бий. Үлдсэн хоёр зам нь агаарын болон, хоолойн тээвэр. Уг нь талх барих хүн эхлээд буудайгаа хаанаас, ямар хэмжээтэй авахаа тогтож байж дараа нь үйлдвэрийнхээ хүчин чадал, технологио сонгодог юм байна. Гэтэл манайхан үйлдвэрээ барьж эхлээд дараа түүхий эд татах хоолойгоо шийдсэн. Нефть тээх хоолойг бариулах төлбөрийг нүүрсээр хийх нь үнэхээр ашигтай шийдэл.

Хэдийгээр хоёр жил мунгинасан ч оносон гэж болно. Харин өнөөдөр хэр хэмжээний нефть Тамсагаас авах тухай яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, талхчин үйлдвэрээ барьчихаад  буудайгаа хайж эхэлсэн гэсэн үг. Хайх хайхдаа, хаа хамаагүй Г.Ёндон сайдаас асууж байх юм. Мэдээж Г.Ёндон сайд уул уурхайд хамаагүй загас, шувуу биш л дээ. Уул уурхайг л өнөөдөр хариуцаж байгаа хүн. Гэхдээ нефтийн үйлдвэр барих, тэр тусмаа түүхий эд болох нефтийн нөөцийн өмнө толгойгоо тавих нь арай зоримог шийдвэр болох байх. Учир нь өнөөгийн мөрдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд нефтийн үйлдвэрийг Оюутолгойн дэргэд эсвэл Алтанширээнд барихаас өөр сонголт бараг байхгүй.

 

ТӨР НЕФТИЙН ҮЙЛДВЭРТ АНХААРЛАА ХАНДУУЛСАН ТҮҮХ

 

МАН-ын Засгийн газар 2009 Оюутолгойг ашиглах, нефтийн үйлдвэрийг барих монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх хоёр шийдвэр гаргасан байдаг. Оюутолгойн шийдэл өнөөдөр эдийн засгийн үндсэн хөшүүрэг гэж болно. Харин нефтийн үйлдвэрийн хувь заяа бүрхэг хэвээр байна. Доктор Т.Намжим 1980-аад оноос сэтгэлдээ тээсэн монголд нефть нэрэх үйлдвэр байгуулах төслөө ганцаараа хэрэгжүүлэхээр шийджээ.

Амьдралын эрхээр японд олон жил багшилж, дээд доод шатны албан тушаалтнуудтай тогтоосон холбоогоо ашиглан төслөө хэрэгжүүлэх ажилд хижээл насны арваад хүнийг дайчлав. Барагтай хүнд итгэл хүлээлгэдэггүй япончууд түүнд итгэж төслийг барилга барьж эхлэх хэмжээнд хүрсэн ТЭЗҮ-г Японы Засгийн газар хийж өгчээ. Энэ нь МАН-ынхны анхаарлыг татаад зогсохгүй санхүү нь хүртэл шийдэгдсэн энэ төслийг хэрэгжүүлэхээр шийдэв. Ингээд 2009 оны Засгийн газрын үндсэн чиглэлд тусгажээ.

Иргэд энэ бүхнийг анзаараагүй ч томоохон бизнесийн бүлэг дээд шатны улстөрчдийн дэмжлэгтэйгээр тус төслийг ажиглаж байсан нь дараах баримтуудаас харагдана. Эрх барихаараа намаа тараадаг, иргэн болохоороо эх оронч болдог АН-ынхан эрх барьж байх үед Засгийн газар тогтоол гаргаж Японы банктай нефтийн үйлдвэрийн Санхүүжилтийн талаар гэрээ хийхийг уул уурхай, Эдийн засгийн сайд нарт даалгажээ. Магадгүй энэ тогтоол бэлэн ТЭЗҮ, санхүүжилттай. Т.Намжимын төслийг гацаах улмаар дээрэмдэх санаа улс төр, санхүүгийн хүчирхэг бүлэгт төрүүлсэн байж болох юм. Үнэн хэрэгтээ монголд нефтийн үйлдвэр байгуулах ажлыг бодитоор хэрэгжүүлэх алхмыг  хийсэн ганц Засгийн газар нь Н.Алтанхуягийн Засгийн газар болж таарна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөртөө ашиг харсангүй, шоудсангүй “Монголд нефтийн үйлдвэр байгуулахыг дэмжинэ” гэсэн үгэндээ л хүрсэн хэрэг. Гэхдээ энэ нь Данко шиг зүрхээ сугалсан хэрэг биш. Байдлыг бодитоор дүгнэж, овжноор ашигладаг хүний хувьд боломжийг л алдахгүйг хичээсэн хэрэг. Төсөл хэрэгжвэл тэр бараг мөнхийн Ерөнхий сайд болно. Хэрэгжихгүй бол түүний цамцны ганц товч ч салж унахгүй гэдгийг тэрээр тооцоолохтойгоо. Тиймээс дуулиан шуугиан дэгдээгүй болов уу. Харин нөгөө талдаа алтан хөшөөний боломж байгааг түүнээс өөр харсан Ерөнхий сайд байхгүй байсан бололтой.

