УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл санаачлаад байгаа билээ.
Уг хуулиар гэрийн тэжээвэр амьтан гэж нохой, муур болон ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой амьтныг хэлнэ гэж тодорхойлжээ.
Мөн гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах зорилготой аж.
Уг төсөлтэй холбоотойгоор олон нийтээс санал авч байгаа ба ЭНД дарж, санал өгөх боломжтой юм.
Хуулийн төслийн талаар товчхон танилцуулахад гэрийн тэжээвэр амьтан тэжээж буй иргэн насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байхаар тусгажээ. Мөн гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна гэжээ.
Олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих эрхтэй ч амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явахаар тусгаад байна.
Ингэхдээ нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байхыг хуулийн төсөлд оруулжээ.
Мөн нохой, мууранд бичил чип суулгаж, тус чипний стандартыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтоохыг үүрэгдэх аж.
Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлж, бүртгэл хөтлөх зэрэг асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Ингэхдээ нэг наснаас дээш, найман наснаас доош нохой, муурыг үржүүлэх тухай тусгажээ.
Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглож, харгис хэрцгийгээр алах, тус тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх, эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултайгаас бусад тохиолдолд унтуулга хийх, зодох, тамлах, хэт ачаалуулах хориглохоор тусгаад байна. Уг хуулийн төсөл одоогоор УИХ-аар хэлэлцэгдэж эхлээгүй байгаа ба иргэдээс санал авч байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Байранд нохой тэжээдэг бол нийтийн эзэишил болон блокон дээрээ баалгаж шээлгэж болохгүй Дээд айл нь блокон дээр нохойгоо шээлгэж доор дээрх айлууд блоконн нээж чадахгүй болсон Шаардлага тавихаар хүлээж авдаггүй Хариуцлага тооцох журам хууль хэрэгтэй бна
mash ih bayarlalaa! demjij bn.