Бид хамгийн сүүлд өнгөрсөн 2019 онд бүх нийтээрээ хэлэлцэж байж Үндсэн хуульдаа тодорхой хэмжээний нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Харин энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дор бүрнээ өөрөөр тайлбарлаж байгаа ч ихэнх судлаачид, улстөрчид парламентад ёсыг бэхжүүлэх, төлөвшүүлэх, чадавх, хариуцлагыг нь нэмэгдүүлэхийн тулд өөрчлөлт оруулахаар бол саяхан “Гар хүрсэн” гээд хойшоо сууж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа.
Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар ард түмнээсээ асуух ажил орон даяар эхэлсэн. Энэ ажлыг Их хурлын гишүүд тойрогтоо ажиллан хийж байна.
УИХ-аас зургаадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоол баталсан учраас ингэхээс ч өөр аргагүй. Эцэг хуульдаа дахин засвар оруулах гэж байгаа учраас тэгэх ч ёстой билээ.
Үүнээс өмнө буюу зургаадугаар сарын 9-ний өдөр улс төрийн 24 намын удирдлагууд хамтран нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжин тунхаг бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэсэн хэдий боловч энэ нь 100 хувь бүгд дэмжиж байгаа гэсэн үг биш. Улс төрийн намууд ерөнхий зүйл дээрээ тохиролцоонд хүрсэн боловч, тус тусдаа өөрсдийн хувилбаруудыг ч ярьж байгаа. Ялангуяа гишүүдийн тоог нэмэх асуудал дээр нэгдэж байгаа ч өөр, өөрсдийн тоог дэвшүүлж байна.
Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөс харвал хүний эрхийг ханган баталгаажуулах, парламентын чадавх, хариуцлагыг нэмэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрвөн тулгуур зорилтыг хангах аж. Ингэхдээ хүний эрхийн чиглэлээр “Хүний эрхэм чанар халдашгүй байна хэмээн үзэж, төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх хамгаалах үүргийг иргэний өмнө хүлээнэ” хэмээн үзэж, цаазын ялыг халах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хуулиар хязгаарласан байсныг арилгах, иргэний үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжийг нээх, Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн нөлөөллөөс гаргах төслийг боловсруулсан байна.
Мөн ард иргэдийн төлөөллийг парламентанд тэгш оролцоотой болгох чиглэлд сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах үүднээс сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд хөдөлбөргүй тусгаж өгөх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцэл, уялдаа холбоог зохистой болгоно гэжээ.
Манай өнөөгийн нөхцөл байдал, газар нутгийн хэмжээ зэргээс хамааран хамгийн сайн тохирох сонгуулийн хувилбар нь холимог тогтолцоо гэдэг юм билээ. Харин гишүүдийнхээ тоог тодорхой хэмжээнд нэмж байж төлөөллийн зарчим бүрэн хэрэгжинэ.
Анх хоёр сая гаруйхан хүнтэй байхдаа манай улс 76 гишүүн төлөөлөхөд хангалттай гэж үзсэн бол өдгөө дөрөв шахам сая хүн амтай болчихоод байгаа юм. Гэхдээ нэг хэсэг нь намын жагсаалтаар ордог, нөгөө хэсэг нь ард түмний саналаар сонгогддог буюу холимог тогтолцоог Үндсэн хуульдаа хөдөлбөргүйгээр оруулж өгөх нь тийм ч оновчтой биш байж мэдэх тухай ч энэ хүрээнийхэн ярьж байгаа. Яахав, эрх барьж байгаа нам нь сонгуулийн өмнөхөн өөрсөддөө ашигтай байдлаар сонгуулийн хуулийг өөрчилдөг гэсэн яриа, нэгэнт бодит болсон энэ үйлдлээс хамгаалах гэсэн арга байх. Тэгвэл үүнийхээ оронд сонгуулийн хуулийг өөрчилдөг гишүүдийн тооны босгыг нь нэмж болох хувилбар ч байгаа.
Үүнээс гадна дагуул хотуудыг бий болгох, хөгжүүлэх асуудал ч энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр яригдахаар болсон байна. Ингэхдээ хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөгжлийн олон төвтэй улс болгох зорилтыг дэмжинэ гэжээ. Энэ бол төвлөрлийг сааруулах, нийслэлийнхээ түгжрэл, хүн амын бөөгнөрлийг арилгах чиглэлд үнэхээр чухал ажил. Өргөн дэлгэр нутагтаа тархан байршиж, байршихдаа хот, хөдөөгийн ялгал үгүй амьдрах нь орчин үеийн хүмүүсийн хүсэл, сонирхолд бүрэн нийцнэ. Гэвч бүсчилсэн олон төвтэй болохын хажуугаар Т.Доржханд гишүүний ярьж байгаа шиг сумдын тоог эрс багасгах нь зах хязгаарын нутаг эзгүйдэх эрсдэлтэй юм.
Мөн эл төсөлд тусгагдсан дөрөв дэх чухал зүйл бол төрийн сүлдийг өөрчлөх. Энэ талаар “Төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилан шинэчлэх юм” гэжээ. Сүүлийн 30-аад жил сонгууль, улс төрийн намууд, улстөрчдөөс ч хавь илүү хэл ам таталсан зүйлсийн нэг бол яах аргагүй. Төрийн сүлд маань билээ. “Модон морьтой, амьгүй” зэргээр сүсэг бишрэлтэй ард түмэн маань эсэргүүцдэг. Харин энэ удаад ийнхүү ард олныхоо санал, зөвлөмжийг харгалзан сүлдээ солихоор тусгаж өгсөн байна.
Гэхдээ 1960-аад оныхоо сүлдийг тэр чигээр нь авч ашиглах, эсхүл огт өөрөөр солих зэрэг нь одоогоор тодорхой биш байна. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх ажил нэгэнт эрчээ авч, намрын чуулганаар хэлэлцэгдэх нь тодорхой болсон энэ үед нэмэлт, өөрчлөлтийн төслөөс нь өлгөж авсан өөрчлөлтүүд гэвэл ийм байна. Харин төгсгөлд нь Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимэд абугайн “Үндсэн хууль бол гар дээрх Монгол Улс” хэмээн хэлснийг сануулахад илүүдэхгүй хэмээн үзлээ.
Т.ДАРХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 5 )
Намын жагсаалтыг эсэргүүнэ. Сүлдыг солих нь зөв. Гишүүдын тоог нэмэх биш хасах хэрэгтэй. Улаанбаатарын 9 дүүрэгээс тус бүр нэг. Аймагаас тус бүр нэг. Ингээд УИХ гишүүдын тоо болно.
нийтэд танилцуулсан төсөл нь яг батлуулах гээд орж ирэхдээ огт ондоо агуулгатай болоод ороод батлагдчихдаг. монголд төрөх үхэх нь хүртэл худлаа болсон. түй чёрт
уих-н гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцнэ. намын жагсаалтаар өөдгүй хүмүүс уих-д шургалахыг эсэргүүцнэ. ерөнхийлөгчийг уих- с сонгохыг эсэргүүцнэ.
Too nemeh gedeg teneg bodloo avaad zaplj yz.delhiin ulsuudiin parlamentiin gishyydiin toog medcheed hynii too yarij surdaa.mongol uls harinch gishyydiin toogoor hangalttai olon baigaa.tegeedch hynii too bish shudarga ard olnoo gesen setgel chuhal.dorjhand metiin alia salbadaigaar ih hural dyyrvel uls oron byren dampuurah bolno shyydee.hooson cecerheh heregyi
Улс гар дээр байхаараа яадгийг л тайлбарла !!!