Монгол Улстай хиллэдэг Үзэмчин хошууны Зүүн хатавч боомт 2021 оны есдүгээр сарын 15-нд коронавирусийн улмаас хаагдсанаас хойш жил орчмын дараа гаалийн үйлчилгээ сэргэсэн талаар Глобал Таймс мэдээлжээ.
Боомтын хүчин чадлыг аль болох хурдан сэргээхийн тулд долоодугаар сарын 25-ны өдөр тус боомтоор хоёр талын ачаа, тэр дундаа тээврийн хэрэгсэл, машин механизмыг нэвтрүүлэх “ногоон гарц”-ыг нээсэн. Бямба гараг гэхэд тус боомтоор нийт 108 тээврийн хэрэгсэл, 350.6 тонн бараа бүтээгдэхүүн Монголоос Хятад руу гарсан талаар тус боомтын ажилтан мэдээлжээ.
Хятадын ӨМӨЗО болон Монгол Улсыг холбосон боомтууд дахин нээгдэж байгаа нь КОВИД-19 болон дэлхийн тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдлаас үл хамааран хоёр улсын худалдааг улам дэмжинэ гэж шинжээчид үзэж байна.
Мөн худалдаа эрчимтэй хөгжиж байгаа нь Монголын эдийн засгийн хүндрэлийг арилгахад тустай талаар Хятадын талаас мэдээлжээ. КОВИД-19-ийн хил дамнасан халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд орон нутгийн эрх баригчид нүүрс, түүхий газрын тосны чингэлэгт тусгай зориулалтын талбай байгуулж, боомтыг хаалттай горимд шилжүүлэхээр ажиллаж буй талаар ажилтан мөн онцолжээ. Хятад, Монгол хоёрыг холбосон боомтуудыг дахин нээх нь нүүрс, түүхий нефть, машин механизм зэрэг томоохон түүхий эдийн солилцоог идэвхжүүлнэ гэж Хятад, Монгол, Төв Азийн орнуудын харилцааны мэргэжилтэн Сун Хуйжун ням гарагт “Global Times”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Хятадын "China Metallurgical News" сонины мэдээлснээр, Монголын нүүрсний экспорт зургаадугаар сард жилийн дүнгээр 225.8 хувиар өсөж 2.36 сая тоннд хүрсэн нь 2021 оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Зүүн хатавч боомтоор Монголоос Хятад руу импортлодог гол бараа нь түүхий нефть, нүүрс, төмрийн хүдэр юм. Гаалийн мэдээгээр 2021 онд Зүүн хатавч боомтоор 145 мянга гаруй тонн түүхий нефть, 379 мянга 700 тонн коксжих нүүрс, 1270 тонн төмрийн хүдэр импортлосон байна.
"Орос-Украины мөргөлдөөний улмаас олон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж байгаа энэ үед Монголоос нүүрс, нефтийн импортыг нэмэгдүүлэх нь Хятадын тэргүүлэх аж үйлдвэрийн материалын стратегийн нөөцийг нэмэгдүүлэхэд тусална" гэж Сун тэмдэглээд "Хоёр орны худалдааг жигдрүүлэх нь Монгол Улсын тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүнд дарамтыг бууруулна" гэжээ.
Дэлхийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан тайланд Монгол Улсын эдийн засаг 2022 онд 2.5 хувиар өсөх боломжтой гэж таамаглаж, хилийн хаалтаас үүдэн сунжирсан худалдааны тасалдал, ложистикийн хүндрэлээс үүдэн эдийн засгийн өсөлт удааширч байна гэж онцолжээ.
Синьхуа агентлаг Хятадын Жянсу мужийн Сюйжоу хот Монгол руу ачааны галт тэрэгний шинэ үйлчилгээ явуулж эхэлсэн тухай мөн мэдээлжээ. Мотоцикль, хөнгөн цагаан хоосон лааз, хамгаалалтын хаалга зэрэг 1.4 сая ам.долларын үнэ бүхий 440 орчим тонн ачаа ачсан галт тэрэг наймдугаар сарын 1-нд Улаанбаатарт ирэх аж. Хятад, Монголын эдийн засаг харилцан бие биенээ нөхөж, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой бөгөөд Хятад улс том зах зээл, дэвшилтэт технологи, хангалттай хөрөнгөтэй, харин Монгол бол ашигт малтмалын арвин нөөцтэй орон бөгөөд хоёр улс эдийн засгийн нягт харилцаатай тухай Глобал Таймс онцолжээ.
Хятад улс 18 жил дараалан Монголын хамгийн том худалдааны түнш, гадаадын хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр байсаар ирсэн. Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2021 онд хоёр талын худалдааны хэмжээ есөн тэрбум 120 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 35.3 хувиар өссөн байна. Сун дэд бүтцийн салбарт Хятадын давуу тал болж, хоёр орон дэд бүтцийн харилцаагаа аль болох хурдан хэрэгжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэдгийг тодотгожээ. Тэрбээр Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа нь "Бүс ба Зам" санаачилгыг КОВИД-19-ийн дараах үеийн хөгжилд хувь нэмэр оруулж, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээг сэргээхэд түлхэц болно гэжээ.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )