Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын тэргүүлсэн Засгийн газар Монголд Энэтхэг улсын зээлээр Нефть боловсруулах үйлдвэр байгуулах тухай 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд зарлажээ. Түүнээс хойш тав гаруй жил өнгөрөв. УИХ-ын нэгдсэн чуулганы 2022 оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдаан дээр УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийхдээ Алтанширээд Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь урьд өмнө зарлаж байснаас 2-4 дахин нэмэгдсэн тухай мэдэгдэв.
Энэ нь тухайн үйлдвэрт түүхий эд хангамжийн асуудлаас гадна санхүүгийн асуудал үүссэн байж болзошгүй гэх болгоомжлолыг нийгэмд үүсгэв бололтой. Харин нөгөө талдаа доктор Т.Намжим агсны Япон улстай байгуулсан нефть боловсруулах иж бүрэн ТЭЗҮ, газар, санхүү нь шийдэгдсэн төсөл бэлэн, хүчинтэй байгаа аж. Төслийг эзэмшигч “Монголсэкию” компанийн Ерөнхий захирал Т.Намжимын хүү Н.Итгэлийн ярьж буйгаар тухайн төслийг хэрэгжүүлэхэд хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн.
Энэ нь Монголд хоёр дахь газрын тос боловсруулах үйлдвэр бэлэн гэсэн үг гэнэ. Түүний тайлбараар бол Засгийн газар ганц шийдвэр гаргахад л монголчууд дөрөвхөн жилийн дараа санхүү, түүхий эдийн ямар ч асуудалгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болох аж. Энэ салбарт төрийн хэрэгжүүлж буй Алтанширээгийн үйлдвэр, “Монголсэкию” компанид байгаа бэлэн төслийн талаар мэдээлэл хүргэж байна.
ДОРНОГОВИЙН АЛТАНШИРЭЭ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД
Дорноговийн Сайншандад жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгийн зээлийн нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр байгуулах тухай шийдвэрийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар гаргасан тухай 2016 оны 12 дугаар сарын 14-нд зарлаж байсан. Засгийн газар хоёр жилийн дараа Сайншандаас холгүй орших Алтанширээд энэ үйлдвэрийг Тамсагбулаг-Алтанширээ газрын тос дамжуулах хоолойн хамт Энэтхэгийн зээлийн нэг тэрбум ам.долларын хөрөнгөөр байгуулах тухай тогтоол мөн 2018 оны нэгдүгээр сард баталсан байдаг. Үүнээс хойш 2019 онд Энэтхэгийн зээлийн нэг тэрбум ам.долларын хөрөнгийг зөвхөн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад ашиглаж, газрын тос дамжуулах хоолойн хөрөнгө оруулалтыг тусад нь шийдвэрлэхээр тогтжээ.
Улмаар үйлдвэрийн хөрөнгө оруулалт хүрэлцэхгүй байдлаас болж Энэтхэгийн зээлийн хэмжээг 260 сая ам.доллароор нэмэгдүүлэх тухай мэдээлсэн. Алтанширээд байгуулагдах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалт нь нэг тэрбум 260 сая ам.доллар байх тухай 2022 оны тавдугаар сар хүртэл байнга мэдээлсээр ирсэн.
Гэвч албан бус эх сурвалжуудаас аль 2020 онд Энэтхэгийн тал Английн “Shell” корпорацтай лицензийн гэрээний асуудал хэлэлцэх явцад үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбум ам.долларт хүрэх тухай яриа гарчээ. 2022 оны дөрөвдүгээр сарын эцсээр сэтгүүлчийн тавьсан “Алтанширээд байгуулах үйлдвэрийн төслийг Энэтхэгийн тал орхиж гарсан, санхүүжилт зогссон, төслийн хэрэгжилт гацсан. Засгийн газар одоо яах вэ” гэх асуултад “Энэтхэгийн тал төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг огцом өсгөсөн тул Энэтхэгийн ерөнхий сайд Н.Модид албан бичиг явуулсан. Засгийн газар нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах бодлогыг баримтална. Богино хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих хувийн компаниудыг бодлогоор дэмжинэ” гэж Ерөнхий сайд хариулжээ.
