Г.Ёндон: Уул уурхайн 200 гаруй ТУЗ-ийн гишүүн цомхотголд орно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.06.08/ боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө. 

Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид өрнөж буй бүтцийн шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Цаашид “Эрдэнэс Монгол” компанийн харьяанд байгаа охин компаниуд ТУЗ-гүй болох аж.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн. “Эрдэнэс Монгол” компани бол Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжүүлэгч гол концефц юм. “Эрдэнэс Монгол” компани Үндэсний баялгийн сан болж байгаа гэж ойлгож болно. 

Эрдэнэс Монгол”-н охин компаниудын ТУЗ нь 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Тэд төрийн байгууллагын газрын дарга, хэлтсийн дарга гэх мэт хүмүүс байдаг. Нэг чиглэлтэй компаниуд байж уялдаа холбоо муутай байна. “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц бол дэлхийн шилдэг корпорацийн үйл ажиллагааны хэв маягтай төстэй групп хэлбэрээр явдаг. Жишээ нь “Эрдэнэс Монгол” компанийн бүрэлдэхүүнд "Эрдэнэт" үйлдвэр, “Монголросцветмет”  үйлдвэрийг нэмж оруулсан. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийг нэмж оруулсан. Ингэснээр төрийн эзэмшилтэй уул уурхайн томоохон компаниуд нэгдэж, холдинг хэлбэртэй болж ирсэн.

Гэхдээ эдгээр компанийг зэс металийн групп, нүүрс эрчим хүчний групп гэсэн хоёр хэлбэрт хувааж байгаа. Ингэснээр бүх ТУЗ-ийг байхгүй болгож, нэг ТУЗ-аар удирдах болж байна. Өөрөөр хэлбэл 200 гаруй ТУЗ цомхотголд орж, 27 хүний бүрэлдэхүүнтэй “Эрдэнэс Монгол” компаниар удирдуулна. Энэ бол зардал хэмнээд зогсохгүй, үйл ажиллагаа нь нэгдсэн, нэг бодлогоор явах боломжийг бий болгох юм.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжүүлэх үйл явцад Норвегийн тэтгэврийн сангаас гадаадын зөвлөх мэргэжилтэн авч ажиллуулах боломжтой болно" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.90.242) 2022 оны 06 сарын 09

Өө за за алдаг байсан байна шд ээ, одоо тэдгээр чөлөөлөгдсөн төрийн өмчит аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд зориулаад УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН тоог нэмэх юм байна шд ээ, нэмэгдэхүүний байр солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг л юм байна.

0  |  0
Т. Батбаяр(202.9.40.210) 2022 оны 06 сарын 08

Ёстой л эзэнгүй төрийн эмгэнэл гэж л үүнийг хэлэх байхдаа... Зуун ямаанд жаран ухна гэдэг л юм болж бурхан минь....

0  |  0
зочин (202.9.46.80) 2022 оны 06 сарын 08

Т төрийн байгууллагын газрын дарга, хэлтсийн дарга гэх мэт хүмүүс 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ШИМЭГЧИД ТӨРИЙН МӨНГИЙГ ИДНЭ ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНАА.... ХЭДЭН ЖИЛ ИДЭЖ УУСАН БОЛ ОО???????

0  |  0
Top