Сая сая бүсгүйчүүдийн шүтээн, 1980-аад оны халуухан залуу, дуучин Юрий Шатунов 48 насандаа хорвоог орхилоо. Түүнтэй САЛАХ ЁС хийх иргэдийн цуваа Москвагийн Троекуровское оршуулгын газарт болж, гурван өдрийн турш дэлхийн өнцөг булан бүрээс шүтэн бишрэгчид нь тасрахгүй ирсээр байна. (Гэрэл зургийг ЭНД ДАРЖ үзнэ үү)
Тайзан дээр харизмтай дуучин байсан Юрий Шатунов амьдрал дээр сайн аав, үлгэр жишээ нөхөр байлаа. Байнгын тоглолтуудын хажуугаар тэрбээр гэр бүлээ үргэлж нэгдүгээрт тавьдаг байжээ.
Түүний эхнэр Светлана Шатунова хуульч мэргэжилтэй. Юрий Шатунов “Ласковый май” хамтлагаас гарсныхаа дараа 1990-ээд оны эхээр Германд дуу бичлэгийн чиглэлээр суралцах гэж очоод Светатай танилцсан аж. Юрий Шатунов ирээдүйн эхнэртэйгээ танилцсанаас хойш амьдралд нь шинэ эргэлт гарчээ.
Германд амьдардаг бүсгүйд дурласан Юра түүний төлөө олон зүйлээ золиослох хэрэгтэй болов. Харин бүсгүй түүний өмнө охидын шүтээн Шатунов зогсож байгааг мэдээгүй аж. Германд амьдардаг Света “Ласковый май” хамтлагийн тоглолтыг үзэж байгаагүй, “Седая ночь”, “Белые розы” дуу түүний хувьд юуг ч илэрхийлэхгүй байв. Энэ нь Юраг маш их баярлуулжээ. Охидын шүтээн Юра энэ тухайгаа “Анхны харцаар дурлана гэдэгт итгэдэг үү, ийм юм байх боломжтой юу гэж хүмүүс үргэлж асуудаг. Боломжтой. Надад яг л ийм зүйл тохиолдсон юм. Эрэгтэй, эмэгтэй хүн бие бие рүүгээ харахад л хангалттай” гэж ярьж байлаа.
Хүлээлт
Гэхдээ Юра хүлээх хэрэгтэй болов. Учир нь Светатай танилцахад бүсгүй 14 настай, Юра 27 настай байлаа. Гэвч тэд юунд ч яаралгүй үерхэж эхэлжээ. Светатай танилцаад Юра Шатуновын хувьд уран бүтээлийн онгод нь дахин оров. Тэрээр дараалан хоёр цомог амжилттай гаргажээ.
Гэхдээ Оростоо ирсэн түүний зүрх сэтгэл Германд үүрд үлдсэн байв. Тэнд түүнийг Света хүлээж байлаа. 2006 онд тэдний дундаас хүү Дэннис нь төржээ, тэд жилийн дараа гэрлэв. Шатунов гэр бүлээ олны хэл амнаас хол байлгадаг учир түүний гэр бүлтэйгээ байгаа зургийг цахимаас олоход хэцүү. Тэдний гэр бүл 2013 онд охин Эстеллагаа өлгийдөн авсан билээ.
Светлана Шатунова нөхрөө сая сая бүсгүйчүүдийн шүтээн гэдгийг нь ойлгож байжээ. Чухам иймээс ойр дотныхон нь дуучинтай салах ёс хийх ажиллагааг хэдэн өдрөөр сунгахыг хүссэн байна.
Загалмайлсан эцэг
Юрагийн хүү Дэннис 15, охин Эстелла 9 настай. Тэд Германд төрж, өссөн. Шатуновын хүүхдүүдийн загалмайлсан эцэг нь “Ласковый май” хамтлагийн продюсер байсан Андрей Разин юм. Гэвч хожим нь Юра, Андрей нарын дунд дууны зохиогчийн эрхийн улмаас маргаан үүсэж, шүүхдэж, харилцаа нь хэцүү болсон билээ.
“Ласковый май” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Андрей Разин тус хамтлагийн гол хитүүдийн зохиогчийн эрхийг өөртөө авч, Юрий Шатунов Разины зөвшөөрөлгүйгээр ямар ч уран бүтээлээ олонд толилуулах, ярилцлага өгөх эрхгүй болсон юм. Шүүх хурал олон жил үргэлжилж, шүүх Юрийн дууны эрхийг хүлээн зөвшөөрсөн ч Разин шинэ баримтууд гаргаж ирэн, хэргийг дахин хянахыг шаардаж байлаа. Тэрбээр Шатуновын тоглолтуудад байнга саад болж байв.
Эцэст нь, 2022 оны зургаадугаар сарын 20-нд буюу нас барахаасаа гурав хоногийн өмнө Юрий Шатунов “Ласковый май” хамтлагийнхаа хитүүдийг дуулах эрхээ авч, шүүхэд ялалт байгуулсан билээ. Гэвч түүний хитүүд дахин тайзан дээр эгшиглэсэнгүй...
Андрей Разин Юраг таалал төгссөний дараа гашуудлаа илэрхийлээд “Бид эелдэг, заримдаа хэцүү, олон талт харилцаатай байлаа” гэжээ.
Цорын ганц хайр
Юра болон түүний эхнэр Света хүүхдүүдийнхээ зургийг сошиалд тавихгүй байхаар тохиролцжээ. Тэд бусад алдартнуудын нэгэн адил хүүхдүүдээ насанд хүртэл нь олны анхаарлаас хол байлгахаар шийджээ. Юра “Эхнэр маань ингэж хүссэн. Светлана хүмүүс гудамжинд хүү, охин хоёрыг нь таниасай гэж хүсээгүй” хэмээн ярьсан билээ.