Энэ үйл явдлаас хойш хоёр долоо хоногийн дараа тавдугаар сарын 13-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр УУХҮ-ийн сайд Г.Ёндон УИХ-ын дарга болон хэд хэдэн гишүүдээс тавьсан Энэтхэгийн тал Алтанширээд тус үйлдвэрийг хэдий хэмжээний зардлаар барьж байгуулах байр суурьтай байгаа тухай асуултад хариулахдаа нийт хөрөнгө оруулалт нь дээр дурдсан анхны төсөөллөөс 2-4 дахин их болж нэмэгдэх тухай мэдэгдэв.
Тус мэдээллээс харвал Алтанширээд байгуулагдах ГТБҮ-ийн нийт хөрөнгө оруулалт нь анхны төсөөллөөс 2-4 дахин их болж, 2.5-5.0 тэрбум ам.доллар болох магадлалтай. Энэтхэгийн талаас гаргасан үйлдвэр барьж байгуулах энэхүү төсөв, зардлыг чухам яаж тооцсон нь тодорхойгүй байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тооцохдоо эхний ээлжид техникийн зураг төслийг боловсруулдаг. Үүний дараа уг зураг төслийн дагуу тухайн үйлдвэрийг барьж байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материалын үнэ өртөг, тэдгээрийн татан авалт, тээвэрлэлтийн зардал, барилга угсралтын ажлын зардал зэргийг нарийвчлан, нэг бүрчилэн тооцож, тохиролцсоны үндсэн дээр нийт хөрөнгө оруулалтын зардал гардаг. Хэрвээ хөрөнгө оруулалтын зардлыг дээрх байдлаар бүрэн хийж чадаагүй тохиолдолд ийм төрлийн ижил хүчин чадалтай үйлдвэр барьж байгуулсан олон улсын жишгээр нийт хөрөнгө оруулалтын зардлыг баримжаалж болно.
Урьд өмнө нь “Монголсекию” компанийн захиалгаар Дархан-Уул аймагт жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн Техникийн зураг төсөл, Барилга угсралтын график, төлөвлөгөөг Монгол-Японы хамтын ажиллагааны шугамаар нефть-химийн үйлдвэр барьж байгуулах технологиор дэлхийд тэргүүлэх Япон улсын Тоёо инженеринг болон Чиёда корпорацууд боловсруулж, түүний нийт хөрөнгө оруулалтын зардлыг тооцож гаргасан юм.
Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын зардал нь 1.4 тэрбум ам.доллар болж байна. Энэ жишгээр тооцвол Алтанширээд барих үйлдвэрийн хүчин чадал нь 1.5 сая тонн байх тул зардал нь 1.1 тэрбум ам.доллар орчим болж байна. Энэтхэгийн тал нь Техникийн зураг төсөл, Барилга угсралтын график, төлөвлөгөөг боловсруулаагүй учраас л нийт хөрөнгө оруулалтын зардлын тооцоог ингэтлээ хэр хэмжээнээс хэтрүүлж хэлсэн бололтой.
Мөн түүнчлэн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлыг 2.5-5.0 тэрбум ам.доллар байхаар мэдэгдсэн нь түүний хамгийн бага болон их хэмжээний зөрүү нь 2.5 тэрбум ам.доллар болж байгаа нь Энэтхэгийн талын үндэслэл, тооцоонд эргэлзээ төрүүлж байна. Хөрөнгө оруулалтын дээд болон доод заагийн зөрүүг ингэж ихээр авсан нь түүний бодит хэмжээг баримжаалж эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд дээр суурилсан үр ашгийн тооцоог гаргах боломжгүй болж байна. Ерөнхий сайдын мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа УУХҮ-ийн яам нь Хятадын нэгэн компанитай Тамсагбулаг-Алтанширээгийн газрын тос дамжуулах хоолой тавьж, түүний төлбөрийг Тавантолгойн коксжих нүүрсээр төлөх тухай гэрээ байгуулжээ.
