Сүүлийн жилүүдэд Хятад улс Тайваньд үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсэн. Жишээлбэл, арлын ойролцоо улам олон сөнөөгч онгоц илгээсэн. 2021 онд л гэхэд өмнөх оныхоос хоёр дахин олон сөнөөгч онгоц илгээжээ. Пелосигийн айлчлалын өмнө Хятад улс түүний айлчлалыг болиулахын тулд олон арга хэмжээ авсан.
Гэхдээ Пелоси ямар ч байсан тус аралд айлчилсан нь тайванчуудад Хятадтай харилцаа хурцадвал АНУ Тайванийн талд байх болно гэсэн чухал дохио болоод буй. Тайвань худалдааны хувьд АНУ-аас илүү Хятадаас хамааралтай болохыг олон тоо баримт харуулж байна.
Сүүлийн 25 жилийн хугацаанд Тайваньд хөл тавьсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан болсон Пелосигийн айлчлалын дараа Тайвань Бээжингийн цэрэг, эдийн засгийн дарамтад ороод байна.
АНУ Бээжинг Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газар гэдгийг хүлээн зөвшөөрч, Тайваньтай албан бус харилцаатай байсаар ирсэн. Гэсэн хэдий ч Тайвань эх газрын Хятад, Хонконгтой бизнес, эдийн засгийн харилцаагаа тэлж, тус бүс нутаг нь БНХАУ-ын хамгийн том худалдааны түнш болсон.
Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч болох “Taiwan Semiconductor Manufacturing Co” буюу TSMC зэрэг өндөр технологийн олон компани эх газрын Хятадад үйлдвэрээ ажиллуулдаг. Тайванийн албан ёсны мэдээллээс харахад өнгөрсөн жил эх газрын Хятад, Хонконг Тайваний экспортын 42 хувийг, АНУ 15 хувийг бүрдүүлсэн байна. Төлөөлөгчдийн танхимын дарга Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын хариуд Хятад улс цэргийн ажиллагаагаа эрчимжүүлж, тус арлын эсрэг хориг арга хэмжээ аваад буй.
Тайвань 2021 онд нийтдээ 188.91 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон бөгөөд талаас илүү хувийг электрон эд анги, оптик тоног төхөөрөмж эзэлж байжээ. Тайванийн Зүүн өмнөд Азийн орнууд руу гаргасан экспортын хэмжээ нь АНУ-д хийсэн экспортоос ч илүү байсан бөгөөд тус бүс нутагт 70.25 тэрбум ам.долларын, харин Америкт хийсэн экспорт 65.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Тайваний импортын эх үүсвэрийн хувьд эх газрын Хятад болон Хонконг 22 хувиар тэргүүлж байна. АНУ ердөө 10 хувийг эзэмшиж, Япон, Европ, Зүүн өмнөд Азийн ард оржээ. Сүүлийн жилүүдэд Тайвань эх газрын Хятадаас их хэмжээний бүтээгдэхүүн худалдан авч байгаа бөгөөд импортлосон бараа бүтээгдэхүүн 87 хувиар өссөн байна.
Тайваний эх газрын Хятад руу хийсэн экспорт 2016-2021 онд 71 хувиар өссөн боловч АНУ-д хийсэн экспорт бараг хоёр дахин нэмэгдэж, 97 хувиар өссөн байна. “Apple”-ийн нийлүүлэгч “Foxconn” зэрэг Тайваньд төвтэй олон компани эх газрын Хятадад үйлдвэртэй. АНУ-ын Конгрессын судалгааны албаны мэдээлснээр 2021 онд Тайваний бизнес эрхлэгчид АНУ-аас 200.1 тэрбум ам.долларын экспортын захиалга авсан байна. 2020 оны хүн амын тооллогоор Тайванийн 157 мянга орчим хүн эх газрын Хятадад оршин сууж байсан нь өмнөх 10 жилийн хугацаанд ойролцоогоор долоон хувиар буурсан байна.
Тайвань арал бүхэлдээ 2020 онд 23.6 сая хүн амтай байсан нь тухайн үед Шанхай хотын 25 сая орчим хүн амаас арай бага байгаа юм. Гэсэн хэдий ч Тайванийн эдийн засаг Шанхайнхаас том буюу өнгөрсөн онд 680.31 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 781.58 тэрбум ам.доллар болж өсжээ.
Улс төр судлаач Эберхард Сандшнайдер "Хэрэв царцсан зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам байхгүй тохиолдолд зөрчилдөөнийг гэсгээхгүйн тулд бүх зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлсэн байдаг.
Гэвч Нэнси Пелосигийн айлчлал яг эсрэгээрээ болж байна. Хэзээ нэгэн цагт түүхчид Пелосигийн айлчлалыг хэрхэн дүгнэх нь ойрын өдрүүд болон ирэх долоо хоногт өрнөх үйл явдлуудаас юуны түрүүнд хамаарах байх. Хятадын цэргийн маневруудын цар хүрээ урьд өмнө нь харж байгаагүйгээр эрчимжиж байгаа ч шинжээчид мөргөлдөөн болно гэж үзэхгүй байна. Цэргийн сургуулилалтаар Бээжин өөрийн санаагаа бүрэн тодорхой илэрхийлсэн гэж үзвэл байдал дахин намжина гэж олон хүн таамаглаж байна. Гэхдээ энэ удаагийн айлчлал нь цөмийн хоёр гүрэн болох Хятад, АНУ-ын хоорондох цэргийн сөргөлдөөний эхлэл болох талтай.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )