Бурхан багшийн их дүйчэн өдөр 2022 оны зургаадугаар сарын 14-ий өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.10-т зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна.
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ.
Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон.
Бурхан багшийн их дүйчэн өдөр нь ямар утга учиртай өдөр болох талаар Манба дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Дүйчэн гэдэг нь их цаг гэсэн төвөд үг. Өөрөөр хэлбэл, дүй нь цаг, чин гэдэг нь их гэж орчуулах бөгөөд буян хураах онцгой тэмдэглэлт өдөр гэсэн үг болно.
Бурхан багшийн бусад дүйчэнгүүдээс хамгийн их чухал онцлогтой их дүйчэн өдөр бөгөөд билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацдаг. Эл гурван үйл явдал давхацсан учраас л их дүйчэн өдөр гэж нэрлэж буй.
Яагаад Бурхан багшийн энэ үйл явдлыг буддын шашинтнууд чухалчилж байгаа вэ гэхээр орчлонд төрөх, өвдөх, өтлөх, үхэх зэргээс гарцаа байхгүй зовлонтой юм байна. Тэгвэл үүний шалтгаан нь юу вэ гэхээр би гэж үзэх, амин хувиа хэтэрхий хичээсэн, миниймхийрэн баримтлах мунхаг үзэл юм. Үүнээс гэтэлсэн бодгаль байна уу гэхээр бурхан багш тэргүүтэй буддын олон бурхад байна.
Эдгээр яаж гэтэлсэн арга зам нь тэрхүү зөвхөн би гэж бодох мунхаг сэтгэлээс эхлэлтэй 84000 муу сэтгэлийг арилгаж, эрдэм бүгдийг төгсгөж ганцхан бусдыг гэх агуу сэтгэлийг баттай үүсгэж төгс гэгээрлийг олж болох нь үнэн байна гэх аргачлалыг анх бурхан багш үзүүлсэн болохоор юм" гэв.
Сэтгэгдэл ( 0 )