Газрын тос дамжуулах хоолойн зардал нь олон улсын жишгээр тооцоход 1.7-2.0 тэрбум ам.доллар болох юм. Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүнийг дагалдах хоолойн шууд зардал нь нийлбэрээр 4.2-7.0 тэрбум ам.доллар болж байна. Үүн дээр одоо байхгүй байгаа дэд бүтэц болон цахилгаан станцын зардал, түүнчлэн улсын төсөв болон Хөгжлийн банкнаас авсан 613 тэрбум төгрөгийг нэмж тооцох ёстой. Эдгээр нь нэмж хагас тэрбум ам.доллароос давах магадлал өндөр. Ингээд нийт хөрөнгө оруулалтын зардал одоогийн байдлаар 4.7-7.5 тэрбум ам.доллар болж байна. Хэрвээ Энэтхэгийн талын хэлсэн дээд болон доод заагийн дунджаар үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 3.75 тэрбум ам.доллар, нийт хөрөнгө оруулалт 6.1 тэрбум ам.доллар болохоор байна.
ДАРХАНД БАРИГДАХ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙН ТУХАЙ
Дарханд газар, ТЭЗҮ нь шийдэгдсэн төслийг эзэмшигч “Монголсэкию” компанийн Ерөнхий захирал Н.Итгэлийн ярьж буйгаар бол төслийн хөрөнгө оруулалт нь 1.5 тэрбум ам.доллар, түүний дэд бүтцийн зардал нь 10 сая ам.доллар байна. Анхаарвал зохих зарчмын асуудал нь Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжүүлэх шийдэлтэй бөгөөд бэлтгэл нь хангагдсан, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй болох нь ТЭЗҮ-ээр тогтоогдсон гэнэ.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, импортын хамаарлаас ангижруулна. Стратегийн ач холбогдолтой бөгөөд Японы тэргүүний техник технологитой. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр нь төр засгийн, хувийн хэвшлийн, эсвэл тэдний хамтарсан зэрэг аль ч хэлбэрээр хэрэгжүүлэх явдлаас үл хамааран, эцсийн дүндээ манай улсад заавал байгуулагдах учиртай, хэрэгжих бүрэн боломжтой төсөл аж.
Төсөл нь өнгөрсөн жилүүдэд төр засгийн эрх баригч зарим өндөр албан тушаалтан хүмүүсийн улс орныхоо язгуурын эрх ашгийг үл тоомсорлодог хувийн чанартай явцуу ашиг сонирхол, намчирхсан талцалаас үүдэлтэй нэн хариуцлагагүй, шударга бус үйлдлээс болж төслийг саатуулсан гэж төсөл эзэмшигч үзэж байгаа гэнэ. Төслийг хэрэгжүүлэх эс үйлдлээс болж, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах, төслийн эдийн засгийн өндөр үр өгөөжийг улс нийгэмд хүртээх боломжийг хойш татсан доорх тооцоог төсөл эзэмшигч компаниас гаргажээ.
Үүнд: 2012-2016 онд алдагдсан эдийн засгийн үр ашгийн боломж:
1. Төслийн хэрэгжилт 2009-2012 онд саатсаны улмаас жилд дунджаар 1.3 орчим их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 460 тэрбум төгрөгийн орлого оруулах (Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 2015 оны татварын орлогоос 1.3 дахин их) тооцоо гарсан юм. Эдийн засгийн үр ашгийн тооцоог 2012-2016 оны дөрвөн жилийн дүнгээр авч үзвэл 4.5 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улмаар Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг тодорхой хувь хэмжээгээр өсгөн урагшлуулах, улсын төсөвт нэг их наяд 840 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах боломжийг алдагдуулсан.