Учир нь японы тал тус төслийг монголын Засгийн газрын баталгаа л байвал монголчуудаас өнчин ишиг гарздахгүйгээр 2014-2018 онд түлхүүр хүлээлгэж өгөх ТЭЗҮ-г тултал нь хийсэн байдаг. Сонирхолтой нь энэ төсөл одоо ч хүчинтэй. Япон хүн үерхэлдээ үхтлээ үнэнч байдаг гэсэн үг байдаг. Төсөл эзэмшигч компанийхантай япончууд одоо ч харилцаатай аж. Санхүү, түүхий эд, технологи, боловсон хүчнийг төгс тооцоолсон, мэргэжлийн ажилчдыг үйлдвэр барих хугацаанд японд сургах тухай хүртэл асуудал шийдэгдсэн. Засгийн газрын тогтоолд хоёр агуулга тусгагдсан. Дархан хотод байгуулах жилд хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах. Санхүүг японы талтай шийдэх.

Мөн үйлдвэрийг дотоодын түүхий эдээр хангах асуудлыг Уул уурхайн сайдад үүрэгджээ. Энэ тогтоолоороо нөхөр Н.Алтанхуяг УИХ-ын хэдэн жил үглээд Засгийн газрууд нь тоогоогүй нефтийн үйлдвэрийн асуудлыг дахин сэдрээсэн Засгийн газрын тэргүүн болов. Анх 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр Японд айлчилж, айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгаж, тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Гадаад хэргийн сайд нарт даалгаж байсан аж. Ерөнхий Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн шийдвэртэй зэрэг шахам УИХ-ын таван шийдвэр гарч байхад унтаж байсан байх магадлалтай ҮАБЗ гэнэт сэрж, 2014 оны гуравдугаар сард монголд байгуулсан нефтийн үйлдвэрийг зөвхөн дотоодод олборлосон нефтиэр хангах тухай шийдвэр гаргачихав. Энэ нь шууд утгаараа Дарханы нефтийн үйлдвэрийг зогсоосон шийдвэр юм.

Учир нь тус үйлдвэр ОХУ-ын түүхий нефтиэр хангагдана. Үйлдвэрийн технологи нь ямар ч стандартын нефтийг боловсруулах дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи. Бүр сонирхолтой нь япончууд оросоос нефть авах 200 жилийн гэрээтэй. Өнөөгийн оросын хориг ч энэ гэрээнд хамаарахгүй. Дарханд байгуулах үйлдвэр жилд оросоос япончууд авах хэдэн зуун сая тонн нефтиэс шомбодож үйлдвэрээ тэжээх боломжтой. Гэтэл ҮАБЗ энэ боломжийг хаасан. Монголд нефтийн илэрц бий. Гэхдээ тэр нь хятадуудын мэдэлд байгаа ҮАБЗ хэн нэгэнд хууртаж дээрх шийдвэрийг гаргасан уу эсвэл үнэхээр монголд нефтийн үйлдвэр байгуулах бодлогыг зогсоох оролдлого хийсэн үү гэдгийг тухайн үеийн ҮАБЗ-ийн гишүүд л хариулах байх. Ямар ч тохиолдолд тэдний гаргасан шийдвэр зөв биш гэдгийг өнөөдөр харуулж байна.

Тамсагийн ордоос 2015 онд 1.1 сая тонн нефть олборлож байсан. Энэ нь 1998-2021 онд жилдээ олборлосон нефтийн дээд хэмжээ юм. Сонирхолтой нь монголд нефтийн үйлдвэр барих сураг гарсанаас хойш нефтийн олборлолт буурч эхэлсэн. Сүүлийн хоёр жилд нийтдээ сая гаруй тонн л нефть олборлов. Тэгээд ч орд нь монгол нэртэй болохоос нефть хятадуудын мэдэлд. Манайх жаахан хувь эзэмшдэг нэртэй. Татвар, төлбөрөө ч авч чадахгүй. УИХ-аар яриад ч үр дүн гарахгүй. Тамсагийн ордын нефтийн асуудал бидний хувьд оросын нефтиэс илүү түвэгтэй асуудал дагуулна.

Хятадууд бидэнд дэлхийн зах зээлийн үнээр л зарна. Өнгөрсөн жилүүдэд тус ордоос бидэнд ногдох жаахан хувийг дэлхийн зах зээлийн үнээр төлсөөр ирсэн. Дургүй нь хүрвэл олборлолтоо бууруулна. Тэднээс татвар нэхвэл үйлдвэрийг дуртай цагтаа зогсооно. ҮАБЗ-ийн шийдвэртэй зэрэгцээд Засгийн газар ч гэнэт нефтийн үйлдвэрт санаа зовниж эхлэв.

