Хандлагаа өөрчилж, хөдөлмөрлөж, хөлсөө шавхах шаардлага монголчуудад тулгамдаад байна. Цаг үе амаргүй, цалин орлого хүрэлцэхгүй хүндхэн нөхцөл нийгэмд үүсэх нь ээ.
Өдрөөс өдөрт инфляц нэмэгдэж байгаа энэ цаг үед өрхийн орлого дагаж буурдаг эдийн засгийн зүй тогтол биднийг тойрохгүй нь тодорхой. Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ инфляцын өсөлттэй хослоод эхэлбэл юу болох вэ. Мэдээж ядуурал. Үнэндээ өнөөдөр монголчуудын ихэнх нь ядуу байна. Бүгд зээл, өрөнд баригдчихаж.
Хамгийн харамсалтай нь өртэй, зээлтэй байгаагаа “Хэн нэгний буруу” хэмээн ялархаж, өөрөөсөө илүү яваа нэгнээ төдийгүй үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах хандлагыг нийгэмдээ түгээх болов. Уг нь бид чинь хүн бүр өмчтэй, хөдөлмөрлөснийхөө хэрээр амьдрах боломжтой нийгэмд амьдарч байна. Хатуухан хэлэхэд, гараа хумхиж суугаад ядуу амьдрах, гадаа гарч ажиллаад чинээлэг явах хоёроос сонголтоо хийхэд боломж гарч ирж л таарна. Гол нь хандлага. Бусдын сайн жишгээс үлгэр дуурайл аваад бодит амьдралаа өөрчлөх оюун санааны хувьсгалыг монголчууд эхлүүлбэл яасан юм бэ. Монгол хүн бүр хөрөнгөтэй мөнгөтэй болохын төлөө хүчээ сориод ирвэл тун сайн сан.
XXI зууны хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болох Хятадын дардан замын шинэлэг сэтгэлгээний элч хэмээгддэг Дэн Сяопины үйл хэргийн тухай ном товхимолд тэмдэглэсэн байдаг.Тариачдын хаан Мао Зедун нь өөд болсны дараа тус улсад авлига, хээл хахууль газар авч тартагтаа тулж байх тэр үед Дэн Сяопин гарч ирснээр энэ бүхнийг эцэс болгосон байдаг. Тэрээр ард түмэндээ хандан хэлсэн нэгэн алдартай үг байдаг нь “Бүх нийтээрээ баяжихтун” гэсэн уриалга юм.
Тэр цагаас хойш бүх хятад нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан, гар урлалыг хөгжүүлж, айл өрх бүр хөдөлмөр эрхэлж эхэлсэн байдаг. Дэн Сяопины шинэлэг сэтгэлгээг ард олныхоо дунд буй болгож чадсаны үндэс нь өнөөдрийн бар улсыг бүтээн босгосон түүхтэй юм. Манай улсын түүхэнд ч гэсэн 1920-оод онд Солийн Данзан, 1930-аад онд Пэлжидийн Гэндэн “Баяжихтун” уриалгыг гаргаж л байсан.
Харамсалтай нь тухайн цаг үеийн үзэл суртлыг давж чадаагүй. Тэглээ гээд түүх ярьж, төвөг бүхнийг тоочоод яахав. Өнөөгийнхөө нийгэмд л хийж бүтээх, хөрөнгө мөнгөтэй болох чин сэтгэлийн эрмэлзлэлийг хүн бүхний зүрх сэтгэлд асаамаар байгаа юм. Ажиглаад байхад монголчуудын дийлэнх нь төр засаг руугаа дэндүү их дайрч довтлох. Нөгөө “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг өөрийн ядуу байгаа, болж бүтэхгүй бүхнээ Засгийн газрын буруу хэмээн зандарцгаах. Уг нь хэн илүү өөрийгөө дайчилсан, хэн илүү ухаан зарсантай л “найзалдаг” зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж байгаа гэдгээ санамаар. Азаар бид ангит нийгэмд төрчихөөгүй шүү дээ. Иймээс өнөөгийн нөхцөл байдлаа зөв дүгнэж, өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ хийх цаг болсон.
Энэ цаг үеийн эдийн засгийн хямрал ганц манай улсад бус дэлхийн бүх орныг хамарч байна. ОХУ, Украины дайн Монголын эдийн засагт ирэх намар улам их хүндрэл үүсгэж болзошгүй болчихлоо. Шатахууны хараат байдал, үнийн өсөлт бол үүний илрэл. Эдийн засгийн энэ нөхцөл байдал дан ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас шалтгаалах асуудал биш нь ойлгомжтой байна. Хойд хөрш ОХУ өнөөдрийн байдлаар түүхэнд байгаагүй буюу 8000 орчим төрлийн хоригт орчихоод байгаа. Эдгээр хоригийн сүүдэр хүссэн ч, эс хүссэн ч Монголд тусах нь ээ.
Сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засаг, хүнс, шатахуун, эрчим хүч, технологи гээд бараг бүх салбарыг хамарсан ийм том хэмжээний дайн болж байсангүй. Ихэнх улс орон эдийн засгийн хувьд хүндхэн байна. Дизель түлш, АИ 95 дэлхийн зах зээлийн жишгийг дагаад яах аргагүй нэмэгдлээ. Харин АИ 92 шатахууны үнийг тогтвортой байлгах тал дээр ОХУ-тай Монгол Улс тохиролцож чадсаны үндсэн дээр он дуустал энэ төрлийн шатахууны үнэ нэмэгдэхээргүй болсон.
Мөн АИ 92 шатахууныг Монгол Улс 40 хувийн хямдралтай худалдаж авч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой Монголд ирэх үед нь зарчмын хувьд тохиролцож, хэлэлцээр хийсэн.
Хэрэв АИ 92 шатахууны үнэ сая нэмэгдсэн бол инфляцын өёөлт улам эрчээ авах байлаа. Унгар улс эрчим хүчний тэг зогсолт хийсэн, Герман улс хийн хомсдолд орж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. АНУ-ын инфляци түүхэндээ байгаагүйгээр өссөн гол шалтгаан нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй. Дэлхийн улс орнуудын нөхцөл ийм л байна. Харин Монгол Улс одоо яах ёстой вэ. Ирэх намар нүүрлэж болзошгүй эдийн засгмйн хямралыг яаж даван туулах вэ. Мэдээж төрөөс тодорхой арга хэмжээ авах л байх. Тэглээ гээд асуудал шийдэгдэхгүй. Эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь иргэд өөрсдөө. Иймээс төр болон ард иргэдийн нэгдмэл байдал эдийн засгаа аварч үлдэхэд хамгаас чухал түлхэц болохоор байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
АраЙЛ урт байна