Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) эх газар болон Тайванийг холбосон хоолой болох Фүжиан мужийн эргийн ойролцоо цэргийн сургуулилалт эхлүүлжээ. Уг сургуулилалтыг бямба гарагийн 08.00-21.00 цагийн хооронд Фүжийнь эргийн ойролцоо болсон аж.
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийхээр төлөвлөж буй айлчлал нь Америк Хятадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж магадгүй гэж Хятадын албаны хүмүүс удаа дараа анхааруулсан. Пелоси Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапурт айлчлах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд баасан гарагт Ази руу хөдөлсөн. Пелоси АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Ньют Гингрич 1997 онд Тайбэйд очсоноос хойш Тайваньд айлчилсан АНУ-ын Засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтан болох болно. Гэвч Пелосигээс ялгаатай нь Гингрич тэр үед Вашингтоны эрх баригч намыг төлөөлж байгаагүй. Арлын бүгд найрамдах улстай холбоотой хурцадмал байдал сүүлийн саруудад хурцадсан бөгөөд үүний нэг хэсэг нь АНУ-ын улстөрчдын Тайбэйд хийсэн айлчлал юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа Хятадын Тайваньтай харилцах харилцаанд гаднаас хөндлөнгөөс оролцохыг тэвчихгүй гэдгийг анхааруулсан билээ. Хятадын Ардын чөлөөлөх армийн цэргийн сургуулилалтай холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Дайнд бэлдэж байна" гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Пүрэв гарагт болсон Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны хурлыг даргалж, үг хэлэх үеэрээ Ши Жиньпин мөн хүчирхэг арми байгуулах үйлсийг удирдан чиглүүлж, сайжруулахыг уриалсан байна.
ХАЧА Тайваний ойролцоо байрлуулсан сөнөөгч болон бөмбөгдөгч онгоцуудын тоог нэмэгдүүлсээр байгаа аж. Тайвань, Хятад хоёр 1949 онд иргэний дайны дараа хоёр хуваагдсан. Хоёр Засгийн газар “Нэг улс хоёр систем” гэж ярьдаг ч тэд албан ёсны харилцаагүй бөгөөд олон тэрбум ам.долларын худалдаа, хөрөнгө оруулалтаар холбогддог.
Хятадын Засгийн газар шаардлагатай бол өөрийн удирддаг тус арлыг хүчээр хяналтандаа авах талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд Тайванийг тусгаар тогтносон улс хэмээн үзэж байгаа аливаа үйлдэлд хатуухан хариу үйлдэл үзүүлдэг. АНУ болон Тайваний албаны хүмүүс Хятад тус арал улс руу довтлох магадлалтай цаг хугацааг тодорхойлж байсан бөгөөд ихэнхдээ 2025 эсвэл 2030 он гэж үздэг байв. Харин сүүлд АНУ-ын албаныхан Хятад улс ойрын 18 сарын дотор Тайванийн эсрэг хүчтэй алхам хийж магадгүй гэж үзэж буй талаар Нью-Йорк Таймс сонинд мэдээлжээ.
Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву өнгөрсөн сард Оросын түрэмгийллийн эсрэг барууны зүгээс үзүүлж буй хариу арга хэмжээ нь Хятадаас Тайваньд хийж болзошгүй дайралтаас хамгаалж байна гэж мэдэгдсэн. Гэхдээ тус бүс нутаг дахь Хятадын цэргийн байр суурь илүү түрэмгий болж байна гэж АНУ-ын Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан туслах Эли Ратнер мягмар гарагт мэдэгджээ.
Украины дайнаас үүдэлтэйгээр БНХАУ Тайваньд түрэмгийлэх вий гэсэн болгоомжлол дэлхий даяар нэмэгдсээр байна. Тайванийн албаныхан улсын хэмжээнд цэргийн албыг өргөжүүлэх талаар хэлэлцэж, Батлан хамгаалах яамнаас нь иргэний хамгаалалтын гарын авлага хэвлэн тарааж, иргэний хамгаалалтын сургалтад энгийн иргэд ч бүртгүүлж эхэлжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын албаны хүмүүс Украины Оросын эсрэг ашиглаж байсан ачааны машинд суурилуулсан зенитийн пуужин зэрэг дайны хэрэгсэлд илүү их хөрөнгө оруулалт хийхийг Тайваньд уриалсан байна. Харин ОХУ-ын зүгээс Тайванийн асуудлаарх Бээжингийн “Нэг Хятад хоёр систем” бодлогыг дэмжиж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гарагт мэдэгджээ. Лавров сэтгүүлчдэд хандан “Бид Хятадын бүрэн эрхт байдлын зарчмыг баримтлахад ямар ч асуудалгүй” гэжээ. Тайваний хоолойд гурван удаа байдал хурцдаж байсан. 1955 онд БНХАУ Тайбэйгийн хяналтад байдаг далайн эргийн арал руу халдсаны дараа Хятад, Тайванийн цэргүүд харилцан гал нээсэн. 1958 онд БНХАУ далайн эрэг дахин гал нээсний улмаас тэнгисийн цэргийнхний хооронд тулаан болж Тайвань ялалт байгуулжээ.
Тайваний хоолойн гурав дахь хямрал гэж нэрлэгддэг хямрал бараг 40 жилийн дараа буюу 1995 онд болсон. Тухайн үед Тайванийн тухайн үеийн ерөнхийлөгч Ли Тэн Хуйг АНУ-д айлчлахыг Вашингтон зөвшөөрсний дараа Бээжин арлын хойд болон өмнөд хэсэг рүү пуужин харвасан юм.
Трампын засаг захиргааны үед АНУ-ын Батлан хамгаалахын сайдын туслах асан Рэнди Шрайвер “Тэр үеийн Хятад өөр байсан. Учир нь, тэд чадвар нь хязгаарлагдмал гэдгийг мэдэж байсан” гэжээ.
Тэрбээр одоо Хятадын цэргийн чадавхи өргөжсөн тул Пелосигийн айлчлалтай холбоотойгоор илүү олон төрлийн хариу үйлдэл үзүүлэх магадлалтай гэжээ. Шанхай дахь цэргийн шинжээч Ни Лексионг Хятадын хариу арга хэмжээ байлдааны онгоц илгээх, Пелосигийн айлчлалд саад учруулахаас эхлээд Орост зэвсэг нийлүүлэх хүртэл байж магадгүй гэж үзжээ.
Ни мөн "Хятадын хариу арга хэмжээ том байх ёстой бөгөөд ядаж дайсандаа айдас төрүүлэх ёстой. Гэхдээ энэ үйлдлийг зэвсэгт мөргөлдөөн үүсгэхгүй байхаар хянах хэрэгтэй” гэсэн байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Хөгшин амерчууд дэлхийн улс орнуудыг самарч байнаа