Дуучин мөн “Над руу “Юра, би чамд хайртай, чамайг хүсэж байна” гэж бичдэг хүмүүс олон байдаг. Би хариуд нь “Би гэр бүлтэй, хүүхдүүдтэй” гэж бичихэд тэд “Тэгээд юу гэж” хэмээн асуудаг. Гэр бүлээ яагаад хуурна гэж. Надад алдар хүнд дутаж байгаа гэж үү” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлжээ. Светлана түүний амьдралын цорын ганц эмэгтэй, цорын ганц хайр байв.
Байнгын аялан тоглолтуудыг үл харгалзан Шатунов үлгэр жишээ нөхөр, халамжтай аав байхаар хичээжээ. Тэрбээр бүх чөлөөт цагаа гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг байв. Бүх толголт нь Орост болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад болдог байсан ч тэр Германд байгаа гэр бүл рүүгээ яарна.
Юрий Шатунов “Охин Эстеллаг төрсний дараа тоглолтуудын улмаас гэртээ бараг байдгүй байлаа. Үүнээс болоод хүүхдүүд маань намайг танихаа больсон байсан” хэмээн ярьжээ. Иймээс Юра завсарлага авч, гурав орчим жилийг бараг гэрээсээ гаралгүй өнгөрүүлжээ.
Хагацал
Энэ сарын 23-нд зүрхний шигдээс болж, түргэн тусламжийн орон дээр амьсгал хураасан түүний найз нөхөд нь “Юрагийн зүрх өвддөггүй байсан. Түүнд эрүүл мэндийн ямар ч асуудал байгаагүй” хэмээн ярьжээ. Эмч нар түүнийг сэхээн амьдруулах гэсэн боловч домогт дуучныг аварч чадаагүй юм.
Юра Орос дахь ажлаа дуусгаад удахгүй гэр бүл дээрээ очих гэж байжээ. Түүний эхнэр, хүүхдүүд нь Германаас нисэж ирж, домогт дуучинтай салах ёслол энэ сарын 26-28-нд Москва хотын Троекуровское оршуулгын газарт болсон билээ. Түүний гэр бүл, найз нөхөд нь даваа гарагт салах ёс гүйцэтгэсэн бол хайртай дуучнаа сүүлчийн удаа харж, цагаан сарнайг хөлд нь тавихыг хүссэн хүмүүс өөр улс, өөр хотоос нисэж ирсэн. Дуучинтай гурав хоногийн турш салах ёс хийсэн юм.
Юра Шатунов сүүлийн хоёр сарын дотор 16 тоглолт хийжээ. Сүүлийн жилүүдэд тэрээр эх орондоо карьераа сэргээхээр ажиллаж байсан юм. Шинэ дуу бичиж, олон аялан тоглолт хийсэн. Шатунов хамгийн сүүлчийн тоглолтоо энэ сарын 20-нд хийжээ.
Юра Шатуновын эргэн ирэлт 30 жилийн өмнөх алдар хүндтэй нь харьцуулахад даруухан мэт боловч аз жаргал гэдэг алдар нэрэнд байдаггүйг тэр сайн мэддэг байлаа.
Сэтгэгдэл ( 21 )
Зүрх нь өвдөггүй хүн гэнэт өнгөрнө гэдэг чинь вакцинтай л холбоотой шдээ.Хүмүүс зүрхээр залуугаараа үхэж байгаа хаа бүх улсад адил
Хайран сайхан ухаалаг дуучин.
saihan duuchin mini amgalan noirsdoo vvrd sanan dursah bolnoo\n
Үүрд дурсан санах болно. Хайртай дуучин минь байлаа. Үнэхээр харамсалтай. Дахин дуучин болон эх дэлхийдээ төрөөрөй.
Үүрд дурсан санах болно сайхөн дуучин блаа маш харамсалтай
Үүрд дурсан санах болно сайхөн дуучин блаа маш харамсалтай
Виктор Чойг ,Шатунов 2 Оросын эстрадын домог юм даа. Харамсалтай бна
Ялагдал хүлээсэн хүн нь хоролсон байх
Белые розы Юра Шатунов таныг үүрд дурсан санах болно. Оросын Агуу шүтээн дуучин минь байлаа.
11 насандаа өнчирч ХҮҮХЭД АСРАХ ГАЗАРТ өссөн амьдралыг эртнээс ухаарсан залуу байсан даа
Гоё дуулдаг гоё залуу байлаа
Үнэхээр их харамсаж байна аа. Итгэмээргүй байвч нээрээ л тэр харвасан од болчихлоо
mash haramsaltai
Найз нь л хор өгч алсан биз разин хорссондоо . Зүрх нь өвддөггүй бсан бол гадны нөлөөтэй л байх нь дээ
Orosyn oduud dundaas hamgiin daruuhan, uhaalah, es zuitei zaluu bsan daa. Razin ugaasaa evrei novsh
Орос од гэж бдагүймдөө. Бага ястануудаас л цул авьяастанууд төрдийм
Башкир залуу
Ази царай давамгайласан залуу шүү , харамсалтай ....
Би од гэж онгирч, биеэ тоогоогүй ухамсартай, ухаалаг ,нүдэнд дулаахан сайхан залуу ,сайн нөхөр, аав байжээ. Тун харамсалтай. Ум ма ни бад мэ хум.
Очень жаль.
Od harvachlaa