2. 2016 онд уг үйлдвэрийг ашиглалтад оруулсан бол жилд дунджаар 790 сая ам.долларын бүтээгдэхүүн, улсын төсөвт 328 сая ам.долларын татварын орлого оруулах
3. Эдийн засгийн үр ашгийн тооцоог 2016-2021 оны зургаан жилийн дүнгээр авч үзвэл 4.74 тэрбум ам.доллар буюу 13.5 их наяд шахам төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 1.968 тэрбум ам.доллар буюу 5.6 их наяд төгрөгийн татварын орлого алдагдсан
4. Төсөл өнөөг хүртэл Дархан-ГТБҮ төслийг сатуулснаас болж Монгол Улсад найман тэрбум ам.доллар буюу 18 их наяд төгрөгийн хохирол учирсан
5. Төслийн хэрэгжилтийг саатсан нь Монгол, Японы стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг бодит биелэл болгох харилцан тохиролцооны зарчмын баримт бичгийг үл ойшоосон зарчимгүй үйлдэл болсон
6. Манай улсын шатахуун борлуулагч компаниудын гадаадаас импортлож нийлүүлдэг шатахуун, дизель түлш нь машин механизмын техникийн шаардлагыг хангадаггүй буюу зохих стандартын түвшинд тэнцдэггүй гэсэн гомдлыг Монгол Улсад төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниудын талаас гаргадаг, мөн үе үе тасалдах аюул нүүрлэдэг учраас Дархан хотод Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар тэргүүний техник технологитой үйлдвэр байгуулагдана гэдэгт найдлага тавьж буй тухай Ройтерс Агентлагийн 2011 онд нийтлүүлсэн “Монголын бензин шатахууны хараат байдал бол аюул занал” гэсэн гарчигтай, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдын зурагтай мэдээнд онцлон дурдсан байдаг.
7. Монгол, Японы Засгийн газрын Ерөнхий сайд нарын гарын үсэг зурж батлагаажуулсан Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт “Хоёр орны Засгийн газар Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулахад үргэлжлүүлэн хамтарч ажиллана” гэж заасан. Төслийг хэрэгжүүлэх үйл хэргийг өмнөх үеийн Засгийн газар хөсөрдүүлсэн явдал нь Монгол, Японы стратегийн түншийн харилцааны итгэл найдварыг алдруулах, улмаар манай улсын нэр төрийг олон улсын тавцанд сэвтүүлэх зэрэг ноцтой сөрөг үр дагаварт хүргэсэн болно.
Дарханд Японы хөрөнгө оруулалтаар баригдах газрын тос боловсруулах төслийг эзэмшигч “Монголсэкию” компанийн Ерөнхий захирал Н.Итгэл дээрх мэдээллийг өгсний дараа “Өнөөгийн Засгийн газар, өмнөх үеийн туйлын буруу үйлдлийг засаж залруулна гэдэгт бүрнээ найдаж байна” гэж хэлэв. Дээрх мэдээллүүдээс харвал өнөөдөр Монголд Энэтхэгийн зээлээр Алтанширээд баригдаж байгаа төрийн өмчит нефть боловсруулах үйлдвэр, 2016 онд ашиглалтад орох боломжтой байсан Японы хөрөнгө оруулалтаар баригдах нефть боловсруулах иж бүрэн төсөл хувийн “СЭКИЮ” компанид байгаа юм байна. Японы хөрөнгө оруулалттай төсөл өнөөг хүртэл хэрэгжээгүй шалтгааныг зарим эх сурвалж намчирхал, хувийн ашиг сонирхлоос үүдэлтэй гэж үздэг. Японы төсөл эзэмшигч төслөө хэрэгжүүлэхийн тулд хэнтэй ч хамтарна гэж ярьсан.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богино хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барих хувийн компаниудыг бодлогоор дэмжинэ” гэж мэдэгдсэн.
Эндээс төрийн үйлдвэр болон хувийн хэвшлийн үйлдвэр ч баригдах боломж нээгдэж байгаа бололтой. Энэ тохиолдолд яагаад хувийн хэвшлийн төслийг хэрэгжүүлж болохгүй гэж. Хувийн хэвшил нь төрийн үйлдвэрийн өрсөлдөгч бус, дотоодын зах зээл дэх хамгийн найдвартай хамтрагч болно. Учир нь төрийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад ороод ч дотоодын шатахууны хэрэгцээг хангах боломжгүй. Дотоодын шатахууны хэрэглээ хурдацтай өсч байгаа үед төрийн нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох 2025 үйлдвэрийн бүтээгдэхүүн зах зээлийн 30 гаруй хувийг хангах зарим эдийн засагчдын тооцоо бий. Энэ тохиолдолд цаашид дахин үйлдвэр баригдах шаардлагатай болно. Харин одоо хувийн хэвшилд байгаа бэлэн төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд 2026 онд хоёр сая тн шатахууны үйлдвэр хаалгаа нээнэ.
