Эрүүл мэндийн багц хуулийн өөрчлөлтийн дагуу Монголын томоохон эмнэлгүүд гүйцэтгэлээрээ Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг болсон. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай байгуулсан 66 эмнэлэг энэ өөрчлөлтийн дагуу гүйцэтгэлээр санхүүжилт, менежментийн өөрчлөлт нэвтрүүлж байгаа гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам өнгөрсөн сард танилцуулсан.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгийн танилцуулснаар 2022 оны эхний зургаан сарын байдлаар 66 эмнэлэг гүйцэтгэлээрээ санхүүжилт авчээ. Гүйцэтгэлээрээ санхүүжилтээ давуулан авсан хэд хэдэн эмнэлэг байгаа аж. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүд 1,4-4,3 тэрбум төгрөгийн илүү санхүүжилтийг гүйцэтгэлээрээ авч чадсан байна.
Гэтэл бодит байдал дээр бүх эмнэлэг, бүх эмч нарт энэ шинэчлэл, өөрчлөлт мэдрэгдэж, цалин урамшуулал нь нэмэгдээд байгаа гэвэл эндүүрэл болно.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр (2022.08.04) Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудтай уулзаж, энэ уулзалтынхаа үр дүнг "Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах боломж улам бүр нэмэгдэж байна" гэж дүгнэсэн байсан. Зөвхөн ХСҮТ мэт хэдхэн эмнэлгийн сайн жишээг хурал болгон дээр яриад, түүнийгээ нийт эмч нарын ажил, амьдрал дээшилсэн юм шиг ярьж, мэдээлэх нь өрөөсгөл шүү, сайд аа.
Эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээр санхүүжих болсон нь эрүүл мэндийн салбарт дэмжлэг, эерэг үр дүн авчирч байгаагийн ганц гайгүй жишээ нь харин Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болж байгаа нь үнэн.
ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүү гэхэд эмч нарын цалин, урамшууллыг 15 саяд хүргэж чадсаныг энд онцлоод, эмч нарын цалин, урамшуулалтай холбоотой түүний байр суурийг хүргэе.
Н.ЭРДЭНЭХҮҮ: 1 ЭМЧИД 15 САЯ 888 МЯНГАН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ
Тэрбээр “Хавдар судлалын хамт олон маань 2022 оны хагас жилийн ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалингаа гардаж авлаа. Гэрээт, үндсэн, туршилтын гэлтгүй бүх хүндээ энэ сарын цалин дээр нэмж, энэхүү урамшууллыг олголоо. Үндсэн тусламж үйлчилгээ, дэмжих, туслах тусламж үйлчилгээ гээд урамшуулалт цалинг тасаг нэгжийн үр дүн, хувь хүний гүйцэтгэл, өртгийн жинд тулгуурлан цалинг 1-14 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх урамшуулал олгосонд хамт олны ихэнх нь баяртай байна. Ялангуяа хэдийгээр улам бүр сайжруулах ч, ямар ч гэсэн энийг хийж чадсандаа манай захиргааны хамт олон, санхүү эдийн засгийнхан маань баяртай байна. Гэхдээ ажлын үр дүнтэй нь холбож өгсөн тул урамшуулалын хэмжээ ижил биш өөр өөр байж, зарим нь өндөр авахад зарим нь дундаж авах, нөгөө нь арай бага авах гэх мэтээр харилцан адилгүй нь ихэнх хүнд таалагдсан, зарим хүнд мэдээж таалагдаагүй. Яагаад бүгдэнд нь жигд ижилхэн өгч болоогүй юм бэ гэж хэлсэн нь ч бий.
Нэг эмч 15 сая төгрөгний урамшуулал авахад нөгөө нь 5 сая, зарим нь 3 сая гээд янз бүр авлаа. Сувилагч дээд тал нь 5 сая 700 мянга, багадаа 1 сая 570 мянган төгрөгийн урамшуулал авлаа. 563 хүнээс 10 гаруй хүнд л урамшуулал бодогдсонгүй, зөвхөн энэ сарын цалингаа авлаа. Аан бас бүхий л хүмүүстэй тулдаг хамгийн эхний хүмүүс болох цахим бүртгэгч нар маань 3 сая төгрөгний урамшуулал авсандаа баяртай байсаан.
