АНУ-д 40 сая эмэгтэй үр хөндүүлэх эрхийг хасуулж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

АНУ-ын Дээд шүүх үр хөндүүлэх эрхийн холбооны баталгааг цуцалбал нийт 40 сая орчим эмэгтэй эрсдэлтэй бүсэд орно гэж Гаттмахерын судалгааны хүрээлэнгийн шинжээчид тооцоолжээ.

Тус улсын 26 муж үр хөндүүлэхийг хориглож болзошгүй байна. Эдгээр мужид АНУ-ын төрөх насны эмэгтэйчүүдийн 58 хувь амьдардаг. Шинжээчдийн тооцоолсноор, 26 мужаас 23 нь энэхүү хоригийг тавих нь тодорхой бол Небраска, Индиана, Монтана муж асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн баасан гарагт /2022.06.24/ АНУ-ын дээд шүүх 50 жилийн өмнө гаргасан тогтоолоо цуцалсан билээ. Тогтоол ёсоор холбооны эрх баригчид үр хөндүүлэхтэй холбоотой эрхийн баталгаа олгож байв. Өөрөөр хэлбэл энэхүү шийдвэрийн дагуу холбогдох хэм хэмжээг мужийн түвшинд шийдэх болж байна.

Бүгд найрамдахчууд тэргүүлж буй мужууд үр хөндүүлэх тухай хуулийг чангатгах арга хэмжээ авч байсан. Харин Ардчилсан нам үүний эсрэг байр суурийг баримталдаг.

“The New York Times” хэвлэлд бичсэнээр, Дээд шүүхийн эл шийдвэр гарсны дараа найман мужид үр хөндүүлэхийг хориглосон хууль үйлчилж эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дээд шүүхийн шийдвэрийг буруушааж, Конгрессын гишүүдэд хандан эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх эрхийг баталгаажуулсан холбооны хууль батлахыг уриалсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top