Агаар, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар Б.Түмэн хүүгийн ээж “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.
Ингэхдээ тэрбээр "Би дөрвөн хүүгийн ээж. 2019 оноос хоёр дахь хүү болох Б.Түмэнгийн маань үе мөч шалтгаангүйгээр хавдаж, 2021 он хүртэл Монголд онош нь тогтоогдоогүй. Энэ хугацаанд дааврын эм, тариаг ихээр хэрэглэснээс болж, бие нь улам хүнд болсон. Хүүгийн минь бүх үе мөчүүд хавдаж, Эх нялхсын Зүрхний холбогч эдийн тасгаас "Монголд эмчлэгдэх боломжгүй" гэх онош аваад аавтайгаа хамт БНСУ-ыг зорьсон. Одоогийн байдлаар хүү минь маш хүнд байдалтай БНСУ-д эмчлүүлж байна.
Хүүгээ өвдсөнөөс хойш эмчилгээний зардалд нь бид бүхий л зүйлээ зориулж ирлээ. Хамгийн харамсалтай нь хүү минь ганцхан аппаратад орж, биед нь хавдар байгаа эсэхийг оношлуулахын тулд л гадагшаа явсан. Хүүтэй минь адил монголын маш олон хүүхдүүд биеэ эмчлүүлэхээр харийн орныг зорьж байна.
Улс, орны ирээдүй болсон хүүхдүүд хүний нутагт өвчинтэйгөө тэмцээд, эмнэлгийн орон дээр хэвтэж байхад хүмүүс бурханд мөргөж, найр наадам хийж, төрийн өндөрлөгүүд нь их тэнгэрийн аманд зугаацаж байна.
Энэ өвчин агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсанаас болж үүссэн. Зун болохоор бид агаарын бохирдлыг мартчихдаг. Буцаад өвөл болохоор дахиад л ярина. Ингэж явсаар маш олон жилийг ардаа үдлээ. Хүүхдүүд үүний хамгийн том хохирогч болж байна. Хэрэв энэ агаар, орчны бохирдлоо шийдвэрлэхгүй бол цаашид илүү олон хүүхэд өвдсөөр байх болно.
Бас нэг зүйл нь хүнсний аюулгүй байдал алдагдсан байна. Жишээ нь гэхэд хүүгийн минь гурван жилийн турш уусан энэ эм хайгаад олдохгүй байсан. Бид маш олон арга хэрэглэж байж олж авч байсан юм. Гэтэл Солонгост эмчилгээ хийлгэх гээд очтол 2000 онд хэрэглэгдэхээ больсон эм юм билээ. Монголд ийм л байна.
Цаашид монголын мянга, мянган хүүхэд ийм өвчнөөр битгий өвдөөсэй гэж хүссэндээ хурал зарлалаа. Энэ асуудалд нийтийг анхаараасай гэж хүсэж байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
хүүхдээ аваад хөдөө хотод байж юу хийнээ