Монголд бүртгэгдсэн хорт хавдрын 5.2 хувийг Умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

"Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг- Хамтдаа" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (2022.06.09) боллоо. Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас дараах мэдээллийг хүргэлээ


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын статистик мэдээллээр 2020 онд 19.2 сая гаруй хүн хорт хавдраар өвдөж, 9.9 сая хүн хорт хавдрын улмаас нас баржээ.

Монгол Улсын хувьд дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлж байна.

Тодруулбал, 2021 онд манай улсад хорт хавдрын 5,981 шинэ өвчлөл бүртгэгдсэн байна. Үүний дотор умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлж байгаа аж. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого 2017-2026, НҮБ-ын хамтарсан “Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, хянах” Глобал хөтөлбөрийн хүрээнд баримт бичгүүд гарч хэрэгжсэн хэдий ч умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралт буурахгүй байгаа аж.

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус. Бэлгийн замаар дамжин халдварладаг хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх хамгийн гол арга нь уг вирусийн эсрэг вакцин гэж үздэг байна. Энэхүү вакциныг дэлхийн 120 гаруй улс нэвтрүүлснээс дархлаажуулалтын үндэсний хөтөлбөртөө 90 гаруй улс орон оруулан 9-14 насны охидод хийж эхэлжээ. 

Харин манай улс умайн хүзүүний хорт хавдартай тэмцэхийн тулд дараах бодлогын баримт бичгүүдийг баримталж байна. Үүнд:
 

  • Монгол улсын засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлагдсан монгол улсын засгийн газрын 2020–2024  оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө 
  • Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2021 оны 360 дугаар тушаалаар батлагдсан “хавдрын эсрэг” арга хэмжээг хэрэгжүүлэх 2021–2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө 
  •  Монгол улсын эрүүл мэндийн сайдын 2022 онд баталсан “умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх” ухуулга нөлөөллийн ажлыг хүрээнд хийгдэх 2022 оны төлөвлөгөө 
  • Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөс сэргийлэхийн тулд анхдагч урьдчилан сэргийлэлтийн ач холбогдлыг нийт хүн амд сурталчлан, таниулах шаардлагатай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top