Энэ боломжийг төр ашиглаж чадвал бид 2026 онд шатахууны хараат байдлаас бүрэн ангижрах боломжтой гэдгийг “Монголсэкию” компани болон Японы тал баталж байгаа аж. Манайд томоохон төслүүд ярианаас хэтэрдэггүй зуршил тогтоод удсан. Сонирхолтой нь Японы төсөл гацсан анхны тохиолдол нь Дарханд баригдах нефтийн үйлдвэрийн төсөл гэнэ. Өмнө Нарны гүүр, Олон улсын шинэ онгоцны буудал зэрэг ямарч асуудалгүй найдвартай хэрэгжсэн төслүүд байдаг. Харин энэ төсөл яагаад гацсан тухай японууд өнөөг хүртэл гайхаж суудаг гэнэ.
Тэднийхээр өмнө нь “Монголсэкию” компанитай ярьж тохирсон бүх гэрээ хэлцэл хүчинтэй хэвээр. Манайхаас өөр улсад Японы төслийг төр засаг нь үхэн хатан хөөцөлддөг гэнэ. Өнөөг хүртэл Япон хөрөнгө оруулалтай бэлэн төслийг ийм олон жил төр засаг нь гацааж, тоомжиргүй хандсан тохиолдол аль ч оронд гараагүй аж. Гэхдээ япончууд төсөл нь муудаа биш төрийн түшээдийн өлөн нүднээс болж өнөө хүртэл хэрэгжихгүй байгааг гадарлахтайгаа. Энэ төсөл Монголд хэрэгтэй гэдгийг япончууд маш сайн ойлгож байгаа. Тиймдээ их хэмжээий хөрөнгө, хугацаа зарж төслийг бэлэн болгосон. Харин өнөөгийн шинэ залуу удирдагчид төсөлд яаж хандахыг анхааралтай ажиглаж суугаа биз. Энэ төсөлд төр засаг хэрхэн хандахаас монголчуудын түлшний хэрэглээний хувь заяа хамаарна. Бидэнд нефть, шатахууны үнийн хайчинд хэрхэн нэрвэгдэх вэ гэдгийг өнөөгийн төрд шийдэх боломж байна. Дэлхийн нефтьгүй 80 орон нефть боловсруулах үйлдвэртэй гэдэг. Нефтьгүй ч нефть боловсруулах үйлдвэртэй байх нь олон давуу талтай аж.
Хэрэв төр засаг сонирхвол Япон төслийг эзэмшигчид Ерөнхий сайдтай адил хэнтэй ч, ямарч хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн. Яагаад энэ төслийг алдахгүй хэргжүүлэх ёстой вэ гэвэл хөрөнгө оруулалт, ТЭЗҮ-ээс гадна боловсон хүчин, дагалдах химийн үйлдвэр, үйлдвэрт хэрэгтэй маш олон технологиудын гэрээ бүрэн хийгдсэн, бүр давуу тал нь дэлхийн ямар ч нефтийг боловсруулах чадвартай технологи юм. Дээр нь одоогийн төрийн нефть боловсруулах асуудал үүсгээд байгаа нефтийн ханган нийлүүлэлтийн саатал гарахгүй гэнэ. Төслийг бэлэн болгоход Төрийн сайд агсан, төрд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн доктор Т.Намжим, хүү Н.Итгэлийн хамт амьдарлынхаа арваад жилийг зориулсан байдаг. Мөн өөрөөсөө багагүй хэмжээний мөнгө зарж 12 удаа гадаадад айлчилжээ.