Энэ загварчлал эхнийх ч цаашид бид ор хоног, эмчилгээний хүндрэл, ёс зүйн хэм хэмжээ гээд олон олон шалгуур үзүүлэлттэйгээ холбож улам бүр сайжруулахаар бэлдэж байна. Ямар ч гэсэн ажлаа үр дүнтэй, гүйцэтгэл сайтай, чанартай хийх юм бол цалин урамшуулал сайжрах бололцоотой юм гэдгийг ойлгох, өмнөх төсөвт байгууллагын үе шигээ ажилласан ч, ажиллаагүй ч хамаагүй, ажил хийдүүлдэг нь ажилдаа хичээл зүтгэлтэйдээ чирэгдээд ижил цалин аваад явдаг байсан цаг үе ард хоцорч байгааг харуулсан, цочроо өгсөн чухал алхам боллоо гэж бид үзэж байна. Хамгийн гол нь дараагийн удаад энэ хүрсэн түвшингээс буух боломж байхгүй боллоо гэсэн үг. Ингэж тооцоо судалгааг гаргахад ер нь ямархуу байдалтай ажиллаж, ажлын ачаалал хэр байгаа, хэн юугаа хийж байгаа, жигд хуваарилалт байна уу гээд олон асуудал нийтэд тодорхой болж, ажилтнууд зохион байгуулалт, үйл ажиллагаандаа өөрсдөө анхаарал тавьж, санаачлагатай ажиллах, хичээх шаардлагатай болж ирж байгаа нь харагдлаа. Нэг ахмад эмч өмнө нь ингэж нийтээрээ урамшуулал авна гэж төсөөлж байсангүй гэсэн бол зарим нь захиргаа хүний нөөц рүү утасдаж, өөрийх нь дансанд буруу мөнгө орчихсон эсэхийг лавлаж асуусан байлаа. Эцэст нь улсын эмнэлгүүдийн менежментийг сайжруулж, санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх үндсэн нөхцөл гэж гэдэгт бүгд санал нэг байх байх аа. Сэтгэл ханамжтай ажилтан үйлчилж байж сэтгэл ханамжтай үйлчлүүлэгч байна гэдэг ч тодорхой.
2021 оны гуравдугаар сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь Эрүүл мэндийн салбарт томоохон дэмжлэг, эерэг үр дүнгүүдийг авчирч байгаагийн жишээ нь Хавдар судлалын хамт олны үйл ажиллагааны дэвшил, түүнийгээ зөв зохион байгуулах гэж хичээн зүтгэж буй хичээл зүтгэл юм. Ямар ч гэсэн улсын эмнэлэгт гүйцэтгэлийн урамшууллын тооцоог хийж олгож эхэллээ. Энэ жилдээ хагас жил, цаашид улирал тутамд тооцож ажиллах зорилт агуулсан манай хамт олон 8 сардаа амжиж чадамжаа дуусгаж, хамт олноороо хуралдан, баталгаажуулна гэж төлөвлөсөн нь биелчих байх аа. Үндсэн цалин ч үүнтэй холбоотой нэмэгдэх ба шат дараалсан алхмын нэг нь наймдугаар сарын 1-нээс сувилагч, техникч, туслах ажилтан нартаа өмнө нь 40% хүртэл нэмсэн дээрээ нэмж, 10%-ийг нэмэгдлээр өгөх явдал юм. Бага багаар урагшилна гэснээс нэг харамсалтай нь багахан ч гэсэн цалин нэмэгдээд явахад цаана нь аваад явчих татвар бидний цалигд харьцуулахад арай өндөр юм уу даа гэж бодох байлаа. 1 сая төгрөг урамшуулалд өгчихлөө гэж бодоход татвар аваад 650 орчим үлдэж, эзэндээ очих нь арай л юм шиг. Манай татварын тогтолцоо НӨАТ-ын 10%-ийг оруулаад, тэгээд буцалтынхаа асуудлыг сугалаагаар шийсэнийг нэмээд арай дэндүү юу гэж харамсаж суулаа. Эмнэлгийн ажилчид махарч олсон жаахан урамшууллынх нь бараг 3/1-ийг нь татвар гээд аваад явчихаар жаахан харам л санагдах юм” хэмээн өөрийн эмнэлэгт хийсэн менежментээ тайлбарласан байдаг.
Түүнчлэн Гэмтэл, согог судлалын үндэсний төв өнгөрсөн зургаадугаар сард сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмж, зарим ажилчдад нэг удаагийн мөнгөн тусламж олгож эхэлсэн бол Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг ажилчдаа 20-40%-ийн цалингийн нэмэгдэлтэй болгосон. Дүүргийн эмнэлгүүдээс анхлан ажилчдынхаа цалинг нэмсэн тус эмнэлэг үндсэн ажилтнаар ажиллаж байгаа ажилчдадаа 1,0 сая төгрөгийн тусламжийг нэг удаа өгснөөс гадна 2022 оныг он дуустал эмч нарын цалин дээр сар бүр 20-30 хувийн нэмэгдэл, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн цалин дээр сар бүр 40 хувийн нэмэгдэл, нийтлэг үйлчилгээний ажилтнууддаа сар бүр 20 хувийн нэмэгдэл тус тус олгож эхлээд байна.