Н.Алтанхуягийн суудлыг авсан Ч.Сайханбилэг 2013 оны гуравдугаар сард нефтийн үйлдвэр “байгуулах” түүхэн шийдвэр гаргав. Үнэндээ бол үйлдвэр байгуулах алтан боломжийг багалзуурдсан шийдвэр. Тус тогтоол ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилготой. Тогтоолд говийн бүсэд жилд хоёр сая тонн, зүүн бүсэд жилд 300 мянган тонн нефть боловсруулах ТЭЗҮ боловсруулахыг үүрэгджээ. Ингэснээр Дарханд үйлдвэр байгуулах асуудал таг гацав. Монголд байгуулсан нефьт боловсруулах үйлдвэрийг дотоодын нефтиэр хангах, говийн болон зүүн бүсэд хангайн бүсэд үйлдвэр байгуулах зэрэг эдгээр шийдвэрүүд олон жил яригдсан санаа биш гэдэг нь дараа жилүүдэд юу хийснээр нь батлагдана.

Дээрх шийдвэрийн хүрээнд юу ч хийгдээгүй нь зүгээр л төслийг гацаах зорилготой байсныг гэрчилнэ. Бүр сонирхолтой нь эдгээр шийдвэр гарсаны дараа нэгэн эрхэм “Мөнгө хамаагүй. Газар шийдэхэд асуудалгүй. Төслөө зарах уу” хэмээн төсөл эзэмшигчдийн нэгэнд  ханджээ. Үнэн хэрэгтээ 2009-2013 онд нефтийн үйлдвэр байгуулах тухай төр засгаас 17 шийдвэр гарч байсан боловч Энэтхэгийн зээл хүртэл нефтийн үйлдвэрийн тухай төр засаг сонсох ч дургүй байсаар өнөөг хүрчээ. Дараагийн дугаарт хэн, хэзээ, ямар шийдвэр гаргаад хэн хэрэгжүүлэхгүй, төслийг гацаасан мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросоос холд(124.158.70.89) 2022 оны 06 сарын 07

Үхсийн чинь төр саатуулдаг юм. Оросын захиалга шдээ. Ангарскийн шатахуунд шинэ өрсөлдөгч гаргахыг орос хүсэхгүй.

0  |  0
Bidon(66.181.161.73) 2022 оны 06 сарын 06

Delgetsaikhan pizdaa giin hor

0  |  0
Эгэл(64.119.24.87) 2022 оны 06 сарын 06

Хүрэлсүх ээ буухаасаа өмнө нефтийн үйлдвэрээ бариулж гүйцээгээрэй.Хэрэв тэгвэл монголчууд чамайг Алтансүх гэж хоорондоо нэрлэх болно оо.Амжилт

0  |  0
Зоч(103.161.242.190) 2022 оны 06 сарын 06

Манай баригдах үйлдвэрийн ажил гуч дөчин хувьтай гэж мэдээлж байна. Үнэн л байдаг байгаа даа.. Хүрэлсүх минь энэ ажлаа зогсоочихгүй түргэвчилэх арга хэмжээ аваарай. Монголчууд чинь дотроо залбираад өглөө болгон чимээгүйхэн сүү өргөдөг шүү..Сайн зүйлд садаа мундахгүй муу болгон тонилох болтугай...

0  |  0
зочин (43.242.243.161) 2022 оны 06 сарын 06

Шатхуун импортлогч компаниуд Монголын эдийн засагыг биш өөрсөдөө өнөөдөр олох ашигаа бодож эрх баригчдыг ивээн тэтгэж нефтын үйлдвэр бариулахгүй лоббиг хүчтэй явуулдаг

1  |  0
зочин(66.181.161.13) 2022 оны 06 сарын 06

паушокийн үйлдвэр нь бараг 70%-тай босч байсан.. гэтэл энэ нь Mонголыг түлш нефть, төмөр замаар барьж байх сонирхолтой Oросын төрийн бодлогод айхтар харшилсан учир сандарсан Oросууд яаран - Mонголд түүхий нефть нийлүүлэхгүй байх, түүхий нефть нийлүүлсэн Oросын ямарваа 1-н компанид хориг арга хэмжээ авахаар тогтоод.. Mонголд босч байсан паушокийн үйлдвэрийг өөрсдийн гар хөл болсон хэдэн олигорхуудаар дуусгуулсан даа...

0  |  0
Зоч(103.161.242.190) 2022 оны 06 сарын 06

Нефтийн үйлдвэр баригдсан цагт монголчуудын дахин сэргэлт,мандалын үе эхэлнэ. Үүнд саад болох юу ч байхгүй, хэн ч байх ёсгүй...

1  |  0
Зангаран(202.179.25.45) 2022 оны 06 сарын 06

Монголд үйлдвэр байгуулж бүтээгдэхүүн хийнэ гэдэг үлгэрт хэрсүү монголчууд итгэдэггүй. Учир нь ийм шийдвэрүүдийг гаргаж байгаа хүмүүс нь зөвхөн мөнгө завших, нэр хүнд олох, ард түмнийг хууран мэхлэх зорилготой коммунистууд байдаг. Тэд эх оронч хүмүүс биш.

1  |  1
Top