2005 оны тавдугаар сарын 15-наас 2013 оны зургаадугаар сар хүртэл Япон, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг орнуудад айлчилж тус төслийг бэлэн болгосон байдаг. Сонирхолтой нь олон жил цаг, хөрөнгөө зарцуулж бүтээсэн төслийг нь Монголын төр сонирхохгүй өдийг хүрсэн бололтой юм. Магадгүй төр засаг нь сонирхоод цөөнгүй шийдвэр гаргаж байсан ч яамд, түшмэдүүд нь гацаасаар өнөөг хүрсэн байж болох юм. Аль ч тохиолдолд япончуудын бэлэн болгосон энэ төсөл өнөөг хүртэл хөдлөөгүй л байна. Гэтэл Энэтхэгийн асуудалтай төсөл дээр анхаарал хандуулсаар. Тэр төсөл явдгаараа явж л байг л дээ. Зэрэгцээд хөтөлгөө морь шиг Дарханд байгуулах бэлэн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж болмоор юм. Төрөөс нэг хуудас цаас гаргаад Японы талд өгчихөд л болно гэнэ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
Монголыг мөнгөнд боолчлогдсон эргүү дагзнууд байнга хорлон сүйтгэх ажилоагаа явуулах болсон тул тэднийг нэн даруй устгаж үгүй хийх хэрэгтэй болов.
Хоёр бол мэдээж ашигтай дэмжээд өгөөч
Маш зөв. Том мөрөөдөл байхад биелэх боломжтой. Мөрөөдаж чадахгүй бол юу ч хийж чадахгүй. Энэ асуудлыг цаг алдалгүй засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэх хэрэгтэы. Энэтхэгийн нефтийн үйлдвэр юу л болоод байна даа
Za daa naadah chini 2 tuulai huulguh gesen muu arga shuu
2012 -13 онд япон улс барьж өгөхөөр болж ТЭЗҮ батлаад тууз хайчилж ажил нь эхлэх болтол таг чимээгүй болсон юмдаг. Тухайн үед эрх барьж байсан төрийн түшээдийн лобби хувийн амбицаас болсон гэж ярьдаг.Одоо бол дахин энэ асуудал боссон дээр нь шүүрч авах хэрэгтэй.Монголчуудын үе үеийн чимээгүй мөрөөдлийн нэг юм шүү дээ...
Tухайн үед дарханд үйлдвэр барих газраа сонгоод туузаа хайчилж байсан нь орон нутгын DBS, LXA TB - ээр гарч байсан. япончуудад 650 сая $-ын баталгааг Mонголын засгын газар гаргаад өгчвөл япончууд ханцуй шамлаад л ажилдаа ороход бэлхэн байсан шүү дээ. Mанай дарханыхан Xар төмөрлөгын үйлдвэр шиг дахиад 1 том үйлдвэр япончууд барьж өгөн олон мянган залуус ажилтай болох нь гэж их л баярлацгааж байсан даа.. тэр үед.
Нээрээ тэгээд үнэ өсөхөөр болчихсон уу. Халтарууд ийм үйлдвэр барьсан туршлага байна уу хэрэгцээний хээ 28 %-ийг импортлодог улсаар ийм том төсөл хэрэгжүүлэхгүй байхыг сануулсан даа
Юу болоод явчваа 1.26 тэрбум $ өртөгтэй ГТБҮ чинь 5 тэрбум $ болчихож байгаа хэрэг үү. Хүрэлсүх ээ Халтарууд ийм үйлдвэр барьсан туршлага байхгүй өөрсдийн хэрэгцээний 28 %- ийг импортлодог. Оросуудаар дээр үед бариулсан үйлдвэрүүдээ Хятадуудаар сэлгээ шинэчлэл хийлгэсэн гэж чамд олон хэлсэн дээ
Богино хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэрийг ЗГ-аас бодлогоор дэмжинэ гэж байгаа бол хэмжээ нь энэ хоёр үйлдвэрт хүрэхгүй ч гэсэн багахан хэмжээний боловсруулах үйлдвэрийн төсөл бол бэлэн л байна хөрөнгө оруулалт нь 100-200 сая л болох байх