Энэчлэн дүүргийн болон гуравдугаар шатлалын эмнэлгүүд Эрүүл мэндийн хуулийн өөрчлөлтийн дагуу гүйцэтгэлээрээ санхүүжих шийдвэрийг БОЛОМЖ болгон, эмч, сувилагч, ажилчдынхаа асуудлыг шийдэж болж байгаа.
Гэтэл салбарын яам, эмнэлгийн удирдлагуудын менежментийн болон механик алдаанаас болж урамшуулал байтугай төсвийн санхүүжилтээ дутуу хагас авч байгаа эрүүл мэндийн байгууллагуудыг яах вэ?
Нарийн яривал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) гэхчлэн гуравдугаар шатлалын гол эмнэлгийн удирдлагууд чинь сүүлийн хэдэн жил байнга солигдсон, албан ёсны дарга нь тогтож томилогдоогүй, "ЗАХИРЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ" нэрээр ажлын өдрүүдийг урсгаж байна. Энэ эмнэлэг байсхийгээд л үүрэг гүйцэтгэгчтэй болдог. Одоо байгаа Ерөнхий захирал нь Түр орлон гүйцэтгэгч, Эмчилгээ эрхэлсэн орлогч нь Түр орлон гүйцэтгэгч. Дээрээс нь яг өнөөдрийн байдлаар УНТЭ Чанарын албаны даргагүй байгаа. Энийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэж байгаа болов уу???
Ийм учраа цаашид эмнэлгийн удирдлага, яам хоёр нь нийлээд ч менежмент хийж чадахгүй, ажилчдынхаа урамшуулал, цалинг нэмэгдүүлж, хуулийн боломжийг эдлүүлж чадахгүй бол яах вэ гэдэг асуултыг эмч, сувилагч нар эргүүлж тавихад хүрч байна. Эмч нар нь хэдий болтол хохирох вэ гэдэг асуудлыг сөхөхөөс аргагүйд очиж байна.
Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Чих, хамар хоолой, судлал, мэс заслын тасгийн их эмч Э.Алтандөш өчигдөр (2022.08.04) цалингийн задаргаагаа олон нийтэд ил харууллаа.
15 жил эмчээр ажилласан УНТЭ-ийн эмчийн бүтэн сарын цалин 964,899 төгрөг болж байна.
Харин эмчийн цалин, эмч нарын бодит байдлыг харуулсан түүний мэдээлэлд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох болон УНТЭ-ийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Хишигжаргал нар дараах тайлбарыг өгсныг "ТАЙЛБАРГҮЙ"-гээр харуулъя.
Сэтгэгдэл ( 7 )
Бүртгэгчээс авахуулаад эмч нар нь хүртэл одоо авилга авахаа болих байх гэдэгт найдая
Ingej ylgaa gargaj bolohgui l de tegvel ter baga avaad baigaa humuus ajil hiihgui yum bol halaach
хэнийг ямар үзүүлэлтээр нь үнэлж ялгаатай өгсөн өө ажилчид нь мэдэх эрхгүй байна гэдэг л нотой байна даа
Яагаад гол эмч нараас илүү цахим бүртгэгч нар авдагийг ойлгохгүй юм. Мөн 1 эмч 15,0-г авсан байхад бүгдэд нь өгсөн юм шиг ярих юм. Тэгвэл эмчээ болиод цахим бүртгэгч хиймээр байна. Үнэн мэдээлэл өгөөрэй ЗАХИРЛАА.
Нэгдүгээр эмнэлэг арай шүү. Сайн эмч нараа мал шиг ажиллуулдаг. Хагас өдөр амраасан болоод жижүүрт гарна. Зүгээр хэвтэж байдаг манаач ч тулаа гардаггүй шүү. Шөнөжин өдөржин хагалгаа хийгээд үдээс хойш бууна. Харьж унтсан болоод дахиад жижүүрт гарна дахиад л бөөн хагалгаа. Тэгээд авдаг цалин нь 900к \nЁстой мэргэжилдээ дуртайдаа л хийдэг дээ
Эхдэнэхүү захирал мундаг юмаа. Нэг дарга ч гэсэн ийм байвал болж байна ш тээ
ХСҮТ ийн цахим бүртгэгч нь 3 саяын урамшуулал авсан болоод зан ааш ,харилцаа хандлага нь муу байдаг нь урамшуулал нь ихэдсэн бололтой. Үйлчлүүлэгчийг загнаж зандраад ,ёжлоод байх юм билээ, монгол араншин