Нүхэн жорлонгоо хэрэглээнээс халъя

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Урин дулааны цаг ирлээ. Улаанбаатарт усан бороо орохтой зэрэгцээд учирч болох эрсдэлүүд их байгааг энэ удаагийнхаа хөндөх сэдвээр өгүүлье. Манай улсын нийт хүн амын талаас илүү хувь нь нийслэл хотдоо амьдарч байна. Ойролцоогоор 1.8 сая хүн Улаанбаатарт амьдардгийн багагүй хувь нь гэр хороололд оршин сууж байна.

ХӨСҮТ-өөс танилцуулж буйгаар гэр хороололд 800 гаруй мянган оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг гэнэ. Энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй газрын гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрээд байгааг албаныхан хэлж буй. Өөр нэгэн судалгаанаас эш татъя. Нийслэлийн 400 мянган өрхийн 200 мянга нь хашаан дотроо бие засдаг.

Нэг ёсондоо нүхэн жорлон ашигладаг гэсэн үг. Ус ихтэй бороо орвол халиад гарахад бэлэн нүхэн жорлонгууд нийслэлээр дүүрэн бий. Өдгөө бид XXI зуунд амьдарч байна. Гэтэл нүхэн жорлонг өнөөг хэр  нь хэрэглээндээ байлгасаар байвал эцэстээ элдэв төрлийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл үүсээд байгаа юм.

Үүний уршгаар агаар дуслын замаар дамжин хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж буй тод илрэл нь гэдэсний халдварт өвчин юм. Төрөл бүрийн халдварт өвчтэй иргэдийг хүлээн авч, эмчилдэг ХӨСҮТ-д өдөрт гэдэсний халдварт өвчнөөр 20 хүн хандаж байгаа гэнэ. Угаас урин дулааны улиралд нүхэн жорлон, бохирын цооногт халдварт өвчний нян бактери, шимэгч хорхой, шимэгч хорхойн өндөг ихээр хуримтлагдсанаас хүн амын дунд цусан суулга, гепатит А, гар хөл амны өвчин, сальмонеллез зэрэг гэдэсний халдварт өвчин, мөн дэлхий нийтэд тархаад буй ковид-19 халдвар тархах нөхцөлийг бүрдүүлдэг талаар мэргэжилтнүүд анхааруулж байна.

Тиймээс айл өрх бүр дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд улиралдаа нэг удаа нүхэн жорлон, бохирын цооногт халдваргүйтэл хийхийг ариутгалын мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэхдээ хэдий болтол нүхэн жорлонтойгоо насыг барах вэ. Энэ асуудал дээр төрийн бодлогын хэмжээнд зохицуулалт хийж, гэр хорооллынхны бие засах газрыг шинэчлэх чиглэлд дорвитой ажил эхлүүлмээр байна. Мэдээж бүгдийг төр засагт найдаад орхих бус айл өрхүүд ч гэсэн энэ ажилд идэвх санаачилга гаргамаар байна.

 

НҮХЭН ЖОРЛОНГООС БОХИРДСОН УСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭС ҮҮДЭН ХОРВООГ ОРХИХ ХҮМҮҮС ОЛШИРЧ БАЙНА

 

Судлаачдын хэлж буйгаар хүнээс гадагшлах шээсний 91-96 нь ус, үлдсэн хэсгийг эрдэс давс, органик нэгдлүүд эзэлдэг. Харин өтгөний 75 хувийг ус, үлдсэн 25 хувийг уураг, бактери, задраагүй өөх тос, нүүрс ус гэсэн хэсгүүд бүрдүүлдэг гэнэ. Нүхэн жорлонд хуримтлагдсан ялгадасны шингэн хэсэг нь ууршиж агаарт шивтрийн хий дэгдээхээс гадна хөрсөнд шингэдэг бол өтгөн хэсэг нь нүхэн жорлонгийн ёроолд тунан бактерийн тусламжтайгаар задралд ордог байна. Нүхэн жорлонгийн бохир хөрсөнд шингэх үед өтгөн ялгадсанд агуулагдах халдварт өвчний нян зөөвөрлөгдөж хөрсний усыг бохирдуулдаг. Ийм нянгаар нэгэнт бохирдсон усыг унд, ахуйд хэрэглэснээр олон нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэн нийгмийн эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг байна.

Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргажээ.

Нүхэн жорлонгийн ёроолд хуримтлагдсан өтгөн нь агаартай болон агааргүй орчинд амьдрах чадвартай бактерийн тусламжтайгаар биологийн задралд буюу ялзралд орох замаар хэмжээ нь багасаж байдаг. Хүний өтгөний массын ойролцоогоор долоон хувийг халдварт өвчний бактери болон өтгөн задлах чадвартай ашигтай бактери эзэлдэг гэнэ. Нүхэн жорлонгийн өтгөн ялгадасны дээд гадаргуу нь агаартай орчин тул тэнд хүчилтөрөгчөөр амьсгалагч бактери аероб задралыг явуулдаг аж.

Харин хуримтлагдсан өтгөний дотор агааргүй байдаг тулд тэнд хүчилтөрөгчгүй орчинд амьсгалах чадвартай бактери анаероб задралыг явуулдаг аж. Аероб задралын үр дүнд ус, нүүрсхүчлийн (CO2) хий, харин анаероб задралын дараа ус, органик хүчил, метаны (CH4) хий бий болдог байна. Нүүрсхүчил болон метаны хий аль аль нь дэлхийн уур амьс­галын дулаарлын гол шалтгаан болсон хүлэмжийн хийнүүд юм. Иймд нүхэн жорлонд хуримтлагдсан өтгөнд биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг аж. Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тогтоожээ.

Тодруулбал, хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4 хувь нь нүхэн жорлонгоос үүдэлтэй гэнэ. Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр болдог болохыг дээрх мэдээллээс хангалттай авсан болов уу. Иймээс  нүхэн жорлонг хэрэглээнээс халах нэн шаардлага байгааг өгүүлээд буй нь энэ юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.89) 2022 оны 06 сарын 08

Бохирыг цэвэрлээд хөрсөнд нь шингээдэг септик хэрэглэх хэрэгтэй байна даа

0  |  0
зззз(103.26.193.35) 2022 оны 06 сарын 08

Айл бүрийг соруулдаг жорлонтой болгох, бүр бодлого болгож явуулах хэрэгтэй дээ

0  |  0
Top